| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2017/00253/И |
| Дугаар | 306 |
| Огноо | 2017-04-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 306
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар баг, 11-78 тоотод оршин суух, 1967 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ67052503, Зуутраг овогт Баажавын Жаргалын,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Жаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Жаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1967 онд төрсөн, 50 настай, ам бүл 6, хүүхдүүдийн хамт амьдардаг. Би 1985 оны 6 дугаар сард Увс аймгийн Өлгий суманд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр 1985 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Увс аймгийн Ахуйн үйлчилгээний комбинатад нормчноор ажиллаж эхэлсэн. Тус байгууллагад ажиллаж байтал 1987 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс тус байгууллага нь бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж Ахуй үйлчилгээний Удирдах газар болоход миний бие нь оёдолчноор ажиллах болсон. Миний хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажилд томилсон болон чөлөөлсөн тушаал олдохгүй байгаа тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд намайг Увс аймгийн Ахуйн үйлчилгээний комбинат болон Ахуйн үйлчилгээний удирдах газарт 1985 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оныг дуустал нормчин, оёдолчноор ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Н.Бүзээ, С.Ичинноров нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Жаргал нь 1985 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оныг дуустал Увс аймгийн Ахуйн үйлчилгээний комбинат болон Ахуйн үйлчилгээний удирдах газарт нормчин, оёдолчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 32 дугаар архивын лавлагаанд: “Увс аймгийн Ахуйн үйлчилгээний комбинатын тушаалын болон цалингийн баримт манай архивт шилжиж ирээгүй тул Баажав овогтой Жаргалтай холбогдох лавлагааг шүүн үзэх боломжгүй байна” гэжээ.
Увс аймгийн Ахуйн үйлчилгээний комбинатын захиргаанаас Б.Жаргалд 1986 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр олгосон 150975 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: “1985 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн Ахуйн үйлчилгээний комбинатын оёдлын тасагт нормчноор авч ажиллуулав, 1987 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр зохион байгуулалтын өөрчлөлтөд орсон тул оёдолчны ажлаас чөлөөлж, Ахуйн үйлчилгээний удирдах газарт оёдолчноор ажиллуулав” гэжээ.
Мөн нэхэмжлэгч Б.Жаргал нь 1987 онд хамт олонтойгоо авахуулж байсан гэх гэрэл зураг хэрэгт авагдсан байна.
Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Н.Бүзээ, С.Ичинноров нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Н.Бүзээ “Миний бие нь 1979 оноос 1991 он хүртэл Увс аймгийн Ахуй үйлчилгээний комбинат, Увс аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газарт оёдолчноор ажиллаж байсан. Намайг Увс аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад ажиллаж байхад Б.Жаргал нь 1985 оны 11 дүгээр сараас оёдолчноор ажиллаж эхэлсэн. Тус газар нь 1987 оны 1 дүгээр сараас бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж Увс аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газар нэртэй болсон бөгөөд Б.Жаргал нь 1991 оныг дуустал тус газарт үргэлжлүүлэн оёдолчноор ажилласан юм. Тухайн үед Увс аймгийн Ахуй үйлчилгээний комбинатын даргаар Загиржав, Ядмаа, Увс аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газрын даргаар Давааням гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч С.Ичинноров ”Миний бие нь 1983 оноос 1991 он хүртэл Увс аймгийн Ахуй үйлчилгээний комбинат, Увс аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газарт оёдолчноор ажиллаж байсан. Намайг Увс аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад ажиллаж байхад Б.Жаргал нь 1985 оны 11 дүгээр сараас оёдолчноор ажиллаж эхэлсэн бөгөөд Увс аймгийн Ахуй үйлчилгээний комбинат нь 1987 оны 1 дүгээр сараас бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж Увс аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газар нэртэй болсон ба Б.Жаргал нь 1991 оныг дуустал тус газарт оёдолчноор ажилласан” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч нь 1987 онд хамт олонтойгоо авахуулж байсан гэх гэрэл зургийг хаана, ямар аргаар бэхжүүлсэн нь тодорхой бус байх тул уг гэрэл зургийг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.
Хэдийгээр А.Жаргалын 1985 оноос 1991 онуудад ажиллаж байхдаа авч байсан цалингийн баримт Увс аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй байгаа боловч нэхэмжлэгч нь дээрх онуудад Увс аймгийн Ахуйн үйлчилгээний комбинат болон Ахуйн үйлчилгээний удирдах газарт нормчин, оёдолчноор ажиллаж байсан болох нь Увс аймгийн Ахуйн үйлчилгээний комбинатын захиргаанаас Б.Жаргалд 1986 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр олгосон 150975 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Н.Бүзээ, С.Ичинноров нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч А.Жаргалын хүсэлтийг хангаж, түүний 1985 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оныг дуустал Увс аймгийн Ахуйн үйлчилгээний комбинат болон Ахуйн үйлчилгээний удирдах газарт нормчин, оёдолчноор 6 жил 2 сар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Зуутраг овогт Баажавын Жаргалын 1985 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оныг дуустал Увс аймгийн Ахуйн үйлчилгээний комбинат болон Ахуйн үйлчилгээний удирдах газарт нормчин, оёдолчноор 6 /зургаа/ жил 2 /хоёр/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч А.Жаргалын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ