Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 304

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

          Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороонд байрлах, Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: Увс аймгийн Зүүнговь сумын 5 дугаар баг, 4-5 тоотод оршин суух, 1993 онд төрсөн, 23 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОД93061618, Цагаагчууд овогт Дамирангийн Мөнх-Эрдэнэд холбогдох,

       Мэргэжлийн ахлагч бэлтгэх төвд суралцсан хугацааны сургалтын төлбөр 1.971.023 төгрөг, дүрэмт хувцасны үнэ 420.644 төгрөг, нийт 2.391.667 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ  нь:

       Нэхэмжлэгч Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн захирагч, хурандаа С.Болдбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ““Цэргийн алба хаагчийн эд хөрөнгийн хариуцлагын тухай”  хуулийн 10.1 дүгээр зүйлд “Шалгалтаар тогтоосон цэргийн албан хаагчийн учруулсан бодит хохирлын хэмжээ нь хохирол учрах үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжид заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээнээс хэтрээгүй бол тухайн цэргийн анги, байгууллагын захирагч /дарга/ шалгалтын дүнг үндэслэн учирсан хохирлыг арилгуулахаар 14 хоногийн дотор эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх тухай тушаал гаргана”, 10.5 дугаар зүйлд “Эд хөрөнгийн хариуцлага хүлээсэн цэргийн албан хаагч цэргээс халагдах, чөлөөнд гарах, цугларалт дуусах үед төлбөрөө төлж дуусаагүй бол үлдсэн төлбөрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжид заасны дагуу төлүүлнэ” гэж заасан байна. Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын 2008 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 75 дугаар тушаалаар баталсан “Ахлагчийн алба хаах журам”-ын 4 дүгээр зүйлд хүний нөөцийн байгууллага нь мэргэжлийн газар хэлтэстэй хамтран хүн нэг бүртэй биечлэн ярилцаж, харилцан тохиролцсоны үндсэн дээр ахлагчийн албанд шинээр авч буй иргэнтэй гэрээг бичгээр байгуулна, 4 дүгээр зүйлийн 7 дахь заалтад алба хаах анхны гэрээг 5 жилийн хугацаагаар байгуулна. Тухайн ахлагчтай гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан нөхцөлд 1 жил ажилласан бол 80, 2 жил ажилласан бол 60, 3 жил ажилласан бол 40, 4 жил ажилласан бол 20 хувиар тооцож сургуульд суралцсан зардлыг төлүүлнэ.  Сайн дураараа төлөөгүй, төлөхөөс зайлсхийсэн тохиолдолд харьяалах анги нь шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлнэ гэж заасан. Д.Мөнх-Эрдэнэ нь Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Б/302 дугаар тушаалаар тус ангид буудагч албан тушаалд томилогдон 2 жилийн хугацаатай ажилллаж байгаад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ахлагчийн түвшин тогтоох үзлэгт хамрагдалгүй, 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс ажил таслан цэргийн дүрэм, сахилгыг удаа дараа зөрчиж, ахлагчийн алба хаагчид тавигдах шалгуур үзүүлэлтийг хангаагүй тул цэргийн жинхэнэ албанаас бэлтгэлээр халагдсан. Цэргийн албан хаагчийн эд хөрөнгийн хариуцлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10-1 дэх заалтыг үндэслэн ангийн захирагчийн 2015 оны А/73 дугаар төлбөр төлүүлэх тухай тушаалыг үндэслэн төлбөр төлөгч Д.Мөнх-Эрдэнэд ангийн захирагчийн 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 329 дүгээр албан мэдэгдлийг түүний төрсөн дүү болох Д.Мөнжаваар дамжуулан хүлээлгэн өгч, батальоны ахлагч тэргүүн ахлагч А.Цэрэнтогтох удаа дараа утсаар холбогдож танилцуулсан боловч, төлбөр тооцоог одоог хүртэл барагдуулаагүй, сайн дураараа төлөөгүй байна. Иймд эд хөрөнгийн тооцоог барагдуулах асуудлыг холбогдох хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

         Хариуцагч Д.Мөнх-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа: “Д.Мөнх-Эрдэнэ миний бие Зэвсэгт хүчний 150 дугаар ангиас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Уг нэхэмжлэлийн шаардлага болох 2.391.667 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ. 

      Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Зэвсэгт хүчний 150 дугаар анги нь хариуцагч Д.Мөнх-Эрдэнээс мэргэжлийн ахлагч бэлтгэх төвд суралцсан хугацааны сургалтын төлбөр 1.971.023 төгрөг, дүрэмт хувцасны үнэ 420.644 төгрөг, нийт 2.391.667 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.        

         Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Мөнх-Эрдэнэ нэхэмжлэгч Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн нэхэмжлэлийн шаардлага болох мэргэжлийн ахлагч бэлтгэх төвд суралцсан хугацааны сургалтын төлбөр 1.971.023 төгрөг, дүрэмт хувцасны үнэ 420.644 төгрөг, нийт 2.391.667 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч Д.Мөнх-эрдэнэ нь нэхэмжлэгч Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлага 2.391.667 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 53.217 төгрөгийг тал хувиар бууруулан тооцож, хариуцагч Д.Мөнх-Эрдэнээс 26.609 төгрөг гаргуулан төрийн санд оруулах нь зүйтэй байна. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

       1. Нэхэмжлэгч Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн мэргэжлийн ахлагч бэлтгэх төвд суралцсан хугацааны сургалтын төлбөр 1.971.023 /нэг сая есөн зуун далан нэгэн мянга хорин гурав/ төгрөг, дүрэмт хувцасны үнэ 420.644 /дөрвөн зуун хорин мянга зургаан зуун дөчин дөрөв/ төгрөг, нийт 2.391.667 /хоёр сая гурван зуун ерэн нэгэн мянга зургаан зуун жаран долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Мөнх-Эрдэнэ хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Мөнх-Эрдэнээс 26.609 /хорин зургаан мянга зургаан зуун ес/ төгрөг гаргуулан Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.

          3. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн  75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                                 Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ