Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 544

 

 

 

 

 

 

                                                                                                

                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

Б.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ганчимэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Э-, түүний өмгөөлөгч М.Төмөрцэцэг,

шүүгдэгч Б.Анударийн өмгөөлөгч Н.Жавзандолгор,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулж,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 132 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Э-ийн гаргасан давж заалдах гомдлоор Б.А-д холбогдох 1710000000192 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б.А, 19хх оны хх дүгээр сарын хх-нд төрсөн, хх настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл хх, хх, хх хамт хх тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

Б.А- нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 27а байрны 55 тоотод Т.С-тэй “дүү нарын дунд явлаа, хаалга тайлж өгсөнгүй” гэх шалтгаанаар Т.С-ийг цохиж, зодон эрүүл мэндэд нь тархи доргилт, духанд шарх, зүүн бугалга, суга, ташаан толгойд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: Б.А-д холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: БА-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.А-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаах шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.А-д мэдэгдэж, Б.А- нь хохирогчид 138,410 төгрөг төлсөн ба өмгөөллийн хөлс 1,000,000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, Б.А- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 132 дугаар шийтгэх тогтоолыг эс  зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Миний охин хохирогч Т.С- нь гоо сайхны салонд гоо засалч ажилтай бөгөөд Б.А-д цохиулж, зодуулан эрүүл мэндэд нь тархи доргилт, духанд шарх, зүүн бугалга, суга, ташаан толгойд цус хуралт бүхий гэмтэл учруулсан ба үүний улмаас гоо засалч ажилтай хүнийхээ хувьд нүүр, нүд нь хөхөрч хавдсан, оёдол тавиулсан учир үйлчилгээний ажлаа хийх боломжгүй болж 1 сарын хугацаанд ажил, орлогогүй байсан. Мөн хугацаанд гаргасан эмчилгээний зарим болон бусад зардлуудыг нэхэлгүй өнгөрөөж, визэнд орох ёстой өдрөө орж чадаагүйгээс болж дахин визний цаг авч, ажилдаа явж чадалгүй 1 cap болж энэ мэтээр сэтгэл санаа, цаг зав, ажил орлого, мөнгө төгрөгөөрөө хохирсон ч эдгээрийг нэхэлгүйгээр харин шүүхэд өмгөөлөгч авсан баримттай зардлаа шүүгдэгчээс нэхсэн.

Гэвч шүүхээс “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хууль зүйн туслалцаа авсан өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг нэхэмжилснийг энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хохиролд тооцохгүй юм. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн өмгөөллийн хөлс 1,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв” гэсэн учир маш их гомдолтой байна. Хэрэв Б.А- нь миний охин Т.С-д ийм гэмтэл учруулж, хохироогоогүй байсан бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч авч оролцуулах ямар ч шаардлагагүй байх байсан, илүү тийм зардал гаргах ёсгүй байсан юм. Б.Анударийн уг үйлдлээс болж л бид “хууль зүйн туслалцаа авах зайлшгүй шаардлага”-ын үүднээс өмгөөлөгч авсан юм.

Эрх зүйт төр нь хуулийг дээдлэх, төр иргэний харилцан үүрэг хүлээх, хүний жам ёсны эрх, эрх чөлөөг хангах зэрэг үндсэн зарчмуудаар биеллээ олдог. Ийм ч учраас төрийн зүгээс иргэдийнхээ зөрчигдсөн эрхийг хамгаалах механизмын нэг хэлбэр болох гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг шийдвэрлэх асуудал нь зүй ёсны хэрэг юм. Иймээс ч Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2.5.1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, мөн зүйлийн 2.5.2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус тодорхойлон заасан байх бөгөөд уг зүйлийн 2.5.5-т зааснаар “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж мөн тодорхойлжээ. Миний охин Т.С- нь Б.А-д зодуулж бэртэл гэмтэл, учирч хохирсон энэ хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж өмгөөлөгч авсны төлөө мөнгө, төгрөг гарган дахин дахин хохироосон шийдвэр гаргасан нь буруу бөгөөд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд шүүгдэгчээс хохирол, хор уршиг буюу өмгөөлөгчийн зардалд төлсөн 1,000,000 төгрөгийг гаргуулан, хохиролгүй болгож өгнө үү...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Э-ийн өмгөөлөгч М.Төмөрцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Т.С- нь Б.А-д зодуулж, 120,000 гаруй төгрөгийн хохирол учирсан. Мөн “лазер” эмчилгээнд орсон, 1 сарын цалингийн хохирлыг авч чадаагүй. Шууд учирсан үр дагавар хохирол биш гэж анхан шатны шүүх дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан. Эрүүгийн хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлсэн хөлсийг байнга олгодог. Хэрэгсэхгүй болгосон тохиолдол байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Анудариас хохирогч Т.С-д хууль зүйн туслалцаа үзүүлсэн 1,000,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч Н.Жавзандолгор тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэл бүхий үнэн зөв хуульд заасан шаардлагыг хангасан учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

Прокурор Г.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.А- нь хохирогч Т.С-ийн эрүүл мэндэд учирсан хохирол учруулсан баримтаар тогтоогдсон. 138,410 төгрөгийн хохирлыг төлсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хууль зүйн туслалцаа авсан 1,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан хохиролд тооцохгүй гэж шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” гэж заасан болохоос үүрэгтэй гэж заагаагүй учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Б.А-д холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Б.А- нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 27а байрны 55 тоотод Т.С-тэй “...дүү нарын дунд явлаа, хаалга тайлж өгсөнгүй...” гэх шалтгаанаар Т.С-ийг цохиж, зодон эрүүл мэндэд нь тархи доргилт, духанд шарх, зүүн бугалга, суга, ташаан толгойд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

  хохирогч Т.С-ийн “...Би хаалга онгойлгоход Б.А- нь үгийн зөрүүгүй орж ирээд намайг өшиглөж, газар унагаагаад миний нуруу руу утсаараа цохиод, дахин нүүр рүү утастай гараараа 3 удаа цохиж, мөн хөлөөрөө өшиглөж байх үед нь би нэг хэсэг ухаан алдсан байсан. Б.Анударийн нөхөр Давка Б.Ариунбаярыг хөдөлгөхгүй бариад байсан. Миний дух орчмоос цус гарсан ба Б.А- нь намайг 00-ын өрөө рүү дагуулж орж цусаа угаах хооронд миний үснээс зулгаагаад, хэд хэдэн удаа гараараа толгой руу цохиод байсан. Эмчилгээний зардалд 1,200,000 төгрөгийн хохирол учирсан...” /хх-ийн 7-9, 10 тал/,

Т.С-ийн мэдүүлгийг гэрчлэн мэдүүлсэн Б.Ариунбаярын “...Т.С- нь хаалга онгойлгосон. Б.А- нь ямар нэгэн шалтгаангүйгээр Т.С- рүү дайрч, улмаар үснээс нь зулгааж нүүр, толгой орчим руу гараараа хэд хэдэн удаа цохисон. Мөн цээж, хэвлий орчмоор нь өшиглөөд байсан. ...Тухайн үед Т.С-ийн нүүр, хамар, дух орчмоор нь шалбарсан шархтай цус гараад байсан...” /хх-ийн 17-19 тал/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 13088 дугаар “...Т.С-д тархи доргилт, духанд шарх, зүүн бугалга. суга, ташаан толгойд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24 тал/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх Б.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, уг зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан нь үндэслэлтэй, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

Өөрийн сонгон авсан өмгөөлөгчтэй харилцан тохиролцон тогтоосон өмгөөллийн хөлсийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцох хууль зүйн үндэслэлгүй. Мөн Б.А-ийн үйлдлээс хохирогч Т.С-д учирсан хөнгөн гэмтлийн улмаас гарах зайлшгүй зардал гэж үзэх үндэслэлгүй тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Э-ийн нэхэмжилсэн өмгөөллийн хөлс 1,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй, зөв шийдвэр байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнээд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Э-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 132 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Э-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                               

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                                                       Б.ЗОРИГ

 

                                                                                    Д.ОЧМАНДАХ