Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 12 өдөр
2021 05 12 2021/ШЦТ/61 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж, Нарийн бичгийн дарга Э.Энхмаа, Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Ариунболд, Шүүгдэгч В.П нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Владимирын Пд холбогдох эрүүгийн 2119000000075 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1978 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Энхтайваны гудамж, 12-7-2А тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ялаар, Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 6 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Боржигон овогт Владимирын П /регистрийн дугаар: ЕБ78062215/. Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч В.П нь 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын 1003 тоотод байх өөрийн гэртээ төрсөн дүү В.Мягмардоржтой маргалдаж, түүний зүүн хацарт буюу толгойн тус газарт сүхээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч В.П шүүхийн хэлэлцүүлэгт: “... Мэдүүлэг өгөхгүй ...” гэв. Хохирогч В.Мягмардоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Ар шандад Октябрь, Бат-Эрдэнэ нартай хамт архи ууж байгаад 16 цагийн үед гэртээ харьсан. Намайг гэрт очиход манай төрсөн ах гэрт оччихсон байсан. Би архи нэлээд уусан байсан болохоор зарим зүйлийг санахгүй байна. Манай ах бас архи уусан бололтой ээжтэй маргалдаад байснаа намайг дуудахаар нь би гэрээс гарахад миний нүүр рүү мод хагалдаг төмөр сүхээр цохиод унагасан. Би тухайн үед ухаан алдсан байсан. Нэг мэдэхэд эмнэлэгт очсон байсан ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/, Гэрч Д.Бортолгойн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Намайг гэртээ ганцаараа байж байхад 20 цагийн орчимд манай том хүү П архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирсэн. Тэгээд П баруун талын орон дээр хэвтэж байтал 21 цагийн үед бага хүү Мягмардорж бас согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай ирсэн. Тэгээд гэрт зурагт үзээд хэвтэж байхаар нь гарч нүүрс оруулах гээд гарчихаад буцаад гэрт ороход П, Мягмардорж 2 хоорондоо маргалдаж байсан. Тэгэхээр нь би больцгоо гэж загнасан чинь хоорондоо хэрэлдээд байсан. Тэгээд Пыг чи чинь яачихсан юм, дуугүй байхгүй юм гээд түлхсэн чинь согтуу байсан болохоор унаад өгсөн. Босч ирээд гэрээс гараад гадаа үглээд зогсож байгаад дүүгээ гараад ир гэж дуудсан. Тэгээд Мягмардорж гараад явсан. Жааахан байж байгаад би араас нь гарахад Мягмардорж газар хэвтчихсэн, шанаанаас нь цус гарч байхаар нь эмнэлэгт хандсан ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/, Шүүгдэгч В.Пын мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “ ... Тэгээд хоол унд идэж уучихаад унтах гээд байж байтал манай төрсөн дүү Мягмардорж бас архи уучихсан согтуу орж ирсэн. Тэгээд намайг шууд манай гэрээс зайл гээд хөөгөөд эхэлсэн. Тэгтэл ээж та хоёр боль, унтаж амарцгаа гэхэд Мягмардорж миний нүүр рүү 1 удаа цохиж, толгойн зүүн тал руу 1 удаа дэвссэн. Тэгээд би барилцаад автал ээж больцгоо гэхээр нь би гэрээс түрүүлээд гарсан. Гадаа уурлаж, бухимдаж байтал гэрийн урд байсан төмөр сүхийг аваад Мягмардоржийг дуудсан. Тэгээд Мягмардоржийг гараад ирэхээр нь шууд сүхний ирний арын хэсгээр нүүрэн тус газарт нь 1 удаа цохисон ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16, 43 дугаар хуудас/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 02/0125 дугаартай “... В.Мягмардоржийн биед зүүн хацрын шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо болон ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтлийн үүссэн цаг, хугацааг эмнэлгийн бичиг, баримтыг үндэслэн тогтоох боломжгүй. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 29 дүгээр хуудас/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-07 дугаар хуудас/, Хохирогч В.Мягмардоржийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 30-31 дүгээр хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч В.П нь 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын 1003 тоотод байх өөрийн гэртээ төрсөн дүү В.Мягмардоржтой маргалдаж, түүний зүүн хацарт буюу толгойн тус газарт сүхээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч В.Мягмардоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... намайг дуудахаар нь би гэрээс гарахад миний нүүр рүү мод хагалдаг төмөр сүхээр цохиод унагасан ... ” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Бортолгойн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Пыг чи чинь яачихсан юм, дуугүй байхгүй юм гээд түлхсэн чинь согтуу байсан болохоор унаад өгсөн. Босч ирээд гэрээс гараад гадаа үглээд зогсож байгаад дүүгээ гараад ир гэж дуудсан. Тэгээд Мягмардорж гараад явсан. Жааахан байж байгаад би араас нь гарахад Мягмардорж газар хэвтчихсэн, шанаанаас нь цус гарч байхаар нь эмнэлэгт хандсан ... ” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч В.Пын мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “ ... Гадаа уурлаж, бухимдаж байтал гэрийн урд байсан төмөр сүхийг аваад Мягмардоржийг дуудсан. Тэгээд Мягмардоржийг гараад ирэхээр нь шууд сүхний ирний арын хэсгээр нүүрэн тус газарт нь 1 удаа цохисон ...” гэсэн мэдүүлгээр тогтоогдсон ба хохирогч В.Мягмардоржийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 02/0125 дугаартай дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч В.Мягмардоржийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч В.Пын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл бодит байдалтай тохирсон гэж үзлээ. Шүүгдэгч В.П нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч маргаагүй, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас төлөх төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн зэрэг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байх тул шүүгдэгч В.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй болон прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжэний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгчид торгох ял оногдуулахдаа түүний орлого, ам бүлийн байдал, эд хөрөнгө, орлого олох боломж, шүүгдэгчийн хүсэлт зэргийг харгалзан түүний эдийн засагт дарамт учруулахгүйгээр оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзсэн болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 53 см урт төмөр бариултай, 13,5 см урт ажлын хэсэгтэй, 19 см өргөнтэй төмөр сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч В.Мягмардоржид буцаан олгохоор шийдвэрлэв. Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч Боржигон овогт Владимирын Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Пд 450 нэгжтэй тэнцэх хэмжэний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.П нь торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.П нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 53 см урт төмөр бариултай, 13,5 см урт ажлын хэсэгтэй, 19 см өргөнтэй төмөр сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч В.Мягмардоржид буцаан олгосугай. 6.Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА