Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/52

 
2021 04 26 2021/ШЦТ/52 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж, Нарийн бичгийн дарга Э.Энхмаа, Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч, Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн, Шүүгдэгч А.М нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Алтангэрэлийн Мт холбогдох эрүүгийн 2019001200125 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1979 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймаг Баянмөнх суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорноговь аймгийн Хатанбулаг сум 3 дугаар баг, Цээл гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 467 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 7 сарын хорих ялаар, Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 2003 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 7 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус тус оногдуулж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил хорих ялаар, Сум дундын 28 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр, 6 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, Боржигон овогт Алтангэрэлийн М /регистрийн дугаар: СГ79062719/. Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч А.М нь 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Айраг сумын 2 дугаар баг, Будар гэх газарт иргэн Н.Нармандахын итгэмжлэн хариуцуулж өгсөн улсын дугааргүй, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Даюун маркийн мотоциклийг завшиж, 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч А.М шүүхийн хэлэлцүүлэгт: “... Би Н.Нармандахын хөдөө гэрт 2 сарын хугацаанд мал малласан боловч цалингаа өгөхгүй байсан учир мотоциклийг унаад явсан ...” гэв. Хохирогч Н.Нармандахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... М нь манай хөдөө гэрт буюу Айраг сумын 3 дугаар багийн нутаг Будар гэх газарт манай хонийг маллаж байгаад, 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цагийн үед сувай үнээ, хонио эргэе гэж хэлээд миний эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, цэнхэр өнгийн Даюун маркийн, улсын дугааргүй мотоциклийг унаад, зүүн хойшоо явсан. Малдаа мотоцикль унаж яваад ирээгүй, миний мотоциклийг аваад алга болсон. Би Мыг сарын 200.000 төгрөгөөр цалинжуулсан ... Би уг мотоциклийг Номин гэх залуугаас 2020 оны 03 дугаар сард 500.000 төгрөгөөр худалдаж авсан ... Би 115.000 төгрөгөөр А.Мт шинэ хувцас, утасны дугаар авч өгсөн. Мөн 250.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Энэ мөнгийг нэхэмжилж авахгүй. А.М 1 сар, 15 хоногийн хугацаанд ажилласан цалинд тооцсон. Би өөрийн мотоциклийг авмаар байна ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8, 24-26, 61-62 дугаар хуудас/, Гэрч Ж.Батчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Нармандахынх манай урд ирж өвөлжсөн, манай саахалт айл юм. 2020 оны 03 дугаар сард Нармандах ахад цэнхэр өнгийн Даюун маркийн, улсын дугааргүй мотоциклийг 500.000 төгрөгөөр худалдсан. Гаалийн бичиг нь байгаа. 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цагийн үед Нармандах ахын малчин гэх залуу манайд ирээд “Бензин байна уу, 5 литрийг мөнгөөр нь зарчих” гэж асуухад нь “бензин байхгүй” гэж хэлсэн. Тэгээд Нармандах ахын малчин гэх залуу манай гэрээс гараад явсан, хаашаа явсныг нь мэдээгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/, Гэрч М.Бат-Оргилын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би Нармандах гэдэг хүний малыг малладаг. 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Нармандах ах Мыг дагуулж ирсэн. Тухайн үед манайх Айраг сумын 3 дугаар багийн нутаг Будар гэх газарт хаваржиж байсан. М 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд манайд амьдарч, Нармандах гуайн малыг маллаж байсан. 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр намайг адуунд яваад ирэхэд хонь эргүүлж ирье гээд Нармандах гуайн авч өгсөн цэнхэр өнгийн Даюун маркийн, улсын дугааргүй мотоциклийг унаад гэрээс гараад сураггүй алга болсон ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/, Гэрч Д.Мөнхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би гэр бүлийн хүн М.Бат-Оргилын хамт Нармандах гуйан малыг малладаг. 2020 оны 02 дугаар сарын 20-ны үед манайд ирсэн ... Нармандах ахыг аймаг руу явсан эзгүй байх үед “хонь эргүүлээд ирье” гэж хэлээд мотоцикль унаж яваад эргэж ирээгүй. Тухайн үед манай нөхөр адуунд яваад эзгүй байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/, Иргэний нэхэмжлэгч Г.Баянмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “... 2020 оны 05 дугаар сард Мөнөө /М/ гэх залуугаас цэнхэр өнгийн Даюун маркийн мотоциклийг бэлэн 150.000 төгрөгөөр худалдаж авсан. Гаалийн бичиг баримтгүй болохоор өөрийн нэр дээр шилжүүлж чадаагүй. Надад Зүлэгтээс ирлээ, энэ мотоциклийг гялс зараад Бэрх явах ажил байна гэж хэлж байсан ... Надад бусдын зөвшөөрөлгүй авсан мотоцикль гэж хэлсэн бол би авахгүй байсан. Иймд А.Маас 150.0000 төгрөгөө нэхэмжилж авмаар байна...Мын аав Алтангэрэл нь хохирлыг барагдуулж 150 000 төгрөгийг өглөө. Хохирол барагдуулсан тул гомдолгүй болно” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36, 98, 46-47 дугаар хуудас / Шүүгдэгч А.Мын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “ ... 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Сайншанд сумын Намын хорооны ломбардад ажилладаг Нармандах гэдэг хүнтэй тааралдаад малчин авна гэхээр нь хөдөө очиж сар гаруй мал маллаж байгаад 2020 оны 04 дүгээр сарын 13-ны орчим Нармандахын эзэмшлийн цэнхэр өнгийн Даюун маркийн, улсын дугааргүй мотоциклийг унаад Хэнтий аймгийн Баянмөнх сум руу очиж, Баякаа гэх залууд 150.000 төгрөгөөр зарж, мөнгөний барьцаанд үлдээгээд явсан. Тэгээд би Улаанбаатар хотод очиж, Сансар хорооллын барилга дээр сар гаруй ажилласан. Нармандахын мотоциклийг цааш нь зараад идэх гэсэн юм байхгүй. Нармандах малчнаар ажиллуулсан цалингаа өгвөл би буцаагаад мотоциклийг нь өгөх бодолтой байсан ... Нармандах надад сарын цалин 300.000 төгрөг, ямаа самнасан хөлс 150.000-200.000 төгрөг өгөх ёстой байсан ... 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр надад унуулдаг байсан цэнхэр өнгийн, улсын дугааргүй, даюун маркийн мотоциклийг нь мал харчихаад ирье гэж худлаа хэлээд унаад явсан...4 сарын 15-ны орой Хэнтий аймгийн Баянмөнх суманд очоод 2-3 хоноод гэнэт хот руу явахаар болж мотоциклоо 150 000 төгрөгийн барьцаанд үлдээчихээд явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35, 50, 57-58 дугаар хуудас/, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 463 дугаартай “... Мотоцикль /Даюун маркийн 150 мотортой/, 1 ширхэг, 500.000 төгрөг ... ” гэсэн хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 10 дугаар хуудас/, Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 43-44 дүгээр хуудас/, Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 99-100 дугаар хуудас/, Иргэний нэхэмжлэгч Г.Баянмөнхийн хохирол, төлбөр хүлээн авсан тухай хүсэлт /хх-ийн 98 дугаар хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 21 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч А.М нь 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс хохирогч Н.Нармандахын малыг хариулахаар тохиролцож, тэднийд байхдаа 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Айраг сумын 2 дугаар баг, Будар гэх газарт иргэн Н.Нармандахын итгэмжлэн хариуцуулж өгсөн улсын дугааргүй, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Даюун маркийн мотоциклийг завшиж, 500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Н.Нармандахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... М нь манай хөдөө гэрт буюу Айраг сумын 3 дугаар багийн нутаг Будар гэх газарт манай хонийг маллаж байгаад, 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цагийн үед сувай үнээ, хонио эргэе гэж хэлээд миний эзэмшлийн БНХАУ-д үйлдэрлэгдсэн, цэнхэр өнгийн Даюун маркийн, улсын дугааргүй мотоциклийг унаад, зүүн хойшоо явсан. Малдаа мотоцикль унаж яваад ирээгүй, миний мотоциклийг аваад алга болсон ... ” гэсэн мэдүүлэг, гэрч Ж.Батчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 03 дугаар сард Нармандах ахад цэнхэр өнгийн Даюун маркийн, улсын дугааргүй мотоциклийг 500.000 төгрөгөөр худалдсан. 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цагийн үед Нармандах ахын малчин гэх залуу манайд ирээд “Бензин байна уу, 5 литрийг мөнгөөр нь зарчих” гэж асуухад нь “бензин байхгүй” гэж хэлсэн. Тэгээд Нармандах ахын малчин гэх залуу манай гэрээс гараад явсан, хаашаа явсныг нь мэдээгүй ...” гэсэн мэдүүлэг, гэрч М.Бат-Оргилын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр намайг адуунд яваад ирэхэд хонь эргүүлж ирье гээд Нармандах гуайн авч өгсөн цэнхэр өнгийн Даюун маркийн, улсын дугааргүй мотоциклийг унаад гэрээс гараад сураггүй алга болсон ...” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Мөнхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нармандах ахыг аймаг руу явсан эзгүй байх үед “хонь эргүүлээд ирье” гэж хэлээд мотоцикль унаж яваад эргэж ирээгүй. Тухайн үед манай нөхөр адуунд яваад эзгүй байсан ...” гэсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Г.Баянмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 05 дугаар сард Мөнөө /М/ гэх залуугаас цэнхэр өнгийн Даюун маркийн мотоциклийг бэлэн 150.000 төгрөгөөр худалдаж авсан ...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч А.Мын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “ ... 2020 оны 04 дүгээр сарын 13-ны орчим Нармандахын эзэмшлийн цэнхэр өнгийн Даюун маркийн, улсын дугааргүй мотоциклийг унаад Хэнтий аймгийн Баянмөнх сум руу очиж, Баякаа гэх залууд 150.000 төгрөгөөр зарж, мөнгөний барьцаанд үлдээгээд явсан ... ” гэсэн мэдүүлэг, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 463 дугаартай хөрөнгийн үнэлгээ, эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч А.М нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч маргаагүй, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас төлөх төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн зэрэг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байх тул шүүгдэгч А.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй болон прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч А.Мын цагдан хоригдсон 12 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, 96 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэх ялаас хасаж тооцон, нийт эдлэх ялыг 164 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоох нь зүйтэй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч Боржигон овогт Алтангэрэлийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мт 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч А.Мын цагдан хоригдсон 12 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, 96 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэх ялаас хасч тооцон, нийт эдлэх ялыг 164 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай. 5.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М нь 164 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мт оногдуулсан 164 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эдлүүлсүгэй. 7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ба битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Мт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА