| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2017/00323/и |
| Дугаар | 142/ШШ2017/00434 |
| Огноо | 2017-04-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 142/ШШ2017/00434
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Элит хотхон 15-9а-22 тоотод оошин суух, Боржигон овогт Занабазарын Энхбаатар /РД:ХГ72080971/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум 14 дүгээр баг 100 айл гудамж 37 б тоотод оршин суух, Боржигон овогт Цэвээндоржийн Цэнд-Аюуш /ФБ64042428/
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум 14 дүгээр баг 100 айл гудамж 37 б тоотод оршин суух, Дагвын Ганболд /ФД65010819/ нарт холбогдох, “Орон сууцнаас албадан гаргуулах, орон сууц хөлслөх гэрээний төлбөр 1 878 900 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.Энхбаатар, хариуцагч, хариуцагч Д.Ганболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэнд-Аюуш, гэрч Я.Жавзанпагма, С.Янжинлхам, Ш.Сарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Энхбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум 14 дүгээр баг Говил 100 айл гудамж, 37б тоот хашаа, орон сууцыг худалдан авсан. Уг орон сууцыг иргэн Ц.Цэнд-Аюуштай 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс “орон сууц хөлслөх” гэрээ байгуулсны үндсэн дээр Ц.Цэнд-Аюуш болон түүний нөхөр болох Д.Ганболд нарт орон сууцны зориулалтаар хөлслүүлсэн. Уг орон сууцыг 1 сарын 180 000 төгрөг хөлстэйгээр уг хөлсийг сар бүр төлөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулсан. Гэтэл орон сууцны хөлсөө төлөлгүй өнөөдрийг хүрсэн атлаа уг орон сууцыг чөлөөлж өгөхийг хүсэхэд чөлөөлж өгөхгүй байна. Иймээс Ц.Цэнд- Аюуш, Д.Ганболд нарыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын 14 дүгээр баг Говил 100 айл гудамж, 37б тоот хашаа, орон сууцнаас албадан гаргаж, 2016 оны 06 сарын 01-ний өдрийн орон сууц хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэл болох 2016 оны 06 сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарыг дуусталх орон сууцны хөлс 1 620 000 төгрөг, амьдарч байх хугацаандаа төлөөгүй байрны мөнгө болох 258 900 төгрөг нийт 1 878 900 төгрөг гаргуулж өгнө үү. Би гэрээнд хуурч гарын үсэг зуруулаагүй, тухайн үед би байраа авчаад өөртэй нь гэрээ хийсэн. Өөрөө 02 саоын 08-нд гарна гэхээр нь, та тэгвэл баталгаа гаргаад өг гээд бичүүлж авсан, би шахаж шаардаагүй, харин би өөрөө худалдаж авсан байрандаа орж чадахгүй, очих болгонд янз бүрийн шалтаг тоочоод хэцүү байгаа тул шүүхэд хандасан... гэжээ.
Хариуцагч Ц.Цэнд-Аюуш шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие зарын дагуу 2014 оны 04 дүгээр сард Сараа гэж хүнтэй уулзаж эхний ээлжинд засвар хийж ороод дараа нь 30 000 000 төгрөгөнд худалдаж авахаар тохиролцоод 2016 оны 09 дүгээр сард худалдаж авахаар тохиролцсон. Гэтэл Сараа мөнгөний хэрэг болоод байна, 2016 оны 06 дугаар сард дүү залуудаа зараад, энэ дүү чамд буцаагаад зарна, өөрсдөө орон байртай дэлгүүрийг бид авч байгаа юм, 30 000 000 төгрөгт л зарж байгаа юм, чамд буцаагаад энэ үнэнд нь зарна гэж уулзуулсан юм. Тэгээд 2016 оны 09 дүгээр сарын 10-ны үед за байраа авья мөнгө бэлэн боллоо гэтэл 41 000 000 төгрөгт зарна гээд бидний дунд асуудал үүссэн. Тэгээд энэ үед мөнгө бэлэн байсан болохоор өөр байр хайгаад шинэ жилийн өмнөхөн нэг байр олоод нэр дээрээ болгож аваад мөнгө өгсөн. Он гараад орох гэтэл тэр байр нь бас хөлслүүлээд тэр хөлсөнд нь байраа засаж орсон хүн байсан тул 6 сард гарна гээд гардаггүй. Бид анхны эзнийг нь шаардаад эсхүл мөнгөө авья гээд байж байна. Одоо бид энэ байрандаа 9 сар хүртэл сууцны хөлсөө төлөөд суух эрхтэй гэж үзэж байгаа. Ашиглалтанд орсон цагаас хойш янз бүрийн хүн хөлслөөд засвар хийгээгүй, арзетик, унтраалга байхгүй, шал нь хулдаасгүй, дээвэр нь цөмөрсөн байсан. Нийлээд 4 990 000 төгрөг зарцуулсан. Падаанаар 3 610 000 төгрөг, падаангүй баримтыг жагсаавал 3 м.кв пүрүс мод, хаалганы бариулууд, сангийн турба шаланкууд, цахилгааны утас, хашааны болон хайсны пүрүс мод зүсүүлж авсан бөгөөд эдгээр болон бусад материалыг авсан газраас нь бүрдүүлэх болно. Энэ байдлаа хэлэхэд ойлгодоггүй, би хуулийн хүн гэж том дуугаар хашгирч сүрдүүлж байгаад нэг зүйл дээр гарын үсэг зуруулж авсан. Эхэлж уулзах үед ээж маань нас барсан байхад юу ч мэдэхгүй нэг юманд гарын үсэг зуруулсан. Би энэ байранд 8 600 000 төгрөгний засвар хийсэн байдаг. Үүнийг анх Энхбаатарыг авах гээд Сараатай ярьж байхад нь хэлж байсан. Падаанаар авсан материал нь зарим байгааг нь хавсаргасан бөгөөд үүнд 3 610 000 төгрөг болж байна. Чамайг аргалж гарын үсэг зуруулсан одоо хохь чинь, хэдэн саяыг авна гэж эхнэр нь хашгирч байгаад утсаа тасалсан. Дахиж утас руу нь залгахад нөхөр нь аваад би хуулийн хүн бүх юмаа чиний толгойг эргүүлж байгаад гарын үсэг зуруулсан тул чамайг шүүхээр албадан хөөж гаргуулж хэдэн сая төгрөг авахаа мэдсэн, дахиж чамтай ярих юм байхгүй гэсэн. Ингээд би группэд байдаг тул бие муудаж эхэлсэн. 02 дугаар сарын 13-нд эмнэлгээс хотод үзүүлэх бичгээ аваад Энхбаатартай тааралдсан чинь олон хүний өмнө чамайг шүүхэд өгсөн орон байрыг минь суллаж өг гэж чангаар хашгирсан. Ер нь бид ч гэсэн хүн юм чинь нэр төрөндөө хайртай. Тэр ч байтугай багаар орж энэ хоёрыг хөөж гаргах гэж явна. Дүү нь хуулийн хүн гээд хот руу хавийн айлууд, дэлгүүрээр орж энэ айлыг нүүвэл надад хэл хүргээрэй манай байранд орчихоод юмыг минь авч явж магадгүй, би хуулийн байгууллагын ажилтан тул та нарт захилаа шүү гэсэн байдаг. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин 09 дүгээр сар хүрэл бид орох оронгоо цэгцлэх хүртэл байлгах юм бол орон сууцныхаа мөнгийг төлөөд гарна. Наана нь гарах юм бол төлөхгүй засварын мөнгөндөө суутгаад гарна гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Энхбаатар нь, хариуцагч Ц.Цэнд-Аюуш, Д.Ганболд нарт холбогдуулан “Орон сууцнаас албадан гаргуулах, орон сууц хөлслөх гэрээний төлбөр 1 620 000 төгрөг, орон сууцанд амьдарч байх хугацааны байрны төлбөр 258 900 төгрөг, нийт 1 878 900 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч нар нэхэмжлэлээс “орон сууцанд амьдарч байх хугацааны байрны төлбөр 258 900 төгрөг” гаргуулах шаардлагыг зөвшөөрсөн, бусад шаардлагаас татгалзсан. Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв. Хариуцагч тал нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “...Одоо бид энэ байрандаа 9 сар хүртэл сууцны хөлсөө төлөөд суух эрхтэй гэж үзэж байгаа. Ашиглалтанд орсон цагаас хойш янз бүрийн хүн хөлслөөд засвар хийгээгүй, арзетик, унтраалга байхгүй, шал нь хулдаасгүй, дээвэр нь цөмөрсөн байсан. Би энэ байранд 8 600 000 төгрөгний засвар хийсэн. Үүнийг анх Энхбаатарыг авах гээд Сараатай ярьж байхад нь хэлж байсан... Харин 09 дүгээр сар хүрэл бид орох оронгоо цэгцлэх хүртэл байлгах юм бол орон сууцныхаа мөнгийг төлөөд гарна. Наана нь гарах юм бол төлөхгүй засварын мөнгөндөө суутгаад гарна. Энхбаатар надаар цагаан цаасан дээр 02 дугаар сард гарын үсэг зуруулж авсан. Одоо та 380 000 төгрөг бэлэн өгчих гэхэд би надад 100 000 төгрөг л байсан учир түүнийг өгөх гэхэд авахгүй гэсэн, тэгээд 02 сарын 08-нд гарна гэж хэлэхэд баталгаа гаргаж өг гэсэн, тэгээд надаар хуурч байгаад гэрээнд гарын үсэг зуруулсанд нь харамсаж байна...” гэж тайлбарласан. Орхон аймгийн Баян-Өндөр сумын 14 дүгээр баг, Говил 100 айл гудамж, 37 б тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч З.Энхбаатар болох нь хэргийн 9 дүгээр хуудас дахь улсын бүртгэлийн гэрчилгээ, зохигчдын тайлбараар нотлогдож байна. Тиймээс нэхэмжлэгч нь орон сууцнаас албадан гаргуулах шаардлага гаргах эрхтэй. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж заасан. Иймд хариуцагчийн нэхэмжлэлээс татгалзаж буй татгалзал хууль зүйн үндэслэлгүй байна. З.Энхбаатар нь 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр өөрийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 14 дүгээр баг, Говил 100 айл гудамж, 37 б тоот орон сууцаа Цэнд-Аюушд сарын 180 000 төгрөгийн хөлс төлөх нөхцөлтэйгөөр хөлслүүлэхээр гэрээ байгуулсан Хариуцагчийн, “Орон сууц хөлслөх гэрээ”-нд хуурч, хоосон цаасан дээр гарын үсэг зуруулсан гэсэн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэсэн бөгөөд, дээрх нөхцөл байдал нотлогдоогүй болно. Тиймээс Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан “ Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлж, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу талуудын хооронд орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй, гэрээний үүргээс хариуцагч татгалзах эрхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэсэн үүргээ хариуцагчийг хэрэгжүүлээгүй гэж үзнэ. Хариуцагч, “...би анх энэ байранд засвар хийж орсон, завсарын хөлсөө суутгана, энэ байдлыг худалдаж авах үед нь байрыг зарсан Ш.Сарантуяагийн дэргэд Энхбаатарт хэлж байсан...” гэж тайлбарласан бөгөөд, гэрч Ш.Сарантуяа: “... энэ байрыг зарахад би ямар нэг өр төлбөр тооцоо байхгүй гэдгийг З.Энхбаатарт хэлсэн... “ гэж мэдүүлсэн. Түүнчлэн байрны засварын асуудал нь З.Энхбаатарыг худалдаж авахаас өмнөх үеийнх байх бөгөөд, энэ талаар хариуцагч бие даасан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүйг дурьдах нь зүйтэй. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Ц.Цэнд-Аюуш, Д.Ганболд нарыг Орхон аймаг Баян-Өндөр сум 14 дүгээр баг Говил баг 100 айл гудамж, 37б тоотод орон сууцнаас албадан гаргаж, хариуцагч нараас орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 1 620 000 төгрөг, орон сууцанд амьдарч байх хугацааны байрны төлбөр 258 900 төгрөг, нийт 1 878 900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Энхбаатарт олгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 115 250 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч нараас 115 250 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 106 дугаар зүйлийн 106.2-д заасныг баримтлан хариуцагч Ц.Цэнд-Аюуш, Д.Ганболд нарыг Орхон аймаг Баян-Өндөр сум 14 дүгээр баг Говил баг 100 айл гудамж, 37б тоотод орон сууцнаас албадан гаргаж, хариуцагч нараас орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 1 620 000 төгрөг, орон сууцанд амьдарч байх хугацааны байрны төлбөр 258 900 төгрөг, нийт 1 878 900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Энхбаатарт олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 115 250 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 115 250 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА