Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 305

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

           Нэхэмжлэгч: Увс аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 14-04 тоотод байрлах, 2001772 регистрийн дугаартай, “Их барилга-Увс” ХК-д холбогдох,

          Татварын өр 19.440.821 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ  нь:

        Нэхэмжлэгч Увс аймгийн Татварын хэлтсийн дарга Б.Бямбажаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “1996 онд барааны зах болон барилгын дуусгах шатны ажил эрхлэх чиглэлээр үүсгэн байгуулагдсан “Их барилга-Увс” ХК-ийн 2010-2014 оны татварын ногдуулалт, төлөлтийг санхүүгийн анхан шатны баримт болон нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлан, хөндлөнгийн мэдээлэл зэрэг баримт материалд үндэслэн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Цээбумаа, Ц.Пагмаа нар шалгалт хийсэн байна. Уг шалгалтаар нийт 44.118.000 төгрөгийн зөрчил илэрч, уг зөрчилд 4.411.800 төгрөгийн нөхөн татвар, 1.955.845 төгрөгийн алданги, торгууль, нийт 6.367.645 төгрөгийн төлбөрийг 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 150020419 дугаартай актаар 15 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосон байна. Хяналт шалгалтын актаар ногдуулсан татварын өрнөөс нөхөн татварын 1.983.100 төгрөгийг, торгууль алдангийн 1.323.540 төгрөгийн өрийг тус тус барагдуулсан байна. Хяналт шалгалтын актын өрийг болон бусад төрлийн татварын өрийг барагдуулахаар шат дараалсан арга хэмжээг авч, 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр мэдэгдэх хуудас хүргүүлж, Төрийн, Хас, Голомт банкин дахь дансуудыг 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хаасан. Мөн өрийг барагдуулах талаар утсаар дараа мэдэгдсэн. Татвар төлөгч “Их барилга-Увс” ХК нь 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 206 дугаар албан бичгээр татварын өрийг барагдуулах талаар график гарган ирүүлж, үүссэн өрийг 2016 оны 5 дугаар сарын 25-ны дотор төлж барагдуулахаа илэрхийлсэн боловч өнөөдрийн байдлаар хяналт шалгалтын актаар ногдуулсан НӨАТ-ын 2.428.700 төгрөгийн, торгууль алдангийн 632.305 төгрөгийн, агаарын бохирдлын 13.000 төгрөгийн, газрын төлбөрийн 1.064.200 төгрөгийн, нэмэгдсэн өртгийн албан татварын 1.932.349 төгрөгийн, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 843.152 төгрөгийн, цалингийн ашгийн татварын 12.527.112 төгрөгийн, нийт 19.440.821 төгрөгийн татварын өрийг барагдуулаагүй байна. Татварын хэлтсийн зүгээс татварын өрийг барагдуулахаар Татварын ерөнхий хуульд заасан татварын өр барагдуулах шат дараалсан арга хэмжээг цаг хугацаанд нь авч, зохих шаардлагыг тухай бүр тавьж ирсэн. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-д ”Татварын алба нь шүүхэд дараахь асуудлаар нэхэмжлэл гаргана” гэсэн заалтын 28.2.6-д “Хууль тогтоомжид заасан бусад асуудлаар” гэсэн заалтыг удирдлага болгон Татварын ерөнхий хуулийн 62 дугаар зүйлд зааснаар хугацаандаа төлөөгүй татварын өрийг барагдуулах шат дараалсан арга хэмжээний дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргав. Иймд “Их барилга-Увс” ХК-аас хугацаандаа барагдуулаагүй 19.440.821 төгрөгийн татварын өрийг гаргуулж өгнө үү” гэжээ. 

         Хариуцагч “Их барилга-Увс” ХК-ийн захирал А.Баатар шүүхэд гаргасан тайлбартаа: “Увс аймгийн Татварын хэлтсээс гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага 19.440.821 төгрөгийн татварын өрийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ. 

      Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Увс аймгийн Татварын хэлтэс нь хариуцагч “Их барилга-Увс” ХК-аас татварын өр 19.440.821 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

     Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Их барилга-Увс” ХК нь нэхэмжлэгч Увс аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлага болох татварын өр 19.440.821 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч “Их барилга-Увс” ХК-ийн захирал А.Баатарын тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч “Их барилга-Увс” ХК нь нэхэмжлэгч Увс аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

        Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлага 19.440.821 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 255.154 төгрөгийг тал хувиар бууруулан тооцож, хариуцагч “Их барилга-Увс” ХК-аас 127.577 төгрөг гаргуулан төрийн санд оруулах нь зүйтэй байна. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

        1. Нэхэмжлэгч Увс аймгийн Татварын хэлтсийн татварын өр 19.440.821 /арван есөн сая дөрвөн зуун дөчин мянга найман зуун хорин нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Их барилга-Увс” ХК хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Их барилга-Увс” ХК-аас 127.577 /нэг зуун хорин долоон мянга таван зуун далан долоо/ төгрөг гаргуулан Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.

    3. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн  75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                              Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ