Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 1246

 

С.Эрдэнэхишигийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2017/01132 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Эрдэнэхишигийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Алтантуяад холбогдох

 

7 070 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Багахүү, Б.Ганхөлөг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.Эрдэнэхишиг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч Т.Багахүү нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Эрдэнэхишиг нь 2014 оны 3 дугаар сараас 2015 оны 02 дугаар cap хүртэл нийт 6 700 000 төгрөгийг Д.Алтантуяад зээлдүүлсэн. Гэвч Д.Алтантуяа нь зээлийн гэрээний хугацаанд үндсэн төлбөр болон хүүг огт төлж барагдуулж байгаагүй бөгөөд удаа дараа зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахад удахгүй мөнгө орж ирэхээр өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн. Улмаар С.Эрдэнэхишиг нь Д.Алтантуяаг эрэн сурвалжлуулах хүсэлтийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр №183/ШШ2017/00037 тоот шүүхийн шийдвэрээр Д.Алтантуяаг эрэн сурвалжилж Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Баянмонгол хорооллын 418 дугаар байрны 2-70 тоотод оршин суудаг болохыг тогтоосон болно. Иймд Д.Алтантуяагаас 2014 оны 3 дугаар сараас 2015 оны 02 дугаар cap хүртэл 5 удаагийн зээл нийт 6 700 000 төгрөг, Д.Алтантуяаг эрэн сурвалжлуулах хүсэлтийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хууль зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээний төлбөрийн 50 хувь болох 300 000 төгрөг, нийт 7 070 200 төгрөгийг гаргуулж өгнө үү. Дансны хуулгаар 6 700 000 төгрөг өгсөн нь нотлогдоно. Гэрээг амаар байгуулсан тул хүү тооцоогүй. Хууль зүйн туслалцаа үзүүлсэн 300 000 төгрөг баримт байхгүй гэжээ.

 

Хариуцагч Д.Алтантуяа нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Эрдэнэхишигийн 1 700 000 төгрөгийг сар болгон 200 000 төгрөгөөр төлж дуусгах хүсэлтэй байна. Ах н.Эрдэнэбатаас авсан 5 000 000 төгрөгийг өөрт нь өгнө гэсэн саналтай байна. 370 000 төгрөг төлж чадахгүй. Нийт 4 000 000 төгрөгийг 2015 оны 3 сард авсан. 1 000 000 төгрөгийг 2016 оны 2 сард төлсөн. 2016 оны 2-4 сард хүү гээд 560 000 төгрөг, 2016 оны 7 сарын үед 500 000 төгрөгийг өгсөн. Тэрнээс хойш мөнгө өгөөгүй. Наймаа ашиггүй болсон. Ах дүү улс тул дараа төлнө гэхэд зөвшөөрч байсан. Багаар ч гэсэн төлнө гэдэг. Би одоо 1 700 000 төлөх ёстой ойлгож байгаа. 1 000 000 төгрөгийг н.Эрдэнэчулуунаар дамжуулж өгсөн. Би 6 700 000 төгрөг аваагүй. Харин анх 4 000 000 төгрөг л авсан. 500 000 төгрөгийг ажил дээрээ бэлнээр өгсөн. 560 000 төгрөгийг дансаар цувуулж өгсөн байгаа. Гэхдээ надад баримт байхгүй. Хаан банкны 5133026169 тоот данс нь миний данс мөн гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Д.Алтантуяагаас 6 700 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Эрдэнэхишигт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 370 200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 128 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 122 150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Д.Алтантуяа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие С.Эрдэнэхишигээс 2014 оны 3 сард 4 000 000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Би 4 000 000 төгрөгөөс одоо 1 700 000 төгрөгийг төлөх дутуу байгаа юм. Гэтэл анхан шатны шүүх надаас 6 700 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь 1 000 000 төгрөгийг 2016 оны 02 сард, 4 сард 560 000 төгрөгийг, 2016 оны 7 сард 500 000 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо миний хувьд 1 700 000 төгрөгийг төлж барагдуулах ёстой. Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2017/01132 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Хариуцагч Д.Алтантуяад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6 700 000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд эрэн сурвалжлахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, хууль зүйн туслалцаа авсаны төлбөр 300 000 төгрөг, нийт 7 070 200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэгч С.Эрдэнэхишиг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч С.Эрдэнэхишиг өөрийн ХААН банкны 5028369027 тоот данснаас хариуцагч Д.Алтантуяагийн 5133026169 дугаартай данс руу 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 3 000 000 төгрөг, мөн оны 8 дугаар сарын 04-ний өдөр 1 000 000 төгрөг, 8 дугаар  сарын 25-ны өдөр 1 000 000 төгрөг, 11 дүгээр сарын 07-ны 700 000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 1 000 000 төгрөг, нийт 6 700 000 төгрөг шилжүүлснийг хариуцагч хүлээн авсан болох нь ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 5-9 дүгээр тал/

 

Шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.”, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасны дагуу талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хариуцагч Д.Алтантуяа нь 1 700 000 төгрөг, 500 000 төгрөг, 560 000 төгрөг, 1 000 000 төгрөгийг буцаан төлсөн боловч баримт байхгүй гэж тайлбарлаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй тайлбар түүний үндэслэлийг баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

Хариуцагчийг эрэн сурвалжлуулах болон бусдаас хууль зүйн туслалцаа авсантай холбоотой гарсан зардал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан нэхэмжлэгчээс хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан хохиролд тооцогдохгүй гэж шүүх дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм.

 

Иймд зээлийн гэрээний үүрэгт нийт 6 700 000 төгрөгийг хариуцагч Д.Алтантуяагаас гаргуулж, нэхэмжлэгч С.Эрдэнэхишигт олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ217/01132 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Алтантуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128 073 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Э.ЗОЛЗАЯА

     

                                ШҮҮГЧИД                                                 Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                             С.ЭНХТӨР