| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2017/00287/И |
| Дугаар | 322 |
| Огноо | 2017-04-17 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 322
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 1-36 aйлын 3-27 тоотод оршин суух, 1971 онд төрсөн, 46 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ71060171, Нүсэр овогт Чойжоогийн Ганбаатарын,
Цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Ганбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 1971 онд төрсөн, 46 настай. Би 1989 оны хавар 10 дугаар ангиа төгсөөд 1990 оны 10 дугаар сард Дотоодын цэргийн 0230 дугаар ангид цэргийн албанд татагдаж, 1991 оны 3 дугаар сард Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалаар Увс аймгийн Цагдаагийн хэлтэст улирч халагдсан. 1991 оны 10 дугаар сараас эхлэн Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа бөгөөд цэргийн тэтгэвэр тогтоолгох гэхэд цэргийн батлах дээрх нэр зөрүүтэй, Цагдаагийн Ерөнхий газрын төв архиваас лавлагаа авсан боловч 1991 онд цэргийн алба хаасан дайчдын бүртгэл архивт бүрдүүлэлтээр очоогүй гэсэн хариу өгсөн тул шүүхэд хандах шаардлагатай болсон. Иймд миний Дотоодын цэргийн 0230 дугаар ангид 1990 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан хугацааг сэргээн тогтоож өгнө үү. Тухайн үед надтай хамт цэргийн алба хаасан Н.Цогтбаатар, Д.Батсайхан нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Ганбаатар нь 1990 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Дотоодын цэргийн 0230 дугаар ангид цэргийн алба хаасан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Чойжоогийн Ганбаатарын 683357 дугаар цэргийн батлахын 13 дугаар талд: “Хугацаат цэргийн алба хаасан байдал: Цэргийн ангийн дугаар 0230, орон тооны албан тушаал цэргийн цол: сэргийлэгч б/ч, ангийн дансанд авсан он, сар, өдөр тушаалын дугаар: 1990.10.25, ангийн данснаас хассан он, сар, өдөр тушаалын дугаар: 1991.03.25” гэжээ.
2. Цагдаагийн Ерөнхий газрын Төв архивын газрын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 13/2562 дугаар албан бичигт: “Дотоодын цэргийн 0230 дугаар ангийн 1991 оны цэргийн алба хаасан дайчдын бүртгэл тус архивын газарт нөхөн бүрдүүлэлтээр ирээгүй байх тул Чойжоогийн Ганбаатарын 1991 онд Дотоодын цэргийн 0230 дугаар ангид цэргийн алба хаасан тухай архивын лавлагааг гаргах боломжгүй байна” гэжээ.
3. Цагдаагийн Ерөнхий газрын Төв архивын газрын 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 19/619 дүгээр албан бичиг болон Ч.Ганбаатарын ажил байдлын тодорхойлолт хэрэгт авагдсан байна.
Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Д.Батсайхан, Н.Цогтбаатар нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Д.Батсайхан “Миний бие нь 1990 оны намар Улаанбаатар хотын Цагдаагийн ерөнхий газрын Дотоодын цэргийн 0230 дугаар ангид цэргийн албанд татагдаж байсан. Тухайн үед Ч.Ганбаатар нь 1990 оны 10 дугаар сард надтай хамт тус ангид цэргийн албанд татагдаж байсан. Миний бие нь 1991 оны 1 дүгээр сард цэргийн албанаас чөлөөлөгдөж, Увс аймгийн Цагдаагийн хэлтсийн мэдэлд шилжиж, сэргийлэгч цагдаагаар ажиллаж эхэлсэн. Ч.Ганбаатар нь 1991 оны 3 дугаар сараас цэргийн албанаас чөлөөлөгдөж, мөн Увс аймгийн Цагдаагийн газар цагдаагаар томилогдож байсан юм. Тухайн үед Цагдаагийн ерөнхий газрын Дотоодын цэргийн 0230 дугаар ангийн даргаар Маарам, ангийн захирагчаар Чулуун гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Н.Цогтбаатар ”Миний бие нь 1990 оны 10 дугаар сард Улаанбаатар хотын Цагдаагийн ерөнхий газрын Дотоодын цэргийн 0230 дугаар ангид цэргийн албанд татагдаж байсан. Тухайн үед Ч.Ганбаатар нь 1990 оны 10 дугаар сараас эхлэн надтай хамт тус ангид цэргийн алба хааж байсан бөгөөд цэргийн алба хааж байх үед Дотоодын цэргийн 0230 дугаар ангиас намайг 1991 оны 1 дүгээр сараас улируулан Увс аймгийн Цагдаагийн хэлтэст цагдаагаар томилсон юм. Тэр үед нийт 6 хүн улиран ирж байсан бөгөөд Ч.Ганбаатар сүүлд нь буюу 1991 оны 3 дугаар сард улиран томилогдож Увс аймгийн Цагдаагийн хэлтэст цагдаагаар ирж ажиллаж байсан юм. Тухайн үед Цагдаагийн ерөнхий газрын Дотоодын цэргийн 0230 дугаар ангийн даргаар Маарам, ангийн захирагчаар Чулуун гэх хүмүүс ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний цэргийн алба хаасан байдлыг нотлох Цагдаагийн Ерөнхий газрын Төв архивын 2013 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 3ж/575 дугаар, 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 19/516 дугаар архивын лавлагаанууд хэрэгт авагджээ.
Цагдаагийн Ерөнхий газрын Төв архивын газрын 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 19/619 дүгээр албан бичигт эрх бүхий албан тушаалтан гарын үсгээ зурж, тамга дараагүй байх тул уг баримтыг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.
Ч.Ганбаатарын 683357 дугаар цэргийн батлахад бичигдсэн нэр засвартай, батлах эзэмшигчийн гарын үсэг хэсэгт Мөнхбаатар гэж бичсэн байгаа боловч нэхэмжлэгчийн төрсөн он, сар, өдөр болон овог, зураг нь таарч байх тул Ч.Ганбаатарын цэргийн батлах гэж үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Ч.Ганбаатар нь 1990 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Дотоодын цэргийн 0230 дугаар ангид цэргийн алба хаасан болох нь түүний 683357 дугаар цэргийн батлах, Д.Батсайхан, Н.Цогтбаатар нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Ч.Ганбаатарын хүсэлтийг хангаж, түүнийг 1990 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Дотоодын цэргийн 0230 дугаар ангид цэргийн алба хаасан болохыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Нүсэр овогт Чойжоогийн Ганбаатарыг 1990 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Дотоодын цэргийн 0230 дугаар ангид цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ч.Ганбаатарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ