Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/48

 
2021 04 13 2021/ШЦТ/48 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж, Нарийн бичгийн дарга Э.Энхмаа, Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Ариунболд, Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Борисын Оөд холбогдох эрүүгийн 2019003110058 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1981 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг, 4-10 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Борисийн О /регистрийн дугаар: ТЯ81062311/. Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Б.О нь 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Фрейнд шиф ресурс” ХХК-ийн нүүрсний уурхайн талбай дээр Г.Гантөгстэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, зодолдож баруун гараараа түүний хамарт нь цохиж, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт: “... Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөвөөр мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй ...” гэв. Хохирогч Г.Гантөгсийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 13 цагийн орчимд Улаанбаатар хотоос 5 хүн хариуцаад Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 1 дүгээр багт байрлах “Фрейнд шиф ресурс” ХХК-д тэсэлгээний ажил хийхээр явсан ба замаараа Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумаас өөрийн зүс таних Б.О гэх залууг аваад тухайн уурхай дээр орой 17 цагийн орчим ирээд амарсан. Тэгээд маргааш өглөө нь манай бригад уурхайн талбайд цэнэглэлтийн ажил хийгээд орой 17 цаг 30 минутын орчимд ажлаасаа буугаад цэнэглэлтийн талбайгаа хүнээр мануулах шаардлага гараад Б.Оийг талбай дээр хоноорой гэж 2 удаа хэлэхэд тэр сонсоогүй байсан /сонссон ч байж магадгүй/ ба 3 дахь удаагаа хэлэхэд тэр над руу ууртай хүрч ирээд “Би танай ажилтан биш, чи өөрийнхөө ажилчдыг томилооч” гээд намайг баруун гараараа алгадахад гарт нь оногдож тонгойход тэр миний нуруу хэсэг рүү өшиглөхөд нь би дээш өндийхдөө түүнийг хөлөөрөө жийж, баруун гараараа цээж рүү нь 1 удаа цохиход тэр зөрүүлээд баруун гараараа миний хамар хэсэгт цохиход нь хамраас цус гараад би газар унахад тэр нуруу хэсэг рүү өшиглөхөд тэнд байсан манай ажилтнууд түүнийг салгасан ... Миний хамрын яс зүүн талын хөхлөг сэртэнгийн яс зөрүүтэй хугарсан. Таславч зүүн тийш мурийсан, дээд хэсгээрээ зөрсөн хугаралтай байна ... Би гомдолтой байна. Би хамраа тэгшлүүлж, эмчлүүлэхэд шаардагдах зардлыг гаргуулж авмаар байна. Би “ЭМЖЖ” чих, хамар, хоолойн эмнэлэгт очиж 35.000 төгрөгөөр хийлгэж, томографикын зураг 140.000 төгрөгөөр авхуулсан ба мэс ажил хийлгэхэд 2.805.000 төгрөг болно гэж байсан. Энэ зардалд дээрх 175.000 төгрөг багтсан ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-9 дүгээр хуудас/, Шүүгдэгч Б.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “ ... 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр би Алаг толгой нүүрсний уурхай дээр ажиллаад 18 цагийн орчимд ажлаасаа буух үед Гантөгс намайг зүй бусаар, нохой дуудаж байгаа юм шиг дуудаад, ил задгай тэсэлгээний бодис мануулж хонуулах гэж байсан. Уг нь тэр тэсэлгээний бодисыг тэсрэх материалтай харьцах үнэмлэхтэй хүн манах ёстой байсан. Надад тийм үнэмлэх байгаагүй. Би харж хонохгүй гэтэл ажил хийж чадахгүй бол зайл гэж хэлээд заамдалцсан. Заамдалцаад салтал Гантөгс нь гадуур өмсөж байсан хувцасаа тайлаад намайг цохихоор гүйж ирсэн. Тэгээд гүйгээд ирэхэд нь би өөрийгөө хамгаалаад гараараа тултал хамар духны хооронд тулчих шиг болсон ... Би 2021 оны 01 дүгээр сард Гантөгсөд 400.000 төгрөг өгсөн ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32, 39-41 дүгээр хуудас/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 02/0338 дугаартай “... Г.Гантөгсийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн нэг буюу хэд хэдэн удаагийн үйчллэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 17 дугаар хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.О нь 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Фрейнд шиф ресурс” ХХК-ийн нүүрсний уурхайн талбай дээр Г.Гантөгстэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, зодолдож баруун гараараа түүний хамарт нь цохиж, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Г.Гантөгсийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Б.Оийг талбай дээр хоноорой гэж 2 удаа хэлэхэд тэр сонсоогүй байсан /сонссон ч байж магадгүй/ ба 3 дахь удаагаа хэлэхэд тэр над руу ууртай хүрч ирээд “Би танай ажилтан биш, чи өөрийнхөө ажилчдыг томилооч” гээд намайг баруун гараараа алгадахад гарт нь оногдож тонгойход тэр миний нуруу хэсэг рүү өшиглөхөд нь би дээш өндийхдөө түүнийг хөлөөрөө жийж, баруун гараараа цээж рүү нь 1 удаа цохиход тэр зөрүүлээд баруун гараараа миний хамар хэсэгт цохиход нь хамраас цус гараад би газар унахад тэр нуруу хэсэг рүү өшиглөхөд тэнд байсан манай ажилтнууд түүнийг салгасан ... Миний хамрын яс зүүн талын хөхлөг сэртэнгийн яс зөрүүтэй хугарсан. Таславч зүүн тийш мурийсан, дээд хэсгээрээ зөрсөн хугаралтай байна ... ” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Б.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн “ ... Заамдалцаад салтал Гантөгс нь гадуур өмсөж байсан хувцасаа тайлаад намайг цохихоор гүйж ирсэн. Тэгээд гүйгээд ирэхэд нь би өөрийгөө хамгаалаад гараараа тултал хамар духны хооронд тулчих шиг болсон ... ” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 02/0338 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Б.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч маргаагүй, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас төлөх төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн зэрэг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй болон прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгчид торгох ял оногдуулахдаа хувиараа хөдөлмөр эрхэлж сард 700-800 мянган төгрөгний орлоготой, ам бүлийн байдал, эд хөрөнгө, орлого олох боломж, шүүгдэгчийн хүсэлт зэргийг харгалзан түүний эдийн засагт дарамт учруулахгүйгээр оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзсэн болно. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч Боржигон овогт Борисийн Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оөд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ба битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Оөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА