Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 115/ШШ2019/0018

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.С даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хийсэн хуралдаанаар,
          Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Даланжаргалансумын Засаг дарга С.У,
          Хариуцагч: Дорноговь аймгийн Даланжаргалансумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох,
         Нэхэмжлэлийн шаардлага: Дорноговь аймгийн Даланжаргалансумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “С.У-ийг сумын Засаг даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг хүргүүлэх тухай” 13/06 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.У, түүний өмгөөлөгч Б.Д, хариуцагчийг төлөөлж Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Э нар оролцов.
                                                        ТОДОРХОЙЛОХ нь:
          Нэхэмжлэгч С.У-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч С.У-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Засаг даргын захирамжаар тус аймгийн Даланжаргалан сумын Засаг даргаар томилогдсон. Мөн тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Хурлын тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж байгаа.
            Гэтэл намайг Улаанбаатар хотод “өвчний улмаас” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх хугацаанд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар “хэлэлцэх асуудалд ороогүй буюу “сумын Засаг даргыг чөлөөлөх” тухай асуудлыг хэлэлцэн намайг “хууль тогтоомж зөрчсөн, чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн” хэмээн үзэж Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлөх саналыг аймгийн Засаг даргад хүргүүлэх тухай 13/06 дугаар тогтоол гаргасан байна.
        Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн хугацаанд баримтлан мөрдөх 2016 оны хуралдааны дэгийн 17 дахь хэсэгт зааснаар хуралдаанаар хэлэлцэх асуудалд холбогдох асуудлын судалгаа тооцоо гаргах, шийдвэрийн төслийг эцэслэн боловсруулсан энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй гээд хориглосон байдаг. Гэтэл уг шаардлагыг хангалгүйгээр олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэсэн байна.  
         Мөн уг захиргааны акт нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасныг ноцтой зөрчсөн бөгөөд аймгийн Засаг даргын 2019 оны 1/978 тоот албан бичгийг үндэслэн, шалгагдаж нотлогдоогүй, сумын Засаг даргын хуулиар хүлээсэн үүрэг, чиглэлд тусгагдаагүй асуудлаар хууль тогтоомж зөрчсөн гэж үзсэн нь миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа.
          Учир нь Дорноговь аймгийн Засаг даргын 1/978 тоот “... Хурлын Төлөөлөгчөөс Засаг даргад тавьсан асуулгын хариуг хэлэлцэж шийдвэрлэ” гэх утга бүхий албан бичгийг хэлэлцэхдээ албан бичигт дурдаагүй асуудлыг хэлэлцэж шийдвэрлэснээс гадна намайг ямар хууль тогтоомжийн ямар зүйл, заалтыг яаж зөрчсөн, албан бичигт дурдсан асуудлыг сумын Засаг дарга биечлэн хариуцах ёстой эсэх зэргийг нягталж шалгаагүй, сумын Засаг даргаас тайлбар сонсолгүйгээр Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны акт гаргах шаардлагыг зөрчсөн хууль бус шийдвэр болсон байна.
          Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны 1/978 тоот албан бичгийн тухайд: Төрийн албаны зөвлөлд хандан гаргасан иргэний өргөдөлд дурдсан асуудал, түүний мөрөөр шалгаж гаргасан дүгнэлт, хяналт шалгалтын тайлангууд нь сумын Засаг даргын үндсэн чиг үүрэгт хамааралгүй буюу Засаг даргын Тамгын газрын даргын хариуцан хэрэгжүүлдэг чиг үүрэг бүхий ажлууд байна. Өөрөөр хэлбэл Засаг даргын Тамгын газрын ажилтан албан хаагчид төлөвлөгөө гарган батлуулж түүнийхээ биелэлтийг цаг хугацаанд нь чанартай гаргаж хүргүүлэх, хүрэх түвшинийг хангуулан ажиллуулах түүнд хяналт тавих зэргийг сумын Засаг дарга шууд хариуцан хэрэгжүүлдэггүй болно.
          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т “аймаг нийслэл, сум дүүргийн Тамгын газрын дарга Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө” гэж заасан бөгөөд байгаль орчин болон дотоод ажил хариуцсан, нийгмийн бодлогын зэрэг мэргэжилтнүүд, мал эмнэлэг үржлийн тасгийн дарга, газрын даамал, нярав зэрэг албан хаагчдыг томилох, чөлөөлөх, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллах асуудал нь мөн л Засаг даргын Тамгын газрын даргын харьяалах асуудал байна.  
          Гэтэл уг дүгнэлтэд Засаг даргын Тамгын газрын албан хаагчдыг удаа дараа өрөөндөө дуудаж ажлаас гарах өргөдлөө өг гэж дарамталдаг, ёс зүй, харилцаа хандлагын дутагдал гаргадаг, 14 албан хаагч гомдолтой байгаа гэсэн нь үнэн бодит байдлаас хэт зөрүүтэй намайг хэтэрхий гүтгэсэн үйлдэл болоод байна.
            Тухайлбал санхүүгийн албаны даргын ажлын байранд жирэмсний амралттай албан хаагчийн оронд түр хугацаагаар ажиллаж байсан*******г халагдсан гэх боловч уг албан тушаалтан нь хүний оронд түр ажлын байранд ажиллаж байсан тул үндсэн ажилтан нь ажилдаа ороход чөлөөлөгдөх нь зүйн хэрэг юм. Мөн Засаг даргын Тамгын газрын дарга******* удаан хугацаагаар өвдөж биеийн эрүүл мэндийн улмаас цаашид гадаадад явж эмчлүүлэх шаардлагатай болсон тул жилийн чөлөө авч, ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Төрийн албаны тухай хуульд нийцүүлж буюу төрийн албаны мерит зарчмыг баримтлан Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд Санхүүгийн албаны даргын түр орлон гүйцэтгэгчээр *******ыг, харин Санхүү албаны даргын ажилд Орон нутгийн нягтлан бодогчоор олон жил ажилласан У.Цогзолмааг томилсон.
          Мөн аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас*******г 2017 оноос эхлэн тус сумын газрын даамлаар томилон ажиллуулсан бөгөөд******* нь Хүнс, хөдөө аж ахуйн яаманд дэвшин ажиллах болсноор түүнийг 2019 оны 4 дүгээр сард ажлаас чөлөөлсөн боловч түүний оронд ажиллах хүнийг өнөөдрийг болтол томилж ирүүлээгүй байна. Байгаль орчин хариуцсан мэргэжилтэний хувьд ар гэрийн гачигдлаар буюу хөгжлийн бэрхшээлтэй 9 настай хүүхдээ асарч сувилах шаардлагатай болсон тул ажлаасаа чөлөөлөгдсөн юм.
             Мөн дүгнэлтэд төрийн албан хаагчдыг албан тушаалын тодорхойлолт болон хууль тогтоомжид тусгагдсан чиг үүрэгт хамаарах ажлаа хийж гүйцэтгэх боломж нөхцөлөөр хангаж ажиллаагүй гэж дурдсан байдаг. Гэтэл байгууллагын дотоод болон нийт төрийн албан хаагчдыг хамарсан сургалтыг удаа дараа зохион байгуулж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын холбогдох агентлагт хүсэлт тавьж хамтран сургалт зохион байгуулах замаар ажиллаж ирсэн.
Засгийн газраас хэмнэлттэй төсвийн бодлого барьдаг, тэвчиж болох бүх зардлыг хэмнэх, хөрөнгө бэлдэхгүй байх зэрэг үүрэг чиглэлийг өгдөг боловч дотоод нөөц бололцооны хэрээр хангалтай ажиллаж байгаа гэж үзэж байна.
          Тухайлбал Засаг даргын Тамгын газрын дотор засвар хийж, барилгыг өргөтгөж Засаг даргын өрөөг шинээр тохижуулан, гаднах талбайг ногоон байгууламжтай болгосноос гадна боломжит бүхий л эх үүсвэрийг ашиглан төрийн албан хаагч нарыг ажил үүргээ явуулахад нь шаардлагатай тоног төхөөрөмж зэргээр хангаж ажилласан.
         Мөн дүгнэлтэд төрийн албан хаагчдын харилцаа, хандлагыг сайжруулах, хамт олны дотор ажил хэрэгч, эерэг уур амьсгалыг бүрдүүлэх талаар ажил зохион байгуулаагүй байгаа нь сумын Засаг дарга төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг баримтлан, удирдах ажилтны манлайллыг хэрэгжүүлэн ажиллаагүй байна гэсэн байдаг. Гэтэл энэ талаар ямар ажил хийж хэрэгжүүлж байгаа талаар хэнээс ч асууж тодруулаагүй байдаг.
        Харин аймгийн газрын албанаас хийсэн хяналт шалгалтын тайланд дурдсан асуудлууд нь мөн л миний ажлын чиг үүрэгт хамааралгүй, надаас шалтгаалаагүй асуудлууд гэж үзэж байна.
Тухайлбал тус сумын “Нутаг дэвсгэрийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийх ажил”-ыг 2018 оны 07 дугаар сараас орон нутгийн төсвийн хөрөнгөөр Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газар, Хүн төвтэй байгаль хамгаалал ТББ-тай хамтран боловсруулж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 12/03 тоот тогтоолоор батлуулсан хэдий ч өнөөдрийг хүртэл суманд хүлээлгэн өгөөгүй байгаа. Гэтэл энэ бодлогын баримт бичгийг хэрэгжүүлж ажиллаагүй иргэд олон нийтэд сурталчлах ажил хангалтгүй хийгдсэн байна гэсэн нь үндэслэлгүй байна.
        Миний хувьд газрын даамлын хийж гүйцэтгэх ажлын хүрээнд зөвхөн ерөнхий чиг үүргээр хангаж ажиллах үүргийг хуулиар хүлээдэг төдийгүй уг албан тушаалтан нь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас томилогдож, чөлөөлөгддөг, тухайн байгууллагаас мэргэжил арга зүйгээр хангагддаг бөгөөд сумын газрыг газрын кадастрын мэдээллийн сангийн улсын бүртгэлд бүртгэх, хяналт тавих, газартай холбоотой гэрээг байгуулж гэрчилгээ олгох талаар холбогдох хуулийг хэрэгжүүлж ажиллах мөн тайлангийн 6,7,8 дах заалтад дурдсан асуудлууд нь газрын даамлын ажлын чиг үүрэгт хамаарах бөгөөд сумын Засаг даргын хийх ажил биш байна.
          Мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэгдэж буй асуудал нь холбогдох бүрдэл хангасан байдаг ба бүрдэл дутуу аливаа асуудлыг тухайн хурлаар хэлэлцэн шийдвэрлэхгүй байх хуулийн зохицуулалттай. Гэтэл тус  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 11/07, 12/02 дугаар тогтоолуудыг үндэслэн гаргасан сумын Засаг даргын 2019 оны А/40, А/46 дугаар захирамжууд нь ямар нэг алдаатай эрхийн акт биш бөгөөд өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа болно.
Сумын хурлаас Төрийн албаны салбар зөвлөлийн дүгнэлт, ажлын хэсгийн тайлангаас гадна намайг хууль бусаар “Олон их баян” ХХК-ийн лацыг авсан гэсэн байдаг.
          Гэтэл 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 3 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилж, тухайн компанийг ямар нэгэн үйл ажиллагаа эрхлэх эрхийн актгүй бол үйл ажиллагаа явуулах эрхийг нь зогсоох чиглэл өгсөн бөгөөд ажлын хэсэг тухайн компанийг хариуцаж байгаа хүн байхгүй, ямар нэгэн эрхийн акт байхгүй байсан гэх үндэслэлээр лац тавьсан байсан. Маргааш нь буюу 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр тухайн байгууллагыг хариуцаж байгаа менежер******* уул уурхайтай холбоотойгоор түр барилгын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аймгийн даргын шийдвэрийг авчирсан тул байгаль орчны байцаагч, багийн дарга нарыг явуулж лацыг авахуулсан. Миний хувьд хууль тогтоомж зөрчсөн, чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн зүйл байхгүй болно.
        Иймд Дорноговь аймгийн Даланжаргалансумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 13/06 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
       Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д-ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бол нутгийн өөрөө удирдах ёсны зарчмыг барьж хуралддаг өөрийн гэсэн онцлогтой. Хуралдаан хэлэлцэхээсээ эхлээд холбогдох журмуудыг баримтлах бөгөөд энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон 2016 оны 12 дугаар сард анхдугаар хуралдаанаар баталсан дэгээр зохицуулагддаг.
        Гэтэл Даланжаргалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хуралд асуудал оруулж эхлэхээсээ эхлүүлээд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хууль зөрчсөн гэж үзэж байна. Мөн уг хурлын шийдвэр хуулийн шаардлага хангаагүй байна.
         Хариуцагч нь С.У-ийг 14 төрлийн хууль тогтоомж зөрчсөн гэж хариу тайлбартаа дурдсан байдаг. Гэтэл уг хуулийн заалтууд нь Засаг даргад шууд хамаарах шийтгэл хүлээлгэж, ажлаас нь чөлөөлөх заалтууд биш байна гэж үзэж байна.
        Захиргааны акт өөрөө Захиргааны ерөнхий хуульд нийцэж гарах ёстой. Хариуцагчийн хариу тайлбараас харахад маргаан бүхий актыг улс төрийн шийдвэр гэж үзсэн байдаг. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 14, 24 дүгээр зүйлүүдийг зөрчсөн байгаа учраас уг шийдвэрийг хүчингүй болгуулах үндэслэлтэй байна.
        Маргаан бүхий актыг гаргах гол үндэслэл нь Төрийн албаны зөвлөлийн шийдвэр, ажлын хэсгийн дүгнэлт байдаг. Гэтэл ажлын хэсгийн дүгнэлт нь хэт нэг талыг барьсан, аль болохоор С.У гэдэг хүнийг ажлаа хийдэггүй болгож харагдуулахаар гаргасан байна.
         Харин Төрийн албаны салбар зөвлөлийн дүгнэлтийг учир дутагдалтай гэж үзэж байна. Учир нь С.Уийг 14 албан хаагчийг өрөөндөө дуудаж ирүүлэн ажлаасаа гар гэх зэргээр дарамт шахалт үзүүлсэн гэсэн байдаг.
         Өнөөдрийн байдлаар хавтаст хэрэгт авагдсан 34 төрлийн тушаал шийдвэрүүдээс харахад Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд 2 хүнийг албан тушаалд томилсон бусад шийдвэрүүдийг Тамгын газрын дарга гаргасан байна. Төрийн захиргааны албан хаагчийг чөлөөлөх асуудал нь Засаг даргын эрх хэмжээний асуудал биш. Төрийн албаны тухай хуулиар тусгайлан зохицуулсан Засаг даргын Тамгын газрын даргын шийдвэрээр томилогдож чөлөөлөгддөг асуудал байна. Мөн уг 34 шийдвэрт ямар нэгэн гомдол санал гараагүй. Бүгд өөр өөрсдийн хувийн шалтгаан буюу ар гэрийн гачигдлын улмаас өргөдөл, хүсэлтээ гаргасан байна.
           Тухайн орон нутагт боловсон хүчин дутагдалтай байдаг. Үүнийг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу аймгийн төрийн албаны салбар зөвлөлөөс зохион байгуулах ёстой. Сумын Засаг дарга төрийн албаны тухай хуулийн тусгай буюу нийтлэг шаардлагыг хангасан хүн аймаг орон нутагт байна уу гээд явах боломж байхгүй энэ нь хуулиар хориглосон зүйл юм.
          Хариуцагчийн тайлбарт дурдаад байгаа аймгийн Засаг даргын ирүүлсэн албан бичигт 2 үндэслэл гаргаж ирсэн. Эхний үндэслэл болох хууль тогтоомж зөрчсөн гэдэг нь төрийн албан хаагч нар дарамт шахалтад орж ажлаасаа чөлөөлөгдсөн, хоёр дахь үндэслэл болох чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх нөхцөл байдлууд нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддоггүй. Мөн сумын Засаг даргын чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн хурал хэлэлцэхгүй бөгөөд энэ бол тусгайлсан гэрээгээр зохицуулагддаг зүйл юм.
         Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэмдэглэлээс харахад Засаг даргаа унагачихъя гэсэн санаатай хүмүүсийн шийдвэр юм болов уу гэж бодож байна. Хариуцагчийн хариу тайлбарт С.Уийг буруутгасан олон зүйлийг бичсэн байсан. Жишээ нь лац авах нь шүүхээр хэлэлцэгдэж буй нэхэмжлэлтэй үл хамаарах асуудал бөгөөд хууль тогтоомжоор зохицуулагдаагүй, шалгаж шийдвэрлээгүй үндэслэлээ нотлоогүй зүйлүүд гаргаж ирсэн байна гэж үзэхээр байна.
         Мөн хариуцагч өөрийн гаргасан шийдвэрийг хууль ёсны гэдгийг нотолж чадахгүй байна гэж үзэж байна. Асуудлыг нийтээрээ шийдэхдээ тусгайлсан дэг журмыг хангаж шийдвэрлэх ёстой. Энэ асуудлыг хэлэлцэх үү үгүй юу гэдгийг санал хураагаад шийдэхгүй. Хариуцагч талаас аймгийн Засаг даргын бичгийн хариуг 14 хоногийн хугацаанд явуулахын тулд хуралдаанаар С.Уийн асуудлыг хэлэлцсэн гэсэн байдаг. Энэ бол үндэслэл биш бөгөөд хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргах нь гол зүйл юм. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь захиргааны байгууллага болохын хувьд шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагуудыг хангах ёстой. Гэтэл шийдвэр гаргахдаа оролцогчийн оролцоо эрх ашиг сонирхлыг хангаагүй байдаг.
           Иймд дээр дурдсан асуудлуудын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэв.  
       Хариуцагч Дорноговь аймгийн Даланжаргалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон тус Хурлын даргын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Даланжаргалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 05 дугаар сарын 29-ний өдрийн 13/06 дугаар тогтоолыг хүчингүй болгох үндэслэл байхгүй гэж үзэж байна.
           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 “г”, 32 дугаар зүйлийн 32.4 дахь заалт, Авилгын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн сумын Засаг дарга С.Уийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг хуралд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар гаргасан.
          Сумын Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т заасны дагуу гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг хүлээх ёстой.
С.У нь ажил үүргээ гүйцэтгэх хугацаандаа Авилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.3, 7.1.6 дахь заалтуудыг зөрчин төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, 62.1.2 дахь заалтаар баталгаажуулж өгсөн эрхээ эдлэх боломжийг хязгаарласан, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хуульд нийцээгүй шийдвэр гаргасан, Авилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12 дүгээр зүйлийн 12.1-т заасныг зөрчин албан үүргээ гүйцэтгэж байгаа Засаг даргын Тамгын газрын даргад албан тушаалаа ашиглан нөлөөлж Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.5 төрийн албаны зарчмыг алдагдуулсан.
          Мөн Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-т заасныг баримтлан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар шаардлага тавьж байх ёстой байтал өөрөө хууль зөрчиж холбогдох зөвшөөрөл аваагүй компанийн лацыг авснаас гадна газар болон уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой иргэд, олон нийт, төрийн хооронд үл ойлголцол үүсч хурцадмал байдал бий болсон байхад ямар нэгэн арга хэмжээ аваагүй.
        Энэ мэт асуудал 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн 3 дугаар хуралдаанаас яригдаж эхэлсэн. Гэхдээ төлөөлөгчид зөвхөн дээр дурдагдсан асуудлуудаас гадна аймгийн Засаг даргын албан бичгээр ирүүлсэн санал, төрийн албаны Салбар зөвлөлийн дүгнэлтийг мөн газрын албаны хяналт шалгалтын ажлын тайланг үндэслэн Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1- ийн "г"-д заасан эрхийнхээ хүрээнд сумын Засаг дарга С.Уийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
         Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэх асуудлыг 1 хоногийн өмнө хурлын төлөөлөгчдөд тараах ёстой бөгөөд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02/01 дүгээр тогтоолоор батлагдсан “Бүрэн эрхийн хугацаанд баримтлан мөрдөх хуралдааны дэг”-ийн 17 дугаар зүйлд заасны дагуу 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр “сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид” хаалттай бүлэгт хуралдааны товыг тогтоосон мэдээллийг, 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хурлаар хэлэлцүүлэх асуудлуудын материалыг цахимаар болон цаасаар хүргэн хурлын зарыг хуулийн хугацаанд хүргүүлсэн.
       С.Утэй холбоотой асуудал нь хурлын товд ороогүй боловч түүнтэй холбоотой материал болох аймгийн Засаг даргын албан бичиг түүнд хавсаргагдан ирсэн Төрийн албаны салбар зөвлөлийн дүгнэлт, газрын албаны хяналт шалгалтын тайлан зэргийг 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр “сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид” хаалттай бүлэгт нийтэлсэн.
        Өмнө нь аймгийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 22-ны 1/978 тоот албан бичгийг хэлэлцэхээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлыг хуралдуулахаар 2 ч удаа зарласан боловч ирц хүрээгүй.
         Шалгалтын дүн, авах арга хэмжээний талаарх саналаа сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал руу хүргүүлэх тухай мэдээллийг 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр аймгийн Засаг дарга албан өрөөндөө аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Х.Дэлгэрцэцэг, сумын Засаг дарга С.У бид 3-ыг байлцуулан хэлсэн. Мөн Төрийн албаны салбар зөвлөлийн ажлын хэсэг шалгалтын дүнгийн талаар аймгийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Х.Дэлгэрцэцэг, сумын Засаг дарга С.У хоёрт ерөнхий мэдээлэл хийсэн байсан тул сумын Засаг дарга тухайн асуудлын хүрээнд яригдах зүйлийн талаар огт мэдээлэлгүй байсан гэдэг нь үндэслэлгүй юм.  
         Мөн С.У даргад миний бие аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсээс ирүүлсэн бичгийг 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр цахимаар хүргүүлсэн болно.
Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т заасны дагуу тэргүүлэгчид хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх эрхтэй болохоос төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг батлах эрхгүй, төлөөлөгчид тэргүүлэгчдийн хуралдаанаар баталсан асуудлыг л хэлэлцэх ёстой гэсэн хуулийн зүйл, заалт байхгүй, мөн төлөөлөгч дангаар шийдвэр гаргах эрхгүй гэж үзэж байна.
          Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т заасны дагуу аймгийн Засаг даргын албан бичгийг 15 хоногийн дотор хэлэлцэж хариуг хүргүүлэх ёстой тул хурлаас С.У даргатай холбоотой ямар нэг шийдвэр гарна хэмээн үзэж хэлэлцэх асуудалд “Аймгийн Засаг даргын албан бичгийн сумын Засаг даргад хариуцлага тооцох тухай” хэмээн асуудлыг нэмж оруулсан. Түүнчлэн иргэдийн төлөөлөгчдийн хурлын үеэр сумын Засаг дарга С.Утэй холбогдож энэ тухай мэдээлэл өгч, тайлбар хийлгүүлсэн.
        С.У нь Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа явуулаагүй гэдэг. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад “Энэ хууль дараах харилцаанд үйлчлэхгүй”, 3.1.7-д “Улс төрийн шийдвэр гаргах ажиллагаа гээд “улс төрийн шийдвэр гаргах ажиллагаа” гэж ямар ажиллагааг ойлгох талаар тайлбар хийж өгсөн.
         Монгол Улсын Үндсэн хуулийн 16 зүйлийн 16.10-т зааснаар манай улсын иргэд нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. Улс төрийн намын тухай хуульд тодорхойлсноор “Нам нь Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу нийгмийн ашиг сонирхол болон хувийн үзэл бодол, улс төрийн үйл ажиллагаа явуулах зорилгын үүднээс сайн дураараа эвлэлдсэн Монгол Улсын иргэдийн нэгдэл” болно.
         Мөн Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах албан тушаал орно гээд хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-д бүх шатны Засаг дарга хэмээн заасан байна. Улс төрийн намын үйл ажиллагааг Улс төрийн намын тухай хуулиар зохицуулах бол орон нутгийн түвшинд улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийг Монгол Улсын Үндсэн хуулиас гадна Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиудад тусгайлан зааж өгсөн байдаг.
         Авилгын эсрэг хуулийн холбогдох заалтыг удаа дараа зөрчсөн гэж үзсэн нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, 62.1.2 дахь заалтаар баталгаажуулж өгсөн эрхийг нь зөрчин төрийн албан хаагч Б.Адьяасүрэнг ажлаас нь халсан, дарамт, шахалт үзүүлсэн гэж мэдэгдсэн бусад 13 албан хаагч, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.1.3 заалтуудыг зөрчин шийдвэр гаргасан, аймгийн Засаг даргын 2017 оны а/566 дугаар захирамжаар батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам"-ын дагуу 2018 оны үйл ажиллагааг дүгнэхэд 69,1%-тай буюу D үнэлэгдсэн гэх мэт удаа дараагийн шинжтэй үйлдэлд үндэслэгдсэн болно.
         Сумын Засаг дарга С.У нь Дорноговь аймгийн Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлтийг нягтлан шалгалгүй үндэслэл болгосон гэдэг.
          Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т заасны дагуу томилох эрх бүхий этгээд болон төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд гарсан маргаан болон бусад маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ. Төрийн албаны салбар зөвлөл бол Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, төрийн албаны хүний нөөцийн удирдлагатай холбогдсон Төрийн албаны зөвлөлийн бүрэн эрхийг хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг үзүүлэх чиг үүрэг бүхий яам, агентлаг, аймаг, нийслэлийн хэмжээнд ажиллах Төрийн албаны зөвлөлийн зохион байгуулалтын бүтцийн салбар нэгж мөн. Иймд хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт шалгалтын ажил зохион байгуулан ирүүлсэн Төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэрийг үндэслэн тус хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 65 дугаар зүйлийн 65.6 дахь заалтуудыг заавал биелүүлэх үүрэгтэй гэж үзсэн.
          Мөн С.У нь Төрийн албаны зөвлөлийн дүгнэлтийг өөрт хамааралгүй гэж тайлбарладаг. Гэтэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т заасны дагуу Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч мөн ба хуулийн 29, 31 дүгээр зүйлүүдэд түүний бүрэн эрхийг зохицуулж, 41 дүгээр зүйлийн 41.2-т Засаг дарга шийдвэрийнхээ хууль эрх зүйн үндэслэл, хариуцлагыг бүрэн хүлээнэ гэж заасан. Түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.8, 33 дугаар зүйлийн 33.4, Монгол Улсын дээд шүүхийн 1996 оны “Ерөнхийлөгчийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 216 дугаар тогтоолын 1 дэх заалт, 2009 оны Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" 08 дугаар тогтоолын 12 дахь заалтыг үндэслэн Дорноговь аймгийн Төрийн албаны зөвлөлийн дүгнэлтийг сумын Засаг даргад огт хамааралгүй хэмээн үзэхгүй байгаа болно.
           Мөн С.У нь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын дүгнэлтийг мөн л өөрт хамааралгүй хэмээн тайлбарласан ч Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 21 дүгээр зүйлийн 21.4.2, 32 дугаар зүйлийн 32.1, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.4, 41 дүгээр зүйлийн 41.4, 52 дугаар зүйлийн 52.3, 52.10, 53 дугаар зүйлийн 53.1, 53.2, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 58 дугаар зүйлийн 58.6-т сумын Засаг даргын эрх үүргийг тодорхой зааж өгсөн. Тус хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно" гэж заасан байх тул Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 60.2, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасныг үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллага нь сумын Засаг даргын дээд шатны байгууллагын хувьд шийдвэр гаргах бүрэн эрхтэй гэж үзэж байна.
          Иймээс аймгийн Засаг даргын 1/978 тоот албан бичгийн хавсралтаар ирсэн Төрийн албаны салбар зөвлөлийн дүгнэлт, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын ажлын хэсгийн тайланг үндэслэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй хэмээн сумын Засаг даргыг үүрэгт ажлаас нь огцруулж чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
                                                                ҮНДЭСЛЭХ нь:
          Дорноговь аймгийн Даланжаргалансумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 13/06 дугаар тогтоолоор  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 “г” дэд заалт,  32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэг, Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн “Аймгийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1/978 тоот албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн сумын Засаг даргыг хууль тогтоомж зөрчсөн, чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн” гэх үндэслэлээр С.У-ийг сумын Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлөх саналыг аймгийн Засаг даргад хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
          Нэхэмжлэгчээс дээрх тогтоолыг хүчингүй болгуулахаар маргаж буй үндэслэлээ “...хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгагдаагүй асуудлыг шууд хэлэлцсэн, ...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-ыг зөрчсөн, ...албан бичиг үндэслэн шалгагдаж нотлогдоогүй, сумын Засаг даргын хуулиар хүлээгээгүй бөгөөд чиг үүрэгт нь тусгагдаагүй асуудлаар хууль зөрчсөн гэж үзсэн, ...тайлбар гаргах боломж олгоогүй буюу Захиргааны ерөнхий хуульд зааснаар  сонсох ажиллагаа явуулаагүй” гэж, хариуцагч нь “аймгийн Засаг даргын албан бичиг, Төрийн албаны зөвлөлийн дүгнэлт зэргийг үндэслэн сумын Засаг даргыг хууль тогтоомж зөрчсөн гэж үзсэн, ...улс төрийн шийдвэр гаргахад сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй, ...Тэргүүлэгчид...хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг батлах эрхгүй,  төлөөлөгчид баталсан асуудлыг л хэлэлцэнэ гэсэн хуулийн заалт байхгүй” хэмээн тайлбарлаж байна.
             Дорноговь аймгийн Даланжаргалансумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 13 дугаар хуралдааныг /цаашид “13 дугаар хуралдаан” гэх/ 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 09:00 цагт хийхээр товлож, тус хуралдаанаар
    -Тогтоол хүчингүй болгох тухай
    -Хог хаягдлын төлбөр хураамжийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай
    -Сумын зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай
    -Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай 4 асуудлыг хэлэлцүүлэхээр тогтоолоор  баталжээ.
    Дээрх товын дагуу хуралдсан 13 дугаар хуралдаан 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 09 цагт 55 минутад 57.1 хувийн ирцтэйгээр эхэлсэн, тус хуралдаанаар хэлэлцүүлэхээр баталсан 4 асуудал дээр нэмж хоёр асуудлыг хэлэлцүүлэхээр төлөөлөгчдөөс санал гаргаснаар хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100%-ийн саналаар “Олборлох болон баяжуулах үйлдвэрийн ил тод байдлын нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулах тухай” асуудлыг, 64.3%-ийн саналаар “Аймгийн Засаг даргын албан бичгийн дагуу сумын Засаг даргад хариуцлага тооцох тухай” асуудлыг тус тус нэмж хэлэлцэхээр тогтсон  байна.
    Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хурлын Тэргүүлэгчид, хороо түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”, 24.3-т “Энэ хуулийн 24.1.../-т/ заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж,  мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.14-т “Хуралдааныхаа дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож тогтоолоор батална” гэж заасны дагуу тус Даланжаргалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02/01 дүгээр тогтоолоор  батлагдсан “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн хугацаанд баримтлан мөрдөх хуралдааны дэг”-ийн 17-д  “Хуралдаанаар хэлэлцэх асуудалд холбогдох судалгаа, тооцоо, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг асуудлыг оруулж байгаа субъект /ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгч, Засаг дарга, ЗДТГ-ын мэргэжилтнүүд/ эцэслэн боловсруулж 5-аас доошгүй хоногийн өмнө Хурлын ажлын албанд, төлөөлөгчдөд хуралдаан болохоос нэг өдрийн өмнө цаасан болон цахим хэлбэрээр хүргүүлэх ба энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” байхаар тусгажээ.
    Мөн Захиргааны байгууллагын үйл ажиллагааны нийтлэг журмыг зохицуулсан Захиргааны ерөнхий хуульд захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хугацааг тус хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хугацааг хуанлийн жил, сар, гараг, хоног, ажлын өдөр, цаг, минутаар тодорхойлно”,  33.7-д “Цаг хугацааг тоолохдоо…хоногийг хорин дөрвөн цагаар тоолно”, 33.11-д “...хоногоор тогтоосон хугацаа уг хугацаа дуусах өдрийн мөн цагт дуусна” хэмээн тус тус заажээ.
    Дээр дурдсан хууль болоод холбогдох журамд заасан зохицуулалтыг маргааны үйл баримтад хамааруулан авч үзвэл 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 09:00 цагт хийхээр товлон зарлагдсан 13 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудалд холбогдох баримт материалыг хуралдаан болохоос 1 хоног /24 цаг/-ийн өмнө буюу 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 09:00 цагаас өмнө Хурлын төлөөлөгчдөд тарааж танилцуулахаар байна.
    Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтууд  болон хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус 13 дугаар хуралдааны явцад шууд хэлэлцэхээр тогтсон “Аймгийн Засаг даргын албан бичгийн дагуу сумын Засаг даргад хариуцлага тооцох тухай” асуудалтай холбоотой 8 хуудас материал  /аймгийн Засаг даргын албан бичиг түүнд хавсаргасан Дорноговь аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн дүгнэлт, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтний тайлан/-ыг 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 19:00 цагт буюу хуралдаан болохоос 14 цагийн өмнө Хурлын төлөөлөгчдөд цахимаар тараасан нь тогтоогдож байх ба ингэхдээ хуралдаанд оролцвол зохих 21 төлөөлөгчийн хэдэд нь тарааж танилцуулсан нь тодорхойгүй байна.
    Үүнээс үзвэл хариуцагч Дорноговь аймгийн Даланжаргалансумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь, хэлэлцүүлэх асуудалд холбогдох баримт материалыг хуралдаан болохоос 1 хоногийн өмнө төлөөлөгчдөд тараах талаарх хуулиар тогтоосон журмыг болоод тухайн шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй байх хуулиар хориглосон хэм хэмжээг тус тус зөрчин “Аймгийн Засаг даргын албан бичгийн дагуу сумын Засаг даргад хариуцлага тооцох тухай” асуудлыг хуралдаанаар шууд хэлэлцэн “С.Уийг сумын Засаг даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг хүргүүлэх тухай” 13/06 дугаар тогтоолыг гаргасан нь тогтоогдож байна.
      Маргаан бүхий захиргааны акт болох Дорноговь аймгийн Даланжаргалансумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 13/06 дугаар тогтоол нь ийнхүү захиргааны актад тавигдах эрх зүйн шаардлага болох шийдвэр гаргах ажиллагаанд зайлшгүй баримтлавал зохих хуулиар тогтоосон журмыг  зөрчиж гарсан нь тухайн захиргааны актыг хууль бус гэж үзэх үндэслэл болж байна.
.    Хариуцагч нь, нэхэмжлэлийн шаардлагын “...хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгагдаагүй асуудлыг шууд хэлэлцсэн, ...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-ыг зөрчсөн” гэх үндэслэлтэй холбогдуулан шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа  “...төлөөлөгчид баталсан асуудлыг л хэлэлцэнэ гэсэн хуулийн заалт байхгүй, ...сумын Засаг даргад хариуцлага тооцох тухай асуудлыг тус хуралдаанаар шууд хэлэлцэхээр төлөөлөгчдийн олонхоор шийдвэрлэсэн” гэж маргажээ.
    Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар Хурлын төлөөлөгч нь Хуралд асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах эрхтэй  этгээд мөн боловч уул эрхээ хуулиар тогтоосон журмын хүрээнд хэрэгжүүлнэ. Тухайлбал, Хурлын төлөөлөгчийн энэхүү эрх нь Хурлын үйл ажиллагаагаар дамжин хэрэгжих учир хуралдаанаар хэлэлцэх  аливаа асуудалтай холбогдох баримт материал нь хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд зайлшгүй тараагдсан байх тохиолдолд тухайн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхийг хуулиар шаардсан.
    Тиймээс маргаан бүхий захиргааны актыг гаргах үндэслэл болсон “Аймгийн Засаг даргын албан бичгийн дагуу сумын Засаг даргад хариуцлага тооцох тухай” асуудлыг  тус хуралдаанаар хэлэлцүүлэх саналыг хуралдаан дээрээс гаргаж, төлөөлөгчдийн олонх нь дэмжсэн хэдий ч шууд хэлэлцэх боломжгүй, хуулиар нарийвчлан тогтоосон журмын дагуу аймгийн Засаг даргаас ирүүлсэн албан бичиг болон түүнд хавсаргасан баримт материалыг хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тарааж танилцуулсны үндсэн дээр хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх нь Хурлын төлөөлөгчийн “Хуралд асуудал санаачлан оруулах эрх”-ийг хязгаарлаж буй асуудал бус харин тухайн асуудалтай холбогдон гарах аливаа шийдвэр хуульд нийцсэн бөгөөд үндэслэлтэй гарах нэг нөхцөл болно.
    Мөн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхийг тодорхойлсон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлд “хуралдаанаар хэлэлцэх асуудлыг батлах” талаар тухайлан үгчилж заагаагүй боловч 20.1.1-д заасан “Хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулах хэлэлцэх” бүрэн эрхийн хүрээнд Хурлын Тэргүүлэгчид нь эрх бүхий этгээдүүдээс  санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулж буй асуудал, саналыг үндэслэн Хурлын хуралдааныг товлон зарлаж байгаагийнхаа хувьд тухайн хуралдаанаар ямар асуудал хэлэлцэх гэж буйг урьдчилан батлах нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хязгаарласан асуудал биш гагцхүү хуралдааны бэлтгэлийг хангах чиг үүргийнхээ хүрээнд мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасан ажиллагааг хэрэгжүүлэх улмаар мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын үйл ажиллагаанд баримтлавал зохих үндсэн зарчмын нэг болох “хууль дээдлэх” зарчмыг хангахад чиглэгдсэн хууль ёсны үйл ажиллагаа байх тул хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна.
    Түүнчлэн хариуцагч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбарт “...улс төрийн шийдвэр гаргахад сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй, ...Хурлын үеэр сумын Засаг даргатай холбогдож...мэдээлэл өгч, тайлбарыг хийлгүүлсэн” гэж дурджээ.
    Маргаан бүхий захиргааны актын үйлчлэл чиглэсэн албан тушаалтан болох сумын Засаг дарга нь, ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь нам, эвслийн бүлгээс нэрийг нь дэвшүүлэх замаар сонгогдон томилогдсон төрийн “улс төрийн албан тушаалтан” боловч тухайн этгээдийг албан тушаалаас нь чөлөөлүүлэх саналыг холбогдох этгээдэд хүргүүлсэн  тухайн шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д заасан “улс төрийн шийдвэр” /уг заалт нь маргаан бүхий захиргааны актыг гарах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан/ болохгүй.
    Учир нь дээр дурдсан “улс төрийн шийдвэр гаргах ажиллагаа”-г тухайн хуульд  “...улс төрийн байгууллага, албан тушаалтны хуульд заасан бүрэн эрхэд шалгуургүйгээр заасан, эсхүл шүүхийн журмаар шалган тогтоох боломжгүй шийдвэр гаргах ажиллагааг ойлгоно” хэмээн тайлбарласнаас үзвэл уг шийдвэрийг гаргах субъект нь улс төрийн байгууллага, албан тушаалтан байх бөгөөд маргаан бүхий захиргааны актыг гаргасан Дорноговь аймгийн Даланжаргалансумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тухайд улс төрийн байгууллага биш, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.5-д зааснаар “захиргааны байгууллага” болно.
    Иймд  сумын Засаг даргыг албан тушаалаас нь чөлөөлүүлэх /огцруулах/ үндэслэл болох үр дагаврыг үүсгэсэн сөрөг нөлөөлөл бүхий тухайн захиргааны актыг гаргаж буй байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмыг  хангах үүднээс мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу “уг захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд болох сумын Засаг даргад тухайн захиргааны актыг гаргах үндэслэл болсон хууль тогтоомж зөрчсөн, чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэх нөхцөл байдлын талаар холбогдох тайлбар, санал гаргах боломж олгох” ажиллагааг хэрэгжүүлсэн байх журамтай.
    Хэрэгт авагдсан нотлох баримтууд  болон хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд тус 13 дугаар хуралдааны явцад сумын Засаг даргатай утсаар холбогдсон үйл баримт тогтоогдож байх боловч тухайн этгээдийг үүрэгт ажлаас нь чөлөөлүүлэх үндэслэл болгосон “хууль тогтоомж зөрчсөн, чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн“ гэх нөхцөл байдлуудын талаар түүнээс холбогдох тайлбар, саналыг нь аваагүй байна.  Үүнээс үзвэл хариуцагч байгууллага нь “эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд урьдчилан мэдэгдэх” үүргээ хэрэгжүүлсэн гэх үзэхээр байх боловч тухайн этгээдэд  холбогдох тайлбар, санал гаргах боломж, хугацааг олголгүйгээр маргаан бүхий   захиргааны актыг гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна.
    Хариуцагч Дорноговь аймгийн Даланжаргалансумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь “С.У-ийг сумын Засаг даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг хүргүүлэх тухай” 13/06 дугаар тогтоолыг гаргахдаа ийнхүү шийдвэр гаргах ажиллагааны  хуулиар тогтоосон журам болоод зарчмыг зөрчсөн мөн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн нь уг тогтоолыг хууль бус гэж үзэж, хүчингүй болгох үндэслэл болж байх тул тухайн захиргааны актыг гаргах үндэслэл болсон “Сумын Засаг дарга хууль тогтоомж зөрчсөн, чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэх асуудлууд үндэслэлтэй эсэхэд шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэж хэргийн оролцогчдоос гаргаж өгсөн болон тэдний хүсэлтийн дагуу цуглуулсан нотлох баримтуудыг  шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож нотлох баримтаар үнэлээгүй болно.
    Мөн шүүхээс маргаан бүхий захиргааны актыг ийнхүү хүчингүй болгож шийдвэрлэсэн нь “Аймгийн Засаг даргын албан бичгийн дагуу сумын Засаг даргад хариуцлага тооцох тухай” асуудлыг хуулиар тогтоосон журмын дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцэхэд нөлөөлөхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1-т заасныг удирдлага болгон
                                                               ТОГТООХ нь:
           1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн  4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.У-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорноговь аймгийн Даланжаргалансумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “С.У-ийг сумын Засаг даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг хүргүүлэх тухай” 13/06 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.
       2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
          3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болон давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.СИЙЛЭГМАА