| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваанямын Оюумаа |
| Хэргийн индекс | 128/2019/0510/З |
| Дугаар | 419 |
| Огноо | 2019-07-02 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 419
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Б
Хариуцагч: ЧДЗД
Нэхэмжлэлийн шаардлага: “Иргэн Б.Бийн жагсаал цуглаан зохион байгуулах хүсэлтийг бүртгэхээс татгалзсан Чингэлтэй дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2/1146 тоот албан бичгийг хүчингүй болгож, жагсаал цуглааныг бүртгэхийг даалгуулах”.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд оршин суугч Б.Б миний бие Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16 дугаар заалт, Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан эрхийнхээ дагуу 2019 оны 06 дугаар сарын 19-21-ний өдрийг дуустал өдөр бүр 08:00-18:00 цагийн хооронд Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Ж.Самбуугийн гудамж буюу Монгол Улсын Дээд шүүхийн байрны хойд талын хоёр хаалганы дунд явган хүний зам дээр жагсаал, цуглаан хийх болсон тул Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бүртгүүлэхээр ЧДЗД д 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хандсан боловч Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар хориглосон газарт багтаж байгаа учраас бүртгэх боломжгүй талаар иргэн надад мэдэгдсэн.
Гэтэл иргэн миний бие дээрх байршилд 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 21-ний өдрийг дуустал жагсаал цуглаан хийхээр ЧДЗД д бүртгүүлж байсан болно. Мөн дээрх байршил нь нийтийн эзэмшлийн талбай болохоос Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан төрийн хамгаалалтад байгаа газар биш юм. Харин Засгийн газрын 2012 оны 65 дугаар тогтоолоор Монгол Улсын Дээд шүүхийн байрыг нь төрийн тусгай хамгаалалтад авсан юм.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2/1146 дугаар албан бичгийг хүчингүй болгосноор Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16, Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д заасан эрх маань сэргэх бөгөөд Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2-т “Жагсаал, цуглаан хийхийг бүртгэхээс татгалзсан шийдвэр хүлээн авсан зохион байгуулагч түүнийг хуульд нийцэхгүй байна гэж үзвэл гомдлоо уг шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор шүүхэд гаргана” гэж заасны дагуу шүүхэд хандсан бөгөөд мөн зүйлийн 3-д “Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гомдлыг шүүгч ажлын 6 өдрийн дотор багтаан хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар шийдвэрлэсний дараа мөн хуулийн 10 дугаар зүйлийн 4-д “Шүүгч жагсаал, цуглаан хийхийг бүртгэхээс татгалзсан засаг даргын шийдвэрийг хүчингүй болгосон бол зохион байгуулагч нь шүүгчийн захирамжийг хүлээн авсны дараа энэ тухай тухайн Засаг даргад урьдчилан мэдэгдэж жагсаал, цуглаан хийх цаг, хугацааг тохиролцож төлөвлөсөн арга хэмжээгээ зохион байгуулж болно” гэж заасны дагуу дахин ЧДЗД д урьдчилан мэдэгдэж, жагсаал цуглаанаа хийснээр миний эрх сэргэх юм.
Иймд Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дүгээр зүйлийн 2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч, Чингэлтэй дүүргийн Засаг даргын жагсаал цуглаан зохион байгуулах хүсэлтийг бүртгэсэн татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2/1146 дугаар албан бичгийг хүчингүй болгож, жагсаал цуглааныг бүртгэхийг ЧДЗД д даалгаж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Нэхэмжлэгч нь дүүргийн Засаг даргад хандаж 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 21-ний өдрийг дуустал 08:00-18:00 цагийн хооронд 30 хүртэл иргэдийн бүрэлдэхүүнтэй Цагаан хоолой, өсгөгч, уриа лоозон, шүгэл ашиглаж Монгол Улсын Дээд шүүхийн гадна Жагсаал цуглаан хийх тухай мэдэгдлийг ирүүлсэн байдаг.
Уг мэдэгдлийг хянан үзэхэд Монгол Улсын Дээд шүүх нь Засгийн газрын 2012 оны 65 дугаар тогтоолоор Төрийн тусгай хамгаалалтад авагдсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Бээс ЧДЗД д холбогдуулан гаргасан “Иргэн Б.Бийн жагсаал цуглаан зохион байгуулах хүсэлтийг бүртгэхээс татгалзсан Чингэлтэй дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2/1146 тоот албан бичгийг хүчингүй болгож, жагсаал цуглааныг бүртгэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Иргэн Б.Бээс ЧДЗД д хандан “... Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Ж.Самбуугийн гудамж буюу Монгол Улсын Дээд шүүхийн байрны хойд талын хоёр хаалганы дунд явган хүний зам дээр 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуустал өдөр бүр 08:00-18:00 цагийн хооронд жагсаал, цуглаан зохион байгуулах” тухай хүсэлтийг гаргажээ.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2/1146 тоот албан бичгээр хүсэлтийг бүртгэх боломжгүй гэсэн хариуг өгсөн байна.
Уг албан бичигт: “... Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу Монгол Улсын Дээд шүүхийн байр нь төрийн тусгай хамгаалалтад байнга авагдсан тул хүсэлтийг бүртгэх боломжгүй” гэж татгалзах үндэслэлийг дурдсан.
Харин нэхэмжлэгч Б.Б нь ЧДЗД д хандан гаргасан хүсэлтдээ жагсаал, цуглаан зохион байгуулах газрыг “Улсын Дээд шүүхийн байрны хойд талын хоёр хаалганы дунд явган хүний зам дээр” гэж тодорхойлсон нь Төрийн тусгай хамгаалалтын газрын 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 10/450 тоот албан бичигт “... уг байрны орчин тойрны гадна талбай төрийн тусгай хамгаалалтын бүсэд хамааралгүй” гэснээр Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Жагсаал, цуглаан хийхийг хориглосон газрын жагсаалтад хамааралгүй болох нь тогтоогдож байна.
Мөн хариуцагчаас 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 3/416, 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 3/1228 тоот албан бичгүүдээр нэхэмжлэгчид тухайн байрлалд жагсаал, цуглаан зохион байгуулах зөвшөөрлийг олгож байсныг дурдаж байна.
Иймд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2/1146 тоот албан бичгээр Жагсаал, цуглаан хийх хүсэлтийг бүртгэхээс татгалзсан хариу нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1.2-т заасныг зөрчсөн байх тул хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Харин нэхэмжлэгч Б.Бийн нэхэмжлэлдээ дурдсан “Иргэн Б.Бийн жагсаал цуглаан зохион байгуулах хүсэлтийг бүртгэхээс татгалзсан Чингэлтэй дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох болон жагсаал цуглааныг бүртгэхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүх хангах боломжгүй байна.
Учир нь хариуцагч нэхэмжлэгчийн хүсэлтийг 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3-д “Засаг дарга жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор түүнийг бүртгэсэн эсэхээ бичгээр мэдэгдэнэ” гэж заасны дагуу 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2/1146 тоот албан бичгээр хариу өгсөн нь бүртгэл хяналтын картаар тогтоогдож байх тул хариуцагчийг эс үйлдэхүй гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.
Мөн хариуцагчид жагсаал, цуглааныг бүртгэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд одоогийн байдлаар нэхэмжлэгч хэзээ, хаана жагсаал, цуглаан хийх хүсэлтээ хариуцагчид хүргүүлээгүй гэх бөгөөд Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 4-д “Шүүгч жагсаал, цуглаан хийхийг бүртгэхээс татгалзсан Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгосон бол зохион байгуулагч нь шүүгчийн захирамжийг хүлээн авсны дараа энэ тухай тухайн Засаг даргад урьдчилан мэдэгдэж, жагсаал, цуглаан хийх цаг, хугацааг тохиролцож төлөвлөсөн арга хэмжээгээ зохион байгуулж болно” гэж хуулиараа тусгайлан дараагийн үр дагавар, үйл явцыг зохицуулсан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1.2, 9 дүгээр зүйлийн 3, 10 дугаар зүйлийн 1, 4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Бийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2/1146 тоот албан бичгийг хүчингүй болгож, үлдэх “Иргэн Б.Бийн жагсаал цуглаан зохион байгуулах хүсэлтийг бүртгэхээс татгалзсан Чингэлтэй дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, жагсаал цуглаан зохион байгуулахыг бүртгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Бээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бт олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 5 /тав/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУМАА