Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 19

 

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Цэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод суманд оршин суух, иргэн Боржигин овогт Д Н-ийн нэхэмжлэлээр,

       Хариуцагч: Дорноговь аймгийн Засаг дарга болон Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан үүсгэсэн

      Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдааг дахин зохион байгуулах тухай” А/592 дугаар захирамжийн холбогдох хэсэг буюу түүний хавсралтын 4 дүгээр заалт хууль бус байсан болохыг тогтоох,

        Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн #2019-2074 дугаартай дахин дуудлага худалдаа /цахим/-ны ялагчтай байгуулах гэрээг байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тухайн гэрээг байгуулахыг даалгах шаардлага бүхий  нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, түүний өмгөөлөгч Ч.Б, хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, хариуцагч Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал нар оролцов.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/324 дүгээр захирамжийн дагуу 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/348 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2019 оны 04 сарын 26-ны өдөр Газар эзэмших эрхийн #2019-2074 дугаартай дахин цахим дуудлага худалдаа явуулсан бөгөөд миний бие тус цахим дуудлага худалдаанд оролцсон.

         Тус дуудлага худалдаа нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 3-р багт байрлах 900 м.кв хэмжээтэй, худалдаа үйлчилгээний зориулалттайгаар анх 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр #2019-1646 дугаартайгаар явагдаж уг дуудлага худалдаанд 194.700.000 төгрөгөөр ялсан этгээд нь дээрх төлбөрөө төлөөгүйн улмаас анхны дуудлага худалдаа хүчингүй болж дахин явагдсан дуудлага худалдаа байсан юм.

        Тус дахин цахим дуудлага худалдааны бүртгэлийг www.mle.mn цахим хуудсанд тавьсан зарын дагуу 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр холбогдох материалыг бүрдүүлж уг дуудлага худалдаанд оролцох хүсэлт илгээж, тухайн өдөр миний хүсэлтийг зөвшөөрснөөр 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр тус дахин Цахим дуудлага худалдаанд оролцсон ба надаас өөр оролцогч оролцоогүй байсан тул миний бие дангаар дуудлага худалдаанд оролцогч болж дуудлага худалдааны анхны үнийг өсгөн хамгийн өндөр үнийн санал илгээсэн.

        Өөрөөр хэлбэл Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/324 дүгээр захирамжийн дагуу 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/348 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Газар эзэмших эрхийн #2019-2074 дугаартай дахин цахим дуудлага худалдааны "Дуудлага худалдааны явцын тэмдэглэл" мөн Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоолоор батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 10.4-т заасны дагуу Д.Н миний бие ялагч болсон байна.

          Ингээд миний бие дуудлага худалдааны ядагчтай хийх гэрээ байгуулж дуудлага худалдаанд ялсан төлбөрөө төлөхөөр дуудлага худалдааг зохион байгуулсан ажлын хэсгийн дарга мөн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ц.Оюунсайхантай 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 15:30 минутанд 99013898 дугаарын утсаар холбогдоход “дуудлага худалдааг хүчингүй болгосон тул таньтай дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээг байгуулах шаардлагагүй" гэсэн утга бүхий тайлбарыг хэлж гэрээ байгуулаагүй.

         Миний бие Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоолоор батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 4.2.3, 15.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч дээрх журмын "Маргаан шийдвэрлэх" асуудлыг зохицуулсан 15 дугаар зүйлийн 15.2-т "Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дуудлага худалдаатай холбогдсон гомдлоо тухайн шатны Засаг дарга болон чөлөөт бүсийн захирагч, шүүхэд тавьж шийдвэрлүүлэх эрхтэй" гэж заасны дагуу Дорноговь аймгийн Засаг даргад хандан захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх боломжтой байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан болно. Дээрх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийн дагуу миний бие Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин-д хандан гомдлоо гаргасан бөгөөд мөн л Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн албан бичгийн утгатай ижил агуулга бүхий хариуг ирүүлсэн байна.

      Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар болон Засаг дарга Т.Энхтүвшингийн гаргасан шийдвэртэй миний бие санал нийлэхгүй байгаа бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д "Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол" шийдвэрийг мэдэгдсэнээс хойш мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана" гэж заасны дагуу дахин Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.

         Мөн миний бие Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа буюу 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Засаг дарга А/592 дугаар захирамж гарган нэхэмжлэгч миний цахим дуудлага худалдаагаар ялагч болсон газрыг дахин дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн байсан. Дээрх захирамжийн талаар Дорноговь аймгийн Засаг даргаас болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас надад албан ёсоор огт мэдэгдээгүй бөгөөд миний бие шүүхээс нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах тухай 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн захирамжийг хүлээн авахдаа мэдсэн бөгөөд уг шийдвэрийг эс зөвшөөрч байна. Учир нь миний бие дахин явагдсан дуудлага худалдаанд Газрын тухай хууль болон Засгийн газрын холбогдох журмын дагуу ялагч болсон бөгөөд уг худалдан авсан газартай холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар Засаг дарга, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар болон шүүхэд хандаж байхад ийнхүү дуудлага худалдааг дахин явуулахаар шийдвэрлэж байгаа нь ялагч болсон миний эрхийг ноцтой зөрчиж байна. 

         Иймд Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын газар эзэмших эрхийн #2019-2074 дугаартай дахин цахим дуудлага худалдааны ялагчтай Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоолоор батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 10 дугаар зүйлийн 10.4, мөн 11 дүгээр зүйлийн 11.2-т тус тус заасны дагуу дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээг байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, улмаар дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээг байгуулахыг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү.

        Мөн Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Гатар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдааг дахин зохион байгуулах тухай А/592 дугаар захирамжийг /Захирамжийн маргаан бүхий холбогдох заалт нь хавсралтын 4 дэх хэсэг/ хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

        Нэхэмжлэгч талын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

       2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргах үед дахин дуудлага худалдааг зохион байгуулах тухай Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/592 дугаар захирамж гарсан байсан бөгөөд уг захирамж нь  биелэгдээгүй байсан. Иймд тухайн үед нэхэмжлэлийн шаардлагаа захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэдэг байдлаар гаргасан. Мөн тухайн үед дээрх захирамжийн биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт гаргаж байсан. Гэтэл дээрх захирамжийн дагуу дуудлага худалдаа явагдсанаар тухайн захирамж нь хэрэгжсэн.

        Тиймээс шүүх хуралдаанд Засаг даргад холбогдох шаардлагыг шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь хэсэгт заасны дагуу хууль бус байсан болохыг тогтоолгох гэж өөрчилж байна.

         Өөрөөр хэлбэл энэ захиргааны актын биелэлт нэгэнт хэрэгжчихсэн учраас бид тус актыг хүчингүй болгуулах бус харин маргаан бүхий акт хууль бус байсан гэдгийг тогтоож өгөөч гэдэг байдлаар томьёолж байгаа юм. Ямар учраас ийм шаардлага гаргах болсон бэ гэхээр 2 дахь дуудлага худалдаа хуулийн дагуу явагдаж, Д.Н уг дуудлага худалдааны хууль ёсны ялагч болсон гэж үзэж байгаа. Учир нь 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр дуудлага худалдааны зар тавигдсан бөгөөд Засгийн газрын тогтоолоор батлагдсан дуудлага худалдаа явуулах журмын 10.2 дугаар зүйлд дахин дуудлага худалдаа явуулах зарыг 14 хоногийн өмнө нийтэд мэдээлэнэ гэж заасан байдаг. Үүний дагуу 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр явагдах дуудлага худалдааны зарыг 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр цахим хуудсандаа байрлуулсан. Энэ талаар шүүхээс үзлэг хийхэд тодорхой харагдаж байсан. Тэгэхээр нэгэнт 11-ний өдөр зарлагдсан дуудлага худалдааны зарын дагуу Д.Н холбогдох баримтуудаа бүрдүүлээд, энэ дуудлага худалдаанд ганцаараа оролцогч болоод, үнийн дүнг 500,000 төгрөгөөр өсгөж 7,700,000 төгрөгөөр ялагч болсон гэдэг нь хариуцагч нарын хавтаст хэрэгт гаргаж өгсөн хурлын явцын тэмдэглэлээс харагдаж байна. Өөрөөр хэлбэл дахин дуудлага худалдааны зар 04 дүгээр сарын 11-ний өдөр тавигдсан, үүнд Д.Н оролцож дэнчингээ тавьсан, холбогдох баримтууд нь бүрэн байсан тул бүртгэлийг баталгаажуулаад цахим дуудлага худалдаа 04 дүгээр сарын 26-ны өдөр явагдахад ялагч болсон гэдэг дээр хариуцагчийг маргахгүй гэж бид нар ойлгож байгаа.

        Гагцхүү 04 дүгээр сарын 26-ны өдөр явуулсан дуудлага худалдааг хүчингүй гэж үзээд байгаа үндэслэл нь дээр дурдсан журмын 9.3 дахь хэсэгт заасан дуудлага худалдааны явцтай холбоотой маргаан гарвал комисс шийднэ гээд өөрсдөө ийм саналыг Засаг даргад гаргаад Засаг дарга хүлээж аваад дахин дуудлага худалдаа явуулах захирамжийг тус аймгийн Засаг даргын зүгээс 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гаргачихаад байгаа юм. Бид үүнийг юу гэж харж байна гэхээр 04 дүгээр сарын 26-ны өдөр комиссыг хуралдах үед ямар ч маргаан гараагүй байсан. 04 дүгээр сарын 26-ны өдөр хэн, хаанаас ямар маргаан гаргаад байсан гэдгийг хариуцагч тал өнөөдрийн байдлаар хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд нотолж чадаагүй байна гэж үзэж байна. Энэ үед хэн ч гомдол гаргаагүй ямар ч маргаан бий болоогүй байсан. Тэгэхээр маргаантай холбоотой асуудлаар 04 дүгээр сарын 26-ны өдрийн дуудлага худалдааг хүчингүй болгуулах үндэслэл байхгүй байгаа. Харин хариуцагч нарын зүгээс журмын 10.2-т заасан хугацаа зөрчигдсөн гэж тайлбарлаж байна. 

         Гэтэл журмын 10.2-т заасан хугацаа зөрчигдөөгүй. Энэ хугацаа ямар тохиолдолд зөрчигдөх вэ гэхээр 04 дүгээр сарын 26-ны өдөр явагдах байсан дуудлага худалдааг журамд зааснаар 14 хоногоо хангалгүйгээр нийтэд мэдээлсэн тохиолдолд л энэ заалт зөрчигдөнө. Гэтэл 04 дүгээр сарын 11-ний өдөр нийтэд зараа хүргэсэн гэдгээ хариуцагч нар хүлээн зөвшөөрөөд байгаа. Харин 04 дүгээр сарын 23-ны өдөр зард залруулга оруулсан гэдэг. Хариуцагч нарын тайлбараар бол 04 дүгээр сарын 11-ний өдөр зарыг тавьсан нь үнэн, гэхдээ 04 дүгээр сарын 23-ны өдөр зарыг залруулж өөрчлөлт оруулсан учраас үүнээс хойш 14 хоног сунгагдах ёстой гэсэн агуулгаар маргаад байгаа.

         Гэтэл дүрэм журмаа харахаар хэрвээ өөрчлөлт орсон тохиолдолд дахиад 14 хоног сунгагдана гэсэн зохицуулалт байхгүй. Өөрөөр хэлбэр хариуцагч нарын татгалзал хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Яг ямар зүйл, заалт, зохицуулалтаар татгалзлаа тайлбарлаад байгаа нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна гэж үзэж байна. 

       Дуудлага худалдааны үнийг 720,000 төгрөг гэж бичиж, нэг “тэг”-ийг дутуу бичиж техникийн алдаа гаргасан гэдэгтэй бид маргахгүй. Гэтэл бид дэнчингээ нэмж төлөөд дуудлага худалдаанд хууль ёсны дагуу оролцсон. Гэтэл үнэ зассан асуудал нь дахин шинээр зар тавьж байгаа асуудал биш юм. Зар нь 04 дүгээр сарын 11-ны өдөр нийтэд хүрсэн. Тэр зар дээрх газрын зураг дээр байсан баруун дээд өнцөгт байгаа мэдээллийг зориуд тэмдэглэлд тусгуулъя гээд байдаг зорилго нь тэнд газрын дуудлага худалдааны үнэ 7,200,000 гэдэг нь байна. Мөн 04 дүгээр сарын 26-ны өдрийн дуудлага худалдааг явуулах тухай аймгийн Засаг даргын захирамжийн хавсралтанд мөн 7,200,000 төгрөг гэсэн үнэ нь байна. Бүх мэдээлэл ил тод байгаа. Гагцхүү тэр зарын дунд яваад байгаа үнэ гэсэн хэсэг дээр нэг “тэг” алдаж бичин техникийн шинжтэй алдаа гаргасныгаа 04 дүгээр сарын 23-ны өдөр зар тавигдсан мэтээр яриад байна. Гэтэл тухайн дуудлага худалдааны зар нь 04 дүгээр сарын 11-ний өдөр тавигдсан тул журамд заасан хугацааг хангаж байна. Тийм учраас хоёр дахь удаагаа зарлагдсан уг дуудлага худалдааг хууль, журмын дагуу явагдсан тул бид нар ялагч болсон гэж үзэх үндэслэлтэй гэсэн агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа. Харин ялагч болсон байхад аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь ялагчтай байгуулах гэрээг байгуулахгүй байгаа нь мөн хууль бус үйлдэл юм. Тийм учраас энэ хууль бус үйлдлийг тогтоолгож гэрээ байгуулах шийдвэр гаргаж өгөхийг хүсч байна.

         Нэгэнт нэхэмжлэгчээс холбогдох хууль, журмын дагуу явагдсан газрын дуудлага худалдаанд ганцаараа оролцоод, хамгийн дээд үнийг санал болгож ялагч болох бүх нөхцөл, шаардлагыг хангасан байхад 04 дүгээр сарын 23-ны өдөр дахин шинээр зар тавьсан мэтээр энэ дуудлага худалдааг хүчингүй болгуулж байгаа нь хууль бус буюу үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дахин дуудлага худалдааг явуулах тухай захирамж гарах хуульд заасан үндэслэл байхгүй байхад аймгийн Засаг дарга хууль зөрчсөн захирамж гаргаж, нэхэмжлэгч Д.Нийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь хууль бус тул тус Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн захирамжийн холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож,  2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн захирамжийн дагуу 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр явагдсан газрын дахин /цахим/ дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээг байгуулахгүй байгаа аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг даалгах хууль зүйн үндэслэл байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

        Хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Н-ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/324 дүгээр захирамжаар Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт ХААН банкны баруун талд байрлах 0,09 га газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх цахим дуудлага худалдааны зарыг Газрын биржийн сайтад 2019 оны 04 сарын 11-ний өдөр байршуулахдаа Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Ө.Мөнхзул дуудлага худалдааны анхны үнийг буруу бичиж олон нийтэд буруу мэдээлэл хүргэсэн. Дээрх сайтад буруу бичигдсэн дуудлага худалдааны анхны үнийг 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр залруулсан. Энэ талаар дуудлага худалдаанд оролцохоор хүсэлт ирүүлсэн иргэн Д.Нт мэдэгдэж, дэнчингийн мөнгийг нэмж төлсний дараа дуудлага худалдаа явуулах боломжтой талаар утсаар мэдэгдсэн байдаг.

          Оролцогч Д.Н дээрх дуудлага худалдаанд оролцохоор дахин хүсэлтээ ирүүлснээр 2019 оны 04 сарын 26-ны өдөр дуудлага худалдааг явуулж, оролцогч Д.Н хамгийн өндөр санал буюу 7700000 төгрөгийн санал өгсөн байдаг. Дээрх дуудлага худалдаа нь Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын” 10.2-т зааснаар буюу цахим дуудлага худалдааны үнийг буруу бичсэнийг залруулсан мэдээллийг 2019 оны 04 сарын 23-ны өдөр оруулснаас хойш 14-өөс доошгүй хоногийн өмнө нийтэд мэдээлэх журмыг зөрчиж дуудлага худалдаа зохион байгуулагдсан нь дуудлага худалдааг хүчингүйд тооцож дахин дуудлага худалдааг зохион байгуулах нөхцөл бүрдсэн.

         Ингээд Засаг даргын 2019 оны А/592 дугаартай захирамжаар дахин дуудлага худалдааг зохион байгуулсан ба дээрх дуудлага худалдаанд иргэн Д.Н өөрийн хүсэлтээр оролцсоноор 2019 оны 04 сарын 26-ны өдөр явуулсан дуудлага худалдааг хүчингүйд тооцсон шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.Иргэн Д.Н нь 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулсан дуудлага худалдаанд оролцож, оролцогчдоос хамгийн өндөр санал илгээж 674500000 төгрөгөөр ялалт байгуулж гэрээ байгуулах эрхтэй болсон. Иймд нэхэмжлэгч Д.Нээс Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн тайлбарыг гаргасан ба түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

         2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн дуудлага худалдаа хуулийн шаардлага хангаагүй хууль бус дуудлага худалдаа явуулсан байна гэж үзээд дахин дуудлага худалдааг зарлахаар 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр А/592 дугаар захирамж гарган дахин дуудлага худалдааг 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулсан. Энэ дуудлага худалдаа нь дуудлага худалдаа явуулах тухай Засгийн газраас баталсан журам болон хуульд нийцсэн ажиллагааны дагуу явагдаж, түүнд нэхэмжлэгч Д.Н нь  мөн оролцож хуулийн дагуу ялагч нь болсноор энэ захирамж биелээд хэрэгжчихсэн байгаа. Тийм учраас нэхэмжлэгч талын нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд аймгийн Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хууль, Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмыг үндэслэж  гарсан тул хуульд нийцсэн гэж үзэж байна.

          Өөрөөр хэлбэл 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр явагдах дуудлага худалдааны зарыг 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр залруулж оруулснаас хойш “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 10.2-т зааснаар 14 хоногийн дараа дуудлага худалдааг явуулахаар байсныг тухайн дуудлага худалдааг явуулах нөхцөл бүрдээгүй байсан гэж үзэх үндэслэлтэй, гэтэл нэхэмжлэгч тал нь журмын 10.1.2-т заасныг өөрийнхөөрөө тайлбарлаад байх шиг байна. Хуулийн зүйл, заалтыг хэн нэгэн өөрийнхөө ойлгосноор тайлбарлаж болохгүй. Тийм учраас шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаа дэмжиж байна гэв. 

 

          Хариуцагч Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

         Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/324 дүгээр захирамжаар Сайншанд сумын 3-р багийн нутаг дэвсгэрт ХААН банкны баруун талд байрлах 0,09 га газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх цахим дуудлага худалдааны зарыг Газрын биржийн www.mle.mn сайтад 2019 оны 04 сарын 11 -ний өдөр байршуулахдаа дуудлага худалдааны анхны үнийг буруу бичиж олон нийтэд буруу мэдээлэл хүргэсэн байна.

          Цахим дуудлага худалдааны анхны үнийг буруу бичсэнээ 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр тус газрын мэргэжилтэн мэдэж, тухайн өдрөө Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын кадастрын хэлтсийн мэргэжилтэнтэй утсаар холбогдож арга зүйн зөвлөгөө авч дээрх сайтад буруу бичигдсэн дуудлага худалдааны анхны үнийг засуулсан.

         Мөн #2019-2074 бүртгэлийн дугаартай газарт оролцохоор хүсэлт ирүүлсэн иргэн Д.Нийн хүсэлтээс татгалзаж дуудлага худалдааны анхны үнэ буруу бичигдсэн талаар тайлбарлаж дэнчингийн мөнгийг нэмж төлсний дараа дуудлага худалдаанд оролцох боломжтой юм байна гэж утсаар мэдэгдсэн. Оролцогч Д.Н #2019-2074 бүртгэлийн дугаартай дуудлага худалдаанд оролцохоор дахиж хүсэлтээ ирүүлснийг /2019.04.23 16:06 цагт/ баталгаажуулж, 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр дуудлага худалдааг явуулсан байна. Уг дуудлага худалдаанд #2019-2074 бүртгэлийн дугаартай газарт 3852 дугаартай оролцогч Д.Н хамгийн өндөр үнийн санал буюу 7700000 төгрөгийн санал өгсөн байна.

      Уг дуудлага худалдааны зарыг хуулийн хугацаанд хүргээгүйгээс дуудлага худалдаанд оролцож чадаагүй тул дуудлага худалдааг дахин зарлаж явуулах талаар иргэн Ц.Ариунбаяраас 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр өргөдөл гаргасан.

        Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 10.2-т “Дуудлага худалдааг дахин явуулах шийдвэрийг тухайн шатны Засаг дарга буюу чөлөөт бүсийн захирагч гаргах бөгөөд дуудлага худалдааны зарыг дахин дуудлага худалдаа явуулах өдрөөс хуанлийн 14-өөс доошгүй хоногийн өмнө нийтэд мэдээлнэ" гэж заасан байх ба цахим дуудлага худалдааны үнийг буруу бичсэнийг залруулсан мэдээллийг 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр залруулж оруулснаас хойш 14 хоногийн хугацаанд нийтэд мэдээлэх хуулийн заалт зөрчигдсөн, дуудлага худалдаанд оролцох байсан иргэн Ц.Ариунбаяраас гомдол гаргасан тул 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр явуулсан дуудлага худалдааг Сайншанд сумын нутаг дэвсгэрт зохион байгуулагдсан цахим дуудлага худалдааны зарыг олон нийтэд хуулийн хугацаанд хүргээгүй гэсэн үндэслэлээр Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар ажлын хэсэг уг дуудлага худалдааг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн.

        Сайншанд сумын 3-р багийн нутаг дэвсгэрт ХААН банкны баруун талд байрлах 0,09 га газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх дахин цахим дуудлага худалдааг аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/592 дугаар захирамжаар 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулсан.

        Дээрх дахин дуудлага худалдаанд иргэн Д.Н нь өөрийн хүсэлтээр оролцсоноор 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр явуулсан дуудлага худалдааг хүчингүйд тооцсон шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

         Учир нь 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулсан дахин дуудлага худалдаанд 4 иргэн хүсэлт илгээн баталгаажуулснаар дуудлага худалдаанд оролцож, оролцогчдоос нэхэмжлэгч Д.Н хамгийн өндөр үнийн санал илгээж, 674500000 төгрөгөөр ялалт байгуулсан ба “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 11 дүгээр зүйлд заасны дагуу гэрээ байгуулах эрхтэй болсон.

          Иймээс нэхэмжлэгч Д.Нээс Дорноговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн тайлбарыг гаргасан бөгөөд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны баруун талын 0,09 га газрын дуудлага худалдаа аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/324 дүгээр захирамжийн дагуу 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулагдсан. Уг дуудлага худалдааны зарыг 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр газрын цахим биржийн санд тавьсан. Гэхдээ зард байршил, үнэ, хугацаа гэсэн гол гурван хэсэг байх ёстой бөгөөд гэтэл энэ гурван гол хэсгийн нэг болох газрын дуудлага худалдааны анхны үнийг буруу тавьсан ба газрын үнийг буруу тавьсан гэдгээ тухайн зар байршуулсан албан тушаалтан 04 дүгээр сарын 23-ны өдөр мэдээд, 04 дүгээр сарын 23-ны өдөртөө залруулсан.

        Иймд Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 10.2-т зааснаар дуудлага худалдааны зарыг дахин дуудлага худалдаа явуулах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө нийтэд мэдээлнэ гэсэн байхад үүнийг зөрчөөд 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр явуулсан байдаг. 04 дүгээр сарын 11-ний өдөр тухайн зарыг байршуулсан, гэхдээ тухайн зар нь бодит үнэн биш юм. Учир нь уг зард тухайн газрын анхны үнийг буруу бичсэнээр энэ зарыг яг бодит үнэн зар тавигдсан гэж үзэх үндэслэлгүй юм. Иймээс 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр залруулж тавьсан зар нь  хуулийн хугацаагаар 14 хоног тоологдоод явагдах ёстой байсан.

          Гэтэл 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр дуудлага худалдаа явагдсан учраас тухайн үед дуудлага худалдаа явуулж байсан ажлын хэсэг нь уг журмын 15.1-д заасны дагуу хүчингүй болгох шийдвэр гаргасан. Нэхэмжлэгчийн дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээг байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож өгнө үү гэж байгааг хууль бус үйлдэл гэж үзэх үндэслэлгүй. Учир нь  Засгийн газрын 10 дугаар тогтоолоор баталсан журмын 2  дугаар зүйлийн 2.1.4 дэх хэсэгт заасан зарчим бий. Уг зарчимд дуудлага худалдаа явуулахад тэгш, шударга оролцоог хангасан байна гэж заасан байдаг, гэтэл уг дуудлага худалдаанд шударга оролцоог хангаагүй. Яагаад гэвэд 04 дүгээр сарын 23-ны өдөр зараа залруулж оруулчихаад, 26-ны өдөр нь явуулахаар 3 хоногийн дотор зарын гол хэсгийн нэг болох үнэ өөрчлөгдсөн гэдгийг иргэд мэдэх боломжгүй. Тэгэхээр манай зүгээс үүнийг хууль бус биш бөгөөд хүчингүйд тооцож шийдвэрлэсэн шийдвэр нь үндэслэлтэй гэж үзэж байна.

        Тухайн дуудлага худалдаа үнэтэй байж байгаад хямдхан болоод, хямдхан байж байгаад үнэтэй болсноос дуудлага худалдаанд иргэд оролцож чадаагүй юм гэсэн асуудал бол яригдахгүй. Мөн манайх зөвхөн Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 10.2-т заасан 14 хоногоос доошгүй хугацааны өмнө олон нийтэд мэдээлнэ гэсэн энэ журмын заалт зөрчигдөөд байна гэдгээр дуудлага худалдааг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн байгаа. Үүн дээр бүртгэх үйл ажиллагаа хамааралгүй байна. Гол нь нийтэд 14 хоногоос доошгүй хугацааны өмнө мэдээлнэ гэдэг л зөрчигдөөд байна гэж үзэж хүчингүйд тооцсон байгаа.

         Бүртгэх ажиллагаанд Д.Н нь өргөдлөө 04 дүгээр сарын 23-ны өдөр ирүүлсэн. Гэхдээ 04 дүгээр сарын 22-ны өдөр дэнчингийн анхны үнэ  720,000 төгрөг байхад 72,000 төгрөг тушаасан. Зөрүү 648,000 төгрөгийг 04 дүгээр сарын 23-ны өдөр мэргэжилтэн ярьсны дагуу тушаасан. Нэхэмжлэгч талаас шүүхийн үзлэгээр газрын зургийн баруун дээд буланд 7,200,000 төгрөг гээд биччихсэн байсан гэтэл зөвхөн зар хэсэг дээр 720,000 гээд биччихсэн байсан гэдэг зүйлийг ярьсан. Гэхдээ иргэд бол зард тавигдсан дуудлага худалдааны хугацаа хэзээ юм, байршил нь хаана юм, анхны үнэ нь хэд юм гэдгийг яг тэр зүүн дээд буланд бичсэн байсныг хамгийн эхэлж харна. Түүнээс  энд 7,200,000 гэж байх ёстой, 720,000 байх ёстой гэж харах нь үндэслэлгүй. Мөн тухайн дуудлага худалдааны зарыг 177 хүн үзсэн байсан гэж хэлж байна. Гэтэл 177 хүн тухайн сайтыг үзсэн байсан гэдэг нь өнөөдрийн буюу 2019 оны 08 дугаар сарын 30-ний өдрийн шүүхийн үзлэг хийгдэх үеийн байдлаар 177 хүн үзсэн нь байгаа юм. Харин 2019 оны 04 дүгээр сарын 26-ны байдлаар хэдэн хүн үзсэн бэ гэдэг нь одоо харагдах боломжгүй. Тийм учраас ажлын хэсгийн хүчингүйд тооцож шийдвэрлэсэн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна.

            Иймд 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр явуулсан дуудлага худалдаа нь Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан журмын 7.2-т заасан зард тавигдах шаардлагыг хангаагүй тул 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр зарыг тавьсан гэж үзэх үндэслэлгүй. Харин тухайн дуудлага худалдааны зарын шаардлагыг 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр журмын 7.2-т заасны дагуу үнэн зөв мэдээлж залруулж оруулсан тул 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зарыг тавьсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн урьд өмнөх тайлбараа бүрэн дэмжиж оролцож байна гэв.

      

                                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

             Шүүх хэргийг нэхэмжлэгч талаас Дорноговь аймгийн Засаг даргад холбогдуулан гаргаж байсан анхны шаардлагыг шүүх хуралдаанд Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдааг дахин зохион байгуулах тухай” А/592 дугаар захирамжийн холбогдох хэсэг буюу түүний хавсралтын 4 дүгээр заалт хууль бус байсан болохыг тогтоох гэж өөрчилж, Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн #2019-2074 дугаартай дахин /цахим/ дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээг байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тухайн гэрээг байгуулахыг даалгах гэж тус тус гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хавтас хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд болон шүүх хуралдаанд хэргийн оролцогчдоос гаргасан тайлбар зэргийг үнэлж дүгнэн доорх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

         1. Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах дахин дуудлага худалдаа зохион байгуулах тухай” А/324 дүгээр захирамж, түүний хавсралтын 3 дугаарт “Сайншанд сумын 3-р багийн нутаг дэвсгэрт ХААН банкны баруун талд Худалдаа үйлчилгээний зориулалтаар 0,09 га газрыг газар эзэмшүүлэх, ашиглуулах хугацаа 15 жил, дуудлага худалдааны анхны үнэ 7 200 000 төгрөг, дэнчингийн хэмжээ 720 000 төгрөг” гэж заасан /хх-ийн 61,62-р хуудас/ газарт 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулагдаж, явагдсан #2019-2074 дугаартай газрын /цахим/ дуудлага худалдаанд нэхэмжлэгч иргэн Д. Наранцэцэг ганцаар оролцож, уг дуудлага худалдааны ялагч болсон нь хавтас хэрэгт авагдсан нэхэмжлэгчээс тус дуудлага худалдаанд оролцохоор гаргаж байсан 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хүсэлт, нэгж талбарын болон дэнчингийн мэдээлэл, #2019-2074 дугаартай газрын дуудлага худалдааны дэнчин, улсын тэмдэгтийн хураамж зэргийг 2019 оны 04 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд тус тус төлсөн талаарх банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд, мөн тухайн дуудлага худалдаа нь нэхэмжлэгч Д.Н буюу ганц оролцогчтойгоор явагдаж, газрын дуудлага худалдааны анхны үнэ 7 200 000 төгрөгөөс эхэлж, сүүлийн үнэ 7 700 000 төгрөгийн үнийн саналаар хаагдсан талаарх баримт /хх-ийн 66-70-р хуудас/, тус дуудлага худалдааны явцын талаарх 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн тэмдэглэл /хх-ийн 53-55-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

           Гэтэл дээрх дуудлага худалдааг түүнийг зохион байгуулж явуулсан ажлын хэсгээс уг дуудлага худалдааны зард газрын дуудлага худалдааны үнийг буруу бичсэнийг 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр залруулж, улмаар дуудлага худалдааг 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр явуулсан нь Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 10.2-т “... дуудлага худалдааны зарыг дахин дуудлага худалдаа явуулах өдрөөс хуанлийн 14-өөс доошгүй хоногийн өмнө нийтэд мэдээлнэ” гэж заасныг зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгох нь зүйтэй /хх-ийн 49-50-р хуудас дахь Ажлын хэсгийн 2019.04.26-ны өдрийн хурлын тэмдэглэл/ гэж үзсэний дагуу хариуцагч Дорноговь аймгийн Засаг дарга нь дээрх журмын 10.1.2-т  заасан “дуудлага худалдаа ... явуулах нөхцөл бүрдээгүй” гэсэн үндэслэлийг баримталж 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдааг дахин зохион байгуулах тухай” А/592 дугаар захирамжийн хавсралт /хх-ийн 63,64-рхуудас/-ын 4 дүгээрт заасан тухайн газарт дахин /цахим/ дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд,

         Улмаар энэ дагуу дээрх газарт 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр дахин /цахим/ дуудлага худалдаа явагдаж, нэхэмжлэгч Д.Н нь мөн уг дуудлага худалдаанд оролцон 674 500 000 төгрөгийн үнийн саналаар ялагч болсон нь түүнээс 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гаргаж байсан тухайн дуудлага худалдаанд оролцох хүсэлт, дуудлага худалдааны дэнчин болон улсын тэмдэгтийн хураамж төлсөн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт, 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн дуудлага худалдааны явцын тэмдэглэл болон уг дуудлага худалдааны тухайн үед цахимд явагдсан байдлыг харуулсан баримт /хх-ийн 71,72,80-116-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

        Гэвч үүнийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч захиргааны зүгээс зар дахь дуудлага худалдааны анхны үнийг бичихдээ техникийн шинжтэй алдаа гаргасны улмаас 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр залруулсан явдал нь дуудлага худалдааны зарыг шинээр тавьж байгаа асуудал биш юм, харин 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр явагдах газрын /цахим/ дуудлага худалдааны зарыг 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр анх цахим хаягт байрлуулж, нийтэд мэдээлсэн нь  “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 10.2-т заасантай нийцэж байгаа, иймд дахин дуудлага худалдаа явуулах хууль зүйн үндэслэл байхгүй байхад журам зөрчсөн гэх үндэслэлээр дуудлага худалдааг дахин явуулахаар шийдвэр гаргаж, дуудлага худалдааг явуулсан нь өмнөх дуудлага худалдааны ялагч болсон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэсэн агуулгаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байх бөгөөд,

        Харин хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн зард дуудлага худалдааны анхны үнийг буруу бичсэн нь тухайн зарыг үнэн зөв гэж үзэх боломжгүй ба түүнийг 04 дүгээр сарын 23-ны өдөр олж, мэдэн залруулсан тул уг хугацаанаас хойш “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 10.2-т зааснаар 14 хоногийн дараа дахин дуудлага худалдааг явуулах ёстой, гэтэл дээрх байдлаар дуудлага худалдаа явагдах нөхцөл бүрдээгүй байхад  2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр дахин дуудлага худалдааг явуулсан нь мөн журмын 10.1.2-т “дуудлага худалдаа ... явуулах нөхцөл бүрдээгүй” гэж заасныг зөрчсөн, иймд тухайн дуудлага худалдааг дахин явуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэсэн агуулгаар тодорхойлон тус тус маргаж байна.

         Талуудын маргаж буй дээрх үндэслэлээс үзэхэд тэдгээр нь Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 10.1.2, 10.2-т заасныг зөрчсөн үндэслэлээр тухайн газарт дахин дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан маргаж байх ба харин 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр явагдаж өнгөрсөн дуудлага худалдаа буюу түүний оролцогч болон ялагчийн байдал, уг дуудлага худалдаагаар тогтоогдсон газрын үнэ зэрэг асуудлын талаар маргаагүй болно.

           2. Маргааны гол зүйл болж буй хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын А/592 дугаар захирамжийн холбогдох хэсэг буюу хавсралтын 4 дүгээр заалтад заасан газарт дахин /цахим/ дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэсэн захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянаж үзвэл:

            Дээрх захирамж, түүний 1 дүгээр заалтын агуулгаас үзэхэд тухайн газарт 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр /захирамжийн уг заалтад 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гэж бичигджээ/ зохион байгуулсан газрын дахин дуудлага худалдааны зарыг дахин дуудлага худалдаа явуулах өдрөөс хуанлийн 14-өөс доошгүй хоногийн өмнө нийтэд мэдээлэхээр заасан журмыг зөрчсөн гэж үзсэнээр мөн журмын 10.1.2-т “дуудлага худалдаа ... явуулах нөхцөл бүрдээгүй” гэж заасныг үндэслэн уг газарт дахин /цахим/ дуудлага худалдаа явуулах шийдвэрийг хариуцагч захиргааны байгууллагаас гаргасан байх ба энэ шийдвэр нь 2019 оны 04 дүгээр сарын 26-ний өдөр зохион байгуулагдаж явагдсан тухайн газрын дуудлага худалдааг хүчингүй болгох үр дагаврыг бий болгожээ.

         Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл дээрх шийдвэрийг гарахаас өмнө Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах дахин дуудлага худалдаа зохион байгуулах тухай” А/324 дүгээр захирамж, түүний хавсралтын 3 дугаарт заасныг үндэслэн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулагдсан газрын дахин /цахим/ дуудлага худалдааны зарыг Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын албан ёсны цахим хаягт тухайн газрын хил заагийг харуулсан зураг, газрыг олгох зарчим, ашиглалтын хэлбэр, газрын байршил, эзэмшүүлэх зориулалт, газрын талбайн хэмжээ, газрын дуудлага худалдааны анхны үнэ, оролцогчдыг бүртгэх болон үнийн санал авах хугацаа буюу дуудлага худалдаа эхлэх, дуусах хугацаа, холбоо барих утасны дугаар, мөн тайлбар хэсэгт дуудлага худалдаагаар газар эзэмшүүлэх тухай Дорноговь аймгийн Засаг даргын шийдвэр, оролцогчдоос бүрдүүлэх материал, газрын дуудлага худалдааны анхны үнийн 10%-тай тэнцэх хэмжээний дэнчинг байршуулах дансны дугаар, оролцогчдын бүртгэлийг хаах хугацаа зэрэг мэдээллүүдийг тусгаж, дуудлага худалдааг 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулахаар уг зард заасан хугацаанаас 14 хоногийн өмнө буюу 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 08:13:22 цагт байрлуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс дээрх цахим хаягт явуулсан үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 144-147-р хуудас/-ээр нотлогдож байна.

           Дээрх байдлаар 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байрлуулсан зар дахь мэдээлэл нь “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын дуудлага худалдааны зард заавал байх мэдээллийг зохицуулсан 7 дугаар зүйлийн 7.2.1-7.2.11 дүгээрт заасан дуудлага худалдаагаар газар эзэмшүүлэх тухай эрх бүхий этгээдийн шийдвэр, дуудлага худалдааны хэлбэр, газрын байршил, хил заагийг харуулсан зураг, газрын талбайн хэмжээ, дуудлага худалдааны анхны үнэ, дэнчингийн хэмжээ, дэнчин тушаах дансны дугаар, дуудлага худалдаа явуулах газрын хаяг, харилцах утасны дугаар, дуудлага худалдаанд оролцогчдыг бүртгэх хугацаа, дуудлага худалдаа эхлэх, дуусах он, сар, өдөр, цаг, газар эзэмших ашиглах зориулалт, хугацаа зэрэг зард заавал байх шаардлагад болон мөн журмын 10 дугаар зүйлийн 10.2-т “Дуудлага худалдааг дахин явуулах ... зарыг дахин дуудлага худалдаа явуулах өдрөөс хуанлийн 14-өөс доошгүй хоногийн өмнө нийтэд мэдээлнэ” гэж заасанд тус тус нийцэж байх тул үүнийг 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулагдах газрын дахин /цахим/ дуудлага худалдааны албан ёсны зар гэж үзэхээр байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгч талын гаргаж буй “...зард дуудлага худалдааны анхны үнийг бичихдээ техникийн шинжтэй алдаа гаргасны улмаас 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр залруулсан явдал нь дуудлага худалдааны зарыг шинээр тавьж байгаа асуудал биш ...” гэх тайлбар үндэслэлтэй байна.

         Харин дээрх зарыг байршуулах үед зард заавал байх мэдээллийн нэг хэсэг болох газрын дуудлага худалдааны анхны үнэ буруу бичигдсэнийг зарыг оруулсан захиргааны байгууллагын зүгээс дуудлага худалдаанд оролцогчдыг бүртгэхээр уг зард заасан хугацаанд буюу 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр мэдэж, мөн өдөртөө залруулсан болох нь энэ талаар хариуцагч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд бичгээр гаргасан тайлбар /хх-ийн 56-59-р хуудас/-ууд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргаж буй тайлбар болон нэхэмжлэгчээс #2019-2074 дугаартай дуудлага худалдааны дэнчинд 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 72 000 /далан хоёр мянга/ төгрөг, үүн дээр 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 648 000 /зургаан зуун дөчин найман мянга/ төгрөгийн зөрүүг нэмж төлсөн банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 68,69-р хуудас/-ууд, дэнчингийн талаарх мэдээлэл /хх-ийн 67-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаагаар нэхэмжлэгч нь дэнчингийн хэмжээг дуудлага худалдааны анхны үнэ /7 200 000 төгрөг/-ийн 10% байхаар мөн зард заасан хэмжээгээр буюу нийт 720 000 /долоон зуун хорин мянга/ төгрөгөөр төлсөн байна.

        Ийнхүү захиргааны байгууллага нь зар дахь газрын дуудлага худалдааны анхны үнийг буруу бичсэнээ залруулж, улмаар залруулсан хэмжээгээр дэнчинг нэхэмжлэгчээр нэмж төлүүлснээр дуудлага худалдааг дээрх зард заасан хугацаандаа буюу 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр явуулж  дуусгасан нь тэр үеийн дуудлага худалдааны явцын тэмдэглэл /хх-ийн 53-55-р хуудас/-ээр тогтоогдож байх тул энэ нь тухайн үед захиргааны байгууллагын зүгээс уг дуудлага худалдааг явуулах нөхцөл бүрдсэн гэж үзсэнийг нотолж байхын хамт уг дуудлага худалдааны явцад ямар нэг маргаантай асуудал үүсээгүй болох нь дээрх тэмдэглэлээр мөн тогтоогдож байна.

         Гэтэл хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргаж буй тайлбараараа уг дуудлага худалдаанд бусад этгээдийн оролцох эрхийг хангах үүднээс залруулга хийснээс хойш 14 хоногийн дараа дуудлага худалдааг явуулах нь журамд нийцнэ гэж байх боловч энэ дагуу тухайн үед захиргааны байгууллагын зүгээс тухайн дуудлага худалдааг хойшлуулах хугацааны талаар зард өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байдал тогтоогдохгүй байна.

           Дээр дурдагдсан нөхцөл байдлуудаас үзэхэд 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр тухайн газарт явагдсан дахин /цахим/ дуудлага худалдаа нь “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 10 дугаар зүйлийн 10.1.2-т “дуудлага худалдаа ... явуулах нөхцөл бүрдээгүй”, 10.2-т “дуудлага худалдааг дахин явуулах ... зарыг дахин дуудлага худалдаа явуулах өдрөөс хуанлийн 14-өөс доошгүй хоногийн өмнө нийтэд мэдээлнэ” гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд,

         Мөн тухайн өдрийн газрын дуудлага худалдааны анхны үнэ /7 200 000 төгрөг/ болон дэнчин /720 000 төгрөг/ нь “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 12 дугаар зүйлийн 12.1-д “Дуудлага худалдааны анхны үнийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан аргачлалын дагуу тухайн шатны Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч тогтоох бөгөөд дэнчингийн хэмжээ нь дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10 хувьтай тэнцүү байна” гэж заасантай буюу Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 208 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмшүүлэх, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох аргачлал”,

         Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай” 182 дугаар тогтоолоор батлагдсан “Газрын үнэлгээний тойрог”,  “Аймгийн төвийн сум ... –ийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс), 1 га газрын суурь үнэлгээ”, Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох итгэлцүүр,

         Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 15 дугаар тогтоолоор батлагдсан “Сайншанд суманд худалдаа бүх төрлийн үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх газрын бүсийн хил зааг”-ийг тогтоосон 4 дүгээр хавсралт /хх-ийн 161-р хуудасны ар/,

“Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам” дахь  “Өсгөн хэлэх үнийн хэмжээ”-г заасан “Хүснэгт 1”-ийн 3 дугаарт заасантай тус тус нийцэж байгааг дурдах нь зүйтэй.

         Гэтэл дээрх байдлаар захиргааны байгууллага нь өөрсдийн буруутай үйл ажиллагааны улмаас зар дахь мэдээллийн дуудлага худалдааны анхны үнэ байх хэсэг алдаатай бичигдсэнийг тодорхой хугацаанд мэдэж залруулан, нэхэмжлэгчээр зохих төлбөрийг төлүүлж, улмаар тогтоосон зард заасан хугацаандаа дуудлага худалдааг явуулж, ялагчийг тодруулсан атлаа, уг үйл ажиллагаа дууссаны дараа мөн өдөртөө түүнийг зохион байгуулж, явуулсан ажлын хэсэг нь дуудлага худалдааны явцад маргаан үүссэн гэх үндэслэлээр хуралдаж, 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр тухайн зар дахь зөвхөн дуудлага худалдааны анхны үнийг залруулсан үйлдлээ дуудлага худалдааны зарыг бүхэлд нь шинээр оруулсан мэт ойлгон 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн тухайн газар дахь дуудлага худалдааг хүчингүй болгохоор шийдвэрлэж, улмаар түүнийг хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргаас дуудлага худалдаа явуулах нөхцөл бүрдээгүй гэж үзэн “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 15 дугаар зүйлийн 15.1-д “Дуудлага худалдааны явцад үүссэн маргааныг дуудлага худалдаа явуулах Ажлын хэсэг шийдвэрлэнэ”, 10 дугаар зүйлийн 10.2-т “дуудлага худалдааг дахин явуулах ... зарыг дахин дуудлага худалдаа явуулах өдрөөс хуанлийн 14-өөс доошгүй хоногийн өмнө нийтэд мэдээлнэ”, 10.1.2-т “дуудлага худалдаа ... явуулах нөхцөл бүрдээгүй” гэж тус тус заасныг буруу тайлбарлан, хэрэгжүүлж уг журмын дээрх заалтуудыг зөрчсөн байна.

          Захиргааны байгууллагын зүгээс журмын холбогдох заалтуудыг буруу тайлбарлан хэрэгжүүлсэн дээр тогтоогдож буй нөхцөл байдал нь тухайн дуудлага худалдааг дахин явуулах шийдвэрийн үндэслэл болж буйгаар хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/592 дугаар захирамжийн холбогдох хэсэг буюу түүний хавсралтын 4 дүгээрт заасан газарт дахин /цахим/ дуудлага худалдаа явуулах тухай шийдвэр нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “... иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, ... зарчмаар шийдвэрлэнэ. ..., дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж заасныг зөрчсөн буюу өөрөөр хэлбэл уг хуульд заасны дагуу гарсан дээр дурдсан журмыг зөрчиж гарснаар хууль бус байсан болох нь тогтоогдож байхын хамт мөн тухайн шийдвэр нь Газрын тухай хууль дахь “Төрөөс газрын талаар баримтлах зарчим”-ыг зохицуулсан 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчимд нийцэхгүй байна.

          Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж буй тухайн захиргааны актыг гаргах хууль зүйн үндэслэл байгаагүй гэх тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлтэй байна.

           3. Нэгэнт хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/592 дугаар захирамжийн холбогдох хэсэг буюу түүний хавсралтын 4 дүгээрт заасан газарт дахин /цахим/ дуудлага худалдаа явуулах тухай шийдвэр нь хууль бус байсны хувьд хариуцагч Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын зүгээс дээрх хууль бус захиргааны актыг  үндэслэн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулагдсан тухайн газрын дахин /цахим/ дуудлага худалдаагаар Газрын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т “Дуудлагын худалдаагаар тогтоогдсон үнэ нь эрхийн гэрчилгээний бодит үнэ байна” гэж зааснаар “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 10.4-т “Энэ журмын 10.1-д заасан дуудлага худалдаанд 1 оролцогч оролцох хүсэлт гаргасан тохиолдолд дуудлага худалдааны анхны үнэ дээр өсгөн хэлэх үнийн доод хэмжээг нэмж, дуудлага худалдаагаар худалдан авах үнийг тогтоох ...” гэж заасныг үндэслэн тогтоогдсон дээрх өдрийн газрын дуудлага худалдааны үнэ /7 700 000 төгрөг/-ийг төлөхтэй холбоотой асуудлыг зохицуулсан гэрээг тус дуудлага худалдааны ялагч /нэхэмжлэгч Д.Н/-тай байгуулахгүй байгаа эс үйлдэхүй нь “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 11 дүгээр зүйлийн 11.2-т “Дуудлага худалдаа явагдсан өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор дуудлага худалдааны тэмдэглэлийг үндэслэн аймаг, ... ийн Газрын алба, ... дуудлага худалдааны ялагчтай Иргэний хуулийн 197 дугаар зүйлд заасны дагуу гэрээ байгуулна” гэж заасныг зөрчиж байгаагаар мөн хууль бус болох нь тогтоогдож байна.

        Гэтэл захиргааны байгууллагын дээрх хууль бус захиргааны акт болон эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч иргэн Д.Н нь 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр явагдсан газрын дахин /цахим/ дуудлага худалдааны ялагч болсны хувьд “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 9 дүгээр зүйлийн 9.9.8-д “Дуудлага худалдааны ялагч дуудлага худалдаа явагдсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Иргэний хуулийн 197 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий этгээдтэй гэрээ байгуулах үүрэгтэй” гэж заасан үүргээ биелүүлэх боломжгүйд хүрч, улмаар цаашид Газрын тухай хуулийн холбогдох зүйлүүдэд заасны дагуу тухайн газрыг эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байна.

         Харин хариуцагч нарын зүгээс нэхэмжлэгчийг А/592 дугаар захирамжийн дагуу 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдаж явагдсан газрын дахин /цахим/ дуудлага худалдаанд оролцсон нь нэхэмжлэгчийг өмнөх дуудлага худалдааг хүчингүйд тооцсон шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн үйлдэл гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын дээрх А/592 дугаар захирамж болон тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйг эс зөвшөөрч буй талаарх нэхэмжлэлийг 2019 оны 07 сарын 19-ний өдөр шүүхэд гаргасан үед уг дуудлага худалдаа нь 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр явагдсан байх ба тухайн үед нэхэмжлэгч Д.Н нь нэгэнт захиргааны байгууллагын зүгээс нийтэд мэдээлсэн зарын дагуу иргэний хувьд эдлэх эрхийнхээ хүрээнд тус өдрийн газрын дахин /цахим/ дуудлага худалдаанд оролцсон явдлыг буруутгах үндэслэлгүй байх тул хариуцагч нарын гаргаж буй дээрх тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй байна.

        4. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй А/592 дугаар захирамжийг захиргааны байгууллагын зүгээс мэдэгдээгүй нь Захиргааны ерөнхий хууль дахь сонсох, мэдэгдэх  ажиллагааны журмыг зөрчсөн гэх тайлбарыг гаргаж байх боловч дээрх захирамжийг гарахаас өмнө хариуцагч Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас нэхэмжлэгч Д.Нт хүргүүлж байсан 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 436 тоот “Хариу хүргүүлэх  тухай” албан бичиг /хх-ийн 51,52-р хуудас/-ээр дахин дуудлага худалдаа зохион байгуулах саналыг тус аймгийн Засаг даргад хүргүүлсэн талаар мэдэгдэж байсан, мөн нэхэмжлэл /хх-ийн 2, 19-р хуудас/-д “... Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшинд хандан гомдлоо гаргасан бөгөөд мөн л Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газраас ирүүлсэн албан тоотын утгатай ижил агуулга бүхий хариуг ирүүлсэн байна ...” гэж дурдсан байгаагаар тус Засаг даргын зүгээс мөн дахин дуудлага худалдаа явуулах талаар түүнд мэдэгдсэн зэрэг байдлуудаас үндэслэн Захиргааны ерөнхий хууль дахь захиргааны шийдвэр гаргах сонсох ажиллагаа болон захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг тус тус зохицуулсан 27, 43 дугаар зүйлүүдэд заасан сонсох, мэдэгдэх ажиллагааны зорилго биелсэн гэж үзэхээр байх ба өөрөөр хэлбэл Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдааг дахин зохион байгуулах тухай” А/592 дугаар захирамж нь нэхэмжлэгчийг огт мэдээгүй байхад гарч түүний эрх, хууль ёсны ашиг ашиг сонирхлыг зөрчсөн гэнэтийн шийдвэр гэж үзэх боломжгүй байх тул нэхэмжлэгч талын энэ талаар гаргаж буй дээрх тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй байна.

          5. Иймд нэхэмжлэлийн шаардлага дахь хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдааг дахин зохион байгуулах тухай” А/592 дугаар захирамжийн холбогдох хэсэг буюу түүний хавсралтын 4 дүгээр заалт хууль бус байсан нь болон Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн #2019-2074 дугаартай газрын дахин /цахим/ дуудлага худалдааны ялагч /нэхэмжлэгч иргэн Д.Н/-тай гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй мөн хууль бус болох нь тус тус тогтоогдож буй дээр дурдсан нөхцөл байдлуудаас үндэслэн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

             Захиргааны  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.3, 106.3.4, 106.3.12 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 36 дугаар зүйлийн 36.2 дахь зүйлд заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдааг дахин зохион байгуулах тухай” А/592 дугаар захирамжийн холбогдох хэсэг буюу түүний хавсралтын 4 дүгээр заалт хууль бус байсныг болон тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн #2019-2074 дугаартай газрын дахин /цахим/ дуудлага худалдааны ялагч /нэхэмжлэгч иргэн Д.Н/-тай байгуулах гэрээг байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тус тус тогтоож, тухайн гэрээг нэхэмжлэгчтэй байгуулахыг Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгасугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.2 дахь зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг хариуцагч нараар тэнцүү хуваан нөхөн төлүүлж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

          3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114. 1 дэх зүйлд зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болон мөн хуулийн 114.2 дахь зүйлд зааснаар давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг тус тус тайлбарласугай.

 

 

                               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.ЦЭНД