Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2023/0136

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Бгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Лхагвасүрэн

Нэхэмжлэлийн шаардлага: Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 32/30 дугаартай улсын байцаагчийн актын Даваагийн Бд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Нийгмийн даатгалын ерөнхий газрын хууль бус үйлдлээс болж Д.Бгийн өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс нөхөн олгохыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 854 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Л

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2022/0740/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Бгээс Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдууланНийгмийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 32/30 дугаартай улсын байцаагчийн актын Даваагийн Бд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Нийгмийн даатгалын ерөнхий газрын хууль бус үйлдлээс болж Д.Бгийн өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс нөхөн олгохыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 854 дүгээр шийдвэрээр: Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 32/30 дугаартай актын Д.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Д.Бгийн өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс нөхөн олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Тэтгэврийг зогсоох шийдвэрийг эхлээд амаар гаргасан бөгөөд 12 дугаар сараас тэтгэвэр нь олгогдохгүй болсныг хэлтсийн байцаагч өөрт нь хэлсэн, тэтгэвэр нь олгогдохгүй болсныг өөрөө ч мэдсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ч тэтгэврийг зогсоох тухай улсын байцаагчийн акт гарсан, та шүүхэд ханд гэж аймгийн Нийгмийн даатгалын байцаагч өөрт нь 2022 оны 12 дугаар сард хэлсэн гэж мэдүүлсэн. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн  37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно”, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д “захиргааны актыг хойшлуулшгүй гаргах шаардлагатай боламаар, эсхүл бичмэл бус хэлбэрээр гаргана, 43.2-д “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна”, гэж хуульчилсны дагуу амаар эхлээд шийдвэр гаргаж, мэдэгдсэн нь хууль зөрчөөгүй бөгөөд аман шийдвэрийг сонсож мэдсэн өдрөөс гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолно. Гэтэл шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “тэтгэврийг зогсоосон шийдвэрийг мэдээд 2022.02.23-ны өдөр тэтгэврийг нь үргэлжлүүлэн олгож өгөхийг хүссэн өргөдөл” өгсний дагуу зөвлөлөөс 2022.02.28-ны өдрийн хурлаар ...актыг хэлэлцэх боломжгүй... гэсэн хариуг мэдэгдсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна” гэж дүгнэсэн атлаа ... 32/30 дугаартай актыг нэхэмжлэгчид гардуулаагүй, 2022.03.15-ны өдрийн 03 дугаартай актыг эс зөвшөөрч мэдээд, тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нь ...хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй эхний дүгнэлтээ үгүйсгэсэн. Актыг мэдсэн үеийг зөрүүтэй тогтоосон дүгнэлт хийж хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй 32/30 актыг 2021 оны 12 дугаар сард мэдсэн ч бай, 2022 оны 06 дугаар сард мэдсэн ч бай аль ч тохиолдолд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хэтэрсэн байна. 

 

3.2. Нийгмийн даатгалын ерөнхий газрын байцаагчийн 32/30, Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын байцаагчийн 03 тоот 2 акт гарсан. 32/30 актаар тэтгэврийг нь зогсоосон, 03 актаар үндэслэлгүй авсан тэтгэврийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн. 32/30 актын талаарх гомдлоо Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 93.1, 94.1-д заасны дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газар эсхүл тус газрын дэргэдэх  гомдлын шаардлагын зөвлөлд  гаргалгүйгээр шууд нэхэмжлэл гаргасан.  Энэ нь мөн хуулийн 14.1, 14.2-т заасан журмыг зөрчсөн. Гэтэл шүүх мөн хуулийн 54.1.3-т заасныг баримталж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үүрэгтэй байтал татгалзаагүй нь хууль зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч 03, 32/30 тоот актад тус тусад нь шүүхэд гомдол гаргах урьдчилсан ажиллагааг явуулах байтал 03 тоот актад урьдчилан шийдвэрлэх ажиллагааг явуулсан. 32/30 актын талаар гомдол гаргахдаа  хууль зөрчиж буюу Нийгмийн даатгалын ерөнхий газрын биш Баянхонгор аймгийн НДХ-ийн гомдлын шаардлагын зөвлөлд гаргасан байдаг. Нэхэмжлэгч хууль мэдэхгүй, мэдээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаан биш. Гэтэл шүүх 03 тоот актад урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа явуулсныг 32/30 тоот актад урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн.   

3.3. Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 19 дүгээр шийдвэр үндэслэлгүйг нотлох баримт хангалттай байсан тул уг шийдвэрээр халхавч хийж, ажилласан бодит байдлаа нуун дарагдуулж нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоолгон авч, санг хохироож байгаа нь хууль бус төдийгүй шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзээд тэтгэврийг нь зогсоосон. Зогсоох шийдвэр гаргах ажиллагааг төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим буюу шударга ёсны зарчмыг баримталж, шийдвэр гаргах ажиллагааг хуулийн дагуу явуулж, үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Гэтэл байцаагчийн шийдвэр гаргасан нөхцөл, шалтгаан, нэхэмжлэгч ажилласан жилийн шалгуурыг үнэн бодит байдалд хангасан эсэх, тэтгэвэр тогтоолгон авах эрх үүсгэсэн ажиллагаа нь хууль ёсны байсан эсэх, эцсийн дүндээ байцаагчийн шийдвэр, иргэний тэтгэвэр тогтоолгон авсан процесс ...шударга ёсонд нийцэж буй эсэхийг бүх талаас нь бодитой дүгнэсэнгүй. Харин үндэслэлгүй шүүхийн шийдвэрийг хамгаалсан шийдвэр гаргаснаараа шүүхийн эрхэм зорилго, шударга ёсны зарчимд харшилжээ.

...Маргааны гол зүйл нь тэтгэвэр тогтоолгох талаар хуулиар тогтоосон ажилласан жилийн болзлыг үнэн бодит байдалд хангасан эсэх, шүүхээр ажилласан жилээ тогтоолгохдоо  бүрдүүлсэн баримт нь хуурамч эсэх, үндэслэлгүй шүүхийн шийдвэрийг мэдсээр байж, нийгмийн даатгалын байгууллагад ирүүлсэн эсэхэд байсан атал энэ талаар дүгнэлт хийгээгүй. Ажилласан жилийг нотлох үндсэн баримтуудад овог засвартай, тухайн хүнийх мөн эсэх нь эргэлзээтэй, МХЗЭ-ийн бат илэрхийлэх нь овог засвартай, 16 нас хүрээгүй татвар төлсөн бичилттэй, 1989 оны 3 дугаар сарыг дуустал хугацаанд татвар төлсөн буюу ажилласан бичилттэй, нэгдэлд саальчин байсан бол түүнд хөдөлмөрийн дэвтэр биш нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр байх ёстой байтал энгийн ажилтны хөдөлмөрийн дэвтэртэй, дэвтэр дэх овгийн бичилт засвартай, зураггүй, уг дэвтрээ бүтнээр нь биш эхний 2 хуудас буюу техник, мэргэжлийн төгссөн тухай бичилттэй хуудсыг шүүхэд өгсөн, тэтгэврийн хувийн хэрэгт авагдсан хөдөлмөрийн дэвтэр нь 1984 онд техник мэргэжлийн сургууль төгссөнөөс хойш ажилд томилсон бичилт байхгүй, 1987, 1988 оны баярын бичигтэй, уг баярын бичгүүдийг өөр өөр байгууллагуудаас олгосон байхад нэг хүний гараар Б гэж бичсэн гэх мэт шаардлага хангахгүй баримтуудаар ажилласан байдлыг тогтоосон байсан тул ...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар заалтыг үндэслэн ... тэтгэврийг зогсоосон. ... гэтэл хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй.

3.4. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт чухам ямар баримтыг хуурамч гэж үзэж байгаа, хуурамч болохыг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй байна гэжээ. Гэтэл нэхэмжлэгчийн ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүргүүлсэн энэхүү гомдлын 3 дах хэсгийн 2-т дурдсан баримтуудын талаар улсын байцаагчийн актыг гаргахаас өмнө нэхэмжлэгчид өөрт нь мөн анхан шатны шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч тайлбарласан. Улсын байцаагчийн 32/30 тоот акт нь хуурамч, баримт бүрдүүлж тэтгэвэр авсан болохыг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр мөн бөгөөд хэрэгт авагдсан байтал хуурамч баримт бүрдүүлж тэтгэвэр авсныг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй байна гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна. Хуурамч бичиг баримт бүрдүүлж, тэтгэвэр тогтоолгон авсан асуудлыг зөвхөн цагдаагийн байгууллага, эрүүгийн шүүх тогтооно гэсэн утгаар ингэж дүгнэсэн гэж ойлговол эрүүгийн хууль зөрчсөн үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбогдуулж дээрх асуудлыг шалгаж байгаа тохиолдолд цагдаагийн байгууллага, эрүүгийн шүүх шийдвэр гаргана, харин нийгмийн даатгалын хуулийн хүрээнд хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор хуурамч бичиг баримтаар тэтгэвэр тогтоосон асуудлыг нийгмийн даатгалын байгууллага бие даан тогтоон шийдвэрлэж ирсэн, одоо ч тийм эрхтэй. Хэрэв шүүх хуурамч бичиг баримтаар тэтгэвэр тогтоосонтой холбоотой бүх асуудлыг цагдаа, эрүүгийн шүүх шалган шийдвэрлэтэл нийгмийн даатгалын байцаагч тэтгэврийг зогсоох эрхгүй гэж дүгнэж байгаа бол эрүүгийн журмаар шалган тогтоож эцэслэн шийдвэрлэтэл маш урт хугацаанд нийгмийн даатгалын сангаас  их хэмжээний тэтгэвэр үндэслэлгүй олгогдож, эргэж төлөгдөх магадлал маш муутай тул нийгмийн даатгалын байгууллагын хууль ёсны эрхэд халдсан, шударга бус байдлыг дэвэргэсэн дүгнэлт болно. Энэ утгаараа шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

3.5. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “Нийгмийн даатгалын байгууллага тэтгэвэр тогтоох асуудлыг ... шийдвэрлэнэ” гэж заасны дагуу тэтгэвэр тогтоолгохоор ирүүлсэн баримт бичгүүдийг нягтлан шалгасны үндсэн дээр тэтгэвэр тогтоох асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй. Энэ хүрээнд нэхэмжлэгчийн ирүүлсэн бичиг баримтуудын үндэслэлийг нягталдаг. Нөгөө талаас ажилласан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэрт  Д.Бд тэтгэвэр тогтоохыг нийгмийн даатгалын байгууллагад даалгаагүй учраас шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэж нийгмийн даатгалын байгууллагыг буруутгах үндэслэлгүй байна.   

3.6. 32/30 актын тогтоох хэсгийн 1-р заалт буюу тэтгэврийг зогсоосон хэсэг нь Д.Бтэй холбоотой бусад заалт нь түүнд хамаагүй. Түүнчлэн тэтгэврийг тогтоох, олгох ажиллагааг нийгмийн даатгалын анхан шатны нэгж буюу аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс хариуцан гүйцэтгэдэг. Гэтэл шүүх тэтгэвэр тогтоох, олгох эрх, үүрэггүй тус газарт тэтгэврийг нөхөн олгохыг даалгаж шийдвэрлэснээрээ Нийгмийн даатгалын ерөнхий газарт хуульд заагаагүй чиг үүрэг хүлээлгэж Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэвэр олгох эрхэд халдсан. Түүнчлэн үндэслэлгүй авсан тэтгэврийн нөхөн төлүүлэх тухай 03 тоот актыг хүчингүй, эсхүл хууль бус болохыг тогтоогоогүй, хүчин төгөлдөр байхад тэтгэврийг нөхөн олгох тухай асуудлыг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын хариуцагч тус газар биш болно.

 Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаагүй, маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийсэн байх боловч шийдвэрийн тогтоох хэсэгт хамаарал бүхий хуулийн зүйл заалтыг зөв баримтлаагүй байх тул шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

3. Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 32/30 дугаар маргаан бүхий актаар “хуурамч бичиг баримт бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгосон” гэсэн үндэслэлээр нэр бүхий иргэдийн тэтгэвэр олголтыг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс түдгэлзүүлж зогсоосон, мөн нэр бүхий иргэнд олгосон хавсралтаар заасан төгрөгийг тэтгэврийн санд төлүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд уг актын 1-р хавсралтын 5 дахь хэсгээр “Д.Бтэй холбоотой хуурамч бичиг баримт бүрдүүлэн өндөр насны тэтгэвэр тогтоосон, шүүхийн шийдвэр архивын лавлагаатай зөрсөн” гэсэн зөрчил илэрсэн гэж зааж, 19 сарын тэтгэврийг илүү авсан гэж үзэж, 5.650.000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

3.1. Нэхэмжлэгч Д.Б уг актын өөрт холбогдох хэсгийг эс зөвшөөрч “... Баянхонгор аймгийн сум дундын шүүхийн 2018 оны 00019 дүгээр шийдвэрээр 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Баян-Овоо сумын Санаачлага нэгдэлд саальчнаар ажиллаж байсан 4 жилийн хугацааг сэргээн тогтоосон ... шүүхийн шийдвэр холбогдох баримтын хамт тэтгэврийн байцаагчид өгч өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч байсан ... Тэтгэвэр тогтоолгохоор бүрдүүлсэн тэтгэврийн материал тэтгэврийн байцаагч нягтлан бодогч, албаны дарга гээд холбогдох хүмүүсийн хяналтаар орж, тэтгэвэр олгогддог ... би хуурамч материал ашиглаагүй ...” гэсэн үндэслэлээр “Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 32/30 дугаартай улсын байцаагчийн актын Даваагийн Бд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Нийгмийн даатгалын ерөнхий газрын хууль бус үйлдлээс болж Д.Бгийн өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс нөхөн олгохыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгуулах” гэх нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

3.2. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийг эс зөвшөөрч  “... шүүхэд өгсөн хөдөлмөрийн дэвтэр дээр овог засвартай, татвар төлөлтийн бичилт ... Ажилласан жилээ нотлох хөдөлмөрийн дэвтрээ аваад ир гэхэд хөдөлмөрийн дэвтрийн эхний бичилт, олон хүүхэд төрүүлж өсгөсөн, ажлаас орсон, гарсан гэсэн бичилттэй байсан ... Шүүхийн шийдвэрээр 9 сарын ажилласан жилийг нотлох баримтгүйгээр тогтоосон, 20 жил ажилласан байх шаардлагыг хангахгүй байна гэж үзээд тэтгэврийг зогсоосон ... нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн ...” гэсэн үндэслэлээр маргасан байна.

3.3. Нэхэмжлэгч Д.Б нь 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл саальчнаар ажилласан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэрээр 4 жил, Ажилласан жил нөхөн тооцох тухай хуулийн хүрээнд 11 жил, сайн дурын даатгалд 5 жил шимтгэл төлснөөр тооцож, нийт 20 жил 1 сар нийгмийн даатгалын шимтгэл төлж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 2-т зааснаар тэтгэвэр авах болзол, шаардлагыг хангагдсан гэж үзэж хүсэлт гаргасан, нийгмийн даатгалын байгууллага өндөр насны тэтгэвэр авах эрх хуулийн дагуу үүссэн гэж үзсэн буюу нийгмийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20 жил 1 сар төлсөн гэсэн үндэслэлээр 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон үйл баримт тогтоогдсон байна.

3.4. Хариуцагч нь нэхэмжлэгчийн тэтгэвэр тогтоолгон авахад бүрдүүлэн өгсөн баримтын зарим хэсэгтэй холбогдуулан “шүүхийн шийдвэр архивын лавлагаатай зөрсөн тул хуурамч бичиг баримт бүрдүүлэн өндөр насны тэтгэвэр тогтоогдсон” гэж үзэж, маргаан бүхий актаар түүний өндөр насны тэтгэвэр олголтыг зогсоож, илүү олгосон төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдлийг буруу гэж үзэх үндэслэлгүй байна.

3.5. Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-д “Даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргана”, 23 дугаар зүйлд “Нийгмийн даатгалын байгууллага ... нийгмийн даатгалын байцаагч хууль дээдлэх, ..., даатгуулагч, ажил олгогчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэн хамгаалах зарчим баримтална”, 20 дугаар зүйлийн 2-т “Хуурамч баримт бичиг бүрдүүлэх, худал мэдээлэх зэргээр тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг үндэслэлгүй, эсхүл илүү тогтоолгож авсан бол үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг нөхөн төлүүлэх”, 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-д “Нийгмийн даатгалын байцаагч дараахь эрх эдэлнэ:”, 1/-т “шимтгэл оногдуулах, төлөхтэй холбогдсон данс бүртгэл, тайлан тэнцэл болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулж авах”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 1-д “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан иргэн доор дурдсан болзол хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй: нийт 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол”, 27 дугаар зүйлд “Хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно”  гэж тус тус заасан байна.

3.6. Хэрэгт авагдсан Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 131/ШШ2018/00019 дүгээр шийдвэрээр Даваагийн Бг 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын “Санаачилга” нэгдлийн 3-р бригадад саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосон, уг шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон, нэгэнт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр Д.Бгийн 4 жил ажилласан нь тогтоогдсон байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасны дагуу захиргааны хэргийн шүүх шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг няцаах, нэхэмжлэгчийн ажилласан байдалтай холбоотой уг асуудлыг дахин нотлох ажиллагааг хийх хууль зүйн үндэслэлгүй, хариуцагчийн “хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримттай холбогдуулан тухайн шийдвэрийн үндэслэл болсон баримтыг хуурамч хэмээн үзэж, нэхэмжлэгчийн тэтгэвэр олголтыг зогсоож, илүү олгосон”-ыг үндэслэл бүхий гэж үзэх хууль зүйн боломжгүй юм.

Иймээс анхан шатны шүүхийн “... Д.Бгийн ажиллаж байсан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэрийг эрх бүхий этгээдээс хүчингүй болгосон, эсхүл өөрчилсөн талаар шийдвэр, магадлал, тогтоол гараагүй ... Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд “Хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно” гэж заасныг зөрчиж, нэхэмжлэгч Д.Бгийн өндөр насны тэтгэврийг зогсоосон ... Д.Бгийн өндөр насны тэтгэврийг зогсоосон дээрх үйлдлийн улмаас ... хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн ...” гэж дүгнэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг буруу гэж үзэх үндэслэлгүй.

3.7. Түүнчлэн, анхан шатны шүүхийн “... Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 32/30 дугаартай актыг нэхэмжлэгчид гардуулаагүй, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын  2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/29 дугаартай тушаалаар албажиж  Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлж, үүнийг үндэслэн тус хэлтсээс 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” улсын байцаагчийн 03 дугаар актыг нэхэмжлэгч эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргасны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хариуцагчийн “... хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн ... гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй ...” гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

3.8. Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2-т зааснаар “Хуурамч баримт бичиг бүрдүүлэх, худал мэдээлэх зэргээр тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг үндэслэлгүй, эсхүл илүү тогтоолгож авсан бол үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг нөхөн төлүүлэх”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд “Хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно” гэж тэтгэврийг зогсоох үндэслэлийг хуульчлан заасан байна.

Хариуцагч маргаан бүхий актаар нэхэмжлэгчийн тэтгэвэр олголтыг зогсоож, илүү олгосон гэх үндэслэлээр 5.650.000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн ажилласан байдал нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримттай холбогдуулан “архивын лавлагаа шүүхийн шийдвэрээс зөрүүтэй” гэсэн үндэслэл түүний тэтгэвэр олголтыг зогсоосон нь дээрх хуулийн зохицуулалтуудад тус тус нийцэхгүй байна.

4. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт “хуульд заасан тэтгэвэр зогсоох, үндэслэлгүйгээр илүү авсан тэтгэврийг нөхөн төлүүлэх нөхцөл үүсээгүй, нэхэмжлэгч ажилласан байдлыг хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоосон, уг асуудлыг шүүх дахин нотлохгүй, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэж үзэхгүй” гэж агуулга бүхий дүгнэлт хийсэн атлаа тогтоох хэсэгт тэтгэвэр зогсоох, үндэслэлгүй авсан тэтгэврийг нөхөн төлүүлэхтэй холбоотой хуулийн дээр дурдсан холбогдох зохицуулалтуудыг тусгаагүй нь буруу байх тул шийдвэрт эдгээр хуулийн зүйл, заалтыг нэмсэн өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан “ ...  нөхөж бичсэн байх магадлалтай ... хуурамч нотлох баримт хууль бус шүүхийн шийдвэрийг үндэслэсэн ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.  

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 854 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “ ... Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйл ... ” гэж нэмж бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                     ШҮҮГЧ                                                 Э.ЛХАГВАСҮРЭН

 

                     ШҮҮГЧ                                                 Д.БААТАРХҮҮ

 

                     ШҮҮГЧ                                                 Н.ХОНИНХҮҮ