| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2017/00266/И |
| Дугаар | 327 |
| Огноо | 2017-04-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 327
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 3-28 тоотод оршин суух, 1970 онд төрсөн, 47 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОА70010501, Тайжууд овогт Панзын Буянхүүгийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Буянхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 1970 онд төрсөн, 47 настай. Би 1986 оны 7 дугаар сараас 1994 оныг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трест болон Барилгын биржийн тоосгоны заводын дугуй зууханд ам нээгчээр нийт 8 жил 5 сар тасралтгүй ажилласан. Миний бие хөдөлмөрийн дэвтрээ гээж үрэгдүүлсэн ба ажилд орсон тушаал мөн олдохгүй байгаа юм. Миний ажлаас чөлөөлөгдсөн тушаал, архивын цалингийн лавлагаа зэрэг нотлох баримтууд байгааг нэхэмжлэлдээ хавсаргасан болно. Мөн надтай хамт ажиллаж байсан Г.Гангаа, Б.Уртнасан нарыг гэрчээр асууж, ажлаас чөлөөлөгдсөн тушаал, архивын цалингийн лавлагаа баримт зэргийг үндэслэн 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трест болон Барилгын биржийн тоосгоны заводын дугуй зууханд ам нээгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Буянхүү нь 1986 оны 7 дугаар сараас 1994 оныг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трест болон Барилгын биржийн тоосгоны заводын дугуй зууханд ам нээгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Панзын Буянхүүгийн 1986 оны 7 дугаар сараас 1994 оныг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трест болон Барилгын биржийн тоосгоны заводын дугуй зууханд ам нээгчээр ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.
Түүнчлэн Увс аймгийн Барилгын биржийн Ерөнхий захирлын 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 89 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд: “Тус биржийн тоосгоны заводын дугуй зууханд ам нээгчээр ажиллаж байсан Панз овогтой Буянхүүг 1994 оны 12 дугаар сарын 21-нээр тасалбар болгон ажлаас нь чөлөөлүгэй...” гэжээ.
Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Г.Гангаа, Б.Уртнасан нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Г.Гангаа “Миний бие нь 1981 оноос 1991 оныг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трестийн тоосгоны заводын тоосго шатаах зуухны галчаар ажиллаж байсан. Намайг тус газарт ажиллаж байхад П.Буянхүү нь 1986 оноос эхлэн Увс аймгийн Б-арилга угсралтын трестийн тоосгоны заводын дугуй зууханд ам нээгчээр ажиллаж эхэлсэн. Миний бие нь тус газарт 1991 оныг дуустал ажиллаж байгаад Сагил сумын Ялалт нэгдэлд мал маллахаар болсон бөгөөд П.Буянхүү нь үргэлжлүүлэн Барилга угсралтын трестийн тоосгоны заводын дугуй зууханд ам нээгчээр ажиллаад үлдсэн юм. Тухайн үед Увс аймгийн барилга угсралтын трестийн даргаар Батзул, Нүүнээ, Ургамал гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Б.Уртнасан “Миний бие нь 1979-1981 он, 1984-1994 оныг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трест болон Барилгын биржийн тоосгон заводын дугуй зууханд тоосго өрөгчөөр ажиллаж байсан. Намайг тус газарт ажиллаж байхад П.Буянхүү нь 1986 оны 7 дугаар сараас эхлэн Барилга угсралтын трестийн тоосгоны заводын дугуй зууханд ам нээгчээр ажиллаж эхэлсэн. Увс аймгийн барилга угсралтын трест нь 1992 онд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж Барилгын бирж нэртэй болсон бөгөөд П.Буянхүү нь тус газарт 1994 оныг дуустал тоосгоны заводын дугуй зууханд ам нээгчээр ажилласан болно.” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1109 дүгээр, Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 852 дугаар шийдвэрийн хуулбарууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч П.Буянхүү нь 1986 оны 7 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трест болон Барилгын биржийн тоосгоны заводын дугуй зууханд ам нээгчээр ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Барилгын биржийн Ерөнхий захирлын 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 89 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, гэрч Г.Гангаа, Б.Уртнасан нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч П.Буянхүүгийн хүсэлтийг хангаж, түүний 1986 оны 7 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трест болон Барилгын биржийн тоосгоны заводын дугуй зууханд ам нээгчээр 8 жил 5 сар 21 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь “хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Тайжууд овогт Панзын Буянхүүгийн 1986 оны 7 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трест болон Барилгын биржийн тоосгоны заводын дугуй зууханд ам нээгчээр 8 /найм/ жил 5 /тав/ сар 21 /хорин нэг/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч П.Буянхүүгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ