Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 546

 

 

 

 

 

 

                                                                                                

                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Н.Мөнгөнсүх,

шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ, Д.Содномдорж,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулж,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 273 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Д.Содномдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Б-д холбогдох 1709024360009 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б.Б, 19хх оны хх дугаар сарын хх-нд төрсөн, хх настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл хамт хх  тоотод суух, ял шийтгэлгүй,

Б.Б- нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, хх тоот өрөөнд нэвтэрч хохирогч Ч.А-ын нөүтбүүкийг хулгайлж, бусдад 290,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Б.Б-д холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Б-г байнга хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Б.Б-г 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-гийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.Б- нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Б.Б-г цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 3 сартай нялх хүүтэй, хүүтэйгээ амьдардаг. Нялх хүү минь хөхөөрөө хооллодог тул миний хөх чинэрч, халуурч маш хэцүү байна. Хохирогч А-ын өрөөнд Уянга, Хулан, Содоо нар амьдардаг. 2016 оноос хойш дээрх охидуудтай найзалж байгаа. Бие биенийхээ өрөөгөөр байнга орж, гарч, хонож өнждөг. Мөрдөн байцаалтын шатанд намайг анх удаа орсон тухай ойлголттой байцаалт авсанд гомдолтой байна. Уянга, Хулан, Содоо нараас намайг 328 тоот өрөөнд хэдэн удаа ордог болон хонож, өнждөг талаар гэрчийн мэдүүлэг авч өгнө үү. Шинжээч томилсон тогтоолтой танилцуулаагүйд гомдолтой байна. Иймд уг тогтоолтой танилцуулж өгнө үү. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 273 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч Д.Содномдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 273 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Б.Б-д холбогдох хавтаст хэрэгт камерын бичлэг устсан тухай мөрдөгчийн тэмдэглэл байдаг бөгөөд хэргийн бодит байдалтай нийцдэггүй. Учир нь, хэргийн газрын үзлэг хийгээгүй нь үйлчлүүлэгчийн маань эрх зүйн байдлыг дордуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлд зааснаар мөрдөгч Монгол Улсын Боловсролын их сургуулийн оюутны дотуур байрны 328 тоот гэхээс өөр зүйл байхгүй байгаад гомдолтой байна. Иймд Монгол Улсын Боловсролын их сургуулийн аль байр, ямар тоот өрөө болох талаар хохирогч, ялтнаас гэрэл зургаар заалгуулж бэхжүүлж аваагүй байна. Мөн камерын бичлэг хэзээ устсан тухай дотуур байрны удирдлагаас гэрчээр байцаалт аваагүй байна.

2. Б.Б-гийн мэдүүлэгт “...Угаасаа манай оюутны дотуур байр хяналтын камерын системтэй намайг өрөө рүү орох үед хяналтын камер бичсэн байгаа шүү дээ...” гэж мэдүүлсэн байдаг. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг тогтоогоогүй. Учир нь Б.Б- нь гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл байдлыг тогтоогоогүйд гомдолтой байна.

3. “Делл h3 hp” маркийн нөүтбүүкт эд хөрөнгийн үнэлгээ хийгдээгүй, эд хөрөнгө үнэлгээ хийлгэх шинжээч томилсон тогтоол хавтаст хэрэгт байхгүй байгаад гомдолтой байна. Иймд заавал шинжээч томилсон тогтоол үйлдэж, ямар байгууллага үнэлгээ хийж байгаа нь тодорхой байх шаардлагатай байна. Учир нь үйлчлүүлэгч Б.Б-гийн эрх зүйн байдал дордож байна.

4. Хохирогч А-ын дотуур байрны өрөөнд хамт амьдардаг Уянга, Хулан, Содоо нараас гэрчийн мэдүүлэг аваагүйд гомдолтой байна. Учир нь Б.Б- 2016 оноос хойш эдгээр охидуудтай найзалж үерхэж байгаа бөгөөд бие биенийхээ өрөөнд байнга ордог, хамт хонож байсан тухай мэдүүлсэн байдаг. Зөвхөн тэр өдөр л Б.Б- анх удаа орсон тухай ойлголттой байцаалт авсан байна. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 273 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б-гийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх байр суурьнаас оролцсон. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-г бага насны хүүхэдтэй, удахгүй сургуулиа төгсөх гэж байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулсан гэж үзсэн учраас давж заалдах гомдол гаргаагүй...” гэв.

 

Прокурор Н.Мөнгөнсүх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Б.Б- нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Монгол Улсын Боловсролын их сургуулийн оюутны дотуур байрны 328 тоот өрөөнд нэвтэрч хохирогч Ч.А-ын нөүтбүүкийг хулгайлж, бусдад 290,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ч.А-ын “...2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр бид нар хичээлдээ явсан хойгуур манай өрөөнөөс миний эзэмшлийн “Делл” загварын нөүтбүүк хулгайд алдагдсан байхаар нь камерийн бичлэг үзэхэд Б.Б- эгч ороод гарч байсан. Батнаран эгч манай өрөө рүү 3 удаа орж гарч байсан. ...Би өөрийн зөөврийн компьютерээ эргүүлэн бүрэн бүтэн хүлээж авсан...”, “...манай өрөөний охидуудыг ирэх хүртэл ямар нэг гадны хүн орж гараагүй байсан. Ганц Б.Б- л орсон байсан. ...би шууд өргөдөл өгөөгүй, эхлээд өөртэй нь уулзаад бараг 7 хоног хүлээсэн. Тэгэхэд аваагүй гээд гүрийгээд байхаар нь би “Одоо цагдаад өгч шийдүүлэхгүй бол болохгүй юм шиг байна” гэж хэлэхэд бас л “Би аваагүй, чи наад өргөдлөө өг. Тэр авсан хүн нь гараад ирнэ биз” гэж хэлсэн....” /хх-ийн 10, 26 тал/,

гэрч Б.Э-ын “...А намайг дуудаад миний нөүтбүүк хулгайд алдагдсан. Б.Б- эгч манай өрөө рүү орсон байна. Та өрөөндөө үзээд өгөөч гэж хэлсэн...” /хх-ийн 28 тал/,

хохирогч Ч.А-ын “Делл” загварын зөөврийн компьютерийг 290,000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 16 тал/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Б.Б-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

 

Б.Б-гийн бусдын амьдардаг өрөөнд эзэнгүй байхад нь орж, Ч.А-ын зөөврийн компьютерийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг ...хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн...” гэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

Анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн Б.Б-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэрийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээнээс багасгаж хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Д.Содномдорж нарын гаргасан “...хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэх давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт Б.Б-гийн регистрийн дугаарыг “...РД:УК 88072252...” гэж буруу бичсэн байх тул Б.Б-гийн регистрийн дугаар нь “...рг97032405...” болохыг зөвтгөн дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 273 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Д.Содномдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                               

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                                                       Б.ЗОРИГ

 

                                                                                    Д.ОЧМАНДАХ