Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/69

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч М.С

Шүүгдэгч М.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.Эад холбогдох эрүүгийн 2115000000071 дугаартай, 163/2021/0067/Э индекстэй хэргийг 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т овогт Мжийн Э /РД: Ф ******** /, 1979 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр О аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ганцаар Булган аймгийн ...ийн “....” гэх газарт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Эын өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг болон эрүүгийн 2115000000071 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн өглөө 10 цагийн үед Булган аймгийн ...ийн “А” гэх газарт оршин суух Бийн гэрт иргэн Б.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдах явцдаа түүний толгойн тус газарт хуванцар сандлаар цохиж толгойд нэг тооны язарсан шарх бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч Б.Бгийн өгсөн: “Би өөрийн хамтран амьдрагч болох Бийн гэрт 2020 оны 06 дугаар сараас хойш ...ийн “****” гэх газар амьдарч байна. Түүний найз Э нь 2020 оны 08 дугаар сард ирж мал маллаад хамт амьдрах болсон. 2021 оны 02 дугаар сарын 06-ны өглөө 10 цагийн орчимд гэрийн хойморт байрлах орон дээр Бийн хамт унтаж байсан. Гэтэл Э урьд шөнө ууж байгаад үлдсэн 200 мл орчим архи нэхээд байсан юм. Тэгээд би архи өгөхгүй гэж хэлэхэд уур нь хүрсэн бололтой намайг орноос босох гээд урагш хараад сууж байхад Э сандал аваад далайхад нь би гайхаж байгаад толгойн тус газраа цохиулсан. Тэгээд толгойноос цус гараад байхаар нь төрсөн дүү Б болон түүний авгай А нарт утсаар залгаж болсон асуудлын талаар хэлсэн. ...Тухайн үедээ 3 оёдол тавиулсан. Одоо ямар нэг байдлаар өвдөж байгаа зүйл байхгүй, ямар нэг гомдол, санал байхгүй ” гэх мэдүүлэг /хх-14-16 тал/,

Гэрч Г.Бийн өгсөн: “Манай ээж Тогоо нь Улаанбаатар хотоос цагаан сарын архи, хүнсний зүйлийг 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр авчирч өгөөд Булган сум руу явсан. Авчирсан архинаас нь найз Этай хувааж ууж дуусаад унтсан. Маргааш нь буюу 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн өглөө 9 цагийн орчим нэг шил Алтантүрүү нэртэй 0.75 литрийн савлагаатай архи Этай хамт уусан. Архи талдаа орж байхад нойр хүрээд байхаар нь унтсан. Тэгээд нэг сэртэл Б, Э нар хоорондоо маргалдаж байсан. Яг юуны талаар ярьж байсныг нь санахгүй байна. Бгийн зүүн талын чихний дээд талын толгойн хэсгээс цус гарсан байдалтай байж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-22-24 тал/,

Гэрч Ц.Аын өгсөн: “Бтай 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 11 цагийн орчим утсаар ярьсан. Б эхлээд манай нөхөртэй утсаар яриад “ирээд аваач” гэж ярьснаа утсаа салгасан. Би араас нь өөрийнхөө утсаар залгаад ярьтал “манай нөхрийн найз намайг толгой руу сандлаар цохиод цус нь тогтохгүй байгаад байна” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-27-29 тал/,

Гэрч Б.Бийн өгсөн: “2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өөрийн гэртээ байж байтал 11 цагийн орчимд ******** дугаараас хун залгасан байсан. Дахиад залгахад манай төрсөн эгч Б байсан. Б нь “намайг Булган аймгийн ...аас ирээд аваач, машин байна уу” гэж асуусан. “Байхгүй, яасан бэ” гэхэд утсаа шууд салгасан. Удалгүй манай эхнэр А  нь Б руу залгасан. Залгаад ярьж дуусаад надад эхнэр маань “Б эгч толгой руугаа хүнд сандлаар цохиулаад цус их алдсан гэж байна. Толгой нь эргээд унах гээд байна ирээд аваач” гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд цагдаад дуудлага өгсөн. Манай эгч Осумын эмнэлэг дээр хүргэгдэж ирээд артерын судас 2 тасарсан байна гээд Булган аймгийн нэгдсэн эмнэлэг рүү авч явахгүй бол болохгүй гэж эмч хэлээд аваад явсан” гэх мэдүүлэг /хх-32-34 тал/,

Гэрч Т.Эгийн өгсөн: “Би 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 11 цагийн орчимд Булган аймгийн ...т Б нь толгойндоо гэмтэл авсан гэх дуудлагаар очиж ажилласан. Намайг очиход толгойноос цус алдсан. Нүүр гарын алчуур шархан дээрээ тавьж алчуур нь цусаар нэвтэрсэн байсан. Би цус тогтоох эмчилгээ хийсэн. Даралтыг үзэхэд дээд даралт 220, доод даралт 160-тай хэвийн хэмжээнээсээ их байсан. ...” гэх мэдүүлэг /хх-3738 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 62 дугаартай: “Б.Бгийн толгойд нэг тооны язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байж болно. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-42-43 тал/,

Шүүгдэгч М.Эын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “2021 оны 02 дугаар сарын 06-ны өглөө 08 цагийн орчимд би сэрчихээд байж байтал Б.Б нь сэрчихсэн Г.Бтэй хамт гэрийн хоймрын орон дээр хэвтэж байсан. Тэгэхээр нь би босоод Б.Бгаас “урьд орой ууж байсан архины үлдсэнийг нь өгөөч” гэхэд “чи юм хумаа амжуулчихаад өдөрхөн тийшээ ав” гэж хэлэхээр нь би “одоо өгчих” гэж хэлтэл “өгөхгүй, юмаа хийчихээд ав. Согтчихвол чи юмаа хийхгүй” гэж хэлээд бид хоёр жаахан маргалдсан юм. Тэгэхээр нь миний уур хүрээд орны урд байсан бор өнгийн жижиг, хуванцар сандлыг аваад Б.Бгийн толгой хэсэг рүү нь цохитол их хэмжээний цус гарсан. Тэгээд Г.Б босож ирээд алчуур авч Б.Бгийн толгойн цусыг тогтоох гээд дарсан боловч цус нь тогтохгүй их хэмжээгээр гарч байсан. Тэгээд удалгүй эмч, цагдаа хоёр хамт орж ирээд эмч Б.Бг үзээд эмнэлэг рүү авч явсан” гэх мэдүүлэг /хх-53 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэрэг нь шүүгдэгч М.Эын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Бгийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч М.Эын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч М.Эын үйлдэл идэвхтэй, хохирогч Б.Бгийн бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч М.Эын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч М.Эыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн өглөө 10 цагийн үед Булган аймгийн ...ийн “А” гэх газарт оршин суух Бийн гэрт иргэн Б.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдах явцдаа түүний толгойн тус газарт хуванцар сандлаар цохиж, толгойд нэг тооны язарсан шарх бүхий хөнгөн гэмтэл учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч М.Эын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй байна.

Хохирогч нь шүүхэд болон мөрдөн шалгах ажиллагаанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч М.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч М.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч М.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Эын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч М.Эад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн **-** дүгээр талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суух хаягийн тодорхойлолт, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа зэрэг баримтуудаар шүүгдэгч М.Э нь ганц бие, Булган аймгийн ...ийн Ар шивэрт гэх газарт найзындаа мал маллан амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч М.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирогчтой эвлэрсэн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 4/30 дугаартай тогтоолоор түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч М.Эын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирогчтой эвлэрсэн, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаварыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч М.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ... биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн хуванцар сандал нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах даалгах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч М.Э нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Т овогт Мийн Эыг Эрүүгийн хуулийнтусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныгбаримтлан шүүгдэгч М.Эыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг анхааруулсугай.
  4. Энэ хэрэгт шүүгдэгч М.Э нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж,шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. Шүүгдэгч М.Э нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянаншийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн өнгийн хуванцар сандал нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Н.Эрдэнэбулганд даалгасугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.ЦЭРЭНХАНД