Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/44

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч М.С ,

Шүүгдэгч Ж.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.С гийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Мод холбогдох эрүүгийн 2115000000044 дугаартай, 163/2021/0040/Э индекстэй хэргийг 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  **-** УНД

Монгол улсын иргэн, Х овогт Ж ын М /РД: Г ******** /, 1977 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн Орхон суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Булган аймгийн Орхон сумын *** дугаар багийн “***” гэх газарт оршин суух, урьд өмнө ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.М ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.М ын өгсөн: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг болон эрүүгийн 2115000000044 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Орхон сумын *** дугаар багийн нутагт Ж.М нь иргэн С.М ийн бэр гуйх ёслолд оролцож архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.М тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүнийг зодож биед нь зүүн есдүгээр хавирганы хугарал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

Хохирогч С.М ын өгсөн: “Би 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр

Булган аймгийн Орхон сумын *** дугаар багийн нутагт манай төрсөн дүү М ийн гэрт бэр гуйх ёслолд уригдан очсон. Тухайн үед найр наадамд оролцож, тойруулж байсан архинаас ууж бага зэрэг халсан байсан. Найр дуусч худууд маань бэрээ аваад буцсан байсан. Гэрт дүү М, түүний эхнэр С, Б, Ц, түүний эхнэр Ц, М, түүний эхнэр М нар үлдсэн. Намайг сууж байтал М мөрөн дээр маань 3 удаа дарж унаад байсан. Тэгэхээр нь “болиоч” гээд цааш нь түлхсэн. М намайг “гаръя” гээд байхаар нь дагаад гарсан. Гараад очтол М намайг “цохьчих уу” гэхээр нь “тэг, тэг” гэхэд баруун гараа атгаж байгаад миний зүүн нүд рүү цохисон. Тэгээд намайг унагааж байгаад хавирган дээр өвдөглөөд байсан. Гэр дотроос дүү Мэ гарч ирж бид хоёрыг салгасан. Гэрт ороход зууралдаж цуг ороод зуухан дээр дараад унасан.” гэх /хх-15-16 тал/,

Гэрч С.О ын өгсөн: “Манай нөхөр С.М нь 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 17 цагийн орчимд манай голын Цээр хүргүүлээд найранд яваад халамцуу ирсэн. Орж ирэхдээ “би хүнд зодуулаад ирсэн” гээд нүүр нь цус болоод нүд нь хавдчихсан, дээл хувцас нь шороо болоод урагдаж, түлэгдсэн байдалтай орж ирсэн. Чөөгөө буюу Мод зодууллаа гэж хэлж байсан. Ёолоод л байсан. Хувцасыг нь тайлж унтуулахад бие нь энд тэндээ хөхөрсөн байсан, долоо хоног өвчин намдаах эм ууж, хэвтэж байгаад эмнэлэгт үзүүлтэл хавирга нь хугарсан байсан” гэх мэдүүлэг /хх-22 тал/,

Гэрч С.Мийн өгсөн: “2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Орхон сумын 3 дугаар багт байрлах манай гэрт төрсөн охин  гийн бэр гуйх ёслол буюу найр болсон юм. ...М, М ахын мөрөн дээр нь тохойлдож налаад байсан. Тэгэхэд нь М ах Мыг “цаашаа бол” гээд түлхэтэл М дахин налж унаад байсан. ...М ах Мыг “чи яасан их хүн өддөг пизда вэ” гэхэд М босч ирээд барьцалдаад авсан. Би аваад гарах гэтэл зууралдаж байсан чигтээ давхраараа тэр хоёр зуухан дээр унасан. Татаж босгоод хоёуланг нь аваад гарсан. Тэр хоёр үүдэнд дахин зууралдаж байгаад М дээр нь дараад унасан. Би салгатал М, М ахын нүүр рүү цохиод авах шиг болсон. Би салгаад ЭрдэнэЦ эгчийн машинд суулгаад гэр рүү нь явуулсан. Маргааш нь М ах манайд иртэл нүд нь хөхөрсөн, ...дээлний энгэр нь урагдсан байсан” гэх мэдүүлэг /хх-28-29 тал/,

Гэрч Д.М хын өгсөн: “Би 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр манай голын Мэ гэх айлд хадаг тавих ёслолд нөхөр М ын хамт очсон. Найр үргэлжилж худ талын хүмүүс яваад голын айлын хүмүүс үлдсэн. Эхлээд бид хэд дуулаад сууж байсан юм. Нэг харахад манай нөхөр М, үеэл ах М хоёр барилцаад авсан байсан. ...Тэр хоёр гарахдаа зуухан дээр хальт дараад унахаар нь аваад гарсан. Мөн гадаа гараад давхралдаж унасан. ...” гэх мэдүүлэг /хх-31-32 тал/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 29ний өдрийн: “С.М ын биед зүүн 9 дүгээр хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх 45 дугаартай дүгнэлт /хх-37-38 тал/,

Шүүгдэгч Ж.М ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр С.М ахын төрсөн дүү болох Мийнд бэр гуйх ёслол болсон. Уг ёслолд би оролцсон. Орой цагийг сайн санахгүй байна.

С.М ийнд Ц, Ц, С.М, түүний эхнэр Сүлдээ, С.М ах, би, манай эхнэр Мх бид долоо “Болор” нэртэй 0.75 литрийн нэг шил архи ууж байхад би гарч бие засах гээд С.М ахын зүүн мөрөн дээр нь дараад боссон юм. Гарч бие засчихаад орж ирээд сууж байгаад дахиж босохдоо С.М ахын зүүн мөрөн дээр нь дараад боссон чинь С.М ах над руу уурлаад “дээрээс дарж алчих гээд байх юм муу бацаан” гэж хэлэхээр нь би уурлаад С.М ах бид хоёр хоорондоо хэрүүл маргаан хийгээд бие биенийхээ дээлний захнаас барилцаад гадаа гарах явцад зуухан дээр С.М ах бид хоёр унасан. С.М ах бид хоёр бие биенийхээ дээлний захнаас барьцалдсан чигээрээ босож ирээд гадаа гарсан ба үүдний довжоонд бүдрээд унасан. Унахдаа С.М ахын дээрээс баруун талын тохойгоороо дараад унасан. Босож ирээд С.М ахын нүүр хэсэгт нь баруун гараа атгаж байгаад нэг удаа цохиход С.Мэ ирээд С.М ах бид хоёрыг салгасан” гэх мэдүүлэг /хх-67-68 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч С.М ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Ж.М ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Ж.М нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч Ж.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хоёр. Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ж.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч С.М нь эмчилгээний зардалд 108900 төгрөг, өмсөж явсан дээл, бүсний хохирол 107500 төгрөг, нийт 216400 төгрөгийн баримтыг хэрэгт хавсаргасан байх бөгөөд шүүгдэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч хохирогчид 300000 төгрөгийг төлж барагдуулснаар хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд илэрхийлсэн байна.

Иймд шүүгдэгч Ж.Мыг энэ шийтгэх тогтоолоор тбусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Гурав: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ж.М ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Ж.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.М ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ж.М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн **-** дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт, мал, тэжээвэр амьтдын 2020 оны тооллого зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Ж.М нь эхнэр, хүүхдүүдийн хамт мал маллан Булган аймгийн Орхон сумын 3 дугаар багт амьдардаг, өмнө нь ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ж.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэм хорын хохирлыг төлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 4/12 дугаартай тогтоолоор түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч Ж.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ... биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч Ж.М нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Х овогт Ж ын М ыг Эрүүгийн хуулийн тусгайангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныгбаримтлан шүүгдэгч Ж.М ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг анхааруулсугай.
  4. Энэ хэрэгт шүүгдэгч Ж.М нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж,шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.М д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. Шүүгдэгч Ж.М нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянаншийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ЦЭРЭНХАНД