Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 142/ШШ2017/00431

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Рашаант багийн 1-28 тоотод оршин суух Шандвид овогт Алтансүхийн Эрдэнэбулган /РД:ФМ82100115/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Булаг багийн 6-2 тоотод оршин суух Тайжууд овогт Тоохүүгийн Отгонцэцэг /РД:ФА86071200/-д холбогдох,

“Хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг зогсоолгох” тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Эрдэнэбулган, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Эрдэнэбулган нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...Миний бие тус шуүхийн 2015 оны 06 дугаар сарынр 04-ний өдрийн 582 дугаар шүүхийн шийдвэрээр Т.Отгонцэцэгээс гэрлэлтээ цуцлуулж, бидний дундаас төрсөн охин Пүрэвзулыг эхийн асрамжинд үлдээж, надаар охиныг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэгдсэн. Одоо Отгонцэцэг нь эрхэлсэн ажилгүй, өрх толгойлж 2 хүүхэд өсгөж явахад хүнд бөгөөд цаашид миний охин Пүрэвзулыг надад өгөхийг зөвшөөрч байгаа болно. Иймд 2006 оны 08 дугаар 03-нд төрсөн охин Пүрэвзулыг эцэг миний асрамжинд өгч, 2015 оны 06 дугаар 04-ний өдрийн 582 дугаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон охин Пүрэвзулд төлж байгаа хүүхдийн тэтгэврийг зогсоож өгнө үү гэжээ. Хариуцагч Т.Отгонцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа учраас маргах зүйлгүй. Миний бие одоогоор ажилгүй байгаа ба 11 настай охиноо эцэг Эрдэнэбулганд өгөхийг зөвшөөрч байна. Нэгэнт охиноо эцэгт нь өгч байгаа учраас эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагагүй гэж үзэж байна. Иймд Эрдэнэбулганы шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж 2. шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй. Мөн миний бие хэргийн материалтай танилцах шаардлагагүй бөгөөд шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т заасны дагуу миний шүүхэд гаргасан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтган үзэж намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Эрдэнэбулган нь хариуцагч Т.Отгонцэцэгт холбогдуулан “Хүүхдийн асрамж өөрчлүүлж, хүүхдийн тэтгэлэг зогсоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч Т.Отгонцэцэг нь 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “Би шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т заасны дагуу миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн тул шүүх хуралдааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв. Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 582 дугаар шийдвэрээр А.Эрдэнэбулган, Т.Отгонцэцэг нарын гэрлэлтийг цуцалж, охин Э.Пүрэвзулыг эх Т.Отгонцэцэгийн асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Э.Пүрэвзулд эцэг А.Эрдэнэбулганаас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэжээ. Т.Отгонцэцэг нь одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, өрх толгойлж 2 хүүхэд өсгөж явахад хүнд бөгөөд цаашид охин Э.Пүрэвзулыг эцэг А.Эрдэнэбулганд өгөхөөр харилцан тохиролцсон гэсэн хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. Нэхэмжлэгч хариуцагч хэн аль нь хүүхдийн асрамжийн талаар тохиролцож охин Э.Пүрэвзулын асрамжийг эцэг А.Эрдэнэбулганд шилжүүлэхээр тохиролцжээ. Иймд 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 582 дугаартай Сум дундын 14 дүгээр шүүхийн шийдвэрээр 2006 оны 08 дугаар сарын 03-нд төрсөн охин Э.Пүрэвзулын асрамжийг эх Т.Отгонцэцэгт үлдээсэн хэдий ч, зохигчид охин Э.Пүрэвзулыг эцэгт нь өгөхөөр тохиролцсон байх тул хүүхдийн асрамжийг эцэг А.Эрдэнэнэбулганд үлдээж шийдвэрлэх, мөн дээрх шийдвэрээр 2006 оны 08 дугаар сарын 03-нд төрсөн охин Э.Пүрэвзулд, эцэг А.Эрдэнэбулганаас төлж буй хүүхдийн тэтгэлэгийг зогсоолгох шаардлагыг тус тус хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2006 оны 08 дугаар сарын 03-нд төрсөн охин Э.Пүрэвзулын асрамжийг эцэг А.Эрдэнэбулганд үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 582 дугаартай Сум дундын 14 дүгээр шүүхийн шийдвэрээр 2006 оны 08 дугаар сарын 03-нд төрсөн охин Э.Пүрэвзулд, эцэг А.Эрдэнэбулганаас төлж буй хүүхдийн тэтгэлэгийг зогсоосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА