Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/60

 
2021 05 11 2021/ШЦТ/60 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж, Нарийн бичгийн дарга Э.Энхмаа, Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч, Шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Нармандахын Эт холбогдох эрүүгийн 2119000000078 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1987 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хот, Баянгол дүүрэгт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хамтран амьдрагч, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг, Өндөр довын 1-81 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Нармандахын Э /регистрийн дугаар: ТК87060778/. Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Н.Э нь 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг, Зүүн Буянт-Ухаагийн 4-1 тоотод оршин суух Б.Энхжаргалын гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Энхтуяагийн нүүрэн тус газарт гараараа хэд хэдэн удаа цохиж зодон, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Н.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “... Мэдүүлэг өгөхгүй ...” гэв. Хохирогч Б.Энхтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 04 дүгээр сарын 13-ны орой Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг, Баруун Буянт-Ухаа гудамжинд байдаг төрсөн дүү Энхжаргалын гэрт байж байхад хамтран амьдрагч Э гаднаас архи үнэртүүлсэн согтуу орж ирээд намайг “яагаад гэртээ харихгүй, гадуур байгаад байгаа юм” гээд бусадтай хардаж, намайг орон дээр сууж байхад миний нүүрний баруун тал руу баруун гараараа нэлээд хэдэн удаа цохисон. Мөн баруун хөлөөрөө зүүн талын өвдөг рүү 2-3 удаа өшиглөсөн. Үүний дараа би өөрийн дүү Энхжаргалд болсон асуудлын талаар хэлсэн чинь Баян-Өлгийд байдаг дүү Энхцэцэгт хэлсэн юм байна лээ. Тэгээд Энхцэцэг 108 дугаарт дуудлага өгсөн. Н.Э архи уухаараа хардаж, хэрүүл маргаан үүсгэдэг ба бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй. Хамтран амьдраад 3 жил болж байна. Бид хоёрын дундаас бага хүүхэд Энхбилэг төрсөн, одоо 2 настай. Хадмын гэрт байдаг болохоор байнгын хэрүүл маргаан, намайг элдэв үгээр хэлэхээр хэцүү санагдаад 2 хүүхдээ аваад өөрийн дүү Энхжаргалын гэрт очиж 2 хоносон, намайг зодсон болохоор хэцүү байна, гомдолтой байна ... ” гэсэн мэдүүлэг, 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн “...манай нөхөр ээлжийн ажил хийдэг, ажилдаа явсан тул би 2 хүүхдээ аваад өөрийн дүү Энхжаргалынд ирээд 2 хоносон. Энэ хооронд миний утас цэнэггүй болоод нөхөртэйгээ утсаар ярьж чадаагүй юм.Тэгтэл 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр нөхөр Э нь халамцуу, дүү Энхжаргалын гэрт ирээд намайг хаагуур хэсээд гэртээ харихгүй байгаа юм гээд хардаад намайг 2-3 алгадаад авсан, өөр айхтар зодоогүй...манай дүү Энхжаргал Баян-Өлгий аймагт байдаг дүүд утсаар хэлээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм билээ, түүнээс би гомдол саналтай гэж цагдаад дуудлага өгөөгүй. Тэгээд ч бид хоёр хүүхдүүдээ аваад гэртээ харьсан, манай нөхөр урд өмнө цохиж зодож байгаагүй, бид хэрэлдэж муудаад байдаггүй, утас холбогдохгүй, дүүгийн гэрт 2 хоночихоор уур нь хүрсэн байх, надад уурлаад 2-3 алгадсан өөр зүйл болоогүй, надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9, 29-30 дүгээр хуудас/, Гэрч Б.Энхжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Манай эгч Энхтуяа 2 хүүхэдтэйгээ хамт манайд ирээд 2 хоносон. Утас нь цэнэггүй болоод нөхөртэйгээ ярьж чадаагүй. 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 14 цагийн орчимд нөхөр Э нь манайд жаахан халамцуу ирсэн. Тэгээд эхнэрээ гэртээ харьсангүй гээд 2-3 удаа алгадахаар нь би Баян-Өлгий аймагт байдаг дүү Энхцэцэг рүү ярьсан ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/, Шүүгдэгч Н.Э мөрдөн шалгах ажиллагаанд холбогдогчоор болон яллагдагчаар өгсөн: “ ... 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр эхнэр Б.Энхтуяаг хайгаад явсан ба айлаас асуугаад хүний утсаар дүү Энхжаргал руу залгахад Энхтуяаг манайд байна гэхээр нь очиход Энхтуяа 2 хүүхэдтэйгээ орон дээр хэвтэж байсан. Тэгэхээр нь би “чи яагаад орон гэртээ байхгүй, утсаа авахгүй байгаа юм” гэсэн. Тэгээд бид хоёр маргалдаж, хэрэлдсэн ба би Энхтуяагийн нүүрэнд гараараа 2-3 удаа алгадаад авсан. Хоёр хүүхдээ эхнэртэйгээ аваад гэртээ харьсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 02/0131 дугаартай “... Б.Энхтуяагийн биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, хамрын нуруу хамарсан цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 16 дугаар хуудас/, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэлд аюулын зэргийн үнэлгээ дунд гэсэн үнэлгээтэй ба хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээгээр “эцэг, эх архины хэт хамааралтай учраас хүүхэд ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй, хүүхдийг үл хайхрах эрсдэлтэй” гэж хамтарсан баг дүгнэсэн /хх-ийн 02-06 дугаар хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Н.Э нь 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг, Зүүн Буянт-Ухаагийн 4-1 тоотод оршин суух Б.Энхжаргалын гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Энхтуяагийн нүүрэн тус газарт гараараа хэд хэдэн удаа цохиж зодон, түүний эрүүл мэндэд тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл явдал болсон нь хохирогч Б.Энхтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... хамтран амьдагч Э гаднаас архи үнэртүүлсэн согтуу орж ирээд намайг “яагаад гэртээ харихгүй, гадуур байгаад байгаа юм” гээд бусадтай хардаж, намайг орон дээр сууж байхад миний нүүрний баруун тал руу баруун гараараа нэлээд хэдэн удаа цохисон. Мөн баруун хөлөөрөө зүүн талын өвдөг рүү 2-3 удаа өшиглөсөн ...намайг зодсон болохоор хэцүү байна, гомдолтой байна ... ” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Энхжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Манай эгч Энхтуяа 2 хүүхэдтэйгээ хамт манайд ирээд 2 хоносон. Утас нь цэнэггүй болоод нөхөртэйгээ ярьж чадаагүй. 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 14 цагийн орчимд нөхөр Э нь манайд жаахан халамцуу ирсэн. Тэгээд эхнэрээ гэртээ харьсангүй гээд 2-3 удаа алгадахаар нь би Баян-Өлгий аймагт байдаг дүү Энхцэцэг рүү ярьсан ... ” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Н.Э мөрдөн шалгах ажиллагаанд холбогдогчоор болон яллагдагчаар өгсөн: “ ... бид хоёр маргалдаж, хэрэлдсэн ба би Энхтуяагийн нүүрэнд гараараа 2-3 удаа алгадаад авсан. Хоёр хүүхдээ эхнэртэйгээ аваад гэртээ харьсан ...” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна гэж үзлээ. Хавтаст хэрэгт авагдсан аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэлд аюулын зэргийн үнэлгээ дунд гэсэн үнэлгээтэй ба хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээгээр “эцэг, эх архины хэт хамааралтай учраас хүүхэд ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй, хүүхдийг үл хайхрах эрсдэлтэй гэж хамтарсан баг дүгнэсэн нь Б.Энхтуяаг архины хамааралтай гэж үзэх хэдий ч гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн хувьд энэ байдлаар буруутгах нөхцөлгүй юм. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан эдгээр нотлох баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмаар олж авсан нотлох баримт байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно. Эдгээр нотлох баримтаар шүүгдэгч Н.Э нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч хохирогч Б.Энхтуяагийн нүүрэн тус газарт гараараа хэд хэдэн удаа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан нь Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 02/0131 дугаартай “... Б.Энхтуяагийн биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, хамрын нуруу хамарсан цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” хамаарна гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д “хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг хэлнэ” гэж тус тус заажээ. Хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээс үзэхэд Н.Э, Б.Энхтуяа нар нь хууль ёсоор гэр бүл болоогүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн, дундын 1 хүүхэдтэй хамтран амьдарч байгаа нь тогтоогдож байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэж үзэх үндэслэл болж байна. Хохирогч Б.Энхтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгийг шүүгдэгч болон гэрчийн мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримттай харьцуулан дүгнэхэд 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр “... Э нь халамцуу, дүү Энхжаргалын гэрт ирээд намайг хаагуур хэсээд гэртээ харихгүй байгаа юм гээд хардаад намайг 2-3 алгадаад авсан, өөр айхтар зодоогүй ... манай дүү Энхжаргал Баян-Өлгий аймагт байдаг дүүд утсаар хэлээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм билээ, түүнээс би гомдол саналтай гэж цагдаад дуудлага өгөөгүй. Тэгээд ч бид хоёр хүүхдүүдээ аваад гэртээ харьсан, манай нөхөр урд өмнө цохиж зодож байгаагүй, бид хэрэлдэж муудаад байдаггүй, утас холбогдохгүй, дүүгийн гэрт 2 хоночихоор уур нь хүрсэн байх, надад уурлаад 2-3 алгадсан өөр зүйл болоогүй, надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн нь урьд өгсөн мэдүүлгээсээ буцах, өөрийгөө буруутгах, шүүгдэгч Н.Эийг өмөөрөх, болсон үйл явдлыг үгүйсгэх, хариугүй жаахан зүйл гэж үзэх, урьд өгсөн мэдүүлэгтээ гомдолтой гэж байсан бол одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй, би цагдаагийн байгууллагад дуудлага өгөөгүй гэж хүчирхийлэгчээс айх, хүчирхийллийг бууруулж ярьж байгаа зэрэг нь түүнийг гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг гэж үзэх үндэслэл болж байна. Шүүгдэгч Н.Эийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл бодит байдалтай тохирсон гэж үзлээ. Шүүгдэгч Н.Э нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч маргаагүй, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас төлөх төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн зэрэг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй болон прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч Боржигон овогт Нармандахын Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эт 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай. 4.Шүүгдэгч Н.Э нь 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эт оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эдлүүлсүгэй. 6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ба битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА