| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2021/0039/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/46 |
| Огноо | 2021-02-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 2021/ШЦТ/46
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч Э.Г,
Шүүгдэгч С.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Г ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Г д холбогдох эрүүгийн 2115000000043 дугаартай, 163/2021/0039/Э индекстэй хэргийг 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Ө овогт С ын Г /РД: А ******** /, 1984 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн Бүрэгхангай сумын 4 дүгээр багийн **********тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С. Г г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Г гийн өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Өмнө нь гэм буруугаа хүлээн үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй. Оногдуулах ял шийтгэл, түүний үр дагаврыг ойлгосон гэх мэдүүлэг болон эрүүгийн 2115000000043 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар 2021 оны 01 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнийн 03 цагийн орчим Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн ... од байрлах Д.Д ын гэрт С.Г, Д.Д , Э.Г нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд унтаж амарч байх үед С.Г нь ямар нэг шалтгаангүйгээр согтуурхаж Д.Д ийн толгойн тус газарт заазуураар цохиж түүний биеийн толгой, хүзүүний хэсэгт таван тооны зүсэгдсэн шарх бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
Хохирогч Д.Д ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021
оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 23 цагийн үед би гэртээ найз Г гийн хамтаар байж байтал миний гар утас руу найз Г залгаад намайг “хаана байгаан” гэхээр нь “гэртээ байна, чи хүрээд ирэх үү” гэж хэлсэн чинь Г “за” гэж хэлээд удалгүй 30 минутын дараа манай гэрт ганцаараа ирсэн. Тэгээд би Г ийг ирэхээр нь гэрт байсан шил 0.75 литрийн “Ерөөл” нэртэй архиа гаргаж ирээд Г, Г бид гурав ууж эхэлсэн. Уух үедээ Г д хандан “чи битгий уугаарай, 3 удаа татвал татаарай, өчигдөр чи архи уугаад согтоод ганцаараа яриад байна лээ” гэж хэлсэн. ...ойролцоогоор 03 цагийн үед даараад сэртэл Х аа миний хажууд газар шалан дээр бид хоёрын толгойн хэсэг зурагтны тавиур хэсэг рүү чиглэсэн байдалтай унтаж байсан. Харин Г орон дээр унтаж байсан. Тэгээд би босоод хөнжил аваад эргээд газар унтахдаа толгойн хэсгээ ор руу чиглэсэн байдалтай унтсан. Тэгтэл миний толгой руу юм цохих шиг болохоор нь Г г бие засах гээд босохдоо миний толгойг цохьчихлоо гэж бодсон чинь дахиад толгой руу юмаар цохьсон. Тэгтэл миний толгойноос юм гоожихоор нь сэртэл Г асаагуурын гэрэл нэг гартаа барьчихсан, нөгөө гартаа заазуур барьчихсан миний хүзүү хэсэг рүү цохихоор нь би хоёр гараараа цээж хэсэг рүү нь түлхсэн чинь Г ор руу унахаар нь би “Хуягаа намайг аллаа” гэж хашгирсан чинь Г орноос босоод гүйгээд гараад явсан. Би Г тэй 2015 оноос хойш найзалж нөхөрлөж байна. Бид хоёрын хооронд урьд өмнө ямар нэг өш хонзонгийн асуудал байхгүй. Надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг
/хх-15 тал/,
Гэрч Э.Г ийн өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 07-нд би гэртээ байж байтал орой 23 цаг 38 минутанд миний гар утас руу найз Д залгаад “чи хүрээд ир, ганц юм ууя” гэж хэлсэн. Тэгээд би Д ын гэрт явж очтол Д болон нэг танихгүй залуу тэр хоёр халамцуу сууж байсан. Тэгээд намайг гэрт орсон чинь Д “Ерөөл” нэртэй 0.75 литрийн архи задалсан. Тэр архийг Д , тэр танихгүй залуугийн хамтаар хувааж уусан. Нэг мэдсэн чинь согтоод унтаад өгсөн байсан. Нэг сэрсэн чинь Д “за болохоо болилоо, гэрэл асаа” гэхээр нь би гэрэл асаасан чинь Д ын нүүр нь цус болчихсон бид нартай цуг архи уусан гэх залуу байхгүй болчихсон, Д “нөгөөдөх чинь намайг заазуурдчихлаа ш дээ” гэж хэлсэн. Удалгүй цагдаа болон эмнэлэг ирсэн” гэх мэдүүлэг /хх-20 тал/,
Гэрч Д.Ж ын өгсөн: “Г ер нь их огцом ууртай. Сүүлийн 2, 3 жилд архи их ууж агсан согтуу тавьж байгаа...” гэх мэдүүлэг /хх-27 тал/,
Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 36 дугаартай: “Д.Д ын биед толгой, хүзүүнд 5 тооны зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байж болно. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-29-30 тал/,
Шүүгдэгч С.Г гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “Би прокурорын тогтоолтой танилцсан. Би зүйл ангиа хүлээн зөвшөөрч байна. 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 15 цагийн үед найз Д ын гэрт байж байгаад дүүгээсээ 10000 төгрөг гуйж аваад дэлгүүрээс нэг шил 0.33 литрийн архи, нэг тамхи аваад Д тай хувааж уусан. ...шөнийн 00 цагийн үед байх Д нэг хүн рүү яриад байх шиг байсан. Удалгүй Д “гэрийн ард талд хүн ирсэн юм шиг байна, чи хүн ирсэн байвал дагуулаад ороод ир” гэж хэлсэн. Тэгээд би гэрээс гараад гэрийнх нь хойно гарахад машинаас нэг танихгүй эрэгтэй хүн бууж ирсэн. ...Тэгээд тэр хоёр архи хаанаас авах талаар яриад байсан. ...удалгүй тэр хоёр гаднаас нэг шил 0.75 литрийн “Ерөөл” нэртэй архи аваад орж ирээд задлаад бид гурав хувааж уусан. Би архийг тойруулаад талаас доогуур ойролцоогоор 3 хуруу үлдээсэн. Тухайн үед бид гурав нэлээн согтчихсон. ...Тэгээд би орон дээр хэвтэж байгаад эргэж босоод үлдсэн архийг ууж дуусгаад эргээд унтахаар орон дээр хэвтсэн. Нэг сэрсэн чинь би орноос босчихсон баруун гартаа заазуур бариад Д ын толгой хэсэг рүү цохьсон чинь Д босоод намайг барьж авсан. Тэгээд бид барилцаж авсан. Би орлуу унаад эргэж босоод гэрээс гарч зугтаагаад хашааных нь зүүн хойд талын завсараар гараад зүүн талын айлын хашааг тойроод явсан. ...Бид гурав хоорондоо маргасан зодолдсон зүйл байхгүй. Урьд өмнө хэрүүл болон өш хонзонгийн зүйл байхгүй. Тухайн үед би нэлээн согтчихсон байсан. Би заазуурын бариул хэсгээр нь бариад цохисон” гэх мэдүүлэг /хх-52-53 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Д ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч С.Ггийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч С.Г нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд шүүгдэгч С.Г г архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнийн 03 цагийн орчим Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн ***** тоотод байрлах гэрт нь Д.Д ын толгойн тус газарт заазуураар цохиж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч С.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Д.Д нь гэм хорын хохиролд иргэний нэхэмжлэл гаргаагүй, санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд илэрхийлсэн байх тул шүүгдэгч С. Г г бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч С.Г гийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч С.Г д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Г гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч С.Г д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 73, 85, 86 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч С.Г нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн Бүрэгхангай сумын 4 дүгээр багийн 1-6-4 тоотод амьдардаг, өмнө нь ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч С.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокурор 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 4/16 дугаартай тогтоолоор түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч С.Г д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ... биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч С.Г нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: