Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 307

 

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 21-30 тоотод оршин суух, 1962 онд төрсөн, 55 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ62050214, Бумбажаа овогт Жавын Энхбаатарын,

       Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Энхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Ж.Энхбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1962 онд төрсөн, 55 настай. Би Улаангом сумын 1 дүгээр сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд, 1978 онд Улаанбаатар хотод Тээврийн техник мэргэжлийн сургуульд элсэн орж 1980 онд цахилгаан хийн гагнуурчин мэргэжлээр төгссөн. Улмаар 1980 оны 8 дугаар сараас эхлэн Увс аймгийн Барилга угсралтын трестийн барилга материалын үйлдвэрийн тоосгон заводод гагнуурчнаар ажиллах болсон. 1992 онд Барилга угсралтын трест нь Барилгын бирж болоход миний бие мөн л гагнуурчнаар ажиллаж байсан ба 1992 оны 12 дугаар сарыг дуустал ажилласан юм. Миний ажиллаж байсан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтэр байсан боловч одоо гээгдэж алга болсон, ажлаас гарсан тушаал олдохгүй байгаа тул өндөр насны тэтгэврээ тогтоолгох боломжгүй болоод байгаа юм. Иймд миний 1980 оны 8 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трест болон Барилгын биржид гагнуурчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Х.Өндгөө, Ж.Батсүх нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв.

    Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч Ж.Энхбаатар нь 1980 оны 8 дугаар сараас 1992 оныг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трест болон Барилгын биржид гагнуурчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Жавын Энхбаатарын 1980 оны 8 дугаар сараас 1992 оныг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трестэд гагнуурчнаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.

     Түүнчлэн Увс аймгийн Барилга угсралтын трестийн материалын үйлдвэрийн даргын 1980 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 50 дугаар “Ажилд томилох тухай” тушаалд: “Жав овогтой Энхбаатарыг 1980 оны 8 дугаар сарын 04-нөөс эхлэн гануурчнаар томилон ажиллуулсугай...” гэжээ.

       Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь “Алтан гадас” одонт Барилга трестийн даргын 1989 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 723 дугаар “Жилийн ажиллагааны үр дүнгээр шагнал олгох тухай” тушаалд: “...Ажлын цагийн ашиглалтыг сайжруулж жилийн төлөвлөгөө нормоо биелүүлсэн ажилчин, инженер техникийн ажилтан 460 хүнд, бүгд 45858 төгрөгийн шагнал олгосугай. Хавсралтын 33-т Ж.Энхбаатар” гэжээ.

      Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Ж.Батсүх, Х.Өндгөө нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Ж.Батсүх “Миний бие нь 1974 оноос 1991 оныг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трестийн харьяа Барилгын материалын үйлдвэрийн тоосгон заводын дугуй зууханд галчаар ажиллаж байсан. Намайг тус газарт ажиллаж байхад Ж.Энхбаатар нь 1980 оны 8 дугаар сараас эхлэн Увс аймгийн Барилга угсралтын трестийн харьяа материал үйлдвэрийн тоосгон заводад гагнуурчнаар ажиллаж эхэлсэн. Миний бие нь тус газарт 1991 оныг дуустал галчаар ажиллаж байгаад өөр газарт шилжин ажиллах болсон ба Ж.Энхбаатар нь тус байгууллагад гагнуурчнаар ажиллаад үлдсэн болно. Тухайн үед Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргаар Батзул, Барилга угсралтын трестийн харьяа материал үйлдвэрийн даргаар Нүүнээ гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Х.Өндгөө ”Миний бие нь 1973 оноос 1994 он хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестийн харьяа үйлдвэрийн барилга контор буюу Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трестэд туслах ажилтан, нормчноор ажиллаж байсан. Намайг тус газарт ажиллаж байхад Ж.Энхбаатар нь 1980 оны 8 дугаар сараас эхлэн Увс аймгийн Барилга угсралтын трестийн харьяа материал үйлдвэрийн тоосгон заводад гагнуурчнаар ажиллаж эхэлсэн. Ж.Энхбаатар нь тус газарт 1992 оныг дуустал гагнуурчнаар ажилласан юм” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 337 дугаар шийдвэрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

     Нэхэмжлэгч Ж.Энхбаатар нь 1980 оны 8 дугаар сарын 04-нөөс 1992 оныг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трест болон Барилгын биржид гагнуурчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Барилга угсралтын трестийн материалын үйлдвэрийн даргын 1980 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 50 дугаар “Ажилд томилох тухай” тушаал, Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь “Алтан гадас” одонт Барилга трестийн даргын 1989 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 723 дугаар “Жилийн ажиллагааны үр дүнгээр шагнал олгох тухай” тушаал, гэрч Ж.Батсүх, Х.Өндгөө нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

       Иймд нэхэмжлэгч Ж.Энхбаатарын хүсэлтийг хангаж, түүний 1980 оны 8 дугаар сарын 04-нөөс 1992 оныг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трест болон Барилгын биржид гагнуурчнаар 12 жил 4 сар 26 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

      Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.                  

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

     1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Бумбажаа овогт Жавын Энхбаатарын 1980 оны 8 дугаар сарын 04-нөөс 1992 оныг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трест болон Барилгын биржид гагнуурчнаар 12 жил 4 сар 26 хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 

     2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд  зааснаар нэхэмжлэгч Ж.Энхбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ