Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 313

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

       Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 17-23 тоотод оршин суух, 1964 онд төрсөн, 53 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ64012018, Их тугтан овогт Жамбын Норовын,

      Б.Хишигсүрэнг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Ж.Норов шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие 1964 онд төрсөн. 53 настай. Би 2016 оны 9 дүгээр сард Наранбулаг суманд халаалтын шугам гагнах ажлаар Биржийн Нямаа захирлын удирдлаган дор ажиллаж байсан. Тус компанид хамт ажиллаж байсан эксковаторын жолооч Б.Хишгээ гэх залуу миний эзэмшлийн Wizard V6 маркийн машиныг олон шалтаг тоочсоор авч Улаангом ороод буцаж Наранбулаг орох замд унагаж эдлэх боломжгүй болгосон. Тухайн үед шүүх, сэргийлэх гээд хэрэггүй, би таныг хохиролгүй болгоно гэсэн. Би түүнээс 7.500.000 төгрөг нэхэхэд өгнө өгнө гэсээр хот руу ээжийн бие муу байна гээд явсан. Утсаар ярихад Өмнөговь явж ажил хийж, мөнгө олоод машиныг тань төлж өгнө гэсэн. Үүнд нь итгэж байтал утсаа авахгүй сураг алдарсан. Иймд Б.Хишгээг олж хохирлоо төлүүлэх хүсэлтэй байгаа тул түүнийг эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.

       Нэхэмжлэгч Ж.Норов шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие нь тус шүүхэд Б.Хишигсүрэнг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд түүний аавтай холбогдож улмаар Б.Хишигсүрэн нь Дархан-Уул аймгийн Дархан сумын Тээвэрчдийн 1-9 тоотод оршин суудгаа мэдэгдэж харилцан ярилцсан тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.

    Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Ж.Норов нь Б.Хишигсүрэнг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

    Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ж.Норов нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

       Нэхэмжлэгч Ж.Норовын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийн тал хувь буюу 35.100 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 35.100  төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Норовт олгох нь зүйтэй байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

    1. Нэхэмжлэгч Ж.Норов Б.Хишигсүрэнг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 35.100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Норовт олгож, 35.100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                              Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ