Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 216

 

МАГАДЛАЛ

 

2017.01.18                                                     Дугаар 216                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

“Гурван билэг” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Н.Батзориг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн 101/ШШ2016/06407 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Гурван билэг” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Монвакуум” ХХК-д холбогдох,

Гэрээний үүрэгтэй холбоотойгоор 27 060 400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Оргилсайхан,

Нэхэмжлэгчийн  өмгөөлөгч: Ж.Ариунаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: 2011-2014 онуудад барьж ашиглалтад оруулсан орон сууцны барилгууд дээр вакум цонх, хаалганы туслан гүйцэтгэгчээр "Монвакум" ХХК-ийг ажиллуулсан. Гэвч "Монвакуум" ХХК өнгөрсөн онуудад чанаргүй бүтээгдэхүүн нийлүүлэн гүйцэтгэлийг хүлээлгэн өгдөггүй, баталгаат 3 жилийн хугацаанд засвар үйлчилгээ хийдэггүй, удаа дараа шаардлага хүргүүлэхэд хүлээн авдаггүй, биелүүлдэггүй, ажилчид нь байнгын солигддог, удирдлага нь олддоггүй зэргээс үүдэн манай байрнуудын оршин суугчдыг олон жилийн турш хохироож байгаагаас үүдэн бид дахин хамтран ажиллахгүй тухай 2014 онд "Монвакуум" ХХК-д мэдэгдсэн. Гэтэл "Монвакуум" ХХК-ийн зүгээс "дахин ийм алдаа дутагдал гаргахгүй, ажиллах цаашид боломж олгооч" гэж хүссэн учир 2014 оны ээлжит бүтээн байгуулалт болох Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуурын гудамж, 54 дүгээр байрны вакум цонх, хаалга нийлүүлэх ажлыг гүйцэтгүүлэхээр 2014 оны 4 дүгээр сарын 22-нд "Ажил гүйцэтгэх гэрээ" /№2014\005Б дугаар/ байгуулан, хамтран ажилласан.

Уг ажил гүйцэтгэх гэрээгээр "Монвакуум" ХХК нь 54 дүгээр байрны бүх цонх, тагтны хаалгыг сүүлийн үеийн дэвшилтэт технологиор, чанарын өндөр түвшинд, зохих стандарт шаардлагыг ханган үйлдвэрлэж, угсарч суулгахаар тохиролцсон. Гэтэл "Монвакуум"    ХХК-ийн өнгөрсөн жилүүдэд манай компаний барилгуудад нийлүүлж байсан вакум цонх, хаалга зохих стандарт шаардлагуудыг хангаагүй, хүний тав тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлээгүй, үзэмжгүй зэрэг зөрчлийг удаа дараа гарган ажил гүйцэтгэх гэрээний үүргээ байнга зөрчин манай компанийг хохироож ирсэн үйлдэл нь 2014 оны бүтээн байгуулалт дээр дахин давтагдаж, их хэмжээний хохирол учруулаад байна. Бид өмнөх онуудын ажлын хохирлыг нэхэмжлээгүй, зөвхөн 2014 оны бүтээн байгуулалтанд нийлүүлсэн чанаргүй, дутуу ажлаас үүдэн "Монвакуум" ХХК-ийн бидэнд дахин учруулсан бодит хохирол болох 27 060 400 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа юм.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас цонх, хаалгыг стандартын шаардлага ханган үйлдвэрлэж угсраагүй талаар дүгнэлт гарсан тул бид "Барилга хөгжлийн төв"-ийн итгэмжлэгдсэн лабораторт цонх хаалгыг шинжилгээнд оруулсан. Бид энэхүү шинжилгээг хийлгэхэд лабораторийн шинжилгээний төлбөрт 4 060 400 төгрөг төлсөн. Шинжилгээнд оруулсан цонхнуудыг MNS:5802:2007, МЫБ:5830:2007 стандартаар үйлдвэрлэх байсан бөгөөд цонхны дулаан техникийн тооцоог тодорхойлоход MNS:5802:2007, MNS:4757:1999, MNS:3442:2002 стандартуудыг мөрдөх ёстой талаар шинжилгээний дүнд тодорхой заасан байдаг. "Монвакуум" ХХК-ийн үйлдвэрлэж, нийлүүлсэн вакум цонх, хаалга нь хүний тав тухтай амьдрах орчныг бүрдүүлж чадахгүй, шинэчлэн солих, засварлан сэлбэх зайлшгүй шаардлагатай болсон тул вакум цонх, хаалгыг шинээр угсруулах, засварлах зэрэг ажлыг хийж гүйцэтгүүлэхээр "Монгол Бонитас" ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг 2015 оны 5 дугаар сард хийж, оршин суугчдын гомдлыг барагдуулан ажиллаж байгаа бөгөөд одоогоор ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэл 78 хувьтай явагдаж байна. Үүний улмаас, нэхэмжлэгч компани 23 000 000 төгрөгийг "Монгол Бонитас" ХХК-д төлж ажил үүргийг гүйцэтгүүлж байна. Дээрх 54 дүгээр байр 250 цонх, хаалга /блокон/-тайгаас одоогоор нийтдээ 22 ширхэг цонх, хаалга бүрэн сольж, 200 орчим цонх, хаалганы резен, жийргэвч, нугас солиулсан. Иймд "Монвакуум" ХХК-ийн буруутай ажиллагаа болох чанаргүй хийсэн ажлын улмаас манай компанид учраад буй бодит хохирол 27 060 400 төгрөгийг "Монвакуум"   ХХК-иас гаргуулан өгч биднийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Манай зүгээс гэрээний үүргээ бүрэн гүйцэт биелүүлэн хийсэн ажлаа хүлээлгэн өгсөн ба, орон сууцыг улсын комисс хүлээж авснаар ашиглалтанд орж борлуулагдаж айл өрхүүд нүүж орсноор өмчлөл нь ч шилжсэн байгаа. “Гурван билэг” ХХК-ийн ажлын хөлсийг бүрэн төлөхгүй байсан тул манай компани шүүхэд нэхэмжлэл гаргаж улмаар шүүхээс нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн. Чанаргүй, дутуу ажлаас үүдэн 27 060 400 төгрөгийн зардал гарсан гэж нэхэмжилж байгаа ч энэ нь баримтаар нотлогдохгүй байна. Захиалагч болох “Гурван билэг” ХХК-ийн үнийн саналд тохирсон бараа, үйлчилгээ бүхий ажлыг гүйцэтгэсэн. Өөрөөр хэлбэл, үнийн санал нь ямар материалаар ажлыг гүйцэтгэх вэ, гэдгийг тодорхойлдог бөгөөд манай улсад 10 гаруй загварын цонх, хаалга хэрэглэгддэг бөгөөд тэдгээр нь бүгд өөр өөр үнэ, өртөгтэй. Шүүх хуралдаанд мэдүүлэг өгсөн гэрчүүд бүгд л цонхны орчимд салхи сийгдэг буюу гаднаас нэвтэрдэг гэж мэдүүлж байна. Гэвч    энэ нь зөвхөн вакум цонх, хаалгатай холбоотой юу эсхүл, манай суурилуулсан цонх, хаалганы хүрээ, хананы өрлөг, амалгаатай холбоотой юу гэдэг тодорхой бус. Учир нь "Монвакуум" ХХК нь вакум цонх, хаалгыг суурилуулж харин, амалгаа, шавардлагаа бүхий бусад барилгын ажлын шинж чанартай хэсгийг захилагч өөрөө хариуцсан. Тухайн 54 дүгээр орон сууцны барилгыг улсын комисс ашиглалтад хүлээн авсан үйл баримт бол гүйцэтгэгчийн ажлын чанар доголдолгүй байсныг нотлох хэрэг юм. Барилга орон сууцыг бусдад худалдан борлуулж ашиг олсон “Гурван билэг” ХХК орон сууц худалдан авсан шинэ өмчлөгч нарт чанарын стандарт шаардлага хангасан хүн амьдрахад таатай нөхцлийг бүрдүүлсэн орон сууцыг хүлээлгэж өгөх үүргийг хүлээнэ. Өөрөөр хэлбэл худалдан авагчтай гэрээ байгуулж орон сууцаа борлуулдаг ба ингэхдээ үүрэг хүлээдэг. Гэтэл онц их хэмжээний ашиг олсон өөрсдийнхөө биелүүлэх ёстой үүрэгт ажлаа бидэнд халдааж байгаа юм. Нөгөө талаар, цонх, хаалганд шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулсан гэж байгаа боловч энэ ажлыг эхлүүлэхдээ манайд мэдэгдээгүй, зөвхөн нэг талын оролцоотойгоор шинжилгээний ажил явагдсан. "Монвакуум" ХХК-нд гүйцэтгэсэн ажлын доголдолтой байдал байгаа талаар мэдэгдээгүй, мэдэгдсэн гэдгийг нотлох хуулиар тогтоосон шаардлага хангах нотлох баримт ч алга. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2, 352.2.2-д заасныг баримтлан, хариуцагч "Монвакуум" ХХК-иас 27 060 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Гурван билэг” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 293 260 төгрөгийг орон нутгийн төсөвт үлдээж, хариуцагч "Монвакуум" ХХК-иас 293 260 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Гурван билэг” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар, 2016 оны 5 дугаар сарын 11-ны өдрийн шүүгчийн 19496 дугаар захирамжийн захирамжийн үйлчлэл нь зохигч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан “бичмэл нотлох баримтыг хуулбар үнэн” гэсэн тэмдэгтээр баталгаажуулна гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Мөн цонхны доголдол нь тогтоогдоогүй буюу захиалагчийн хүлээсэн үүрэгт хамаарах нөхцөл байдлаас хамааран салхи сийгсэн, цантсан болох нь гэрчүүд болон гэрээний нөхцөл заалтаар нотлогддог, гэтэл үүнийг шинжлэн үнэлээгүй. Гэрээ ёсоор “Монвакуум” ХХК нь баталгаат хугацаа өгсөн ба үүнд резин, нугас зэргийг солих бусад үйлчилгээг хийхээр заасан байдаг. Бидний хийсэн цонхонд доголдол байхгүй зөвхөн тодорхой хугацаанд зайлшгүй сольж тохируулдаг зүйлийг доголдол гэж буруу тайлбарласан байгаа нь буруу юм. Мөн цонх сольсон гэх нотлох баримт байхгүй, ямар үйл ажиллагаа явуулдаг ямар ажил хийсэн нь тодорхойгүй байхад мөнгө шилжүүлсэн баримтаар үндэслэж цонх загварлаж сольсон гэж үзэж байгаа нь учир дутагдалтай юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй буюу хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “Гурван билэг” ХХК нь хариуцагч “Монвакуум” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 27 060 400 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр хариуцагч нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуур гудамжны 54 дүгээр байрны вакум цонх, хаалгыг үйлдвэрлэн, угсарч суулгах үүрэг хүлээж, ажлын хөлсийг тохиролцсон байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй.

Хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын үр дүн биет байдлын цонх, хаалга бүрэн хаагдахгүй, гаднаас салхи, тоосонцор нэвтэрдэг доголдолтой байсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 02-07-80/1271 тоот дүгнэлт, Барилгын хөгжлийн төвийн сорилт шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторийн сорилт, шинжилгээний дүн, “Монгол бонитас” ХХК-тай гэрээ байгуулан 54 айлын орон сууцны вакум, цонх, хаалгыг резин, жийргэвч нугас засварлуулах ажлыг нэхэмжлэгч нь өөрийн зардлаар 27 000 000 төгрөгөөр гүйцэтгүүлэн ажлын хөлс төлсөн баримт, хариуцагчийн хүсэлтээр шүүх үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдсон ба хариуцагч нь доголдолгүй үр дүнг хүлээлгэн өгснөө нотлоогүй байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...дүгнэлт шаардлага хангаагүй...” гэж тайлбарласан боловч дахин шинжээч томилуулан дүгнэлт гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргаагүй байна.

Нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлын доголдлыг арилгах талаар хариуцагчид 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 97 тоот, 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 128 тоот албан бичгээр тус тус мэдэгдэж байсан гэснийг хариуцагч үгүйсгээгүй.

Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдох зардлаа нэхэмжлэгч нь нөхөн төлүүлэх эрхтэй тул шүүх нэхэмжлэлийг хангасан нь зөв гэж үзнэ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Иймд нэхэмжлэлийг хангасан шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг  хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2016/06407 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж  297 850 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

      

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   А.МӨНХЗУЛ

 

                                                 ШҮҮГЧИД                                   Н.БАТЗОРИГ

 

                                                                             М.НАРАНЦЭЦЭГ