| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Донийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 163/2021/0053/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/68 |
| Огноо | 2021-03-18 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЦТ/68
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч Э.Г,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Б,
Шүүгдэгч Ж.О, түүний өмгөөлөгч Р.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.От холбогдох эрүүгийн 2015000000245 дугаартай, 163/2021/0053/Э индекстэй хэргийг 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогтой Жын О, 1996 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот Багануур дүүрэгт төрсөн, эмэгтэй, 25 настай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Их тойруу **-** тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, тусгай дунд боловсролтой, график дизайн мэргэжилтэй, ам бүл 2, хүүхдийн хамт амьдардаг. Урьд ял шийтгүүлж байгаагүй. /РД:У ******** / Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.О нь 2020 оны 9 дүгээр сараас 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд байнгын шинжтэй өөрт нь болон өөрийн ойр дотны хүн болох хүү О.Тгийн бие махбодь, сэтгэл санааны дарамтанд орсны улмаас сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдан, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хамтран амьдрагч Х.Быг Тоз-8 загварын буугаар толгойн тус газарт 2 удаа буудаж, хоолойд нь 1 удаа хутгалж алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 16 нас хүртлээ өвөө, эмээ дээрээ өссөн. Өвөө, эмээгээ өнгөрснөөс хойш ээж, эгч дээрээ өссөн.
Энэ хугацаанд бие болоод сэтгэл санааны хүчирхийллийг үзээгүй. 2019 онд талийгаач манай компанид жолоочоор ажилладаг болсон. 2020 оны 7 сараас ойр дотно болж 8 сард тусдаа гарсан. 9 сард бэр гуйж авсан. Тэгээд 6 настай Тэ хүүгээ аваад ирсэн. 9 сарын сүүлээр зүүдээ их ярих болсон. Тэгээд өглөө сэрээд хэрүүл гуйдаг байсан. Эхлээд тоодоггүй байсан. Сүүлдээ хүүг маань муухай хардаг болсон. Сүүлдээ өглөө босоод цохидог, хоолой боодог болсон. Гэрийнхэндээ хэлнэ гэхээр хэллээ гээд чи яах юм гэж сүрдүүлдэг байсан. Хадам ээжтэй нийлүүлж зодно гэж хэлж байсан. Би ээждээ гар хүрдэг гэж мэдээгүй. Хадмын гэрт ороод зуух руу өшиглөх, хадам ээжийг цохих, хийсэн хоолыг нь асгаж, цутгах байдлаар өнгөрдөг байсан. Би 2 удаа машинаар зугтаж үзсэн. Эхний удаа хүүгээ аваад, дараагийн удаа хүүгээ орхиж зугтаж үзсэн. Буцаад очиход хүүг маань зодсон байсан. 10 сараас хүүг маань надтай ойртуулдаггүй байсан. Хадам ээж, дүү нартайгаа энгийн яриагаар ярих гэхээр намайг мууллаа гээд биднийг хооронд нь яриулдаггүй байсан. 10 дугаар сарын дундуур өвөлжөөнд бууснаас эхлээд цэрэгт хүн яаж даралж, тамлах талаараа ярьдаг байсан. Биднийг дуу дуулуулаад дуугаа зогсоовол бэлхүүснээс доош ташуурддаг байсан. Бидэнтэй байнга харааж зүхэж харицаж байсан. Цэргийнхээ юмыг яриад эхнээс нь алгадаад унасныг нь өшиглөдөг байсан. Хүүгээр маань гар, хөлөө их бариулж атгуулаад муу барилаа гэж шийтгэж зоддог байсан. Хамаг биеэ сүүлний тосоор тослоод үлдэгдлийг нь хүүгээр маань идүүлж, хөлийн хуруугаа хүүгээр маань долоолгодог байсан. Бас газар хоол асгаад хоолоо хүүгээр маань түүлгэж идүүлдэг байсан. Гадаа хүйтэн байхад хүүг маань нимгэн хувцастай гүйлгэдэг байсан. Шөнө сэрэхээрээ бүгдийг нь сэрээгээд гадаа зогсоодог байсан. Хүү маань гүйж байгаад хамгийн ард нь үлдэхээр дэвсээд байдаг байсан. Хадам ээжийг ч гэсэн муухайгаар харааж зүхдэг байсан. Биднийг байнга хараадаг байсан. Өмнө нь өөрөө Баянзүрх дүүрэгт замын цагдаа хийдэг байсан гээд гав байдаг байсан ба намайг гавлаад машинаар чирж байсан. Ээжийгээ нэг удаа машины урд гүйлгэж байсан. Биднийг үхэх өдрийг ойртож байна гэдэг байсан. Ийш тийшээ явахдаа дүү нараараа байнга сахиулдаг байсан. Сахихгүй бол та нарыг тамлаж хоолгүй хонуулж гадаа хонуулна гэдэг байсан. Бидэнд үгийг нь сөрөх ямар ч эрх байхгүй байсан. Тайван унтах эрх байхгүй. Бэлгийн хүчирхийлэл байдаг байсан. Жижиг ундааны сав 2 удаа миний эмзэг эрхтэн рүү хийх гэж оролдож, би арай гэж болиулж байсан. Жирэмсэн болох цаг болоогүй байхад жирэмсэн болсонгүй гэдэг байсан. Жирэмсэн болсноос хойш хүүхдээ харна гээд эмзэг эрхтэн рүү хуруугаа хийж байсан. Дараа нь чамайг зулбуулчихаад доороосоо даараад өөрөөсөө болж зулбасан гэж хэлнэ гэж байсан. Миний гар утас, бичиг баримт гээд бүх зүйлийг хурааж авдаг байсан болохоор хүнтэй ярих боломжгүй байсан. Намайг цагдаад хэлнэ гэхээр хүнд хэллээ гээд чи яах юм, эргэж гарч ирээд олж аваад ална гээд байдаг байсан. Надад айх юм байхгүй, би хийнэ л гэсэн бол хийнэ гэдэг байсан. Бас гэрийнхэндээ мэдэгдэх юм бол ахыг чинь шоронд оруулаад, эгчийг чинь шоронгоос гарсан хүмүүсээр хүчиндүүлнэ гэж айлгаад байдаг байсан. Намайг амиа хорломоор байна уу? хэрэв чамайг юм уу хүүг чинь үхэх юм бол гэртэйгээ хамт шатаана гэдэг байсан. Хүүг маань сургуульд оруулахгүй гэдэг байсан. Биднийг яаж тамлах вэ гэдгээ байнга бодож байна гэж ярьдаг байсан. Намайг яаж тамлахаа бодох нь сайхан байдаг гэж байнга орилж, инээж ярьдаг байсан. Тэгж бах, таваа хангадаг байсан. Зүрхэнд орсон айдас, бие санааны болоод сэтгэл санааны айдсыг би бүгдийг мэдэрсэн.
Ээжийгээ ч хайрлахгүй, миний гэдсэнд байгаа хүүхдийг ч хайрлахгүй байхад намайг болон хүүг маань хайрлахгүй. Биднийг тамлаж байхдаа байнга аз жаргалтай байдаг. Эрүүл байхдаа тэгдэг байсан. Архи хэрэглэх юм бол тайван унтана гэсэн ойлголт байхгүй. Би одоо ч гэсэн маш айдастай байнга зүүдэлж байна. Гадуур явахдаа энд тэндээс гараад ирэх байх гэж айж байна. Би сайхан амьдрах гэж, хүүхдээ сайхан аавтай болгож өсгөх гэж ирсэн. Бүх юм болно бүтнэ гэж ирсэн, бүх зүйл худлаа байсан. Талийгаач нөхөр маань хэнээс нь мэдэгдэхгүй бэлгийн замын халдварт өвчин тараасан байсан. 11 дүгээр сарын сүүлээр шинжилгээ өгөхөд хэвийн байсан. 2021 оны 1 дүгээр сард өвчин авсан нь илэрч гарч ирсэн. Эмч 12 сард туссан байна гэсэн. Надад сэтгэл санааны хүнд цохилт болж байна. Хэрэг болсон өдрийн хувьд 12 дугаар сарын 08-ны өглөө хадам ээжтэй бензин авна гээд сумын төв явсан. 12 цагийн үед их ууртай ирсэн. Замдаа ээжийг зодож байгаад ирсэн байсан. Биднийг ална гэж хараагаад байсан. Ээжийн гэрт орж ширээг нь өшиглөөд архи нэхэж уусан. Хүү рүү маань ундаа шидээд толгойг нь хагалсан. Удалгүй гарч яваад О гэх ахтай үдээс хойш ирээд Оыг явсны дараа унтлаа гээд ээжийн гэрт хэвтсэн. Архиа гарахаар та нарыг алж өгнө өө гээд байсан. Унтахаасаа өмнө хоолойг маань боогоод хүүг чинь 4 мөчийг нь цоолж байгаад унинд өлгөөд та нарт цусыг нь уулгаж үзүүлнэ. Та нар харж байгаарай гэж инээгээд унтсан. Өмнө нь нэг удаа хүү рүү маань хутга авч дайрч байсан болохоор хүүг маань алах байх гэж айж байсан. Ер нь хэлснээ хийдэг болохоор нь сэрэх юм бол хийнэ гэснээ хийх байх гэж бодогдоод толгой дүүрээд, босч ирнэ гэхээс нь маш их айсан. Нүдэнд хүү маань харагдаад яах бол гэж айгаад хүүгийн маань дуу нь чихэнд сонсогдоод байсан. Сэрээд хүү бид хоёрыг алах байх гэж бодсон. Надад цаг харах сөхөө байгаагүй. Хүүгээ нөгөө гэрт орж тоглоомоор тогло гэж оруулсан. Хүүгээ харахад хүртэл хэцүү байсан. Тэгээд нэг мэдэхэд би буугаа бариад зогсож байсан. Би тэрнээс хойш юу ч санахгүй байна. Би өөрөө л үхмээр санагдаж байсан. Хадам ээж, дүү хоёр гаднаас орж ирээд охин минь зүгээр үү гэхээр нь юу болсноо харсан. Би нөхрийгөө буудна гэж бодоогүй. Тэгсэн 2 удаа буудаад, нэг удаа хутгалсан байсан гэх мэдүүлэг.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Энэ өдрийг дурсахаас айж байна. Миний охин нэг ч зүйлийг худал хэлээгүй. Би бэр охиноо аварчихаад өөрөө ч хамаагүй үхнэ гэж бодож байсан. Энэ охинтой суугаагүй байхад 2 дүүгээ малд явж байхад нь хээр гаргаж зодохоор нь дүү нарыг нь өмөөрөхөөр тэрнээс болоод намайг зоддог байсан. Эхлээд өглөө нь сайхан амарсан уу гэж орж ирээд 10 минутын дараа бүх ааш нь хувирч бидэнд уураа гаргаж эхэлдэг байсан. Энэ охин зан ааш сайтай ба амьдарч байх хугацаандаа ямар хэцүү амьдарч байгааг нь хараад өрөвдөж байсан. Хүүдээ хүний охин үр авч ирчихээд сайхан амьдарч болохгүй бол хүргэж өг гэхэд уурлаж байсан. Би хүүдээ ээж хүний хувиар үг хэлэх эрхгүй байсан. Хэн нэгнийг нь өмөөрөх юм бол намайг зоддог байсан. Энэ охин амьдарч байхдаа хань шиг нь байсан. Надаас хүртэл хүүг маань өмөөрч байсан. Бид 2 ярих эрхгүй байсан. Амьдрал нь сайхан байсан бол ууган хүү маань зүгээр төрөх байсан. Төв ороод буцаж явахдаа машин дотор охиноос өө хайгаад байхаар нь алддагүй хүн байхгүй, тамхи татлаа гээд хүн уурлах юм байхгүй шүү дээ гэж хэлж байсан. Би энэ охинд буруу өгмөөргүй байна. Миний хүүгийн үрийг тээж байгаа хүнийг буруутгамааргүй байна. Хэрэг болдог өдөр охиныг алуулчих болов уу гэж бодоод, яаж зодуулах бол гэж бодож байсан. Бидний бүх утас хураалгаастай байдаг байсан. Би айлд орох ч эрхгүй, хэрэв утсаар ярих юм бол өөрөө залгаж өгч яриулчихаад буцаагаад утсыг маань авдаг байсан. Хэрэг болсон өдөр Тэ хүүд нэг ундаа авч ирчихээд, дахин, дахин толгой руу нь шидсээр байгаад толгойг нь хагалсан. Замдаа эхнэрээ, хүүтэй нь хамт ална гээд байсан. Ирээд замдаа ярьж байсан бүх зүйлээ хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүн шууд хүн алахаар хүн биш. Манай хүү биднийг байнга дарамталж байсан. Хүү маань цэргээс ирээд их ширүүн болсон. Цэргийн яргаллыг 2 дүү нь маш ихээр амссан. Өөрөө нас бараад үлдсэнийг нь ийм байдалд хүргэнэ гэж бодсонгүй. Сая охинтой гадаа таараад уучлалт гуйхаар нь сэтгэл сонин боллоо. Энэ охины амьдрал их хатуу байсан. Хүүхэдтэйгээ маш их зовлон амссан. Охиныг зодох болгонд тогтмол өмгөөлөх, хамгаалах замаар хамт зовж байсан. Охин маань тэр үед асар их хэмжээгээр хямарсан байсан. Намайг орж ирэхэд юу хийснээ мэдэхгүй зогсож байсан. Хүний үрийг хүү маань тэнхээ мэдэн зовоосон болохоор гомдолгүй. Нэхэмжлэх зүйлгүй. Эцсээ хүртэл амьдрахын төлөө яваад ийм зүйл болсон болохоор нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг.
Мөрдөн шалгах ажиллагаанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Бгийн өгсөн: “...Талийгаач Х овогтой Б миний ууган хүү байгаа юм. 2020 оны 8 дугаар сарын 10-ны үеэр мал маллаж, хөдөө амьдарна гээд О гэх эмэгтэйтэй цуг ирсэн. Уг эмэгтэйг миний эхнэр гэж танилцуулсан. Тэгээд буцаж Улаанбаатар яваад ирэхдээ 6 настай Т гэх хүүг миний дагавар хүү гээд авч ирсэн. Тэгээд 2020 оны 9 дүгээр сард Оийг ар гэрээс нь хадаг тавьж гуйж ирсэн. Тэрнээс хойш мал маллаж амьдарч байсан. 2020 оны 12 сарын 08-ны өглөө 08 цагт боссон. Тэгээд гэр орныхоо ажлыг хийж байхад талийгаач “сумын төв орж бензин тос аваад саахалтын буяны ажилд очъё” гэхээр нь “тэгье” гээд сумын төв явсан. Тэгээд төв орж бензин тос ойр зуурын юм аваад 12 цагийн үед гэртээ ирсэн. Бид хоёрыг ирэхэд хонь бэлчиж байсан. Ирж явах замдаа эхнэр, хүү хоёрыг хашраана гээд уурлаад байсан. Би яасан талаар асуухад хэлэхгүй уурлаад яваад байсан. Ирээд манай гэрт ороод сууж байхдаа Оийг ороод ир гэж дуудсан. Оийг ороод ирэхэд нь өр шир ихтэй байхад гэх мэтээр аар саархан юмаар шалтаглан хэрүүл хийхэд нь О нь юм ярихгүй дуугүй байгаад байсан. Тэгтэл жижиг савтай ундаа авч О болон хүүхэд, над руу шидсэн чинь хүүхдийн толгойг оносон. Хүүхдээр авахуулж дахин, дахин шидээд байсан. Гэтэл гаднаас бага хүү болох Б орж ирэхэд нь зүүн талын шүүгээний хажууд архи байгаа аваад ир гээд 0.5 литрийн Ерөөл архи байсныг авахуулж ганцаараа уусан. Тэгээд тал архиа аваад өөрийнхөө машиныг унаад явсан. Буцаж 17 цагийн үед О гэх залуутай хүрээд ирсэн. Тэгээд авчирсан пиво манайд хувааж уусан. Тэгээд О нь яваад өгсөн. Талийгаач хэвтэж байгаа газраа гудас дэвсүүлээд гутал хувцасыг нь О тайлсан. Тэгж байхад талийгаач эхнэрээ янз янзаар алах зодох тухай яриад байсан. Тэгээд унтаад өгсөн. Тэгээд 19 цаг 30 минутанд би зурагтаа асаагаад гэрээсээ гарсан. Хоёр хүү гадаа мал ахуй гээд байж байсан. Гэрт талийгаач болон О 2 үлдсэн. Оийн хүү өөрийн гэртээ тоглоод байж байсан. Тэгээд гадаа салхи ихтэй байж байхад аяга хагарч байгаа юм шиг чимээ гарахаар нь би талийгаач юм шидсэн юм байх гэж бодоод хэсэг гадаа байж байгаад гэртээ ортол гэрийн баруун талын орны дэргэд талийгаачийн аавын үлдээсэн буу байж байсан. О нь гэрийн баруун хойморт уйлчихсан зогсож байсан. Талийгаач хүү хэвтэж байсан газраа унтаж байгаа бололтой хэвтэж байсан. Би Оээс “яагаад уйлсан юм, юу болов” гээд талийгаачийн хөл тушаа зогсож байхад цус урсаад гараад ирсэн. Тэгэхээр нь “юун цус вэ?” гээд талийгаачийг дуудаж, татаж толгойг нь барьхад ямар нэгэн хөдөлгөөн хийгээгүй. Тэгээд сүлжээ ордог газар очоод цагдаад дуудлага өгсөн. …Яагаад эхнэр, хүүхдээ зодоод байдгийг нь мэдэхгүй. Миний мэдэхээр намар 8 сарын сүүлээр О нь машиныг нь аваад сумын төв орж ээжээсээ дансаар мөнгө аваад пиво авч уугаад үлдсэн пиво аваад ирсэн байсан. Тэрнийх нь тооцоо гээд байнга шахуу зоддог байсан. …Өнөөдөр баруун гар руу гараараа цохиод хөхрүүлчихсэн. Надад талийгаач Оийг өмөөрлөө гээд гар хүрдэг. Бид нарыг гадагшаа хэнтэй уулзаж байгааг хянаад цагдаад хандах боломж олгодоггүй байсан. …” гэх мэдүүлэг /хх-37-38 тал/,
Гэрч Х.Дын “...2020 оны 12 дугаар сарын 08-ны өглөө 11 цагийн үед унтаж байгаад боссон. Намайг босоход манай ээж Б, ах Б нар Булган аймгийн Хсумын төв орох гээд Б ахын тээврийн хэрэгсэлтэй явсан. Тэгээд би хонио гаргаад гэрийн ажлаа хийж байхад 13 цагийн үед ээж болон Б ах нар буцаад сумын төвөөс ирсэн. Б ах гэртээ ирсэн хойноо өөрийн эхнэр Отэй хэрүүл маргаан хийгээд байсан. Би юунаас болж хэрэлдэж маргалдаад байгааг нь мэдээгүй. Тэгээд би хониндоо явж байгаад өдөр 16 цаг 30 минутын үед ирэхэд ах Б, О гэх саахалт айлын ахтай хамт манай гэрт нэлээн согтуу сууж байсан. О ах явахдаа Б ахыг авч явах гээд байсан боловч ах яваагүй. Тэгээд би О ахыг гэрт нь хүргэж өгөөд буцаад ирэхэд Б ах унтах гээд хэвтэж байсан ба эхнэр О нь уйлчихсан байдалтай байсан. Би тухайн үед гэрээс нь гараад морио аргамжчихаад буцаад гэр рүү явж байхад манай ээж Б миний урдаас гүйж ирээд “О эгч чинь ахыг чинь буудчихлаа хоёулаа явж түргэн дуудах хэрэгтэй байна, хурдлаарай” гэсэн. Би гэртээ ороогүй машинаа асаагаад ээжийг суулгаад явсан. Тэр 2 ойр ойрхон муудалцаад байдаг. Ер нь эхнэр, хүүхдээ их зоддог байсан. ...Ах, эгч хоёр ер нь байнга л хэрэлддэг, их хэцүү байдаг. Эгч хэрэлдэхээрээ амиа хорлох талаар ярьдаг байсан. Ах эгчийг зодохоор, эгч цагдаа дуудах гэхээр ах машины түлхүүр болон утас зэргийг нь авчихаад өгдөггүй байсан. Тэрнээс болоод цагдаа дуудаж чаддагүй байсан байх. ...Цэргийн албаа сайн хаагаад 2017 оны 10 дугаар сард цэргээс халагдаж гэртээ ирсэн. Гэртээ ирснээс хойш ах маань гэр бүлийнхэндээ харгис ханддаг болсон. Жишээлбэл жижиг алдаа гарахаар загнаж алгаддаг болсон. Намайг адуу малдаа явахгүй байна гээд хээр явж байхад хувцас тайлж байгаад зоддог байсан. Энэ үед ээжийг арай зоддоггүй байсан. Цэргээс ирээд бүр цэргийн яргалал яриад бид хэдийг зодож дарамталдаг болсон. ...” гэх мэдүүлэг/хх-27-32 тал/
Насанд хүрээгүй гэрч Х.Бын: “...2020 оны 12 дугаар сарын 08-ны өглөө төрсөн ах Б, ээж Б хоёр машинтай сумын төв орчихоод өдөр ирсэн. Цагийг нь хэлж мэдэхгүй байна. Ах өдөр гэрт ирэхдээ эрүүл ирсэн. Ах өдөр ирчихээд ээж Б, эгч Одноо, Оэгчийн хүүхэд Тэ нарт уурлаад байсан. Уурлаж байгаа шалтгааныг нь би ойлгоогүй. Ер нь байнга л Б ах учир зүггүй уурлаж уцаарлаж байдаг юм. Тэгээд уурлаж байгаад 2 хоночихоод тайвирч байгаад ирнэ гэж хэлээд ганцаараа гараад явсан. Гэрээс явахаасаа өмнө гэртээ байсан нэг шил архинаас жаахан ууж байгаад үлдсэн архиа аваад гэрээс машинтай явсан. Хаашаа явсныг нь мэдээгүй. Тэгээд байж байтал орой нар жаргахын өмнөхөн цагийг нь хэлж мэдэхгүй байна. Б ах О ахын Портер машинтай гэртээ эргэж ирсэн. Ах гэрт ирэхдээ нэлээд согтуу байсан. Өдөр Б ах гэрээс гарахдаа надад “гэрийн тоононы онгорхойг гялгар цаасаар бөглөөрэй” гэж хэлээд явсан. Би гэрийнх нь тоононы нүхийг гялгар цаасаар бөглөөгүй байсан. Тэгээд ахыг орой ирэхэд нь гэрийн тоононы нүхийг гялгар цаасаар бөглөөгүй гээд зодох байх гэж бодсон чинь эгч Одноог дагуулаад баруун талын гэрт орсон. О гэр лүү ах, эгч хоёртой хамт орсон. Тэгээд би ахын гэрт үлдэж тоононы гялгар уутыг нь олж бөглөчихөөд хойноос нь баруун талын гэрт орсон. Намайг гэрт ороход О ах гэр дотор байх ширээний хажууд пиво аягалаад байж байсан. Оэгч гэрийн зүүн талын орон дээр сууж байсан. Б ах болохоор зүүн талын орны хажууд сууж газарт сууж байсан /буудуулсан газартаа сууж байсан/. ...Пиво ууж дуусаад О ах “Дыг би аваад явлаа, айлын гадаа машинаа орхичихсон бариулна” гэж хэлсэн. Тэгээд Дыг О ах аваад явсан. Дараа нь ээж Б ахад газарт гудас дэвсэж, хөнжил өгсөн. Тэгээд гэрийн зүүн талын орны дээд хэсэгт газарт унтсан. Гутлаа жижиг ширээний урд тавиад, гадуур хувцсаа тайлж тавиад хэвтсэн. Гудсан дээр 5-10 минутад хэвтчихээд Оэгч рүү хандаж хүнтэй хардсан маягтай загнаад, пиздаа минь гээд доромжлоод байсан. Тэгж байгаад ээж бид хоёрыг гэрээс гар гээд хөөсөн. Тэгэхээр нь би хонь, үхрээ хашсан. Ээж хоол, унд хийх гээд нөгөө гэрт орсон. Тэгээд намайг үхрээ хашчихаад жижиг гэрт очоод Б ахын гэрт очиход Оэгч гэрээс уйлж гарч ирэхээр нь юу болсон юм бол гэж бодоод гэрийн дотор тал руу харсан чинь Б ах нөгөө хэвтэж байсан газартаа зүүн тал руу харчихсан ухаангүй бололтой, хамарнаас нь цус гарчихсан хэвтэж харагдсан. Ээж гэрт ороод Б ах дээр очоод ахыг үхсэн байна гэж хэлсэн. Тэгээд ээж цагдаа дуудахаар ах Дтай хамт айл руу явсан. Би гэртээ үлдэж зүүн талын гэрт орсон. Ийм зүйл болж өнгөрсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн **-** тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын физикийн шинжээч Б.Даваанямын №39 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн гол төмрийн ***** дугаартай, замагны 11078 дугаартай ТОЗ-8 маркийн шэлт зэвсгээр буудлага үйлдсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн Х.Бын толгойн ар хэсгээс бэхжүүлж авсан арчдас болон Ж.Оийн баруун гараас авсан арчдасаас тус бүр дарь тортогны үлдэц элементүүд илэрч байна. Шинжилгээнд ирүүлсэн Х.Бын баруун, зүүн гарын арчдас болон Ж.Оийн зүүн гараас авсан арчдас тус бүрт дарь тортогны үлдэц илрэхгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн Х.Бын толгойн ар хэсгээс бэхжүүлж авсан арчдас болон Ж.Оийн баруун гараас авсан арчдасаас илэрсэн дарь тортог нь шинжилгээнд ирүүлсэн бууны гол төмрөөс бэхжүүлж авсан арчдасаас илэрсэн дарь тортогны үлдэц элементүүдтэй адилхан байна.
Буудлагын цаг хугацаа тогтоох шинжилгээ хийх боломжгүй байна...” гэх дүгнэлт
/хх-ийн **-** тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын галт зэвсгийн шинжээч Б.Хийн №29 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн **-** тал/,
Шинжээчийн №147 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн Х.Б 22 нас/ эрэгтэй гэж хаяглан ирүүлсэн цусанд спиртийн агууламж 3.0%, шээсэн 2.7%
илэрсэн. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн **-**тал/, Хүнийбиед хийсэн шүүхэмнэлгийн шинжээчийн№354 дугаартай:”
О.Тгийн биед хөнгөн хохирол учирсан...” гэх дүгнэлт /хх-ийн **-** тал/, Хүнийбиед хийсэн шүүхэмнэлгийншинжээчийн№355дугаартай
“...Ж.Оийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн **-** тал/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №356 дугаартай
“...Б.Бгийн бие хөнгөн хохирол учирсан...” гэсэн дүгнэлт /хх-ийн **-**0 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын мөр судлалын шинжилгээний лабораторын шинжээчийн №30 дугаартай дүгнэлт /хх-ийн 112-114 тал/,
Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №70 дугаартай “...Амь хохирогч Х.Бын цогцост галт зэвсгийн гэмтэл: Гавлын хөндий рүү нэвтэрч их тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулайн дэлбэн, хажуугийн ховдол, чамархайн дэлбэн, дагзны дэлбэн, баруун тал бөмбөлгийн дагзны дэлбэнгийн тархины эдийн бүтцийн алдагдал, няцрал, гадна талдаа толгойн хуйхны дагзны баруун зүүн талын арьсан дээр тортог, эдийн дутагдал бүхий бууны сумны шарх, зүүн духны дэлбэн, зүүн чамархай хэсэг дэх сумны хошуу, зүүн тал бөмбөлгийн духны дэлбэн, чамархайн дэлбэнгийн дээд хэсэг, зулайн дэлбэн, баруун тал бөмбөлгийн духны дэлбэн, зулайн дэлбэн, чамархайн дэлбэнгийн дээд хэсэг хамарсан аалзан хальсан доорхи цус харвалт, гавлын дагз ясны нүхэлсэн хугарал, суурийн урд, дунд, арын хонхорын шугаман олон тооны салаалсан хугарал, дух ясны зүүн хэсэг, зүүн чамархай хэсэг дэх сумны хошуу шаантагласан хугарал цууралт гэмтэл. Хүзүүний баруун талд шарх, булчин, гол судас дагуух зөөлөн эдийн цус хуралт, зүүн сарвууны 4-р хуруунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Амь хохирогчийн биед учирсан гавал ясны хугарал, цуурал, тархины эдийн бүтцийн алдагдал, няцрал, хуйхны шарх, дотор гадаргуугийн цус хуралт гэмтлүүд нь галт зэвсгийн үйлчлэлийн улмаас үүсгэгдсэн байна. Амь хохирогчийн цогцост толгойн хуйхны дагзны баруун, зүүн хэсэгт тортог, зулгаралтын хүрээ, эдийн дутагдал бүхий галт зэвсгийн сум орсон шарх гэмтлүүд тогтоогдлоо. Амь хохирогчийн биед үүссэн толгойн хуйхны дагзны зүүн хэсгийн эдийн дутагдал бүхий галт зэвсгийн сум орсон шарх, хуйхны дотор гадаргууд цагираг хэлбэрийн цус хуралт, дагз ясанд нүхэлсэн хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн дагзны дэлбэн, хажуугийн ховдол, зулай, духны дэлбэнгийн тархины эдийн гэмтэл, дух ясны зүүн хэсэгт сумны хошууны шаантаглал бүхий хугарал цуурал, хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт, нүхэлсэн хугарлаас арагш дээш болон суурийн ар, дунд, урд хонхорын олон тооны салаа үүсгэсэн шугаман хугарлууд, бууны сумны чиглэл нь ардаас урагш, доороос дээш чиглэлтэй байна. Толгойн хуйхны дагзны баруун хэсгийн эдийн дутагдал бүхий галт зэвсгийн сум орсон шарх, хуйхны дотор гадаргууд цагираг хэлбэрийн цус хуралт, дагз ясанд нүхэлсэн хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн дагзны дэлбэн, зүүн тал бөмбөлөг хажуугийн ховдол, чамархайн дэлбэнгийн тархины эдийн гэмтэл, чамархай ясны зүүн хэсэгт сумны хошууны шаантаглал бүхий хугарал цуурал, хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт, бууны сумны чиглэл нь ардаас урагш, доороос ташуу чиглэлтэй байна. Дээрх гавал тархины гэмтлүүд нь амь насанд аюултай, үхэлд хүргэх хүнд гэмтлүүд байна. Амь хохирогч нь дээрх гэмтлүүдийг аваад хөдөлгөөн хийх боломжгүй. Амь хохирогч нь дээрх буудагдсан шарх гэмтлийг толгойн ар талаас хэвтээ, хагас суугаа, босоо байрлалын аль ч үед авах боломжтой. Амь хохирогчийн биед үүссэн хүзүүний баруун хэсгийн шарх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч нь дээрх галт зэвсгийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтлийг өөртөө учруулах боломжгүй. Талийгаач нь галт зэвсгийн гэмтэл: гавлын хөндийрүү нэвтэрч их тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулайн дэлбэн, хажуугийн ховдол, чамархайн дэлбэн, дагзны дэлбэн, баруун тал бөмбөлгийн дагзны дэлбэнгийн тархины эдийн бүтцийн алдагдал, няцрал, талдаа толгойн хуйхны дагзны баруун зүүн талын арьсан дээр тортог, эдийн дутагдал бүхий бууны сумны шарх, зүүн духны дэлбэн, зүүн чамархай хэсэг дэх сумны зүүн тал бөмбөлгийн духны дэлбэн, чамархайн дэлбэнгийн дээд хэсэг, зулайн дэлбэн, баруун тал бөмбөлгийн духны дэлбэн, зулайн дэлбэн, чамархайн дэлбэнгийн хэсэг хамарсан аалзан хальсан доорхи цус харвалт, гавлын дагз ясны нүхэлсэн хугарал, суурийн урд, дунд, арын хонхорын шугаман олон тооны салаалсан хугарал, дух ясны зуүн хэсэг, зүүн чамархай ясны хэсэг дэх сумны хошуу шаантагласан хугарал цууралт гэмтлүүдийн улмаас нас баржээ. Талийгаач нь 2020 оны 12 дугаар сарын 09-ний 05 цагийн цогцост хийсэн гадна үзлэгээр нас бараад **-** цаг орчим болсон байна... гэсэн дүгнэлт /хх-ийн
122-128 тал/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн “...Ж.О сэтгэцийн хувьд эрүүл болно. Магадлуулагч Ж.О нь 2020 оны 12 дугаар сарын 08-нд хэрэг учрал болох үед сэтгэцийн хувьд эрүүл байсан. Магадлуулагч Ж.О нь 2020 оны 12 сарын 08-нд хэрэг учрал болох үед хүчтэй айдаст автан сэтгэл түгшлийн хариу урвал илэрсэн байж болно. Энэ нь түр зуурын сэтгэлзүйн хариу урвал бөгөөд хэсэг хугацааны дараа хэвийн байдалд ордог болно. Ж.О нь үнэн зөв мэдүүлэг өгөх, өөрийн хийж буй үйлдлээ удирдан жолоодох ухамсарлах ойлгох чадвартай, Ж.О нь хэрэг хариуцах чадвартай болно...” гэсэн дүгнэлт /хх-ийн 154-156 тал/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчдын эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.О нь 2020 оны 9 дүгээр сараас 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд байнгын шинжтэй өөрт нь болон өөрийн ойр дотны хүн болох хүү О.Тгийн бие махбодь, сэтгэл санааны дарамтанд орсны улмаас сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдан, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хамтран амьдрагч Х.Быг Тоз-8 загварын буугаар толгойн тус газарт 2 удаа буудаж, хоолойд нь 1 удаа хутгалж алсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Бгийн өгсөн мэдүүлэг /хх-37-38 тал/, гэрч Х.Дын өгсөн мэдүүлэг /хх-27-32 тал/, насанд хүрээгүй гэрч Х.Бын өгсөн мэдүүлэг /хх-43-45 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын физикийн шинжээч Б.Даваанямын №39 дугаартай дүгнэлт /хх-ийн **-** тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын галт зэвсгийн шинжээч Б.Хос-Эрдэнийн
№29 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн **-** тал/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн №147 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн **-**тал/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн №354 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн **-** тал/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн №355 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн **-** тал/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн №356 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн **-**0 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын мөр судлалын шинжилгээний лабораторын шинжээчийн №30 дугаартай дүгнэлт /хх-ийн 112-114 тал/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №70 дугаартай дүгнэлт /хх-ийн 122-128 тал/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн дүгнэлт /хх-ийн 154-156 тал/ зэргээр болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Оийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос шүүгдэгч Ж.О нь 2020 оны 9 дүгээр сараас 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд байнгын шинжтэй өөрт нь болон өөрийн ойр дотны хүн болох хүү О.Тгийн бие махбодь, сэтгэл санааны дарамтанд орсны улмаас сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдан, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хамтран амьдрагч Х.Быг Тоз-8 загварын буугаар толгойн тус газарт 2 удаа буудаж, хоолойд нь 1 удаа хутгалж алсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэхэд шүүгдэгч Д.Оийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1-д зааснаар хэргийг зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Д.Оийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдлоо.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.О нь 2020 оны 9 дүгээр сараас 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд байнгын шинжтэй өөрт нь болон өөрийн ойр дотны хүн болох хүү О.Тгийн бие махбодь, сэтгэл санааны дарамтанд орсны улмаас сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдан, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хамтран амьдрагч Х.Быг Тоз-8 загварын буугаар толгойн тус газарт 2 удаа буудаж, хоолойд нь 1 удаа хутгалж алсан гэх гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1-д заасан өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжлогдсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Ж.Оийн буруутай үйлдлийн улмаас амь хохирогч Х.Б нь “гавлын хөндийрүү нэвтэрч их тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулайн дэлбэн, хажуугийн ховдол, чамархайн дэлбэн, дагзны дэлбэн, баруун тал бөмбөлгийн дагзны дэлбэнгийн тархины эдийн бүтцийн алдагдал, няцрал, талдаа толгойн хуйхны дагзны баруун зүүн талын арьсан дээр тортог, эдийн дутагдал бүхий бууны сумны шарх, зүүн духны дэлбэн, зүүн чамархай хэсэг дэх сумны зүүн тал бөмбөлгийн духны дэлбэн, чамархайн дэлбэнгийн дээд хэсэг, зулайн дэлбэн, баруун тал бөмбөлгийн духны дэлбэн, зулайн дэлбэн, чамархайн дэлбэнгийн хэсэг хамарсан аалзан хальсан доорхи цус харвалт, гавлын дагз ясны нүхэлсэн хугарал, суурийн урд, дунд, арын хонхорын шугаман олон тооны салаалсан хугарал, дух ясны зүүн хэсэг, зүүн чамархай ясны хэсэг дэх сумны хошуу шаантагласан хугарал цууралт гэмтлүүдийн улмаас нас барсан” болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүнийг алсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Ж.Оийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Б нь иргэний нэхэмжлэл гаргаагүй, санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ж.Оийг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Ж.Оийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ж.О нь урьдчилан төлөвлөсөн шинжгүй, гэнэт үүссэн гэмт санаагаар буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, шүүгдэгч Ж.Оийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хор уршиг болон түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч маргаагүй, байнгын шинжтэй гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг байсан, өөрт нь болоод ойр дотны хүмүүст аюул заналхийлсэн, хүндээр доромжлогдсон нөхцөл байдлын улмаас өөрийн үйлдлийг ухамсарлан жолоодох чадваргүй, сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан үедээ гэмт хэрэг үлдсэн, бусдад төлөх төлбөргүй, 6 сартай жирэмсэн, 6 настай хүүгийн хамт амьдардаг зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж энэрэнгүй ёсны зарчимд нийцүүлэн ял шийтгэл оногдуулсан болно.
Энэ хэрэгт шүүгдэгч Ж.О нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, 79 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг хутга, хар өнгийн түрийтэй хос гутал, Боргио гэсэн бичигтэй пивоны сав, цэнхэр өнгийн гудас, улаан шаргал эрээн өнгийн зах хэсгээрээ цацагтай дэр, Мульти нэртэй ундааны сав, галт зэвсгийн сум хийх зориулалт бүхий тэлээ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Тоз-8 загварын галт зэвсэг, 2 ширхэг сумны хонгио, 9 ширхэг сум зэргийг Цагдаагийн газарт шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНБААТАР