Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 26 өдөр
2021 04 26 2021/ШЦТ/50 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж, шүүгч Д.Адъяасүрэн, шүүгч Ж.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй, Нарийн бичгийн дарга Э.Энхмаа, Улсын яллагчаар хяналтын прокурор Г.Анх-Ирээдүй, Иргэдийн төлөөлөгч Г.Рэнцэнханд /цахимаар/, Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн, Шүүгдэгч Б.З нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Анх-Ирээдүйгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Аюушийнхан овогт Баатарын Зт холбогдох эрүүгийн 2119000000034 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1967 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Мандах сумын 5 дугаар баг, Баян-Оргилийн 1-2 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1997 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1-д зааснаар 3 жил хорих ялаар, Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сар баривчлах ялаар, Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх зааснаар 500 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, Аюушийнхан овогт Баатарын З /регистрийн дугаар: ЕЕ6701813/. Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Б.З нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Мандах сумын 2 дугаар багт иргэн Ц.Гансүхтэй маргалдаж, улмаар хэвлий, цээж хэсэгт нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Б.З шүүхийн хэлэлцүүлэгт: “... Би 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн өглөө захиргааны байгууллага руу очиж, иргэний үнэмлэх захиалаад гарч явж байгаад найзуудтайгаа таарч өдөр 14 цагийн үед дэлгүүрээс 2 шил архи аваад Пүрэвсүрэн дүүгийнхээ гэрт очсон. Тэгээд Пүрэвсүрэн 1 шил архи гаргаж ирээд гэрт нь 3 шил архи уусан. Нэлээн согтоод 17 цагийн үед Пүрэвсүрэнгийн гэрээс гараад гэр лүүгээ харих замдаа Батжаргал ахын гэр лүү орсон чинь Ц.Гансүх гэнэт өөдөөс агсраад бид 2 муудалцаж, маргалдсан. Гэрт ямар хүмүүс байсан болохыг мэдээгүй ямартай ч би тэр айлаас гарсан. Тэгсэн араас Ц.Гансүх гарч ирээд надаас зууралдаад тавихгүй байхаар нь би баруун талын халааснаас хутга гаргаж ирээд айлгах санаатай чичилсэн. Гэтэл хөдөлгөөн нь удаашраад доошоо сууж байгаад дотогшоо орохоор нь араас нь дагаад орсон чинь Бямбаа, Жаргал 2 цамцыг нь сөхөөд “та Ц.Гансүхийг хутгалсан байна” гэж хэлсэн. Ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна ...” гэв. Хохирогч Ц.Гансүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 14 цагийн орчимд манай гэрт Бямбаа, Пүрэвсүрэн нарын хамт бид нар 2 шил, 0,75 литрийн “Хараа” архи хувааж ууцгаасан. Тэгээд Бямбаа ажлаас дуудаж байна гээд Пүрэвсүрэнгийн хамт манайхаас гарч явсан юм. Би араас нь удалгүй Пүрэвсүрэнгийн гэрт очиж, дахин нэг шил архи хамт хувааж уусан. Тэгээд буцаад гэртээ ирээд байж байхад Зол /З/ ах гаднаас согтуу орж ирэхэд нь би согтуу байсан болохоор хэл амаар өдөж маргалдсан. Тэгээд бид хоёр гадаа гарч зууралдаж, маргалдаж байхад гэнэт хэвлий хэсэгт нэг сонин болоод явчихсан. Гэрт ороод хэвлий хэсгээ үзэхэд бага зэрэг цус шүүрчихсэн, зүсэгдсэн байсан болохоор эмнэлэг рүү явсан. Тухайн маргалдаж хоорондоо зууралдаж байх үед гэнэт л хэвлий хэсэгт эвгүй болоод явчихсан. Яг ямар зүйлээр гэмтээсэн талаар бол бол мэдээгүй, сүүлд нь олж мэдсэн...миний биеийн байдал сайжирч байгаа, мэс засалд орсон тул боолт хийлгэж байгаа, ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/, Гэрч Г.Бямбаахүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Бид хоёр гэрт нь орж хоол идээд байж байхад Сүхээ /Гансүх/ нэлээд халамцуу орж ирээд араас нь 5-10 минутын дараа Зол /З/ ах орж ирсэн ба тэр хоёр гэнэт маргалдаж муудаад эхлэхээр нь Жаргал бид хоёр салгасан. Сүхээ /Гансүх/ болон Зол /З/ ах хоёр гэрээс гарч яваад гадаа орилж хашхираад байхаар нь гараад очиход Сүхээ /Гансүх/ орилоод байсан болохоор гэр лүү нь оруулахад Сүхээ /Гансүх/ надад хандаж “ намайг хутгалчих шиг боллоо” гэж хэлэхээр нь гэдсийг нь харахад ангайчихсан байсан юм ...Сүхээ /Гансүх/ тухайн үед надад хэлэхдээ Зол /З/ ах намайг хутгалчих шиг боллоо гэж хэлсэн ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, Гэрч Ө.Жаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Бямбаа бид 2 араас нь 5 минутын дараа гараад очиход Сүхээ /Гансүх/ хэвлийгээ дараад доош хараад суучихсан байсан, Зол /З/ ах хажууд нь хараад зогсож байсан. Сүхээг /Гансүх/ Бямбаа бид хоёр гэр лүү нь оруулж суулгаад хэвлий хэсгийг нь харахад цус гарчихсан байхаар нь цамцыг нь сөхөөд харахад гэдэс нь бага зэрэг ярагдчихсан байсан болохоор нь сумын эмнэлэг рүү Бямбаатай хамт Сүхээг /Гансүх/ хүргэж өгсөн. Шалтгаан гэх зүйл сайн мэдэхгүй байна, анх тааралдахдаа л таарамжгүй харилцаа үүсгэж эхэлсэн, тэрнээс л болж маргалдсан байх гэж бодож байна. Яагаад гэвэл тухайн үед Зол /З/ ахаас өөр хүнтэй муудаагүй нь тодорхой байсан ба юм ярьж чадахгүй байгаад байсан юм. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/, Шүүгдэгч Б.Зын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Тэгээд намайг заамдаж түлхээд байхаар нь би уурандаа баруун талын куртикний халаасанд байсан 20 см орчим урттай шаргал өнгийн иштэй эвхэгддэг хутга гаргаж ирээд айлгах гэж Гансүхийн өөдөөс гаргаж чичиж байсан юм. Намайг гэр лүү нь ороход Бямбаа Жаргал хоёр Гансүхийн дээгүүрээ өмссөн хувцсыг сөхчихсөн харж байгаад Бямбаа над руу хандаж “Та Гансүхийг хутгалчихсан байна шүү дээ” гэж хэлээд эмнэлэг рүү аваад явчихсан. Би тухайн үед Гансүхтэй маргалдаж байх үедээ айлгах зорилгоор хутга гаргаж ирэхдээ гэмтээчихсэн. Тухайн үед би хэвлий хэсэгт нь бол гэмтэл учруулсан. Харин цээжний хэсэгт үүссэн шарх нь бол Гансүхтэй маргалдаж ноцолдож байх үед үүсгэсэн байх гэж бодож байна ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18, 72-74 дүгээр хуудас/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 02/061 дугаартай “... Ц.Гансүхийн бие хэвлийн хөндийн нэвтэрч дотор эрхтнийг гэмтээсэн шарх, дотуур цус алдалт, цээжний шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Шинээр илэрсэн зүйл үгүй. ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, Хохирогч Ц.Гансүхийн Өвчний түүх /хх-ийн 29-58 дугаар хуудас/, Хохирол нөхөн төлсөн тухай баримт /хх-ийн 114-116 дугаар хуудас/, Шүүгдэгч Б.Зын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 97 дугаар хуудас/ Шийтгэх тогтоолууд /хх-ийн 99-112 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Мандах сумын 2 дугаар багт иргэн Ц.Гансүх нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шүүгдэгч Б.Зыг хэл амаар доромжлон заамдаж, маргалдсаны улмаас шүүгдэгч Б.З нь халаасанд байсан хутга гаргаж хохирогчийн хэвлий, цээж хэсэгт нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйл явдал болсон нь хохирогч Ц.Гансүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Зол /З/ ах гаднаас согтуу орж ирэхэд нь би согтуу байсан болохоор хэл амаар өдөж маргалдсан. Тэгээд бид хоёр гадаа гарч зууралдаж маргалдаж байхад гэнэт хэвлий хэсэгт нэг сонин болоод явчихсан. Гэрт ороод хэвлий хэсгээ үзэхэд бага зэрэг цус шүүрчихсэн, зүсэгдсэн байсан болохоор эмнэлэг рүү явсан. Тухайн маргалдаж хоорондоо зууралдаж байх үед гэнэт л хэвлий хэсэгт эвгүй болоод явчихсан” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Бямбаахүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Сүхээ /Гансүх/ болон Зол /З/ ах хоёр гэрээс гарч яваад гадаа орилж хашхираад байхаар нь гараад очиход Сүхээ /Гансүх/ орилоод байсан болохоор гэр лүү нь оруулахад Сүхээ /Гансүх/ надад хандаж “ намайг хутгалчих шиг боллоо” гэж хэлэхээр нь гэдсийг нь харахад ангайчихсан байсан ...” гэсэн мэдүүлэг, гэрч Ө.Жаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Бямбаа бид 2 араас нь 5 минутын дараа гараад очиход Сүхээ /Гансүх/ хэвлийгээ дараад доош хараад суучихсан байсан, Зол /З/ ах хажууд нь хараад зогсож байсан. Сүхээг /Гансүх/ Бямбаа бид хоёр гэр лүү нь оруулж суулгаад хэвлий хэсгийг нь харахад цус гарчихсан байхаар нь цамцыг нь сөхөөд харахад гэдэс нь бага зэрэг ярагдчихсан байсан ...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Б.Зын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Тэгээд намайг заамдаж түлхээд байхаар нь би уурандаа куртикний баруун талын халаасанд байсан 20 см орчим урттай шаргал өнгийн иштэй эвхэгддэг хутга гаргаж ирээд айлгах гэж Гансүхийн өөдөөс гаргаж чичиж байсан юм. Намайг гэр лүү нь ороход Бямбаа Жаргал хоёр Гансүхийн дээгүүрээ өмссөн хувцсыг сөхчихсөн харж байгаад Бямбаа над руу хандаж “Та Гансүхийг хутгалчихсан байна шүү дээ” гэж хэлээд эмнэлэг рүү аваад явчихсан. Би тухайн үед Гансүхтэй маргалдаж байх үедээ айлгах зорилгоор хутга гаргаж ирэхдээ гэмтээчихсэн. Тухайн үед би хэвлий хэсэгт нь бол гэмтэл учруулсан ...” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна гэж үзлээ. Тухайн үйл явдлын улмаас хохирогч Ц.Гансүхийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 02/061 дугаартай дүгнэлт, хохирогч Ц.Гансүхийн өвчний түүх зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон болно. Шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд нь агуулгын хувьд өөр хоорондоо зөрөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу олж авсан, цуглуулсан баримтат мэдээлэл бөгөөд шүүх хуралдаанд талууд шинжлэн судалсан, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж шүүх үнэлсэн болно. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн эдгээр нотлох баримтуудыг шүүгдэгч, хохирогч нар тэдгээрийн өмгөөлөгч үгүйсгээгүй, маргаагүй бөгөөд шинжээчийн дүгнэлтийг хохирогч, шүүгдэгч нарт танилцуулахад хүлээн зөвшөөрч маргаагүй, гэрч, шинжээчээс мэдүүлэг авах, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаагүй байна. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийн эрүүл мэндэд учирсан эд материалын хохирлыг нөхөн төлсөн болох нь хавтаст хэргийн 113-114 дүгээрт хохирогч Ц.Гансүхийн “...миний бие Б.Заас сумын эмнэлэгт 200 000 төгрөг дансаар, аймаг явах зардал 300 000 төгрөг бэлнээр, нэгдсэн эмнэлэгт 885 000 төгрөг дансаар шилжүүлсэн нь үнэн болно...одоо надад гомдол санал байхгүй учир Б.Зын асуудлыг хөнгөн шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт, хохирогч Ц.Гансүхийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн “...Тэгээд буцаад гэртээ ирээд байж байхад Зол /З/ ах гаднаас согтуу орж ирэхэд нь би согтуу байсан болохоор хэл амаар өдөж маргалдсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Б.Зын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...намайг дөнгөж гэр рүү нь ороход л Гансүх босож ирээд “муу өвгөн минь давраад байгаарай” гэж хэлээд бид хоёр барьцалдаж авсан үед Гансүх миний зүүн шанаа руу баруун гараараа нэг удаа цохьсон юм. Тэгээд бид хоёр барьцалдаж маргалдаж явсаар гэрээс нь гарцгаасан юм...” гэсэн мэдүүлэг зэргээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, 1.4 дэх хэсэгт заасан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн ба эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ. Шүүгдэгч шүүх хуралдаанд “... хэвлий хэсэгт нь хутгалсанаа мэдэж байгаа ба харин цээжний шарх гэмтэл нь барьцалдаж, зууралдаж байхад үүссэн байх ...” гэж мэдүүлж байгаа боловч өөрийн буруугаас гэмтэл учраагүй гэж маргаагүй болно. Шүүгдэгч Б.З нь зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч маргаагүй, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 1.385.000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн зэрэг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Зт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй болон прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил, 4 сар хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч Аюушийнхан овогт Баатарын Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зт 3 жил, 4 сар хорих ял шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зт оногдуулсан 3 жил, 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ба битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Зт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА