Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 26 өдөр
2021 04 26 2021/ШЦТ/51 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж, Нарийн бичгийн дарга Э.Энхмаа, Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч, Шүүгдэгч Д.Х нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хондого овогт Даваагийн Хд холбогдох эрүүгийн 2119000270066 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1999 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймаг Сайншанд суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 ээж, эгч, дүү, зээ дүүгийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг, Бөөний бараа баазын 5-4 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгтзааснаар 1 жил 4 сарын хорих ялаар, Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 248 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, Хондого овогт Даваагийн Х /регистрийн дугаар: ЕС99100934/. Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Д.Х нь 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шинэ зуун” үйлчилгээний төвийн 334 дүгээр лангуунаас тус төвийн лангуу түрээслэгчдийн нэн ядуу, өрх толгойлсон эмэгтэй, өндөр настан хүмүүст туслах зорилготой цуглуулсан, сайн үйлсийн аяны мөнгө болох 490.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас иргэн Б.Болормаад 490.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Д.Х шүүхийн хэлэлцүүлэгт: “... Тухайн өдөр мөнгөний хэрэг гараад дэлгүүрт явж байхад лангуун дээр байсан дэвтэрний завсар мөнгө харагдахаар нь авсан. Барагцаагаар 420.000 төгрөг байсан ...” гэв. Хохирогч Б.Болормаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би Шинэ зуун үйлчилгээний төвд 334 дүгээр лангууг түрээлдэг. 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Шинэ зуун” үйлчилгээний төвийн худалдагч нар нийлж, нэн ядуу иргэдэд гурил, будаа болон хүнсний зүйл авч өгөх зорилгоор хуримтлуулж байсан мөнгө буюу 225.000 төгрөг өөрийн түрээсэлж байсан лангуун дээр дэвтэрний завсар уутанд хийсэн байсан. Тэгээд би доод давхарын лангууны хүмүүсээс мөнгө авах гээд гарсан. Тухайн үед хажуу талын лангууны худалдагч Амарбаясгаланд лангуугаа захиж үлдээгээд гарсан. Хүнээс мөнгө авчихаад лангуун дээрээ ирэхэд дэвтэрний завсар байсан мөнгө алга болсон байхаар нь камер шүүж үзэхэд улаан куртиктэй, саарал өнгийн бэлтгэлийн өмд, цагаан өнгийн пүүз, цагаан өнгийн маск зүүсэн дунд зэргийн нуруутай эрэгтэй хүн аваад гарсан бичлэг байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Намайг лангуунаас гараад явсны дараа бичлэг дээр гарсан хүнээс өөр хүн манай лангуу руу ороогүй байсан ... Тухайн үед би хүмүүсээс мөнгө хурааж авахдаа зарим хүмүүсийн нэрсийг дэвтэртээ бичиж, зарим хүмүүсийн нэрсийг бичилгүй зургийг нь авч байснаа мартсан ба нийт 510.000 төгрөг хуримтлуулсан байснаа анх анзааралгүй мэдүүлэг өгөхдөө 225.000 төгрөг гэж мэдүүлсэн байна ... Би өөрөө 50.000 төгрөг, 451 дүгээр лангууны түрээслэгч Энхжин 20.000 төгрөг, 565 дугаар лангууны түрээслэгч Нарансуурь 10.000 төгрөг, 575 дугаар лангууны түрээслэгч Цогтоо 10.000 төгрөг, 102 дугаар лангууны түрээслэгч 20.000 төгрөг, 448 дугаар лангууны түрээслэгч 10.000 төгрөг, 329 дүгээр лангууны түрээслэгч 20.000 төгрөг, 333 дугаар лангууны түрээслэгч Амаасүрэн 10.000 төгрөг, 455 дугаар лангууны түрээслэгч Золзаяа 20.000 төгрөг, 457 дугаар лангууны түрээслэгч 20.000 төгрөг, 340 дүгээр лангууны түрээслэгч 5.000 төгрөг, 337 дугаар лангууны түрээслэгч 5.000 төгрөг, 225 дугаар лангууны түрээслэгч Бүрнээ 5.000 төгрөг, 227 дугаар лангууны түрээслэгч 10.000 төгрөг, 220 дугаар лангууны түрээслэгч 10.000 төгрөг, 221 дүгээр лангууны түрээслэгч 10.000 төгрөг, 223 дугаар лангууны түрээслэгч Даваасүрэн 50.000 төгрөг, 111 дүгээр лангууны түрээслэгч Ганаа 10.000 төгрөг, 103 дугаар лангууны түрээслэгч Готов 20.000 төгрөг, 106 дугаар лангууны түрээслэгч Мөнгөнөө 20.000 төгрөг, 108 дугаар лангууны түрээслэгч Дээгий 10.000 төгрөг, 110 дугаар лангууны түрээслэгч Отгоо, Үүрээ нар дундаасаа 20.000 төгрөг, 104 дүгээр лангууны түрээслэгч Тулга 20.000 төгрөг, түрээслэгч байгаад Улаанбаатар хот руу шилжсэн Ганаа 20.000 төгрөг, 447 дугаар лангууны түрээслэгч Чингэрэл 10.000 төгрөг, 345 дугаар лангууны түрээслэгч Бат-Эрдэнэ 10.000 төгрөг, 446 дугаар лангууны түрээслэгч Цэцгээ 5.000 төгрөг, 459 дүгээр лангууны түрээслэгч Ариунбаяр 20.000 төгрөг, 600 дугаар лангууны түрээслэгч Мөнхжаргал 20.000 төгрөг, 332 дугаар лангууны түрээслэгч Амарбаясгалан 20.000 төгрөг, 219 дүгээр лангууны түрээслэгч Оюука 10.000 төгрөг, 236 дугаар лангууны түрээслэгч Од-Эрдэнэ 10.000 төгрөг, 218 дугаар лангууны түрээслэгч 10.000 төгрөг, 571 дүгээр лангууны түрээслэгч Отгоо 20.000 төгрөг, 562 дугаар лангууны түрээслэгч Дэлгэрчимэг 5.000 төгрөг, Санчирмаа 5.000 төгрөг, нийт 550.000 төгрөг хураалгасан байна. Надад хүмүүс мөнгөө өгөхөд нь би дангаар нь болон зарим хүмүүс барааны хамт мөнгө өгөхөөр нь тэдгээрийн зургийг дарсан байгаа. Одоо надад мөнгө өгсөн 36 хүний 26 хүнийх нь өгсөн мөнгөний зураг байна. Тухайн үед зарим хүмүүс миний данс руу шилжүүлэхэд би өөрөөсөө бэлэн мөнгө гаргаж, цуглуулсан мөнгөнд нийлүүлдэг байсан ... Надад хүлээлгэн өгсөн 20.000 төгрөгийн 9 ширхэг дэвсгэртээс 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 332 дугаар лангуу түрээслэгч Амарбаясгалангийн хураалгасан 20.000 төгрөгийн AK0892134 гэсэн сериалтай мөнгөн дэвсгэрт таарч байна ... Миний хаан банк дахь 5376090218 тоот дансанд 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр “ganaa oriflem delgeriin dem” гэсэн утгатай 20.000 төгрөг, “otgoo munhbayr” гэсэн утгатай 20.000 төгрөг, алдагдсан мөнгөн дүнд орсон байгаа. Харин 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр “455 zoloo” гэсэн утгатай 20.000 төгрөг, “457” гэсэн утгатай 15.000 төгрөг, “337” гэсэн утгатай 5.000 төгрөг, “451 enkhjinjav” гэсэн утгатай 20.000 төгрөг, нийт 60.000 төгрөг алдагдсан мөнгөнд ороогүй байсныг өмнөх мэдүүлэг дээр андуураад оруулсан байна. Тэгэхээр би лангуунаасаа нийт 490.000 төгрөг алдсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24, 25, 37-38, 41-42, 88-89 дүгээр хуудас/, Гэрч И.Бүжинлхамын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... манай хүү Д.Х өнөөдөр үдээс хойш гэртээ ирээд надад бэлнээр 20 мянгатын дэвсгэрт 9 ширхэг, нийт 180.000 төгрөг өгөөд “Би 180.000 төгрөг оллоо, та энийг цагдаа дээр аваачиж өгөөрэй, би үлдэгдэл 45.000 төгрөгийг олоод өөрөө аваачиж өгнө” гэхээр нь “миний хүү өөрөө энэ мөнгийг аваачиж өгөхгүй юу даа” гэхэд “би дутуу мөнгийг нь олоод өөрөө аваачиж өгнө” гэсэн. Надад AI3723230, AK0506111, AL6355375, AE3333501, AH2665160, AG2313295, AJ0372294, AF1389017, AK0892134 гэсэн дугаартай мөнгөн дэвсгэрт өгсөн ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/, Гэрч С.Дэлгэрцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 02 дугаар сарын 03-ны орой 18 цагийн орчим 334 дүгээр лангууны худалдагч Б.Болормаа “Шинэ зуун” худалдааны төвийн камерыг шүүгээд байж байхаар нь хажуугаар нь явахдаа юу болсон талаар асуухад лангуунаас мөнгө алдчихлаа гэж хэлж байсан. Тухайн үед би хэдэн төгрөг, яаж алдсан талаар асуугаагүй, ажилтай байсан учир яваад өгсөн ... Б.Болормаа бид хоёр өөрсдийн санаачлагаар “Шинэ зуун” худалдааны төвийн ажилчид, түрээслэгчдийг оролцуулан, сайн дурын хандивын аян зохион байгуулж, мөнгө болон эд материалын хандив цуглуулж, өрхийн амьжиргааны түвшингээс доогуур орлоготой иргэдэд цуглуулсан мөнгө, эд материалыг хүлээлгэн өгсөн ... Мөнгөн дүнг нь сайн мэдэхгүй байна, ойролцоогоор 600.000 болсон байх гэж бодож байна ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/, Гэрч Б.Үүрцайхын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Хандивын бараа, эд материалыг иргэдэд тараах үед Б.Болормаа хандив өгөхөөр цуглуулж байсан мөнгөө лангуунаасаа алдсан талаар хэлж байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/, Шүүгдэгч Д.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “ ... 2021 оны 02 дугаар сарын 03-ны орой 18 цагийн орчимд гэрээсээ гараад аймгийн холбооны газар интернетэд сууж байгаад Шинэ зуун худалдааны төв орж, нүдний шил үзэх гэж хайж яваад нэг давхарт байхгүй болохоор нь 2 давхарт гарч, нүдний шил зардаг лангуу руу орж, нүдний шил харж байгаад гараад явсан ... 2 давхар руу гарч, нүдний шил зардаг лангуу руу орж, нүдний шил үзсэн ба намайг тухайн лангуу руу ороход лангуу хүнгүй байхаар нь ганцаараа дотор нь худалдагчийг нь хүлээгээд 1 минут гаран зогсож байгаад ирэхгүй болохоор нь гараад явсан ... Би богино улаан куртик, дотуураа хар саарал өнгийн цамц, хажуудаа халаастай саарал өнгийн жинсэн өмд, саарал өнгийн пүүзтэй явсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-20 дүгээр хуудас/, Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-9 дүгээр хуудас/, Эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-15 дугаар хуудас/, Эд зүйл, баримт бичгийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 16 дугаар хуудас/, Хохирогч Б.Болормаагийн Хаан банк дахь 5376090218 тоот дансны хуулга /хх-ийн 46 дугаар хуудас/, Хохирогч Б.Болормаагийн хандивын мөнгө хураасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 47-61 дүгээр хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолууд /хх-ийн 70-75, 103-106 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Д.Х нь 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шинэ зуун” үйлчилгээний төвийн 334 дүгээр лангуунаас тус төвийн лангуу түрээслэгчдийн нэн ядуу, өрх толгойлсон эмэгтэй, өндөр настан хүмүүст туслах зорилготой цуглуулсан, сайн үйлсийн аяны мөнгө болох 490.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас иргэн Б.Болормаад 490.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Болормаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... камер шүүж үзэхэд улаан куртиктэй, саарал өнгийн бэлтгэлийн өмд, цагаан өнгийн пүүз, цагаан өнгийн маск зүүсэн дунд зэргийн нуруутай эрэгтэй хүн аваад гарсан бичлэг байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Намайг лангуунаас гараад явсны дараа бичлэг дээр гарсан хүнээс өөр хүн манай лангуу руу ороогүй байсан ...” гэсэн мэдүүлэг, гэрч И.Бүжинлхамын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... манай хүү Д.Х өнөөдөр үдээс хойш гэртээ ирээд надад бэлнээр 20 мянгатын дэвсгэрт 9 ширхэг, нийт 180.000 төгрөг өгөөд “Би 180.000 төгрөг оллоо, та энийг цагдаа дээр аваачиж өгөөрэй, би үлдэгдэл 45.000 төгрөгийг олоод өөрөө аваачиж өгнө” гэхээр нь “миний хүү өөрөө энэ мөнгийг аваачиж өгөхгүй юу даа” гэхэд “би дутуу мөнгийг нь олоод өөрөө аваачиж өгнө” гэсэн. Надад AI3723230, AK0506111, AL6355375, AE3333501, AH2665160, AG2313295, AJ0372294, AF1389017, AK0892134 гэсэн дугаартай мөнгөн дэвсгэрт өгсөн ...” гэсэн мэдүүлэг, гэрч С.Дэлгэрцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 02 дугаар сарын 03-ны орой 18 цагийн орчим 334 дүгээр лангууны худалдагч Б.Болормаа Шинэ зуун худалдааны төвийн камерыг шүүгээд байж байхаар нь хажуугаар нь явахдаа юу болсон талаар асуухад лангуунаас мөнгө алдчихлаа гэж хэлж байсан ...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Үүрцайхын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Хандивын бараа, эд материалыг иргэдэд тараах үед Б.Болормаа хандив өгөхөөр цуглуулж байсан мөнгөө лангуунаасаа алдсан талаар хэлж байсан ...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Д.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “ ... 2021 оны 02 дугаар сарын 03-ны орой 18 цагийн орчимд гэрээсээ гараад аймгийн холбооны газар интернетэд сууж байгаад “Шинэ зуун” худалдааны төв орж, нүдний шил үзэх гэж хайж яваад нэг давхарт байхгүй болохоор нь 2 давхарт гарч, нүдний шил зардаг лангуу руу орж, нүдний шил харж байгаад гараад явсан ... 2 давхар руу гарч, нүдний шил зардаг лангуу руу орж, нүдний шил үзсэн ба намайг тухайн лангуу руу ороход лангуу хүнгүй байхаар нь ганцаараа дотор нь худалдагчийг нь хүлээгээд 1 минут гаран зогсож байгаад ирэхгүй болохоор нь гараад явсан ... Би богино улаан куртик, дотуураа хар саарал өнгийн цамц, хажуудаа халаастай саарал өнгийн жинсэн өмд, саарал өнгийн пүүзтэй явсан ...” гэсэн мэдүүлэг, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл, баримт бичгийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогч Б.Болормаагийн Хаан банк дахь 5376090218 тоот дансны хуулга, хохирогч Б.Болормаагийн хандивын мөнгө хураасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Д.Х нь мөрдөн шалгах ажиллагаанд “...би мөнгө аваагүй...” гэж маргасан боловч хэрэгт авагдсан нотлох баримт болох хүмүүсийн хандивт өгсөн мөнгө болон барааг хохирогч Б.Болормаа утсан дээрээ зургийг авсныг Д.Хгийн ээж И.Бүжинлхамаар дамжуулж өгсөн 20.000 төгрөгний 9 ширхэг дэвсгэрттэй харьцуулж үзэхэд лангуу түрээслэгч Амарбаясгалангийн хандив болгон өгсөн АК 0892134 гэсэн сериал дугаартай мөнгөн дэвсгэрттэй тохирсон ба шүүх хуралдаанд шүүгдэгч “... хулгайлсан мөнгөнөөс үлдсэн 180.000 төгрөгийг би ээжээрээ буцаан өгсөн, Ууганбаяр ахаас авсан гэж худлаа хэлсэн юм ...” гэсэн мэдүүлгээр няцаагдсан болно. Хохирогч Б.Болормаа нь мөрдөн шалгах ажиллагаанд 225.000 төгрөг, 510.000 төгрөг, 550.000 төгрөг хулгайд алдсан гэж өөр өөрөөр мэдүүлсэн ба хэрэгт авагдсан дансны хуулга, хандив өгсөн хүмүүсийн бүртгэл, гэрчүүдийн мэдүүлэг зэрэгтэй харьцуулахад хавтаст хэргийн 46 дугаарт авагдсан хохирогчийн дансны хуулгаар 2021 оны 02 дугаар сарын 04-ны өдөр шилжүүлсэн 60 000 төгрөгийг хохиролд оруулан тооцсон нь гэмт хэрэг үйлдэгдсэний дараа шилжүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар бага хэмжээний бус нийт 490.000 төгрөгийн хохирол учруулсан байна. Шүүгдэгч Д.Х нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан, хохирогч Б.Болормаад 490.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч маргаагүй, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас төлөх төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн зэрэг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй болон прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч Д.Х нь Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 248 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, 88 цагийн албадан ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, 160 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас 24 цагийн ялыг биелүүлж 136 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын үлдэгдэлтэй болох нь Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 01/335 дугаартай албан бичгээр тогтоогдож байх ба шүүгдэгч Д.Х нь энэ талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Д.Хд Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 136 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялд нэмж нэгтгэн, нийт 536 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч Хондого овогт Даваагийн Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хд 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Хд Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 136 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 536 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хд оногдуулсан 536 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай. 5.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х нь 536 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хд оногдуулсан 536 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эдлүүлсүгэй. 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй. 8.Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА