Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/47

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч Э.Г,

Шүүгдэгч Б.Н  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч М овогт Б ийн Н д холбогдох эрүүгийн 2115000000040 дугаартай, 163/2021/0042/Э индекстэй хэргийг 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, М овогт Б гийн Н , 1994 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаант суманд төрсөн, эрэгтэй, 26 настай, Булган аймгийн Орхон сумын **** багт оршин суух, малчин, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Урьд ял шийтгүүлж байгаагүй. /РД: Р ******** /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Н  нь 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн Хангал сумын ****дугаар багийн нутаг “***” гэх газраас 2.03 м3 хуурай шинэс төрлийн 32 ширхэг модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, **-** БУЛ улсын дугаартай “Suzuki Carry” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараахь нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Н гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 4 мод унагааж бэлдээд Орхон аймаг руу борлуулах гэж явсан. Шинэ он гарах гээд хоол хүнсний юм базаах, 2 хүүхдээ баярлуулах гэж явсан гэх мэдүүлэг.

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч П.Э ын өгсөн: “ ...Надад энэ хэрэгт гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шинжээчийн дүгнэлтээр гарсан мөнгөн дүнг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /хх-31 тал/,

Гэрч Я.А ын өгсөн: 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Х.Э ын хариуцсан нутагт хамтарсан хяналт шалгалт хийж явж байтал Орхон аймгийн нутагт **-** БУЛ улсын дугаартай цагаан өнгийн “Suzuki Carry” гэсэн бичиглэлтэй ачааны жижиг тээврийн хэрэгсэл мод бэлтгэх эрхийн бичиггүй мод тээвэрлэж явсан юм. Тэгэхээр нь мод бэлтгэх эрхийн бичиггүй байна гээд бичиг баримтыг нь хурааж авсан. ...гэх мэдүүлэг /хх-33 тал/,

Гэрч Ц.Г ийн өгсөн: “... **-** БУЛ дугаартай тээврийн хэрэгслийг 2020 оны 9 дүгээр сард Н  гэх залууд 1500000 төгрөгөөр худалдсан. Би уг тээврийн хэрэгслийг нотариатаар оруулаад шилжүүлэг хийж өгсөн. Гэвч Н  өөрөө Орхон аймагтаа очоод өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй юм байна. ...” гэх мэдүүлэг /хх-39 тал/,

Гэрч М.М гийн өгсөн: “...Сүүлд нөхрөөсөө сонсож мэдсэн. 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байсан байх шинэ жил дөхөж байсан юм. Тэгээд манай нөхөр Н  нь “малдаа явлаа” гэж хэлээд амжиргаа цагаан гэдэг машинаа унаад гэрээсээ гарч явсан. Тэгээд ганцаараа уулнаас мод бэлтгээд Орхон аймаг оруулж зарах гэж яваад цагдаа нартай таарч саатуулагдсан гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-42 тал/,

Булган сум дахь Сум дундын ойн ангийн инженер Б.Ж гийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 03 дугаартай:

  1. Шинжлэгдэж буй моднууд нь шинэс төрлийн хуурай мод байна.
  2. Уг моднууд нь түлээ мод байна.
  3. Уг бэлтгэсэн 32 ширхэг модны нийт эзэлхүүн нь 2.03м3 байна.
  4. Уг модыг бэлтгэсэн гэх Хангал сумын 2 дугаар багийн нутаг Давхарын ар гэх газар нь Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 325-р тоот тушаалын дагуу 1-р мужын ойд багтаж байна. ...Экологи эдийн засгийн үнэлгээ нь 342370 төгрөг. ...” гэх дүгнэлт /хх-47 тал/,

Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн “…модонд экологи эдийн засгийн үнэлгээг хийхэд үнэлгээ нь 342370 төгрөг болсон. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-д тус тус заасны дагуу 3 дахин өсгөж тооцоход 1027110 төгрөг болж байна” гэх дүгнэлт /хх-51 тал/

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Н гийн яллагдагчаар өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Би Хангал сумын 2 дугаар багийн нутаг “***” гэх газраас ургаа буюу босоо 4 ширхэг мод унагаагаад Орхон аймаг руу оруулж худалдах гээд явж байтал Булган аймгийн Орхон сумын байгаль хамгаалагч гэх А  гэх хүн таараад “хаанаас мод бэлтгэсэн, мод бэлтгэх эрхийн бичиг байна уу?” гэж асуусан. Тэгэхээр нь би “мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй” гэж хэлтэл миний тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон жолооны үнэмлэх гэх мэт бичиг баримт аваад журмын хашаанд модоо буулга гэж хэлсэн. ...Би мал маллаж амьдардаг. Тухайн үед шинэ жилийн баяр болох гээд эхнэр, 2 хүүхэддээ шинэ жилийн бэлэг авч өгөх гээд мөнгөний хэрэг болсон учир мод бэлтгээд худалдах гэсэн юм. ...” гэх мэдүүлэг /хх-88 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчдын эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Н  нь 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутаг “***” гэх газраас 2.03 м3 хуурай шинэс төрлийн 32 ширхэг модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, **-** БУЛ улсын дугаартай “Suzuki Carry” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч П.Э ын өгсөн мэдүүлэг /хх-31 тал/, гэрч Я.А ын өгсөн мэдүүлэг /хх-32-33 тал/, гэрч Ц.Г ийн өгсөн мэдүүлэг /хх-39-40 тал/, гэрч М.М гийн өгсөн мэдүүлэг /хх-42-43 тал/, Булган суман дахь ойн ангийн инженерийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 3 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-47тал/ зэргээр болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос шүүгдэгч Б.Н г 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутаг “Давхарын ар” гэх газраас 2.03 м3 хуурай шинэс төрлийн 32 ширхэг модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, **-** БУЛ улсын дугаартай “Suzuki Carry” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Б.Н гийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа болон түүнд хүлээлгэх ял, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байна.

Иймд прокурорын саналын хүрээнд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Б.Н гийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Б.Н  нь 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутаг “***” гэх газраас 2.03 м3 хуурай шинэс төрлийн 32 ширхэг модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, **-** БУЛ улсын дугаартай “Suzuki Carry” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Б.Н гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасны дагуу гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.Н  нь байгаль экологид учруулсан 342370 төгрөгийг 3 дахин өсгөж 1027110 төгрөгийг төлж барагдуулснаар /хх-78-79 тал/ иргэний нэхэмжлэгч П.Э нь санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар иргэн аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлого, 7.2.4-т зааснаар хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, техник тоног төхөөрөмжийг борлуулсны орлогыг тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар заасан байхад шүүгдэгч Б.Н  нь байгаль экологид учруулсан хохирол 1027110 төгрөгийг Хаан банкны төлбөрийн тооцооны төвөөр дамжуулан Хангал сумын Байгаль хамгаалах сан Төрийн сангийн 100041100988, 100041155402 дугаар данснуудад төлсөн байх тул буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД:9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгож шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.Н д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.

Шүүгдэгч Б.Н гийн гэм буруутай үйлдэл нотлогдож, тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ." гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Б.Н г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутаг “Давхарын ар” гэх газраас 2.03 м3 хуурай шинэс төрлийн 32 ширхэг модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, **-** БУЛ улсын дугаартай “Suzuki Carry” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Б.Н гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Н д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас үүссэн хохирлыг төлж барагдуулсан” зэрэг нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Н  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүгдэгч Б.Н  нь гаргаж, прокурор 2021 оны 02 дугаар сарын 16ны өдрийн 4/27 дугаартай тогтоолоор түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан төдийгүй хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж болохооргүй нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Н гийн үйлдсэн хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал, дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах нь түүний гэм буруугийн болон хувийн байдалд тохирно гэж үзэв.

Хэрэгт мөрдөгчийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн **-** БУЛ улсын дугаартай “SUZUKI Carry” загварын тээврийн хэрэгсэл нь бичиг баримтаар Цэдээгийн Г гэх хүний эзэмшил, өмчлөлд байгаа боловч шүүгдэгч Б.Н , гэрч Ц.Г нарын өгсөн мэдүүлгээр Б.Н гийн эзэмшилд шилжсэн болох нь нотлогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,  мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэдэгт “...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж тус тус зохицуулсан байна. Иймд шүүгдэгч Б.Н гийн эзэмшлийн 1 100 000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий **-** БУЛ улсын дугаартай “SUZUKI Carry” загварын тээврийн хэрэгсэл болон 32 ширхэг буюу 2.03 м3 хэмжээтэй модыг тус тус хурааж, үнийг улсын төсөвт оруулах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн моторт цахилгаан хөрөөг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Н  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт ирүүлсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч М овогт Б гийн Н г Эрүүгийн хуулийн тусгайангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Шүүгдэгч Б.Н д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаарзүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгтзааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Н д сануулсугай.
  4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоолхүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтыг тус тус баримтлан шүүгдэгч Б.Н гийн байгаль экологид учруулсан хохирол 1027110 төгрөгийг Хаан банкны төлбөрийн тооцооны төвөөр дамжуулан Хангал сумын Байгаль хамгаалах сан Төрийн сангийн 100041100988, 100041155402 дугаар данснуудад төлснийг тус тус буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгуулсугай
  6. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Н  нь цагдан хоригдсон хоноггүй, иргэнийнэхэмжлэгч санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт ирүүлсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгтзаасныг журамлан шүүгдэгч Б.Н гийн эзэмшлийн 1 100 000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий **-** БУЛ улсын дугаартай “SUZUKI Carry” загварын тээврийн хэрэгсэл болон 32 ширхэг буюу 2.03 м3 хэмжээтэй модыг тус тус хурааж, үнийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд тус тус шилжүүлж, хохирлыг төлүүлсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн моторт цахилгаан хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГ Ч                                  Д.ОТГОНБААТАР