Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/66

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч М.С

Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Нд холбогдох эрүүгийн 2115000240042 дугаартай, 163/2021/0064/Э индекстэй хэргийг 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, М овогт Бгийн Н /РД: Г ******** /, 1984 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Булган аймгийн Х суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*****” ТӨХХК-ийн Х суман дахь салбарын гэрээт ажилтан, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн Х сумын 3 дугаар багийн Хонгор Өндөрийн ***** тоотод оршин суух, урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ныг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Нын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг болон эрүүгийн 2115000240042 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н нь 2021 оны 1 дүгээр сарын 02-ноос 04-ний өдрүүдэд **-** БУЛ улсын дугаартай, “Киа Пронтер Бонго” загварын тээврийн хэрэгсэл ашиглан Булган аймгийн Х сумын 1 дүгээр багийн нутаг “Хөх даваа” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр ургаа мод хөрөөдөн унагаж 168 ширхэг буюу 18.1835 м3 шинэс төрлийн түлшний мод бэлтгэсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь хэргийн газарт үзлэг хийсэн: “Уг хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймгийн Х сумын 1 дүгээр багийн “Хөх даваа” гэх газарт болсон байв. Уг газар нь ой модоор хүрээлэгдсэн, цасан бүрхүүл тогтсон, ойн сан бүхий газар байв. ...Оролцогч Б.Наар өөрөөр нь мод бэлтгэсэн гэх газрыг заалгаж, ...модыг тайрсан хожуулуудад хэмжилт хийхээр тогтов. ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-7 тал/,

“...Уг тээврийн хэрэгсэл нь 1998 онд Бүгд найрамдах Солонгос улсад үйлдвэрлэгдсэн, 2012 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Монгол улсад орж ирсэн. Цэнхэр өнгийн **-** БУЛ улсын дугаартай, тээврийн хэрэгслийн арлын дугаар ***********, хэвийн ажиллагаатай тээврийн хэрэгсэл байв. ...” гэх үзлэгийн болон эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэлүүд /хх-15, 19 тал/,

“...Уг хөрөө нь БНХАУ-д үйлдвэрлэсэн, хар өнгөтэй, зүүн талдаа ногоон өнгийн маниултай, баруун талдаа улаан өнгийн тагтай “YAMAHA” гэсэн бичиглэл бүхий хэвийн ажиллагаатай хөрөө байв” гэх үзлэгийн болон эд мөрийн баримтаар хураасан тогтоол, тэмдэглэлүүд /хх-9, 12 тал/,

Иргэний нэхэмжлэгч П.Эын өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Булган аймгийн Х сумын 1 дүгээр багийн “Хөх даваа” гэх газраас Х сумын 3 дугаар багийн иргэн Б.Н нь хууль бусаар мод бэлтгэж тээвэрлэсэн байсан. Байгаль экологид учруулсан хохирлыг нэхэмжилж байна. Уг газар нь талбайн тусгаарлалт хийгдсэн ба мод бэлтгэж болох газар юм. Түлээний мод бэлтгэх эрхийн бичгийг би өгдөг. Хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичгийг Булган аймгийн Х сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогч

Хүрэлсувд өгдөг юм. Надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-34, 36 тал/, Гэрч Б.Мийн өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Н над руу утсаар холбогдоод “манай гэрийн гадаа 3 машин түлшний мод байна түүнийг Орхон аймаг руу богино хугацаанд оруулж борлуулмаар байна, ах нь мод бэлтгэх эрхийн бичгээ хайгаад олохгүй байна, чи наанаасаа мод бэлтгэх эрхийн бичиг хүнээс олоод тээвэрлээд өгөөч” гэхээр нь би Г эгч рүү 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр утсаар холбогдоод “эгчээ танд мод бэлтгэх эрхийн бичиг байгаа гэсэн та тэрнээсээ 5 м3-ыг өгөөч” гэхэд Г эгч зөвшөөрөхөөр нь би Н ахад “олчихлоо та Хялганат тосгоны ойн ангийн даргад хэлээд мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг авчих” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-39 тал/,

Гэрч Д.Ггийн өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр “9996 дугаартай Сэлэнгэ сумын 3-р багийн залуу байна. Танд түлээний гоожин буюу мод бэлтгэх эрхийн бичиг байгаа гэсэн тэрнээсээ та 5 м.кубыг өгөөч, би Орхон аймаг руу түлшний мод оруулж хүнд өгөх гэсэн юм” гэж гуйхаар нь би зөвшөөрч 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр дахин залгаж “гарал, үүслийн гэрчилгээгээ бичүүлэх” гэсэн юм гэхээр нь “өнөөдөр амралтын өдөр, ойн ангийн дарга Н бичиж өгөхгүй байхаа” гэхэд “за би хэлээд үзье” гээд утсаа салгасан. Удалгүй Н дарга над руу залгаж “3 дугаар багийн залуу ирсэн, гарал үүсгийн бичиг бичүүл гэсэн юм уу” гэж надаас асуухаар нь “тиймээ даргаа, бичээд өгчих” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-41-42 тал/,

Гэрч Д.Иийн өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 09-ний орой 18 цагийн үед манай сумын залуу Б.Н над руу утсаар холбогдоод “түлээний модны гарал хянуулах гэсэн” юм гэхээр нь “за модоо аваад хүрээд ир, тэгээд хянаад өгье” гэж хэлэхэд “энэ машин танай тэнд очоод эргэн ирж болохгүй тул та ирээд үзээч” гэхээр нь би очоод харахад түлшний мод гэрийнхээ гаднаас ачих гээд ирсэн байсан. Модыг харахад 30 м.куб хүрэхгүй бага мод байхаар нь “энэ мод чинь хэмжээндээ хүрэхгүй байна шүү” гэхэд “хамаагүй та 30 м.кубээр нь хянаад өгөөч” гэхээр нь гарал үүслийн гэрчилгээг хянаж өгсөн. ...“Намрын буудай” ХХК-ийн мод явж байна гэж бодсон. Мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ зэрэг нь “Намрын буудай” ХХК-н нэрээр бичигдсэн байсан болохоор” гэх мэдүүлэг /хх-44-45 тал/,

Гэрч М.Нын өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Сэлэнгэ сумын 3 дугаар багийн иргэн Б.Мэ 14 цагийн үед ******** дугаарын утсаар залгаж “Г эгчийн гоожин буюу мод бэлтгэх эрхийн бичгээс гарал үүслийн гэрчилгээ бичүүлэх гэсэн юм” гэхээр нь Гтай утсаар холбогдож “Мэ ярьж байна танай гоожингоос гарал бичүүлье” гэж байна гэхэд Г “тиймээ даргаа, гарал бичээд өгөөч” гэхээр нь 17 цагийн үед Н гэх залуу орж ирээд “Намрын буудай” ХХК-ийн 047604 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгээс 10 м.куб, 047607 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгээс 20 м.куб, нийт 30 м.куб шинэс төрлийн түлээг 0015975 дугаартай мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ бичиж олгосон юм” гэх мэдүүлэг /хх-47-48 тал/,

Булган аймгийн Х сумын Хялганат тосгон дахь сум дундын ойн ангийн шинжээчийн экологи эдийн засгийн хохирлыг тооцсон “Шинжлэгдэж байгаа мод нь шинэс төрлийн хуурай мод байв. Уг мод нь түлшний хуурай 168 ширхэг, 1.5 метрийн урттай, нийт 18.1835 м3 мод байсан ба 1 м3 модны үнэлгээ 80312 төгрөг, нийт 1460353 төгрөг болж байна” гэх 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дугаартай дүгнэлт /хх-54 тал/,

Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн байгаль экологид учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцсон “Булган аймгийн Х сумын 1 дүгээр багийн “Хөх даваа” гэх газарт зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модонд экологи эдийн засгийн үнэлгээ нь 1.460.353 төгрөгөөр тогтоогдсон бөгөөд уг үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т тус тус зааснаар 3 дахин өсгөж тооцоход 4.381.059 төгрөг болж байна” гэх 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн дүгнэлт /хх-58 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.Нын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “Булган аймгийн Х сумын 1 дүгээр багийн нутаг “Хөх даваа” гэх газраас би 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн эзэмшлийн **-* БУЛ улсын дугаартай цэнхэр өнгийн “Киа пронтер” загварын тээврийн хэрэгслээр мод бэлтгээд Булган аймгийн Х сумын 3 дугаар багт байх өөрийн гэртээ буулгасан. Дараа нь 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр мөн 01 дүгээр сарын 04-ний өдрүүдэд тус бүр нэг удаа “Хөх даваа” гэх газраас мод бэлтгээд өөрийн гэртээ буулгасан. 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 04-ний өдрийн хооронд бэлтгэсэн модоо Орхон аймаг руу зарах гээд 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Булган аймгийн Х сумын Хялганат тосгоны ойн ангийн дарга Наас Булган аймгийн Х сумын “Хандгайт” гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиг авсан. Гэртээ буулгасан байсан модоо ачих гэж байхад Булган аймгийн Х сумын Хялганат тосгоны экологийн байцаагч Э.Ганзориг хүрч ирж саатуулсан. Би 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 04-ний өдрийн хооронд мод бэлтгэхдээ мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй мод бэлтгэсэн нь үнэн. Би мод бэлтгэж тээвэрлэхдээ ашигласан **-** БУЛ улсын дугаартай цэнхэр өнгийн “Киа Пронтер” загварын тээврийн хэрэгслийг 2015 онд танихгүй хүнээс 2 сая төгрөгөөр худалдан авч байсан” гэх мэдүүлэг /хх-94 тал/ зэрэг шууд болон шууд бус нотлох баримтуудаар Хттай нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд Хттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч, гэрч нарын өгсөн мэдүүлэг,сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газарт болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө зэрэг нь шүүгдэгч Б.Нын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бусаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Н нь эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй мод бэлтгэсэн байна.

Шүүгдэгч Б.Н нь улсын ойн сан бүхий газарт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн шинжтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Б.Н нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Ныг 2021 оны 1 дүгээр сарын 02-оос 04-ний өдрүүдэд **-** БУЛ улсын дугаартай “Киа Пронтер Бонго” загварын тээврийн хэрэгсэл ашиглан Булган аймгийн Х сумын 1 дүгээр багийн нутаг “Хөх даваа” гэх 168 ширхэг буюу 18.1835 м3 шинэс төрлийн түлшний мод бэлтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Нын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 1460353 төгрөгийн шууд хохирол /хх-54 тал/ учирсан нь Булган аймгийн Х сумын Хялганат тосгоны ойн ангийн инженерийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т тус тус заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж

4.381.059 төгрөгийн /хх-58 тал/ хохирол, нөхөн төлбөр тооцсон байх бөгөөд шүүгдэгч Б.Н нь уг нөхөн төлбөрөөс 1200000 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд төлсөн баримтаа шүүхийн хэлэлцүүлэгт нотлох бхримтаар ирүүлсэн байна.

Иймд шүүгдэгч Б.Наас хохирлын үлдэгдэл 3181059 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд шилжүүлэхээр шийдвэрлэв.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Ныг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Нын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хэргийн **-** дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар, “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХХК Булган аймгийн газрын даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч

Б.Н нь ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн хамт Булган аймгийн Х сумын

3 дугаар багийн Хонгор Өндөрийн 1 дүгээр гудамжны 6 тоотод амьдардаг, “Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компаний Булган аймгийн газрын  Х суман дахь салбарын гэрээт ажилтан ажилтай, урьд ял шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Нын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлын зарим хэсгийг төлж, үлдэх хэсгийг төлөхөө илэрхийлж байгаа зэрэг түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрлийг сонгож, 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус зохицуулсан байна.

Хэрэгт мөрдөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч Б.Нын эзэмшлийн 2000000 төгрөгийн үнэлгээ бүхий **-** БУЛ улсын дугаартай “Kia Frontier bongo” загварын тээврийн хэрэгсэл; гэмт хэрэг үйлдэж олсон 18.1835 м3 хэмжээтэй, тайрч бэлтгэсэн 168 ширхэг шинэс төрлийн түлээний хуурай мод зэргийг тус тус хурааж, үнийг хохиролд тооцуулахаар Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 135000 төгрөгийн үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн хар өнгөтэй, зүүн талдаа ногоон өнгийн маниултай, баруун талдаа улаан өнгийн тагтай “YAMAHA” гэсэн бичиглэл бүхий цахилгаан хөрөөг хурааж, үнийг улсын орлого болгож, энэ хэрэгт шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдоогүй, иргэний нэхэмжлэгч гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч М овогт Бгийн Ныг Эрүүгийн хуулийнтусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснааршүүгдэгч Б.Ныг 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг анхааруулсугай.
  4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэхтогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэххэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч Б.Наас байгаль экологид учруулсан хохирол 3181059 /гурван сая нэг зуун наян нэгэн мянга тавин ес/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгосугай.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 5 дахь хэсэгтзаасныг журамлан мөрдөгчийн 2021 оны 01 дугаар сарын 12-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч Б.Нын эзэмшлийн 2000000 /хоёр сая/ төгрөгийн үнэлгээ бүхий **-** БУЛ улсын дугаартай “Kia Frontier bongo” загварын тээврийн хэрэгсэл; гэмт хэрэг үйлдэж олсон 18.1835 м3 хэмжээтэй, тайрч бэлтгэсэн 168 ширхэг шинэс төрлийн түлээний хуурай мод зэргийг тус тус хурааж үнийг хохиролд тооцож, Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгуулахаар Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 135000 /нэг гучин таван мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн хар өнгөтэй, зүүн талдаа ногоон өнгийн маниултай, баруун талдаа улаан өнгийн тагтай “YAMAHA” гэсэн бичиглэл бүхий цахилгаан хөрөөг хурааж, үнийг улсын орлого болгосугай.
  8. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Наас хэрэг хянан шийдвэрлэхажиллагааны зардал нэхэмжлээгүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, иргэний нэхэмжлэгч санал, гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ЦЭРЭНХАНД