| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2017/00213/И |
| Дугаар | 323 |
| Огноо | 2017-04-17 |
| Маргааны төрөл | Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 323
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Малчин сумын Баянхайрхан багт оршин суух, 1966 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЖ66050914, Шаазгай овогт Ширнэнгийн Цогт-Очир,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Малчин сумын Баянхайрхан багт оршин суух, 1967 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ67022561, Харагчууд овогт Пүрэвжавын Оюунцэцэг нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 29 дүгээр байрны 1-19 тоотод оршин суух, 1980 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОД80010418, Шангас овогт Ядамын Болдбаатар,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 29 дүгээр байрны 1-19 тоотод оршин суух, 1981 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОО81101008, Борлууд овогт Намдагийн Нандинцэцэг нарт холбогдох,
Орон сууцны гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Цогт-Очир, П.Оюунцэцэг нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Бид нар Я.Болдбаатар гэгчтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Улаангом сумын төвд 12х8 харьцаатай хувийн орон сууцыг 37.000.000 төгрөгөөр үнэ тохирч худалдан авсан билээ. Ингээд бид Малчин сумаас банкаар 31.000.000 төгрөг бэлнээр шилжүүлсэн ба нийт 89 толгой мал 6.000.000 төгрөгт /хамгийн бага үнээр тохирч/ нийт 37.000.000 төгрөг өгөөд байраа худалдан авсан юм. Гэтэл Я.Болдбаатар нь 2015 оны 9 дүгээр сараас хойш өнөөг хүртэл байрны гэрчилгээ, бичиг баримтыг өгөхгүй биднийг маш их хохироож байна. Бид нар тухайн байрыг хүүдээ худалдан авч өгсөн бөгөөд байрны бичиг баримт байхгүйгээс хүүгийнхээ нэр дээр шилжүүлэг хийж өмчлөгч болгож чадахгүй байна. Я.Болдбаатар тухайн үед мөнгөө шилжүүлчихээд ирээд байрныхаа гэрчилгээ бичиг баримтаа ав гэсэн бөгөөд худал хэлж хуурч мэхэлсээр өдий хүрсэн. П.Оюунцэцэг миний бие нь тухайн байрны гэрчилгээ авахаар Малчин сумаас 7-8 удаа ирж зардал чирэгдэл маш их гарсан. П.Оюунцэцэг миний бие нь ирж уулзах болгонд Я.Болдбаатар нь “За дараа өгнө” гэсээр явуулдаг байсан бөгөөд сүүлд нь банкны барьцаанд тавьсан гэдгийг мэдлээ. Бид нарыг хөдөөний хүмүүс болохоор ингэж хууран мэхэлсэн юм байна гэдгийг ойлгож танай шүүхэд хандаж байна. Ер нь Я.Болдбаатар, эхнэр Н.Нандинцэцэг нар нь маш их зальтай, хүн чанаргүй хүмүүс юм байна гэдгийг мэдлээ. П.Оюунцэцэг намайг ирэх үед байрны бичиг баримтыг өгнө гээд 2-3 удаа бичиг хийж өгсөн бөгөөд мөн утсаар манай нөхөр, хүүхэд бид нар утсаар олон удаа ярьж биеэр хүртэл ирж уулзахад одоо удахгүй өгнө гэсээр өнөөг хүрсэн билээ. Сүүлийн үед Я.Болдбаатар нь зугатаад уулзахгүй маш их чирэгдэл учруулж байна. Иймд Я.Болдбаатараас худалдан авсан хувийн орон сууцны гэрчилгээний бичиг баримт, мөн Малчин сумаас ирж очсоны зардал /7 удаагийн/ 140.000 төгрөг, тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг зэргийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Я.Болдбаатар, Н.Нандинцэцэг нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ядам овогтой Болдбаатар миний бие нь Увс аймаг Улаангом сумын 3 дугаар багт 7-3 тоот хаягт байрлах 10х11 харьцаатай байшин, 10х5-ын харьцаатай 2 машины гражийг барьж 2014 оны 10 дугаар сард ашиглалтад оруулсан. 1 жил өөрсдөө амьдарч байгаад 2015 оны 9 дүгээр сард Малчин сумын иргэн П.Оюунцэцэг ирж сонирхоод хүүдээ хашаа байшин авч өгөх гэсэн юм, үнэ ханшийг нь ярилцаж тохиролцон авах тухай ярилцаад 45.000.000 гэж байгаа хашаа байшинг 41.000.000 төгрөгт авахаар тохиролцоод явсан. Тухайн үед мөнгөний шаардлага байсан тул 65.000.000 төгрөг гэж байсан хашаа байшингаа 45.000.000 төгрөг болгож бууруулсан юм. Байшингаа өөрсдөө амин чанартай материалаар 3 өрөө, 00-ийн өрөө, ванн зэргийг барьж тохижуулсан. А зэрэглэлийн хар зам дагуу байрлалтай цэвэр бохирт холбогдох бүрэн боломжтой 842 м2, 15 жилийн эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын хамт үзэж авах өдрөө тохиролцоод явсан. Бид байшингаа суллаад орох өдөр нь хүлээлгэн өгөхдөө мөнгөө бэлнээр авч банкны барьцаанд байгаа гэрчилгээг нь суллаж өгөх талаар хэлсэн. П.Оюунцэцэг, Цогт-Очир нар хүүхдийн хамт ирж Болдбаатар миний бие болон эхнэр Н.Нандинцэцэг, хадам ээж Р.Омоо нарт бэлэн 50 ширхэг хорин мянгатын дэвсгэрт 1.000.000 төгрөг өгөөд үлдэгдлийг нь хэд хоногоос данс руу хийе гэж тохироод байрандаа орцгоосон. Данс руу 30.000.000 төгрөгийг шилжүүлж үлдэгдэл 10.000.000 төгрөгт нь мал өгөхөөр болсон. 2015 оны 9 дүгээр сарын 15-нд би Малчин сум руу явж мал авахаар очиход олон айлаас цуглуулан тухайн үеийн ханшаар эр хонь 7шх100.000 төгрөг, дөнөн хонь 5шх70.000 төгрөг , эх хонь 18шх65.000төгрөг, төлөг 47шх50.000төгрөг, эр ямаа 2шх60.000 төгрөг, эх ямаа 10шх30.000 төгрөг, нийт 89 толгой малыг 4.990.000 төгрөгөөр тооцож мал өгсөн. Үлдэгдэл 5.000.000 төгрөгт бод мал болох үхэр өгөхөөр ярьсан юм. Үхрээ авахаар ярихад мал хол байгаа, хавар ав гэж хэлсэн. Хавар болохоор мөнгийн өгнө малын ханш тохирохгүй байгаа талаар ярьсан. Одоо хүртэл үлдэгдэл мөнгө болох 5.000.000 төгрөгийг өгөхгүй хашаа байшин, гражийг дугуй засвар болгон ажиллуулан ашиглаж байгаа. Улмаар нэхэмжлэлдээ тохиролцсон үнэ ханшаа худлаа хэлж 37.000.000 төгрөгөөр авахаар тохиролцсон гэсэн байна. Мөн малын ханшаа 1.000.000 төгрөгөөр нэмж бичиж хүнийг гүтгэж бичсэн байсан. Тухайн үед намайг хөдөө ажлаар явсан үед эхнэр Нандинцэцэгтэй ирж 4 удаа уулзаж гэрчилгээ бичиг баримтаа шаардахад үлдэгдэл мөнгөө хийчих бичиг баримтыг нь банкнаас авч өгнө гэдгээ хэлээд явуулсан байсан. Удаа дараа зугатаж алга болох явдал гараагүй хүссэн үедээ уулзаж ярилцаад явдаг байсан. Малчин сумаас ирсэн зардал бидэнд хамаагүй бид малыг очиж авсан зардлыг зардалд шингээж бодоогүй болно” гэжээ.
Нэхэмжлэгч Ш.Цогт-Очир, П.Оюунцэцэг, хариуцагч Я.Болдбаатар, Н.Нандинцэцэг нар шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “Бид нар харилцан ярилцаж тохиролцсоны үндсэн дээр Ш.Цогт-Очир, П.Оюунцэцэг нар нь орон сууцны үлдэгдэл мөнгө болох 4.400.000 төгрөгийг Я.Болдбаатар, Н.Нандинцэцэг нарт өгөх, хариуцагч Я.Болдбаатар, Н.Нандинцэцэг нар нь орон сууцны гэрчилгээг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гаргаж өгөх, хэрэв гэрчилгээг дурдсан хугацаанд гаргаж өгөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулав” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Цогт-Очир, П.Оюунцэцэг нар нь хариуцагч Я.Болдбаатар, Н.Нандинцэцэг нарт холбогдуулан орон сууцны гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Зохигчид нь “Нэхэмжлэгч Ш.Цогт-Очир, П.Оюунцэцэг нар нь орон сууцны үлдэгдэл мөнгө болох 4.400.000 төгрөгийг Я.Болдбаатар, Н.Нандинцэцэг нарт өгөх, хариуцагч Я.Болдбаатар, Н.Нандинцэцэг нар нь орон сууцны гэрчилгээг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гаргаж өгөх, хэрэв гэрчилгээг дурдсан хугацаанд гаргаж өгөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр” тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байгаа бөгөөд энэхүү гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байна.
Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар зохигчид нь эвлэрсэн тул нэхэмжлэгч Ш.Цогт-Очир, П.Оюунцэцэг нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Болдбаатар, Н.Нандинцэцэг нараас улсын тэмдэгтийн хураамж 35.100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ш.Цогт-Очир, П.Оюунцэцэг, хариуцагч Ш.Цогт-Очир, П.Оюунцэцэг нар нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож “Ш.Цогт-Очир, П.Оюунцэцэг нар нь орон сууцны үлдэгдэл мөнгө болох 4.400.000 төгрөгийг Я.Болдбаатар, Н.Нандинцэцэг нарт өгөх, хариуцагч Я.Болдбаатар, Н.Нандинцэцэг нар нь орон сууцны гэрчилгээг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гаргаж өгөх, хэрэв гэрчилгээг дурдсан хугацаанд гаргаж өгөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр” зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч Я.Болдбаатар, Н.Нандинцэцэг нараас улсын тэмдэгтийн хураамж 35.100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Цогт-Очир, П.Оюунцэцэг нарт олгож, 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ