Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2023/0123

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.О-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч:Шүүгч О.Оюунгэрэл,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал,

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч С.О, түүний өмгөөлөгч К.Ж

Нэхэмжлэгч:С.О

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар,

Гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд Ц.Ц-ны хууль ёсны төлөөлөгч Д.Я

Гуравдагч этгээд: Ц.Ц

Гуравдагч этгээд: Ц.Э

Гуравдагч этгээд: Ц.Ү

Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын ерөнхий бүртгэгч, улсын бүртгэгчийн олгосон 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 000086085 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 0860 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч С.О, түүний өмгөөлөгч К.Ж, гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд Ц.Ц-ны хууль ёсны төлөөлөгч Д.Я, түүний өмгөөлөгч Д.Б нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Улаанмуна,

Хэргийн индекс: 128/2022/0426/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 860 дугаар шийдвэрээр:

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-д заасныг баримтлан иргэн С.О-ээс Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Ерөнхий бүртгэгч, улсын бүртгэгчийн олгосон 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 000086085 дугаар гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

2.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

С.О миний бие, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан өмчлөх эрхэнд минь хууль бусаар халдсан хэмээн улсын бүртгэлийн бүртгэгч нарын 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2203016572 дугаарт үл хөдлөх хөрөнгөнд хийгдсэн 0000086085 дугаартай улсын бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд гаргасан нэхэмжлэлийг анхан шатны шүүгч У.Б нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 16-ны өдрийн 128/ШШ2022/0860 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч, танай шүүхэд гомдол гаргаж байна.

2.1.Улсын бүртгэгчид 2009 онд эд хөрөнгөнд нэмэлт өөрчлөлт хийж бүртгэл үйлдэхдээ дараах хуулийн заалтуудыг дагаж мөрдөн, өмчлөгч миний эрхэнд халдах байсан. 2003 оны "Эд Хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай" хуулийн 3 дугаар зүйлийн 13.3-д "Дундаа хамтран өмчилж байгаа үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхэд нэг мэдүүлэг гаргаж, түүнд өмчлөгч тус бүр гарын үсгээ зурна" Мэдүүлэгт дараах баримтуудыг хавсаргана: 13.5.1-д "Мэдүүлэг гаргагч этгээд уг үл хөдлөхөд өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг", 13.5.7-д “Өмчлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар", 13.5.8-д "Өмчлөх эрхийг бүртгүүлэхийг хүссэн этгээдийн өргөдлийг хавсаргана", мөн хуулийн Эрхийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 19 дүгээр зүйлийн 19.2-д "...өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэний зөвшөөрлийг заавал авсан байх ба зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна" гэж заасан.

Хуулийн эдгээр заалтууд нь -Мэдүүлгийг өмчлөгч өөрийн биеэр ирж бөглөх ба гарын үсгээ зурна.-Өөрчлөлт хийх гэж буй үл хөдлөхийн гэрчилгээг эх хувиар нь өөрийн биеэр ирж, хүлээлгэн өгөхдөө тухайн үл хөдлөхөд өмчлөгч гэдгээ баттай нотлох баримттайгаа ирнэ.-Улсын бүртгэгч үл хөдлөхийн гэрчилгээний эх хувийг хүлээн авсан бүртгэлийн дэвтэр хөтөлнө.-Өмчлөгч нь өөрчлөлт хийх тухай Өргөдөл бичнэ.- Өмчлөгч өмчдөө өөрчлөлт хийхийг зөвшөөрсөн зөвшөөрөлийг нотариатаар гэрчлүүлсэн байдалтайгаар бүртгэгчид өгнө. -Мэдүүлэг, түүнтэй хамт хавсаргасан баримтуудыг хүлээн авснаас хойш 14 хоногийн дараа хуулийн дагуу шаардлага бүрэн хангагдсан бол хууль ёсны өмчлөгчөөс хүлээн авсан гэрчилгээг хүчингүй болгож улмаар бүртгэлд нэмэлт өөрчлөлт хийгдэж шинээр гэрчилгээ гарна.

Гэтэл миний өмчид 2009 оны 10 дугаар сарын 29-нд хэрхэн бүртгэл хийгдэж хууль ёсны өмчлөх эрхийн гэрчилгээг минь хүчингүй болгосон нь дараах байдлаар илт хууль бус байсан.

1.Мэдүүлгийг өмчлөгч биш этгээд бөглөж, улсын бүртгэлд өгсөн. Шүүх хурлын үеэр гуравдагчаар оролцогч Д.Я нь “Би мэдүүлэг бөглөсөн нь үнэн. Харин улсын бүртгэлд би эсвэл миний нөхөр мэдүүлгийг өгсөн байх” гэж мэдэн будилснаар хэн улсын бүртгэлд хандсан нь тодорхойгүй болсон. Харин хууль ёсны өмчлөгч миний хувьд мэдүүлэг бөглөөгүй, мөн улсын бүртгэлийн газарт өөрийн биеэр очоогүй нь нотлогдсон.

2.Хууль ёсны бус этгээдээс бусдын үл хөдлөхийн гэрчилгээний эх хувийг улсын бүртгэгч хүлээн авсан, улмаар хүчингүй болгосон.

3. Өмчлөгчийн (миний) өргөдөл байхгүй.

4. Эрх ашиг хөндөгдсөн этгээдийн (миний) зөвшөөрөл байхгүй.

5.Өмчид өмчлөгч гэдгээ баттай нотолсон баримт байхгүй.

Ийм байдалтай, хэлцэл, төлбөрийн баримт, дутуу хагас бөглөсөн гарын үсэггүй мэдүүлэг гэсэн шаардлага хангаагүй 3 баримтаар өмчлөх эрхэнд минь халдсан. Иймээс иргэн миний өмчлөх эрхэнд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзэж байна.

Улсын бүртгэгчдийн дээрх хууль зөрчсөн бүртгэлийн улмаас миний Үндсэн хуулиар олгогдсон өмчлөх эрх хязгаарлагдсан. Тус хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь Хэсгийн "Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно" гэсэн заалт зөрчигдсөн. Монгол Улсын Үндсэн хууль бол нийгэм төрийн зохион байгууллын үндэс, хууль тогтоох гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагуудын үйл ажиллагаа, зохион байгуулалтын болон төр ба бие хүний хоорондын харилцааны үндсийг зохицуулдаг хууль зүйн дээд хүчин чадалтай эрх зүйн акт, төрийн гол хууль.

Энэ төрийн гол хуулинд харш үйлдэл хийсэн тул улсын бүртгэлийг эрх зүйн ноцтой алдаа гаргасан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд эрх зүйн ноцтой алдаатай бүртгэл нь илт хууль бус бүртгэлд хамаарна гэж үзэж байна. Улсын бүртгэлийн байгууллага нь "Хуулиар бүртгэл үйлдэх эрхийг олгосон" л юм чинь гээд хуулийн тогтоосон хэм хэмжээ, хязгаарлалтыг зөрчиж, өөрт олгосон эрхээ хэтрүүлэн хэрэглэж, дур зоргоороо өмчлөгчийн эрхэнд халдаж болох уу? Хууль эрх зүйн талаасаа, өмчлөх эрхийн бүртгэл үйлдэхдээ тусгайлан хэм хэмжээнд захирагдаж ажиллахыг бүртгэлийн байгууллагад даалгаж, хязгаарлагдсан эрх олгосон. Гэтэл улсын бүртгэлийн байгууллага эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаад, өмчлөгчдийг хохироогоод байгааг анхан шатны шүүх дүгнэж хянаж чадаагүй.

2.2.Тухайн үед мөрдөгдөж байсан Эд хөрөнгө өмчлөх, бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтуудаар бүртгэлийн байгууллагын эрх мэдлийн хэм хэмжээг тогтоож өгсөн. Гэтэл хуулийг үл хэрэгсэн хэм хэмжээнээс хальж, хуулинд тусгайлан заагдаагүй нөхцөл байдлаар буюу зөвхөн хэлцэлийг үндэслэж, хүчин төгөлдөр өмнөх бүртгэлийг хүчингүй болгож, эрхийн бүртгэлд өөрчлөлт оруулсан. Ингэхдээ өмчлөгч бус этгээдээс (хэн нь тодорхойгүй) мэдүүлэг хүлээж авсан, мэдүүлгийг буцаах Хангалттай үндэслэл байхад буцаалгүй улмаар өмчлөгчийн эрхийг хязгаарласан, өмчлөгч бус этгээдээс миний үл хөдлөхийн гэрчилгээний эх хувийг авч хүчингүй болгож байгаа нь хуулиас гадуур илт хууль бус үйлдэл гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Мөн дээрх нөхцөл байдлуудаар улсын бүртгэгчид нь бүрэн эрхээ хэтрүүлсэн Д.Яд давуу байдал олгосон нь нотлогдоно.

2.3.Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үүргээ улсын бүртгэгч нь хэрэгжүүлээгүй. Учир нь, 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн, Улсын бүртгэгчийн эрх, үүрэг 12 дугаар зүйлийн 12.4.1-д эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг хүлээн авч хянан үзэх, эрхийн бүртгэлд бүртгэх, бүртгэхээс татгалзах, эсвэл мэдүүлж хүлээн авахаас татгалзах шийдвэр гарах эрхтэйг заасан. Мөн хуулийн 14 дүгээр зүйлд "Мэдүүлэг хүлээн авахаас татгалзах” үндэслэлийг дараах байдлаар залжээ. Үүнд: 14.1.1 мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол: 14.1.4.мэдүүлгийг хуульд заасан хэлбэрээр гаргаагүй бол; 14.1.6.энэ хуульд заасан мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол " гэсэн байна. Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт "Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтад энэ хуулийн 14.1-д заасан үндэслэл илэрвэл улсын бүртгэгч нь бүртгэхээс татгалзаж, мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг татгалзсан үндэслэлийн тайлбарын хамтаар мэдүүлэг гаргагчид буцаана." гэж зохицуулжээ.

Эдгээр хуулийн заалтуудаар, тухайн нөхцөлд улсын бүртгэгч нь мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтуудыг шалгаж үзээд мэдүүлэг хүлээн авахаас татгалзаж, мэдүүлэг болон холбогдох бусад баримтыг татгалзсан үндэслэлийн тайлбарын хамт мэдүүлэг гаргагчид буцаах үүрэгтэй байсан. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн 17 дахь хуудасанд "Харин эсрэг тохиолдолд 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай болон 2018 оны Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар тухайлбал, маргаан бүхий асуудлаар “эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах" эрхийг хууль тогтоогч олгосон гэж үзнэ" гэж тайлбарласан нь илт хууль бус, Д.Ягийн улсын бүртгэгчтэй хамт хийсэн хууль бус, хулгай, залилангийн үйлдлийг дэмжсэн, бүдүүлэг шийдвэр гэж үзэж байна.

2.4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн 9 дүгээрт, Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн нь тогтоогдохгүй гэж дүгнэсэн нь хэт өрөөсгөл бөгөөд алдаатай дүгнэлт болжээ. Уг акт нь 2009 оноос хойш хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг хөндсөөр ирсэн бөгөөд 2009, 2010, 2014, 2017, 2019, 2020,2021 онуудад тус үл хөдлөх хөрөнгөнд бүртгэл хийгдэх эрх зүйн үндэслэл болсон юм. Хэрэв 2009 оны 10 сарын 29-ний эрхийг минь хязгаарласан бүртгэл хийгдээгүй бол түүнд үндэслэн 12 хоногийн дараа 2009 оны 11 сарын 11-ны бүртгэл хийгдэж Д.Я өмчид минь дангаар өмчлөгч болохгүй байсан бөгөөд үүгээр намайг өмчөөс минь бүрмөсөн хассан билээ. Улмаар дараагийн 2010 оны 2 сарын 01-ний бүртгэлээр эмч*******гийн 100%-ийн өмчлөлийн хуулийн этгээд рүү шилжихгүй, мөн 2014 оны 3 сарын 4-ний бүртгэл хийгдэж Д.Ягийн нөхөр Ц лүү шилжихгүй, 2019 оны 12 сарын 10-ны бүртгэлээр Д.Я нарын нэр дээр шилжихгүй, өнөөдрийн эдгээр өмчлөгчдөд өмч шилжихгүй байсан.

2009 оны 10 дугаар сарын 29-ний хууль бус бүртгэл нь******* гэдэг хүний эрх ашгийн төлөө үйлдэгдэж байсан ба өнөөдөр ч энэ хүн өмчид өмчлөгч гэсэн гэрчилгээтэй хэвээр байна. Иймээс эдгээр хоорондоо шалтгаант холбоотой, өмнөх акттай уялдан гарсан тул анхны актын үйлчлэл одоог хүртэл нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчих үр дагаврыг дагуулсан. Шийдвэрийн 5,6 дахь хэсэгт, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр Эрхийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зүйлийн 19.1.1 дүгээрт заалтыг "хэлцэл нь өмчлөгч гэдгээ нотолсон баримтанд тооцогдоно” гэж гажуудуулан тайлбарлаж, харин 192 дүгээр хэсгийн "Эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэний зөвшөөрлийг заавал авсан байх” заалтыг тайлбарлахдаа "хэлцэл байгаа тул зөвшөөрөл шаардагдахгүй гэж үзэж шүүгч хууль зөрчсөн үйлдэл тогтоогдсонгүй гэсэн нь хуулийг илт гуйвуулж буруу тайлбарлаж байгаа үйлдэл болно. Шүүхийн шийдвэрийн 1 дэх хэсэг. Улсын дээд Шүүхийн 45 дугаар тогтоолыг буруу хэрэглэж тайлбарласан. Учир нь тус тогтоолын 2.2-д 2003 оны "Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай" хуулийн 4.2 дахь заалтыг Иргэний хуулийн 110.1 дэх заалттай холбож, эд хөрөнгө бүртгэхдээ ...эрхийг шилжүүлэх үндэслэл болсон хэлцлийг мөн бүртгүүлнэ” гэж тодруулсан. Энэхүү тогтоолоор "Эд хөрөнгийн өмчлөх эрхийн....тухай хууль" /2003 оны/-ийн 4 дугаар зүйлийн 1-д "Өмчлөгч хуульд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлснээр түүний өмчлөх эрх баталгаажина." Мөн зүйлийн 4.3-т "Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөрт тооцогдоно" гэсэн заалтуудыг илүү баталгаажуулж хэлцэл үйлдснээр бус харин бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ гэдгийг илүү тодорхой, ойлгомжтой болгосон. Гэтэл хариуцагчийн "хэлцэл үйлдэгдсэн учраас өмчлөгч гэж Д.Яг тооцож, бүртгэл үйлдэхэд зайлшгүй мөрдөх хуулийн бусад заалтуудыг хэрэгжүүлээгүй" гэсэн тайлбарыг анхан шатны шүүх дэмжин "буруутгах үндэслэл байхгүй" гэж үзсэн нь дээрх тогтоол, хуулийг илтэд мушгиж тайлбарлажээ. Иймээс бүртгэл хийхээр 2009 оны 10 сарын 29-нд мэдүүлэг бөглөж хандах цаг үед Д.Яг өмчлөгч гэж үзэх ямар ч үндэслэл байгаагүй.

2.5.Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шударга ёс зарчмыг баримталж, хуулийн дагуу явагдсангүй, шүүгчийг ноцтой алдаа гаргасан гэж үзэж байна.

1.Анхан шатны шүүхийн шийдвэрийн 8 дахь хэсгийн тайлбарыг шүүгч "маргаж буй захиргааны актын алдаа нь ноцтой үр дагаврыг үүсгэж, нийтэд илэрхий байгаа тохиолдолд илт хууль бус болох .." гэж зөв тайлбарласан ч уг хууль зөрчсөн бүртгэлийн улмаас Д.Яд давуу байдалтайгаар дараа Дараагийн хууль зөрчсөн бүртгэлүүд үйлдэгдэж, нэг бус хоёр үл хөдлөхөд үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэлээрээ Улсын Мөрдөн байцаах газар, Авилгалтай тэмцэх газарт Д.Ятой холбоотой хэрэг үүсэн мөрдөн шалгагдаж байгааг шүүгч хянаагүй орхигдуулсанаас дүгнэлтээ буруу хийсэн. Эдгээр баримтууд нь хэрэгт авагдсан. Энэхүү 2009 оны 10 сарын 29-ны хууль зөрчсөн бүртгэлийн улмаас Д.Я нь 2019 оны 11 сарын 11-ний 2412 тоот болон 2020 оны 09 сарын 27-ны 2710 тоот прокурорын тогтоолуудаар тус тус "эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 зүйл ангиар гэм буруутай" гэж тогтоогдон хөөн хэлэлцэх хугацаагаар хариуцлага тооцохгүй байхаар шийдвэрлүүлж байсан. Эдгээр тогтоолд******* нар нэг ч гомдол гаргаж байгаагүй. Иймээс тухайн захиргааны акт ноцтой үр дагаврыг үүсгэсэн илт хууль бус болохыг нотлогдож байна.

2.Нэхэмжлэгч миний бие хэрэгт авагдсан дараах баримтуудыг нэхэмжлэлийн шаардлагад ач холбогдолтой гэж үзэж үнэлүүлэхийг хүссэн.

А. 2007 оны 9 сарын 27-ны Д.Я Ганхүү нарын хооронд үйлдсэн Ү-2203016572 дугаарт үл хөдлөхийг барьцаалсан барьцаа зээлийн гэрээг бүртгэсэн баримт,

Б. 2018 оны 4 сарын 30-ны өдрийн СБД эд хөрөнгийн бүртгэлийн бүртгэгч Н.Анхбаярын 2203016572 дугаарт үл хөдлөхийн өмчлөлийн талаар надад худал тодорхойлолт өгсөн баримт,

В. 2018 оны 5 сарын 04-ны өдрийн миний нэрийн өмнөөс хуурамчаар үйлдсэн хүсэлт, мэдүүлгээр улсын бүртгэгч Н.Анхбаяр нь бүртгэл үйлдэж байсан баримтууд болно. Эдгээр нь улсын бүртгэгчид, 2009 оны 10 сарын 29-ны болон 2009 оны 11 сарын 11-ний хууль бус бүртгэлийнхээ дараа Д.Яг жинхэнэ өмчлөгч болгон харагдуулах далд санаа зорилгоор, дүр үзүүлсэн хуурамч барьцаа зээлийн гэрээг нь улсын бүртгэлд бүртгэснийг, 2009 оны бүртгэлүүдийг үйлдэхдээ холбогдох хууль тогтоомжийг зөрчин үйлдэж байгаагаа сайн мэдэж байсан болохыг, мөн Д.Ягийн нотариатчтай хуйвалдан үйлдсэн хэлцэлийг ч хуурамч болохыг мэдэж байсанг, мөн үл хөдлөхөд минь 2009-2017 онуудад өөрчлөлт хийгдсэн талаарх мэдээллийг 2018 онд өмчлөгч надаас нууцалж, өмчлөлийн талаархи тодорхойлолтыг худал өгч байсныг нотлохын зэрэгцээ, 2018 оныг хүртэл үл хөдлөхийг минь Д.Ягийн нэр лүү хууль бусаар шилжүүлснийг миний бие мэдээгүй явсаныг тус тус нотлоход чухал ач холбогдолтой баримтууд гэж үзэн үнэлүүлэхийг хүссэн ч шүүгч огт хэлэлцэж хянасангүй шийдвэрээ гаргасан.

3.Анхан шатны шүүхийн шүүгч нь нэхэмжлэгчээс "...талийгаач ахын чинь зургийн компани руу өмч шилжиж байж", "...тус барилгын зурагийг талийгаач ах чинь зурж байсан" ...ах чинь үл хөдлөхөд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн", "...тэр хүн олон жилийн хѳдѳлмѳрийн үр шимээрээ барьж босгосон үл хөдлөх хөрөнгө юм байна" гэхчилэн ярьж, "ахыгаа нас барсны дараа энэ хэрэг маргааныг үүсгээд байгааг чинь шүүх хэрхэн үзээсэй гэж чи бодож байна?" "өнөөдөр энэ өмч 4 хүний өмчлөлд байна, хэрэв бүртгэлийг илт хууль бусад тооцвол эдний эрх ашиг хөндөгдөхөөр байна Үүнийг шүүх юу гэж үзээсэй гэж та бодож байна? гэхчилэн асуултуудыг тависан нь 1. Нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй бөгөөд гуравдагч этгээдүүдийн нэг ч нотлох баримтгүй, худал тайлбаруудад энэ талаар бичигдсэн. 2. Гуравдагчаар оролцогч Д.Ягийн нэр дээр 2009 онд хууль бусаар өмч шилжиж, тэрээр дангаар өмчлөгч болмогцоо өөрийн 100%-ийн худалдаа эрхэлдэг хуулийн этгээд рүү өмчийг бэлэглэж шилжүүлсэн. Иймээс энэ нь ямар ч зураг төслийн компани биш, бас талийгаач ахынх ч биш. Хэрэгт баримтууд нь бий. 3. Миний талийгаач ах маргалдаж буй үл хөдлөхийн зураг төслийг зураагүй, харин хэрэгт авагдсан "Барилга хүлээн авах комисс”-ын актад Зураг төслийг Архитектур Нэгдэл, Н.Амарсайхан гэж бичээстэй бий. 3. Талийгаач ахыг энэхүү үл хөдлөхөд хөрөнгө оруулсан гэхийг нотлох нэг ч баримт байдаггүй. Харин бага ах маань зээл авч барилгыг барьсан нь баримтаар нотлогддог. Гэхдээ хэрэгт хамааралгүй. 4. Мөн том ах маань барилгыг барьж босгоогүй. Ийм нотлох баримт байхгүй. Барилгыг бага ах С.Чулуунбаатар өөрийн барилгын компаниар болон бусад барьж босгосон нь хангалттай баримтуудтай. Гэхдээ хэрэгт хамааралгүй. 5. Том ах маань тус барилгыг баригдахаас 10 гаруй жилийн өмнөөс төрийн байгууллагад алба хааж, түүнээс олсон хөдөлмөрийн үр шимээ гэр бүлдээ хүүхдүүддээ зарцуулж зориулсан. Үүгээрээ Анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаа нотлох баримтанд үндэслээгүй, нэхэмжлэлийн хүрээнээс хальж, хамааралгүй асуудлыг хөндөж, шударга бус явагдсан.

2.6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дутуу дулимаг хангалтгүй явагдсан талаар, Анхан шатны шүүхийн шийдвэрийн 12 дугаарт, Шүүх Шинжилгээний хүрээлэнгийн 1951 дугаарт шинжээчийн дүгнэлт, УБЕГын улсын байцаагч Чинтулгын бүртгэл түдгэлзүүлэх акт, мөн Прокурорын 2021 оны 06 сарын 04-ны өдрийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөн хязгаарлалтыг цуцалсан зөвшөөрлүүд эдгээр баримтуудаар 2009 оны 0000086085 дугаарт гэрчилгээний бүртгэл эрх зүйн маргаантай, алдаатай үйлдэгдсэн болохыг нь хөндлөнгийн, мэргэжлийн холбогдох байгууллагууд хүлээн зөвшөөрч нотолсон. Хэргийг үнэн зөв бодитой талаас нь үнэлж дүгнэхэд дээрх баримтууд чухал ач холбогдолтой байхад шүүх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай эсэхийг огт дүгнээгүй шийдвэр гаргасан нь хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа дутуу явагдсанг илтгэх юм. Түүнээс гадна, гуравдагчаар оролцогчийн тайлбарт шүүхийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүйгээр үл тоох, үгүйсгэх өнгө аясаар тайлбарлаж, шүүхэд нотлох баримт болохгүй гэж үзснийг анхан шатны шүүх хүлээн зөвшөөрч дэмжсэн нь үндэслэлгүй. Мөн Улсын бүртгэлийн Ерөнхий Газар нь 2021 онд нэхэмжлэгч миний гомдлоор 2 сарын турш хэргийг хянасны эцэст шийдвэрлэхдээ 2009 оны 10 сарын 29-ний болон 11 сарын 11-ний бүртгэлүүдийг хууль ёсоор авагдаагүй нотлох баримт болох хуурамч хэлцэлийг үндэслэж үйлдсэн гэдэгтэй санал нийлсэн.Хэрэв анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлт, улсын байцаагчийн акт, мөн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн захирамж зэргийг нотлох баримтанд тооцохгүй гэж үзсэн бол өөрийн хүсэлтээр дахин шинжээчийн дүгнэлт хийлгэх бүрэн эрх нь байсан. Ийм санал оруулж ирээгүй атлаа нэхэмжлэгчийн нотлох баримтыг үндэслэлгүйгээр үгүйсгэж байгаа нь буруу.

2.7.Нэхэмжлэгч миний бие захиргааны шүүхэд 2009 оны 10 сарын 29-ны бүртгэлийг илтэд хууль бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргахад шүүгч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хэрэгсэхгүй болгож байсан. Улмаар давж заалдан шүүгчийн шийдвэрийг хүчингүй болгосон ба дараа нь шаардлагаа өөрчилж хүчингүй болгуулах хүсэлт өгөхөд шүүгч "хэрэв өөрчилбол дахин хэрэгсэхгүй болгоно шүү" гэж хүсэлт хэлэлцэх шүүх хурал дээр анхааруулсан. Үүний улмаас аргагүйн эрхэнд хүсэлтээ татаж авсан. Гэвч тухайн шүүх хурал дээр миний бие тайлбар хийж байсанчлан, УБЕГ-аас надад өгсөн хариу мэдэгдэлд шүүхэд хандахыг зөвлөсний дагуу 30 хоногийнхоо хугацаанд шүүхэд хандсан тул нэхэмжлэлээ хүчингүй болгох, илтэд хууль бусад тооцуулах аль ч байдлаар гаргаж болох байв. Гэвч шүүгчийн тухайн анхааруулгыг дагаж татаж авсан. Харин шүүгч хууль зүйн үндэслэл тайлбар хийлгүйгээр хүчингүй болгох үндэслэл байна, илт хууль бусад тооцох үндэслэлгүй гэж үзэж байгаа нь миний хууль зүйн мэдлэг муу, үр дагаврыг бүрэн тооцоолох чадваргүйг минь ашигласан, шударга бус байгаагаас гадна миний шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг ноцтойгоор зөрчиж байсан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд "Даргалагч: илт хууль бус гэдгээ нуун дарагдуулахын тулд нэхэмжлэлээ гаргасан нь буруу гэж үзсэн байсан. Анхнаасаа маргаан бүхий гэж гэсэн бол шүүх өөрөөр дүгнэх байсан. Одоо өөрчлөгдөчихөөд байна. Яагаад шүүхэд ингэж хүндрүүлж учруулаад байгаа юм бэ" гэх зэрэг шүүгчийн яриа авагдсан. Энэ нь илтэд Д.Ягийн талд үйлчилж, миний нэхэмжлэл гаргах эрхийг зөрчсөнийг бүрэн нотолж байна. Иймд дээрх үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2022/0860 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Улсын бүртгэлийн ерөнхий газрын ерөнхий бүртгэгч, улсын бүртгэгчийн олгосон 2009 оны 10 сарын 29-ний өдрийн 000086085 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон улсын бүртгэгчийн бүртгэл илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

            3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 16-ны өдрийн 128/ШШ2022/0860 дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарласан, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх эрхийг хязгаарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтойгоор тус тус зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хуульд нийцээгүй гэж үзэх дараах үндэслэлүүд байна. Үүнд: 1. Нэхэмжлэгчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн: Нэхэмжлэгч С.О-ийн 2022 оны 08 сарын 17-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа "Улсын бүртгэлийн ерөнхий газрын ерөнхий бүртгэгч, улсын бүртгэгчийн олгосон 2009 оны 10 сарын 29-ний өдрийн 000086085 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон улсын бүртгэгчийн бүртгэлийг хүчингүй болгуулах"-аар өөрчилснийг шүүх хүлээн авч, хариуцагч, гуравдагч этгээдэд гардуулсан боловч нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж, нэхэмжлэлийг шүүхээр хэлэлцүүлэхгүйгээр өөрчлүүлсэн, 2. Нотлох баримтуудыг буруу үнэлсэн: 2009 оны 10 сарын 16-ны өдрийн өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах тухай хэлцэл, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 сарын 17-ны өдрийн 1951 дугаартай шинжээчийн дугнэлт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн Д.Чинтулгын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн "бүртгэл түдгэлзүүлэх тухай" 1473 дугаартай дүгнэлт, Нийслэлийн сүхбаатар дүүргийн Прокурорын газын 2021 оны 06 сарын 04-ний өдрийн "хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай" 224 дугаар прокурорын зөвшөөрөл, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2022/0128 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 сарын 30-ны өдрийн 251 дүгээр тогтоол зэрэг нотлох баримтуудыг огт үнэлээгүй,  3.Хэрлэвэл зохих хуулийг хэрэглээгүй: 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.1, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.4, 14.1.6, 19 дүгээр зүйлийн 19.2, Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2, 128.3, 2022 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.1.9. Захиргаа ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.6 дахь заалтууд тус тус хэрэглээгүй.

3.1.Нэмжлэгчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн талаар: Нэхэмжлэгч С.О-ийн 2022 оны 08 сарын 17-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа “Улсын бүртгэлийн ерөнхий газрын ерөнхий бүртгэгч, улсын бүртгэгчийн олгосон 2009 оны 10 сарын 29-ний өдрийн 000086085 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон улсын бүртгэгчийн бүртгэлийг хүчингүй болгуулах”-аар өөрчилснийг шүүх хүлээн авч, хариуцагч, гуравдагч этгээдэд гардуулсан боловч нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж, нэхэмжлэлийг шүүхээр хэлэлцүүлэхгүйгээр өөрчлүүлсэн байна.

Уг нэхэмжлэлийг гуравдагч этгээд Д.Я нь 2022 оны 08 сарын 25-ны өдөр, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.09.05-ны өдрийн 1/7707 дугаартай албан бичгээр тус тус гардуулж, хариу тайлбар ирүүлэхийг шаардсан нь тогтоогдож байна. Гэтэл анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн нь уг нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах захирамж гаргаагүй атлаа шүүх хуралдаанаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн учраас нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэх агуулга бүхий зүйл ярьж нэхэмжлэгчийн эрхэд халдсан гэж үзэхээр байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн 2022 оны 09 сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд “Даргалагч: илт хууль бус гэдгээ нуун дарагдуулахын тулд нэхэмжлэлээ гаргасан нь буруу гэж үзсэн байсан. Анхнаасаа маргаан бүхий гэж үзсэн бол шүүх өөрөөр дүгнэх байсан. Одоо өөрчлөгдчихөөд байна, яагаад шүүхэд ингэж хүндрэл учруулаад байгаа юм бэ" гэх зэрэг тайлбарыг шүүгч ярьсан нь авагдсан. Энэ нь шүүгч шийдвэрээ урьдчилж танилцуулсан гэж үзэх үндэслэл бөгөөд шүүгч хараат бус байх, хэргийн оролцогчийн аливаа хүсэлт, гомдлыг хянан шийдвэрлэхдээ шүүгчийн захирамжаар шийдвэрлэх үндсэн зарчмуудыг зөрчсөн байна. Шүүгчийн санаачилгаар нэхэмжлэгч С.О нь 2022 оны 08 сарын 17-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа “Улсын бүртгэлийн ерөнхий газрын ерөнхий бүртгэгч, улсын бүртгэгчийн олгосон 2009 оны 10 сарын 29-ний өдрийн 000086085 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон улсын бүртгэгчийн бүртгэлийг хүчингүй болгуулах" нэхэмжлэлээ өөрчилсөн байх ба түүний шүүхэд мэдүүлэх эрх зөрчигдсөн байна. Хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх эрхийг хангах шаардлагатай гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж, улмаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9-д хууль бусад тооцож хүчингүй болгох боломжтой захиргааны акт байж болох авч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээр Илт хууль бус захиргааны актын алдаа байхгүй байна гэж дүгнэснээр бүрэн нотлогдож байна.

3.2.Нотлох баримтуудыг буруу үнэлж, үндэслэлгүй шүүхийн шийдвэр гаргасан талаар: 2009 оны 10 сарын 16-ны өдрийн өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах тухай хэлцэл хийгдэхдээ хуурамчаар үйлдэгдсэн болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 сарын 17-ны өдрийн 1951 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх ба уг дүгнэлтийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Д.Чинтулгын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн "бүртгэл, түдгэлзүүлэх тухай" 1473 дугаартай дүгнэлт, Нийслэлийн сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2021 оны 06 сарын 04-ний өдрийн "Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай" 224 дүгээр прокурорын зөвшөөрөл, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 25-ны өдрийн 128/ШШ2022/0128 дугаартай шийдвэр тус тус гарсан байна. 2009 оны 10 сарын 29-ний өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийг Д.Я нь улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргасан, тухайн цаг хугацаанд Д.Я нь өмчлөгч болоогүй байсан.

2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна. 4.2-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж тус тус зааснаас үзвэл өмчлөх эрхийн гэрчилгээ авсан этгээдийг өмчлөгч гэж үзнэ. Анхан шатны шүүх "Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т Улсын бүртгэгч дараахь Үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө: 14.1.1-т мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол, 14.1.4-т мэдүүлгийг хуульд заасан хэлбэрээр гаргаагүй бол; 14.1.6-т энэ хуульд заасан мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол гэх үндэслэлүүдээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж буцаах байсан гэх агуулгатай нэхэмжлэгч талын тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй, маргаан бухий асуудлаар "эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах” эрхийг хууль тогтоогч олгосон гэж үзнэ, өмчлөгч нь өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийг байгуулж, нотариатаар гэрчлүүлснийг иш үндэс болгон бүртгэл хийснийг буруутгах боломжгүй гэх зэргээр улсын бүртгэлийг хуульд нийцсэн гэж тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд 2009 оны 10 сарын 16-ны өдрийн өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах тухай хэлцэл нь Д.Яг өмчлөгч болохыг нотлох баримт биш болно.

Мөн түүнчлэн анхан шатны шүүхээс улсын бүртгэл нь хуульд нийцсэн гэж тайлбарласан боловч хариуцагч байгууллага болох Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн Д.Чинтулгын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн "бүртгэл түдгэлзүүлэх тухай" 1473 дугаартай дүгнэлтээр "улсын бүртгэл нь хууль зөрчсөн болохыг тогтоож, хүлээн зөвшөөрсөн, мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 25-ны өдрийн 128/ШШ2022/0128 дугаартай шийдвэрээр хяналтын улсын байцаагчийн Д.Чинтулгын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн "бүртгэл түдгэлзүүлэх тухай" 1473 дугаартай дүгнэлт нь хууль тогтоомж зөрчөөгүй гэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 25-ны өдрийн 128/ШШ2022/0128 дугаартай шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар дахин нотолж эсвэл үгүйсгэх ёсгүй.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол гэж заасныг буруу тайлбарлан хэрэглэж, дээрх нотлох баримтуудыг буруу үнэлсэн бөгөөд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна гэж заасны дагуу улсын бүртгэгч нь цорын ганц өмчлөгч С.Оийн мэдүүлгээр өмчлөх эрхийн бүртгэлд өөрчлөлт оруулах үүрэгтэй байсан. Анхан шатны шүүхийн маргаан бүхий асуудлаар "эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах" эрхийг хууль тогтоогч олгосон гэж үзнэ, өмчлөгч нь өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийг байгуулж, нотариатаар гэрчлүүлснийг иш үндэс болгон бүртгэл хийснийг буруутгах боломжгүй гэх дүгнэлтүүд нь хуульд нийцэхгүй, нотлох баримтуудыг буруу үнэлэхэд хүргэсэн байна.

3.3.Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй талаар:

3.3.1. 2003 оны Эд хөрөнгө өмчөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т Улсын бүртгэгч дараахь эрхтэй: 12.4.1-т энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг хүлээн авч хянан үзэх, эрхийн улсын бүртгэлд бүртгэх, бүртгэхээс татгалзах, эсхүл мэдүүлгийг хүлээж авахаас татгалзах тухай шийдвэр гаргах: 14 дүгээр зүйлийн 14.1-т Улсын бүртгэгч дараахь үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө: 14.1.1-т мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол. 14.1.4-т мэдүүлгийг хуульд заасан хэлбэрээр гаргаагүй бол: 14.1.6-т энэ хуульд заасан мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол гэж тус тус заасан.

Улсын бүртгэгч нь мэдүүлэг гаргагч өмчлөгч мөн эсэх, хуульд заасан хавсаргах баримт бичгийг бүрэн хавсаргасан эсэхийг хянан үзэх үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй болох нь зөвхөн 2009 оны 10 сарын 16-ны өдрийн өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах тухай хэлцлийг үндэслэж, өмчлөгч гэдгийг нотлогдсон гэж үзсэн талаар хариу тайлбараар нотлогдож байна. Анхан шатны шүүх зөвхөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.4, 14.1.6-д заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна гэж зохицуулалтыг хэрэглэхгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

Өмчлөгч гэх ойлголтыг хуульд тодорхой заасан ба мэдүүлэг гаргагч Д.Я нь өмчлөгч биш болох нь тогтоогдсон байхад зөвхөн хэлцлийг нотлох баримтаар үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Хариуцагч нь өмчлөгч биш этгээд гэдгийг мэдсээр байж. өмчлөгч С.От мэдэгдэхгүй, мэдүүлгийг хүлээн татгалзахгүйгээр өмчлөх эрхийг шилжүүлэх бүртгэлийг хийсэн нь илт хууль бус шийдвэр юм. 2004 оны 08 сарын 01-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн С.Оийн нөхөр Банзрагчийн Ганбадрахын эрх, ашиг сонирхол шууд зөрчигдсөн, өмчлөх эрхээ Д.*******д шилжүүлж байгаа, үүнийг зөвшөөрсөн зөвшөөрлийг улсын бүртгэгч заавал шаардах үүрэгтэй. 2003 оны Эд хөрөнгө өмнөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна гэж заасан ба уг зохицуулалтын дагуу бүртгэлд өөрчлөлт хийхийн өмнө эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээдийн зөвшөөрлийг авсан байхыг шаарддаг.

            Энэ нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн Насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна. 128.3- т Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 128.2-т заасны дагуу зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасантай нийцэх бөгөөд С.Оийн гэрлэлтийн бүртгэлийг улсын бүртгэгч мэдэх боломжтой, энэ талаар баримтыг бүртгэл хийхээс өмнө шаардаж авах үүргийг хуулиар ногдуулсан байна. Дээрх байдлаар хууль тогтоомжийг илтэд зөрчиж, хууль бусаар бүртгэл хийсэн нь нотлогдож, илт хууль захиргааны актын шинжийг бүрэн хангаж байгаа тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зулийн 47.1-т Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хууль үндэслэл байгаагүй гэж заасныг хэрэглэх ёстой байсан.

            Улсын бүртгэлийн ерөнхий газрын ерөнхий бүртгэгч, улсын бүртгэгчийн олгосон 2009 оны 10 сарын 29-ний өдрийн 000086085 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон улсын бүртгэгчийн бүртгэл илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхдээ 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т Захиргааны байгууллага, албан тушаалган дараахь тохиолдолд захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана: 9.1.7-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй; 9.1.9-д захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн гэж заасныг хэрэглэх ёстой. Гэтэл энэ талаар ямар нэгэн хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Улсын бүртгэгч нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.4, 14.1.6, 19 дүгээр зүйлийн 19.2. Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2, 128.3-т заасныг илтэд зөрчсөн тул нэхэмжлэгч С.Оийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй бөгөөд "эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах эрхийг хууль тогтоогч олгосон гэж үзнэ, өмчлөгч нь өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийг байгуулж, нотариатаар гэрчлүүлснийг иш үндэс болгон бүртгэл хийснийг буруутгах боломжгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль бус юм. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 16-ны өдрийн 128/ШШ2022/0860 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч С.Оээс “Улсын бүртгэлийн ерөнхий газрын ерөнхий бүртгэгч, улсын бүртгэгчийн олгосон 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 000086085 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргажээ.

2.Хариуцагчаас Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Сөүлийн гудамж, 24 дугаартай барилгын 3 дугаар давхар, 1, 2, 3 давхрын шатны хонгил, 1 давхрын үүдний хэсэгт байршилтай “контор, үйлчилгээний” зориулалттай 361 м.кв талбайтай 3 давхар, 54 м.кв талбайтай шатны хонгил, 25 м.кв талбайтай, үүдний хэсэг /80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй/ үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр С.Оийг Ү-2203016572 дугаарт бүртгэж, улсын бүртгэлийн 000001000 гэрчилгээг[1] 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдөр олгожээ.

3.“Өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах тухай” 2009 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хэлцлээр[2] гэрчилгээний 000001000 дугаартай, улсын бүртгэлийн Ү-2203016572 дугаартай Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн-24 хаягт орших үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч С.О нь “хамтарч аж ахуй эрхлэх, офиссын” шалтгаанаар Д.Яг хамтран өмчлөгчөөр нэмж оруулахаар харилцан тохиролцсон, уг хэлцлийг нотариатч М.Саранцэцэг гэрчилсэн байна.

4.Дээрх хэлцлийн дагуу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр С.О, Д.Я нарыг Ү-2203016572 дугаарт бүртгэж, эрхийн улсын бүртгэлийн 000086085 дугаар гэрчилгээг[3] хариуцагч улсын бүртгэлийн байгуулллагаас 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн олгожээ.

5.Улмаар “Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай” 2009 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хэлцлээр[4] гэрчилгээний 000086085 дугаартай, улсын бүртгэлийн Ү-2203016572 дугаартай маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөс С.О нь “оруулсан хөрөнгөө бүрэн хэмжээгээр буцаан хүлээн авсан” шалтгаанаар хамтран өмчлөгчөөс өөрийгөө хасуулахаар гэр бүлийн гишүүдтэй тохиролцож, тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Д.Я[5]  үлдсэн, уг хэлцлийг нотариатч Р.О гэрчилсэн байна.

6.Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Д.Яг 2009 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр улсын бүртгэлийн Ү-2203016572 дугаарт бүртгэж, 0000866737 дугаартай гэрчилгээг хариуцагчаас олгожээ.

7.”Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх” 2010 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн гэрээний дагуу гэрчилгээний 000086737 дугаартай, улсын бүртгэлийн Ү-2203016572 дугаартай маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Д.Я нь “Энх үйлс орших” ХХК-д шилжүүлж[6], хариуцагчаас “Энх үйлс орших” ХХК-д 2010 оны 02 дугаар  сарын 01-ний өдөр улсын бүртгэлийн Ү-2203016572 дугаарт бүртгэж, 000094307 дугаартай гэрчилгээг хариуцагчаас олгожээ.

8.Үүний дараа “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх” 2014 оны 03 дугаар сарын 04-ний гэрээний дагуу “Энх үйлс орших” ХХК-ийг төлөөлөн тус компанийн захирал, 100 хувьцаа эзэмшигч Д.Я нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг иргэн С.Ц-т бэлэглэж, улсын бүртгэлийн 000286933 дугаар гэрчилгээгээр[7] С.Ц-т уг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл шилжсэн, мөн уг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гээгдүүлсэн үндэслэлээр өмчлөгчөөр С.Ц-ыг Ү-2203016572  дугаарт бүртгэж, улсын бүртгэлийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 000585493 гэрчилгээг[8] шинээр бичиж олгожээ.

9.Харин С.Ц нь 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нас барсан учир 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Өвлөх эрхийн 004 дүгээр гэрчилгээ”-гээр[9] маргаан бүхий 000585493 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2203016572 дугаартай, 50,000,000 төгрөгийн үнэтэй үл хөдлөх эд хөрөнгийг эхнэр Д.Я 25 хувь, хүү Ц.Э 25 хувь, хүү Ц.Ү 25 хувь, охин Ц.Ц 25 хувь тус тус өвлөн авч,  үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2203016572 дугаарт бүртгэгдэж, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000740826 дугаар гэрчилгээг[10]  олгожээ.

10.Иргэн Д.Я, Ц.Ц, Ц.Ү, Ц.Э нар нь тус тус 25 хувиар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул уг барилгыг 100 хувийн гүйцэтгэлтэйгээр бүртгэж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203016572 дугаарт бүртгэж, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000741812 дугаар гэрчилгээг[11] шинэчлэн олгожээ.

11.Үүний дараа Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Д.Э-ийн үйлдсэн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн бүртгэлийн 67 дугаартай “Өмчлөгч өөрт ногдох хэсгээ бэлэглэх гэрээгээр” гэрчилгээний 000741812 дугаартай, улсын бүртгэлийн Ү-2203016572 дугаартай маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Ц.Э өөрт ногдох хэсгээ төрсөн ээж Д.Яд бэлэглэж[12],  Д.Я 50 хувиар, Ц.Ц, Ц.Ү нар нь тус тус 25 хувиар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2203016572 дугаарт бүртгэж, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000741892 дугаар гэрчилгээг[13] олгожээ.

12.Мөн Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Д.Эрдэнийн үйлдсэн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн бүртгэлийн 1061 дугаартай “Өмчлөгч өөрт ногдох хэсгээ бэлэглэх” гэрээний дагуу гэрчилгээний 000741892 дугаартай, улсын бүртгэлийн Ү-2203016572 дугаартай маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч Д.Я өөрт ногдох хэсгээс 25 хувийг төрсөн хүү Ц.Э-д бэлэглэж[14], Д.Я, Ц.Ц, Ц.Ү, Ц.Э нар нь тус тус 25 хувиар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2203016572 дугаарт бүртгэж, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ[15] олгосон болох  нь тус тус тогтоогдож байна.

13.Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2412[16],  2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2710 тогтоолоор[17]  тус тус “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан”, “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр С.Чулуунбаатар, С.О нарын “С.Оийн өмчлөлийн 3 давхар, 1, 2, 3 давхрын шатны хонгил, 1 давхарын үүдний хэсэг зэрэг нийт 440 м.кв талбайг 2009 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл, мөн тус барилгын иргэн С.Лхагвасүрэнгийн өмчлөлийн зоорийн давхарын узел, цахилгаан складны өрөө, лифт, шатны хонгил, барилгын урд шатны хонгил, лифтний хэсгийн талбай, 1 давхрын талбай, барилгын 4, 5, 6 давхарын хэсэгийн нийт 1699 м.кв талбайг иргэн С.Ц-т өвлүүлсэн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн өвлөх эрхийн гэрчилгээ, баримтуудыг Д.Я нь хуурамчаар үйлдэн өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан” гэх гомдлоор үүссэн эрүүгийн хэрэг бүртгэлтийн 180902448 дугаартай хэргийг хаажээ.

14.Эдгээр тогтоолд гомдол гаргагч нараас гомдол гаргаж, дээд шатны прокурорын тогтоолоор уг хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан тогтоолыг хүчингүй болгож, улмаар уг 180902448 дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж байгаа гэдэг нь нэхэмжлэгчийн тайлбар, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 224 дүгээр зөвшөөрөл[18] зэргээр тогтоогдож байна.

15.Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгчийн тогтоолоор  шинжээчийн дүгнэлт гаргасан бөгөөд Криминалистикийн шинжилгээний газрын Бичиг баримтын шинжилгээний лабораторийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 1951 дүгнэлтээр[19] Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтэст хадгалагдаж буй Сүхбаатар дүүргийн 3-р хороо Сөүлийн гудамж 24 дугаартай барилгын 3 дугаар давхар, 1, 2, 3 давхарын шатны хонгил, 1 давхарын үүдний хэсэгт байршилтай эд хөрөнгийн өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах тухай 2009 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хэлцлийн дунд хэсэгт Самбуугийн ******* гэсний доор зурсан шинжилж буй гарын үсэг нь С.Оийн гэх гарын үсэг, бичгийн хэвийн загваруудтай тохирохгүй байна.

Сүхбаатар дүүргийн 3-р хороо Сөүлийн гудамж 24 дугаартай барилгын 3 дугаар давхар, 1, 2, 3 давхарын шатны хонгил, 1 давхарын үүдний хэсэгт байршилтай эд хөрөнгийн орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай 2009 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хэлцлийн дунд хэсэгт Самбуугийн ******* гэсний доор зурсан шинжилж буй гарын үсэг нь С.Оийн гэх гарын үсэг, бичгийн хэвийн шинжилж буй гарын үсэг нь С.Оийн гэх гарын үсэг, бичгийн хэвийн загваруудтай тохирохгүй байна.” гэсэн дүгнэлтийг гаргажээ.

16.Мөн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн захирамжаар[20] С.Оийн нэхэмжлэлтэй М.Саранцэцэгт холбогдох “нотариатч М.Саранцэцэгийн 2009 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл”-ийг баталсан нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэг бүртгэлтийн 180902448 дугаартай хэргийг эрүүгийн жумаар шийдвэрлэгдэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлэн шийдвэрлэжээ.

17.Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Дараахь тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулна:”, 19.1.1-д “үл хөдлөх эд хөрөнгө гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжих”, 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна.” гэжээ.

18.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.”, 34.4-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.”, 106 дугаар зүйлийн 106.7-д “Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана.” гэж зохицуулсан.

19.Маргааны хувьд, маргаан бүхий 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 000086085 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийг үйлдэхдээ “Өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах тухай” 2009 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хэлцлийг нотариатаар гэрчлүүлсэн байдлаар хавсарган хүргүүлснийг үндэслэн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулж бүртгэсэн бөгөөд уг бүртгэлийг үйлдсэн цаг хугацаанд буюу 2009 онд тухайн өмчлөгч нэмсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцсон, мөн энэхүү хэлцлийг баталсан нотариатчийн үйлдлийг хууль бус, цаашлаад уг хэлцэлд зурсан гарын үсэг хуурамч гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон аливаа шүүхийн шийдвэр, хуурамч гэдгийг нотолсон шинжээчийн дүгнэлт гараагүй байсан гэдэг нь маргааны үйл баримтаас тогтоогдож байна.

20.Иймээс хариуцагчийг маргаан бүхий бүртгэлийг үйлдэх “эрх зүйн үндэслэлгүй”, “өмчлөгчийн эрхэд шууд халдах үндэслэл байгаагүй” зэрэг нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлээр захиргааны хэргийн шүүхээс буруутгах, маргаан бүхий бүртгэлийг илт хууль бусад тооцох үндэслэлгүй.

21.Үүнээс гадна өнөөдрийн цаг хугацаанд маргааны бүхий “Өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах тухай” 2009 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хэлцлийг баталсан нотариатчийн үйлдэл хүчингүй болоогүй, уг үйлдлийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу үүссэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй, иргэний шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй, мөн хэлцлийг хуурамчаар үйлдсэн эсэхтэй холбоотой нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шинжээчийн дүгнэлтийг эцэслэн үнэлж, дүгнэх эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй, холбогдох шүүхийн шийдвэр гараагүй байна.

Тодруубал, маргаан бүхий бүртгэлийн үндэслэл болсон хэлцлийг баталсан нотариатчийн үйлдэл үнэн зөв эсэх, хэлцэлд зурсан гарын үсэг хуурамч эсэхийг тогтоох хэрэг, маргаан эрүү, иргэний журмаар шалгагдаж байхад хариуцагчийг маргаан бүхий бүртгэлийг үйлдэх “эрх зүйн үндэслэлгүй”, “өмчлөгчийн эрхэд шууд халдах үндэслэл байгаагүй” гэж үзэн, уг бүртгэлийг илт хууль бус гэж захиргааны хэргийн шүүхээс тогтоох нь дээр дурдсан хуулийн “нотлох баримтыг ...үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх, бусад шүүхээр тогтоогдсон баримтыг дахин нотлохгүй байх” зэрэг заалтуудад нийцэхгүй юм.

22.Иймээс нэхэмжлэгчийн маргаж буй “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 15 дугаар зүйлийн 15.4-д заасан үндэслэл илэрвэл татгалзаж буцаана, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “өмчлөгчийн эрхэд шууд халдах үндэслэл байгаагүй” зэрэг үндэслэлээр маргаан бүхий улсын бүртгэлийг захиргааны хэргийн шүүхээс илт хууль бус болохыг тогтоох хууль зүйн үндэслэлгүй байна.

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий бөгөөд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 860 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                   О.ОЮУНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                   С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                   А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 1-р хавтас 65 дахь тал

[2] Хэргийн 1-р хавтас 6, 66 дахь та

[3] Хэргийн 1-р хавтас 67 дахь тал

[4] Хэргийн 1-р хавтас 12, 68 дахь тал

[5] Хэргийн 1-р хавтас 69 дэх тал

[6] Хэргийн 1-р хавтас 70 дахь тал тал

[7] Хэргийн 1-р хавтас 73 дахь тал

[8] Хэргийн 1-р хавтас 76 дахь тал

[9] Хэргийн 1-р хавтас 74 дэх тал

[10] Хэргийн 1-р хавтас 77 дахь тал

[11] Хэргийн 1-р хавтас 80 дахь тал

[12] Хэргийн 1-р хавтас 81 дэх тал

[13] Хэргийн 1-р хавтас 82 дахь тал

[14] Хэргийн 1р хавтас 84 дэх тал

[15] Хэргийн 1-р хавтас 88 дахь тал

[16] Хэргийн 2-р хавтас 78-79 дэх тал

[17] Хэргийн 2-р хавтас 140-147 дахь тал

[18] Хэргийн 2-р хавтас 164-165 дахь тал

[19] Хэргийн 1-р хавтас 17-21 дэх тал

[20] Хэргийн 1-р хавтас 154-156 дахь тал