Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 1245

 

Д.Доржготовын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2017/00881 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Доржготовын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-т холбогдох

 

7 680 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нарангэрэл,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хулан, Б.Тунгалагтуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлж байгаа гэх Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах авто худалдааны цогцолборт автомашины зогсоол барихад хөрөнгө оруулалт хийх улмаар автомашины зогсоолыг өмчлөн зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулах зорилгоор “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-тай 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 2А/1406 тоот гэрээг байгуулсан.

Гэрээ ёсоор 18 м.кв талбай бүхий 4 авто зогсоолыг тус бүрийг нь 4 000 000 төгрөгөөр авахаар тохиролцон, нийт 16 000 000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөртөө “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-ийн дансанд төлсөн. Гэрээний 5.1-д гүйцэтгэгч нь авто зогсоолыг барьж 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр захиалагчид хүлээлгэн өгнө гэж заасан боловч энэ хугацаандаа ашиглалтад өгөөгүй. Иймээс би “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-т шилжүүлсэн 16 000 000 төгрөг болон гэрээнд заасны дагуу алдангийг авах талаар “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-ын дарга Д.Байдраг, Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл Улаанбаатар хотын захирагчийн орлогч Батаа нартай удаа дараа уулзаж 10 гаруй удаа өргөдөл гомдол өгсөн. Үүний дүнд 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 4 000 000 төгрөг, 01 дүгээр сарын 28-ны өдөр 4 000 000 төгрөг, 02 дугаар сарын 01-ний өдөр 8 000 000 төгрөгийг тус тус хүлээн авсан боловч алдангийг олголгүй өнөөдрийг хүрч байна.

Гэрээний 8.1-д “Гүйцэтгэгч нь гэрээний 5.1-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол хугацаа хэтрүүлсэн хоног тутам хөрөнгө оруулагчийн төлсөн санхүүжилтийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлнө гэсний дагуу гэрээ байгуулж мөнгө шилжүүлсэн 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны алданги 7 680 000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/218 дугаар захирамжаар Авто худалдааны цогцолбор барьж байгуулах ажлыг эхлүүлэх ажлын хэсэг байгуулагдаж мөн оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б/70 захирамжаар тус үйлдвэрийн газрын удирдлагыг томилсон. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 29 дүгээр тогтоолын 2.1-т заасны дагуу зогсоолын төлбөрийг Үйлдвэрийн газарт төвлөрүүлж, цогцолборыг барьж байгуулах ажлыг эхлүүлэх ажлын хэсгийн төлөвлөгөөгөөр 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс иргэн аж ахуйн нэгжтэй Автомашины зогсоол захиалан бариулах гэрээг байгуулж ажилласан.

Д.Доржготов нь тус үйлдвэрийн газартай 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 2А блокт 35-38 дугаартай 4 зогсоолыг захиалан нийт 16 000 000 төгрөгийг үйлдвэрийн газрын Хаан банкны дансанд шилжүүлснээр Автомашины зогсоол захиалан бариулах гэрээг байгуулсан. Дээрх гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажил нь дан ганц гүйцэтгэгчийн буруугаас болж хугацаа хожимдоогүй тул гэрээний алдангийг хүлээн зөвшөөрөхгүй.

Д.Доржготовт 2016 оны 01 дүгээр сарын 26-нд 4 000 000 төгрөг, 01 дүгээр сарын 28-ны өдөр 4 000 000 төгрөг, 02 дугаар сарын 01-ний өдөр 8 000 000 төгрөгийг тус тус хүлээлгэн өгч гэрээ дуусгавар болсон тул алданги төлөх үүрэг мөн адил дуусгавар болсон. Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон гарах хохирлыг шаардах эрхтэй байтал нэхэмжлэгч хохирол шаардаагүй алданги шаардсан нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-аас 7 264 000 төгрөг гаргуулж Д.Доржготовт олгож, үлдэх 416 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137 830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 131 174 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2017/00881 дугаартай шийдвэрийг шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг “Иргэний хуулийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээний нэг тал буюу нэхэмжлэгч Д.Доржготов бичгээр шаардсаны эцэст гэрээнээс татгалзсан байна” гэж дүгнэсэн атлаа гэрээнээс татгалзах урьдчилсан нөхцөл буюу Иргэний хуулийн 205, 204 дүгээр зүйлийг тодруулалгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Мөн нэгэнт дуусгавар болсон гэрээг дүгнэж гэрээний дагуух алданги 7 264 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй бөгөөд хариуцагчийн зүгээс өөрсдийн үйл ажиллагаанаас үл хамаарах шалтгаанаар гэрээний зүйлийг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөх боломжгүй тухайгаа албан бичгээр мэдэгдэж байсан нэхэмжлэгчийн гэрээг цуцлах тухай саналын дагуу түүнд 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 4 000 000 төгрөгийг, мөн оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 4 000 000 төгрөгийг, мөн оны 02 дугаар сарын 01-ний өдөр 8 000 000 төгрөгийг тус тус өгч талуудын хооронд байгуулсан гэрээний харилцаа дуусгавар болсон тул хариуцагчид гэрээний дагуу алданги төлөх үүрэг мөн адил дуусгавар болсон.

Гэтэл гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон гарах хохирлыг шаардах эрхтэй гэтэл нэхэмжлэгч хохирол биш алданги шаардсан нь үндэслэлгүй бөгөөд шүүхээс Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Д.Доржготов нь хариуцагч “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-т холбогдуулан 7 680 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь гэрээ цуцлагдсанаар алданги шаардах эрх мөн дуусгавар болсон тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

 

Талуудын хооронд 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 2А/1406-135 тоот “Автомашины зогсоол захиалгаар бариулах гэрээ” бичгээр байгуулагдаж, хариуцагч нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах авто худалдааны цогцолборт 18 м.кв талбай бүхий 4 авто зогсоолыг тус бүрийг нь 4 000 000 төгрөгөөр барьж 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсны дагуу, нэхэмжлэгч нь гэрээ байгуулагдах үед зогсоолын төлбөрт нийт 16 000 000 төгрөгийг төлж, талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа  үүссэн талаар маргаагүй байна.

/хэргийн 147-153, 163 дугаар тал/

 

Хариуцагч гэрээнд заасан хугацаанд автозогсоолыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүйгээс гэрээ цуцлагдаж, хариуцагч нэхэмжлэгчийн автозогсоолын үнэд төлсөн 16 000 000 төгрөгийн 4 000 000 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр, 4 000 000 төгрөгийг мөн оны 01 дүгээр сарын 28-ны өдөр, 8 000 000 төгрөгийг мөн оны 02 дугаар сарын 01-ний өдөр тус тус нэхэмжлэгчид буцаан төлсөн үйл баримт тогтоогдож байна. /хэргийн 63-65 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нь дээрх гэрээний 8.1-д “Гүйцэтгэгч нь гэрээний 5.1-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол ийнхүү хугацаа хэтэрсэн хоног тутам хөрөнгө оруулагчийн төлсөн санхүүжилтийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлөх” гэж заасны дагуу хариуцагч автозогсоолыг хүлээлгэн өгөхөөр тохиролцсон 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс гэрээ цуцлагдсан буюу төлбөрийг буцаан өгсөн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны алданги нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр тогтоосон анзыг алданги гэнэ” заасантай нийцжээ.

 

Өөрөөр хэлбэл, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс гэрээ цуцлагдах хүртэл хүчинтэй байх хугацааны алдангийг хариуцагч төлөхөөс татгалзах, хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч шаардах эрхтэй юм.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Доржготов нь үүргийн гүйцэтгэлийг удаа дараа шаардаж байсан болох нь түүний хариуцагч байгууллагад удаа дараа гаргаж байсан өргөдлөөр нотлогдож байх ба нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тул 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 2А/1406-135 тоот гэрээг цуцласан нь үндэслэлтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Хариуцагч нь гэрээгээр тохиролцсон автозогсоолийг бариулах хуулийн этгээдийг сонгон шалгаруулах ажлыг явуулах болон өөр бусад бэлтгэл ажлыг хийхтэй холбогдуулан гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаан буюу алданги төлөхөөс татгалзах үндэслэл болохгүй юм. Учир нь гэрээ цуцлагдсан нь захиалагч буюу нэхэмжлэгчийн буруугаас болоогүй байна.

 

Иймд хариуцагчаас алдангийн зарим хэсгийг гаргуулахаар анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс талуудын хооронд байгуулагдсан гэрээний харилцаа цуцлагдсанаар гэрээний үүргийн харилцаа, алданги шаардах эрх дуусгавар болсон гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах тухай давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2017/00881 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131 174 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Э.ЗОЛЗАЯА   

 

                     ШҮҮГЧИД                                                  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ   

                    

                                                                                       С.ЭНХТӨР