| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2021/0061/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/63 |
| Огноо | 2021-03-15 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/63
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч П.Ш,
Шүүгдэгч Х.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Ш гийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х.М ад холбогдох эрүүгийн 2115000310067 дугаартай, 163/2021/0061/Э индекстэй хэргийг 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Х овогт Хгийн М /РД: Г ******** /, 1974 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Хсуманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн Хсумын ***** багийн “****” гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Мыг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Мын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг болон эрүүгийн 2115000310067 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.М нь 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр **-** БУЛ улсын дугаартай “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгсэл ашиглан Булган аймгийн Хсумын 3 дугаар багийн “Задгай” гэх газраас зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн 16 ширхэг босоо түлшний хуурай модыг хөрөөдөн бэлтгэж тээвэрлэсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь хэргийн газарт үзлэг хийсэн: “Уг хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймгийн Хсумын Уньт багийн нутаг “Задгай” гэх газар байв. Уг газар нь ой модоор хүрээлэгдсэн уулын энгэр ам байв. ...Оролцогч Х.Маар ургаа буюу босоо мод унагаасан гэх модны хожуулуудыг заалгахад ургаа хоёр ширхэг мод унагаасан гэж зааж байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-4 тал/,
“уг тээврийн хэрэгсэл нь **-** БУЛ улсын дугаартай, цэнхэр өнгийн “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгсэл байв. Уг тээврийн хэрэгслийн гаднах өнгө үзэмж нь эдэлж хэрэглэсний улмаас хуучирч муудсан байв. 2003 онд үйлдвэрлэгдсэн, Монгол улсад 11 онд орж ирсэн, ачааны зориулалттай, Б.Т гэх хүний өмчлөл, эзэмшлийн тээврийн хэрэгсэл байв...” гэх үзлэгийн болон эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэлүүд /хх-11-13, **-** тал/,
“...Уг хөрөө нь улаан өнгийн төмөр тагтай, цагаан өнгийн банктай, хар өнгийн бариултай цахилгаан хөрөө байв. Ажлын хэсгийн урт нь 70 см, уг хөрөөний их биеийн урт нь 40 см, БНХАУ-д үйлдвэрлэсэн байв” гэх үзлэгийн болон эд мөрийн баримтаар хураасан тогтоол, тэмдэглэлүүд /хх-22-25/,
Иргэний нэхэмжлэгч Ж.Амартүвшингийн өгсөн: “Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, байгаль экологид учруулсан хохирлоо нөхөн төлбөл надад өөр ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй байна” гэх мэдүүлэг /хх-32 тал/,
Гэрч Б.Тгийн өгсөн: “Уг тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг. Х.М гэх хүнд 2020 оны 6 дугаар сард худалдсан юм. Хорио цээр тогтоосон байсан учир хөдөөнөөс Х.М Булган аймагт ирж чадалгүй байсаар нэрээ шилжүүлж чадаагүй юм. Би Х.М гэх хүнээс ямар нэг өр авлага байхгүй.
Тухайн үед мөнгөө бүрэн төлөөд надаас худалдаж авсан” гэх мэдүүлэг /хх-36-37/,
Гэрч Ч.Пгийн өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Булган аймгийн засаг даргын орлогч Жаргалсайхан нь надруу утсаар залгаад “модны гишүү хэрэгтэй байна” гэж ярьсан юм. Тэр дагуу би модны гишүү бэлдэж байтал, манай нутгийн залуу И над дээр ирээд “Жаргалсайхан дарга сая утсаар ярилаа модны гишүү болохгүй гэж байна, хуурай түлээ авъя гэж байна” гэж хэлсэн. Тэгээд И “10 портер хуурай түлээ авна гэж байна” гэж хэлээд “манай гэрийн гадаа 2 портер түлээ байгаа, энийг оруулъя, тэгээд намар бэлтгэсэн модтой хүмүүс байгаа байх” гэж хэлсэн юм. Тэр дагуу ойн ангийн дарга Г “****” багт үйл ажиллагаа явуулдаг ДДБТ мод бэлтгэлийн аж ахуй нэгжийн захирал Н гэх хүмүүстэй хоорондоо ярьж байгаад тус байгууллагын нэр дээр авсан мод бэлтгэх эрхийн бичигт мод тээвэрлэх гарал үүслийн бичиг хийж өгсөн юм. Мод тээвэрлэх гарал үүслийн бичгийн эх хувийг Сум дундын ойн ангийн дарга Г бэлтгэж гарын үсэг зураад би хянаж баталгаажуулсан юм” гэх мэдүүлэг /хх-38-40 тал/,
Булган аймгийн Хсум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн экологи эдийн засгийн хохирлыг тооцсон “Шинжлэгдэж байгаа мод нь шинэс төрлийн хуурай мод байв. Уг мод нь түлшний 16 ширхэг буюу 0.7736 шоо метр хэмжээтэй. 1 шоо метр модны үнэлгээ 168655 төгрөг. 0.7736 шоо метр модны экологи эдийн засгийн үнэлгээ 130471.5 төгрөг” гэх 2021 оны 02 дугаар сарын 19ний өдрийн 01 дугаартай дүгнэлт /хх-68 тал/,
Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн байгаль экологид учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцсон “...Экологи эдийн засгийн үнэлгээ нь 130471.5 төгрөгөөр тогтоогдсон бөгөөд уг үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т тус тус зааснаар 3 дахин өсгөж тооцоход 391414.5 төгрөг болж байна” гэх 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дүгнэлт /хх-71 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Х.Мын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...Тэгээд Уньт багийн төвд байгаль орчны байцаагч Птэй уулзахад П нь “Булган аймаг руу мод бэлтгэлийн хөрөө рамын мод оруулж байгаа” гэж ярьсан юм. Тэгэхээр нь би “Булган аймаг орох ажилтай явна, би нэг мод бэлтгэх эрхийн бичиг болон гарал үүслийн бичиг авъя” гэж хэлсэн. П “одоо өгөхгүй, чи модоо аваад Уньт багийн төв рүү оруулаад ир” гэж хэлсэн. Тэр дагуу нь би гэрийнхээ гадаа намар түлшинд хэрэглэх гэж бэлтгэсэн байсан модоо ачаад Уньт багийн иргэн болох И, Бнарын хамт Хсумын Уньт багийн төвд үйл ажиллагаа явуулдаг “ДДБТ” ХХК-ийн мод бэлтгэлийн хөрөө раман дээр очсон юм. Очиход ойн байцаагч П байсан. Тэгээд энэ “мод бэлтгэх эрхийн бичиг болон мод тээвэрлэх гарал үүслийн бичиг” гэж хэлээд надад өгсөн. “Уг модоо Булган аймаг руу оруул, Булган аймаг дээр хүн тосож авна” гэж хэлсэн.
Тэгээд Булган аймагт орж ирээд явж байтал цагдаа нар шалгаад саатуулсан. ...Би 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Хсумын Уньт багийн “Задгай” гэх газраас мод бэлтгэсэн, ...гэртээ очоод мод бэлтгэх эрхийн бичгээ үзэхэд 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байна лээ, би мод бэлтгэх эрхийн бичиг авсан өдрөө уулнаас мод бэлтгэсэн юм” гэх мэдүүлэг /хх-108-109 тал/ зэрэг шууд болон шууд бус нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч, гэрч нарын өгсөн мэдүүлэг,сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газарт болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө зэрэг нь шүүгдэгч Х.Мын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.
Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бусаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч Х.М нь эрх бүхий байгууллагаас ойн цэвэрлэгээ хийх зориулалтаар зөвшөөрөл авч, хугацаандаа модоо бэлтгэсэн боловч ургаа мод тайрч бэлтгэсэн байна.
“Ойн цэвэрлэгээ” гэж ойн түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн, хүчтэй салхи, их цасанд өртөн амьдрах чадваргүй болж үхжиж унасан хуурай мод, гишүү, мөчир, мод бэлтгэлийн талбайн үлдэгдлийг цэвэрлэх замаар ойг хамгаалах, ойн төлөв байдлыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг ойлгоно.
Шүүгдэгч Х.М нь улсын ойн сан бүхий газарт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй боловч өөр төрлийн ургаа мод бэлтгэсэн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн тул хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Х.М нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Х.Мыг 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр **-** БУЛ улсын дугаартай “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгсэл ашиглан Булган аймгийн Хсумын 3 дугаар багийн “Задгай” гэх газраас зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн 16 ширхэг босоо түлшний хуурай модыг унагаж бэлтгэн тээвэрлэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Х.Мын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид
130471 төгрөгийн шууд хохирол /хх-68 тал/ учирсан нь Булган аймгийн ХутагӨндөр сумын ойн ангийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т тус тус заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж тооцсон 391414 төгрөгийн /хх-71 тал/ хохирол, нөхөн төлбөрийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд төлсөн нь /хх-100 тал/ нотлогдож байх тул түүнийг төлөх төлбөргүй гэж үзнэ.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Х.Мыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Х.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.Мын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Х.Мад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэргийн **-** дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа хаяг, ам бүлийн тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Х.М нь ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн Хсумын 3 дугаар багийн “Шант” гэх газарт мал маллан амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаль экологид учруулсан хохирлыг төлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 4/24 дугаартай тогтоолоор түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Х.Мын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаварыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Х.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус зохицуулсан байна.
Хэрэгт мөрдөгчийн 2021 оны 01 дугаар сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан **-** БУЛ улсын дугаартай “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгсэл нь бичиг баримтаар Б.Т гэх хүний эзэмшил, өмчлөлд байгаа боловч Х.Мын эзэмшилд шилжсэн болох нь түүний гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-37, 109 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-92 тал/ зэрэг баримтуудаар нотлогдсон байх шүүгдэгч Х.Маас 3.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий **-** БУЛ улсын дугаартай “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгсэл; гэмт хэрэг үйлдэж олсон 0.7736 м3 хэмжээтэй, тайрч бэлтгэсэн 16 ширхэг шинэс төрлийн түлээний хуурай мод зэргийг тус тус албадан гаргуулж, үнийг улсын төсөвт шилжүүлэхийг Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 72000 /далан хоёр мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн улаан өнгийн тагтай, цагаан өнгийн банктай, хар өнгийн бариултай цахилгаан хөрөөг хурааж, улсын орлого болгож, энэ хэрэгт шүүгдэгч Х.М нь цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Х.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: