| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2017/00224/И |
| Дугаар | 326 |
| Огноо | 2017-04-18 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 326
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар баг, 56-Б тоотод оршин суух, 1988 онд төрсөн, 29 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОО88012410, Тайж овогт Чирээбалын Батнасангийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Батнасан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Батнасан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 1988 онд төрсөн, 29 настай. Би 2012 онд Хантайшир дээд сургуулийг банкны эдийн засагч, нягтлан бодогч мэргэжлээр бакалаврын дипломтой төгссөн. Мөн Хүмүүнлэгийн их сургуулийн бизнесийн удирдлагын чиглэлээр магистр хамгаалсан. Би тус сургуулиа төгсөөд Улаанбаатар хотод Наран группт менежерээр ажиллаж байгаад настай аав, ээжтэй тул амьдралын шаардлагаар Улаангомд шилжиж ирсэн. Ингээд 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-д туслах нягтлан бодогчоор ажилд орж 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдөр хүртэл ажилласан билээ. Би тус компанид ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй бөгөөд 2016 онд байгууллагаас өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдаж байсан. Би тус байгууллагад анх түр тушаалтай орсон боловч 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр жинхлэгдэн үндсэн орон тоон дээр ажиллаж байсан билээ. Тэгтэл “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн ТУЗ-ийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 07 тоот тогтоолоор бүтэц, орон тоог шинэчлэн баталж өмнө байсан 126 орон тоог өргөжүүлэн 142 болгохдоо санхүүгийн 4 орон тоог 6 болгосон байгаа бөгөөд үндсэн хөрөнгийн материалын нягтлан бодогчийн орон тоо-1, няравын орон тоо-1, худалдан авах ажиллагааны мэргэжилтний орон тоо-1, хяналтын аудиторын орон тоо-1 зэрэг орон тоонууд байсаар байтал намайг ямар ч үндэслэлгүйгээр намын үзэл бодлоор орон тооны цомхотгол нэрээр ажлаас чөлөөлсөнд туйлын гомдолтой байна. Миний бие нь ажил, мэргэжилдээ дур сонирхолтой, ажлаа хэнээс ч дутуугүй, хийж гүйцэтгэж байсан гэдэгт өөртөө итгэлтэй байдаг. Мөн төрийн албанд ажиллаж байсан надад ямар нэг намын харьяалал байхгүй, Ардчилсан намын үед ажилд орсон гээд ажлаас чөлөөлж буй нь Үндсэн хуульд заасан миннй ажиллаж, амьдрах эрхийг минь алдагдуулж байна гэж үзэж байна. Би айлын бага хүүхэд бөгөөд настай аав, ээжээ харж хандахаар шилжиж ирсэн билээ. Иймд намайг “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн худалдан авах ажиллагааны мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэв.
Хариуцагч Б.Одгэрэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч.Батнасан нь 2014 оны 9 дүгээр сарны 25-ны өдөр тус компанид цалин хөлсний нягтлан бодогч Я.Лхамсүрэнгийн дикриттэй байх хугацаанд түр тушаалтайгаар томилогдон ажиллаж байсан билээ. “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 10 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар санхүүгийн албыг 5 хүний орон тоотойгоор баталсан байна. Ерөнхий нягтлан бодогч Д.Насанжаргал, эдийн засагч, гэрээний мэргэжилтэн И.Батхүү, цалингийн нягтлан бодогч Лхамсүрэн, үндсэн хөрөнгө, материалын нягтлан бодогч Отгонтунгалаг, нярав И.Балжинням гэсэн 5 хүний орон тоогоор ажиллаж байна. Ч.Батнасан нь цалингийн нягтлан бодогчоор одоо ажиллаж байгаа Лхамсүрэнгийн дикриттэй байх хугацаанд түр тушаалтайгаар ажиллаж байсан. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний 07 тоот тогтоолын хавсралтаар санхүүгийн алба ерөнхий нягтлан бодогч 1, эдийн засагч, гэрээний мэргэжилтэн-1, худалдан авах ажиллагааны мэргэжилтэн-1, үндсэн хөрөнгө материалын няглан бодогч-1, цалингийн нягтлан бодогч-1, нярав-1 гэсэн орон тоотойгоор батлагдсан. Энэ ажлын байрны шаардлага нь эрх зүйч мэргэжилтэй, худалдан авах ажиллагааны А-3 сертификаттай хүн шаардлага хангаж байгаа. Ч.Батнасан нь санхүүгийн мэргэжилтэй учир дээрх ажлын байрны шаардлагыг хангахгүй байгаа. Иймд Ч.Батнасангийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Батнасан нь хариуцагч “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-д холбогдуулан худалдан авах ажиллагааны мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан хугацааны дотор ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “Ч.Батнасан нь 2014 оны 9 дүгээр сарны 25-ны өдөр тус компанийн цалин хөлсний нягтлан бодогч Я.Лхамсүрэнгийн дикриттэй байх хугацаанд түр тушаалтайгаар томилогдон ажиллаж байсан. Худалдан авах ажиллагааны мэргэжилтний ажлын байранд эрх зүйч мэргэжилтэй, худалдан авах ажиллагааны А-3 сертификаттай хүн шаардлага хангаж байгаа. Ч.Батнасан нь санхүүгийн мэргэжилтэй учир уг ажлын байрны шаардлага хангахгүй байгаа. Иймд Ч.Батнасангийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж маргаж байна.
Нэхэмжлэгч Ч.Батнасан нь 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-д цалин хөлсний нягтлан бодогчоор түр ажиллаж байгаад 2016 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн үндсэн ажилтнаар ажиллаж эхэлсэн болох нь “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн захирлын 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 116 дугаар “Түр ажиллуулах тухай” тушаал, 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 46 дугаар “Үндсэн ажилтнаар ажиллуулах тухай” тушаалын хуулбараар нотлогдож байна.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Ч.Батнасан нь Я.Лхамсүрэнгийн дикриттэй байх хугацаанд түр тушаалтайгаар томилогдон ажиллаж байсан” гэх тайлбар нь “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн захирлын 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 46 дугаар “Үндсэн ажилтнаар ажиллуулах тухай” тушаалаар няцаагдаж байна.
Хэдийгээр “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн захирлын 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 46 дугаар “Үндсэн ажилтнаар ажиллуулах тухай” тушаалд Ч.Батнасангийн ажлын байрыг нэрчилж заагаагүй боловч зохигчдын тайлбараар цалин хөлсний нягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь нотлогдож байх тул нэхэмжлэгчийг цалин хөлсний нягтлан бодогчоор ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй.
“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 21 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар нэхэмжлэгч Ч.Батнасанг ажлаас нь чөлөөлжээ.
Хариуцагч ажлаас чөлөөлсөн тушаалаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 43 дугаар зүйл, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 07 тоот тогтоолыг тус тус үндэслэн “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн бүтэц орон тоонд өөрчлөлт орж, ажилтны орон тоог цөөрүүлсэн гэх үндэслэлээр гаргажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “...Аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар зохицуулсан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “орон тоо цөөрүүлэх” гэдгийг ажил, албан тушаалын нэг ижил орон тооноос тодорхой тоогоор багасгахыг, “орон тоо хасагдах” гэдгийг тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг тус тус ойлгох бөгөөд “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 07 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар цалингийн нягтлан бодогч-1 орон тоотойгоор батлагдсан байхад Ч.Батнасанг ажлаас чөлөөлсөн тушаалаа ажилтны орон тоог цөөрүүлсэн гэх үндэслэлээр гаргасан үндэслэлгүй байна.
Мөн ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг Ч.Батнасанд 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гардуулж, ажлаас чөлөөлөх тухай тушаалаа 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдөр гаргасан байх тул хариуцагчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй юм.
Түүнчлэн ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д “байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна”, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй” гэж заасныг зөрчин Ч.Батнасантай 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-д цалин хөлсний нягтлан бодогчоор түр томилогдоход хөдөлмөрийн гэрээг түр хугацаатай байгуулсан атал 2016 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тус компанид үндсэн ажилтнаар ажиллуулахдаа хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулаагүй байна.
Ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг ажил олгогчид хуулиар ногдсон бөгөөд энэ үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй явдалд ажилтан буруугүй юм.
Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Худалдан авах ажиллагааны мэргэжилтний ажлын байранд эрх зүйч мэргэжилтэй, худалдан авах ажиллагааны А-3 сертификаттай хүн шаардлага хангаж байгаа. Ч.Батнасан нь санхүүгийн мэргэжилтэй учир уг ажлын байрны шаардлага хангахгүй байгаа“ гэж тайлбарладаг боловч худалдан авах ажиллагааны мэргэжилтний ажлын байр нь ямар мэргэжил шаарддаг талаарх нотлох баримт буюу ажлын байрны тодорхойлолтыг шүүхэд ирүүлээгүй байх тул хариуцагчийн дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
Иймд хариуцагч “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн захирал нь орон тоо цөөрүүлсэн гэх үндэслэлээр Ч.Батнасантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Тайж овогт Чирээбалын Батнасанг “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн худалдан авах ажиллагааны мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-иас ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Тайж овогт Чирээбалын Батнасанг “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн худалдан авах ажиллагааны мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, хариуцагч “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ