Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/80

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

Д.Отгонбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч Э.Гантулга,

Шүүгдэгч М.Д  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Б овогт М гийн Д т холбогдох эрүүгийн 2115000340086 дугаартай, 163/2021/0082/Э индекстэй хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт М гийн Д , 1998 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Орхон суманд төрсөн, эрэгтэй, 23 настай, ...гэх газарт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг. Урьд ял шийтгүүлж байгаагүй, /РД: Г ******** /

Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч М.Д  нь 2021 оны 01 дүгээр сарын **-**-ны шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутаг “Тамир” гэх дэлгүүрийн орчим иргэн П.Б  ийн нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлав.

Шүүгдэгч М.Д ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй гэх мэдүүлэг.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Б  ийн өгсөн: “...Тэгтэл миний малгайтай цамцнаас нэг эрэгтэй хүн татаж унагаагаад чирээд гүйсэн. Чирч гүйсэн хүн гүйж байгаад уначихаар нь би боссон чинь тэр залуу босож ирээд миний шүд рүү баруун гараараа цохисон. Тэгээд миний урд шүд уначихаар нь би тэр ахад хандан “миний шүд уначихлаа” гэхэд “би чиний шүдний чинь мөнгийг өгнө, эндээс зайл” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-06 тал/,

Гэрч Г.Ш ын өгсөн: “...Тэр хоёр хоорондоо ноцолдоод замын боржурт тээгэлдээд унасан. Тэр өндөр ах түрүүлж босоод Б  ийн гар хэсэг рүү өшиглөөд байхаар нь би очиж салгах гэхэд Т ах ирээд миний гарнаас бариад “чи битгий ор” гэхээр нь би “очиж салгах гэж байна” гэж хэлсэн. Тэр хоёр дээр очоод Б  ийн дээр байсан ахыг татаад босгох гэж байтал нэг ах нь ирээд намайг татаад холдуулсан. ...Тэр өндөр ах Б  ийн нүүр хэсэгт гараараа цохиход Б   “шүд уначихлаа” гэж хэлэхээр нь би Б   лүү очоод нүүрийг нь харахад хамар болон амнаас нь цус гарчихсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх-12-13 тал/,

         Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Нарангэрэлийн 2021 оны 01 дүгээрсарын 20-ны өдрийн 43 дугаартай:

  1. П.Б  ийн биед зүүн 1-р үүдэн шүд булгарсан 1 тооны гэмтэлтогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтлүүд хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байж болно.
  4. Уг гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд 5% нөлөөлнө.
  5. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуугэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-18-19 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Д ын яллагдагчаар өгсөн: “...Тэр хүүхэд над руу эргэж харахаар нь би баруун гараараа эрүү хэсэгт нь цохиод байж байтал миний араас нэг хүн гараараа боосон. Тэгэхээр нь би тэр цохисон хүүхдийн куртикнээс нь зуурсан. Тэгсэн Б   бид хоёр газарт унахад манай найз охин намайг татаж авч явсан. ...Эмчилгээний зардалд 2 сая төгрөг өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-27 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтуудыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчдын эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Д  нь 2021 оны 01 дүгээр сарын **-**-ны шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутаг “Тамир” гэх дэлгүүрийн орчим иргэн П.Б  ийн нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Б  ийн өгсөн мэдүүлэг /хх10 тал/, гэрч Г.Ш ын өгсөн мэдүүлэг /хх-12-13 тал/, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Нарангэрэлийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 43 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-18-19 тал/, мөрдөн шалгах ажиллагаанд М.Д ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-27-28 тал/ зэргээр болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Д  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдлоо.

Прокуророос шүүгдэгч М.Д ыг 2021 оны 01 дүгээр сарын **-**-ны шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутаг “Тамир” гэх дэлгүүрийн орчим иргэн П.Б  ийн нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч М.Д ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа болон түүнд хүлээлгэх ял, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байна.

Иймд прокурорын саналын хүрээнд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч М.Д ын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдлоо.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч М.Д  нь 2021 оны 01 дүгээр сарын **-**-ны шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутаг “Тамир” гэх дэлгүүрийн орчим иргэн П.Б  ийн нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч М.Д ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасны дагуу гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэмтэл, хохирол хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч М.Д ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч П.Б ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардалд 2000000 төгрөгийг төлж барагдуулснаар хохирогч П.Б  нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч М.Д т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.

Шүүгдэгч М.Д ыг хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ." гэж заасны дагуу шүүгдэгч М.Д ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч М.Д ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч М.Д т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч М.Д  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, прокурор 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 4/34 дугаартай тогтоолоор түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан төдийгүй хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж болохооргүй нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.Д ын үйлдсэн хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал, дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь түүний гэм буруу, хувийн байдалд тохирно гэж үзэв.

Шүүгдэгч М.Д т оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар тутам хувь тэнцүүлж, хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч М.Д  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овогт М гийн Д ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Шүүгдэгч М.Д ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаарзүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгтзааснаар шүүгдэгч М.Д т оногдуулсан 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг сар бүр 200000 /хоёр зуу мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, уг ялыг биелүүлэх хугацааг 3 /гурав/ сараар тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч М.Д т сануулсугай.
  4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоолхүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Д т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. Энэ хэрэгт шүүгдэгч М.Д  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдадтөлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ОТГОНБААТАР