Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/81

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч М.Сайнзаяа,

Хохирогч Б.Ц  /онлайнаар/,

Шүүгдэгч Б.М  , түүний өмгөөлөгч М.Найдан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Б ийн М  т холбогдох эрүүгийн 2115000180053 дугаартай, 163/2021/0074/Э индекстэй хэргийг 2021 оны 3 дугаар сарын12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Б ийн М  , 1990 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн Сонгино суманд төрсөн, эрэгтэй, 30 настай, ...газарт оршин суух, малчин, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 3, аав, эгчийн хамт амьдардаг. Урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 59 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж байсан, /РД: И ******** /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М   нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг “Хавчирын анга” гэх газраас иргэн Б.Ц ын бэлчээрт байсан 1 тооны хээр зүсмийн морийг хулгайлан авч 900000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.М  ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зэв. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг.

Хохирогч Б.Ц ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Шүүгдэгч байнга хулгай хийдэг. Цагдаад хэлэхээр нотлох баримтгүй гээд тоохгүй байгаа. Өмнө нь манайхаас нэг гүү хулгай хийж байсан. Мөн 2-3 хонь хулгай хийсэн. Сая манай малчин дээр очоод та нар намайг яаж ч чадахгүй гэж томорч байгаад гарсан гэсэн гэх мэдүүлэг.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Ц ын өгсөн: “…2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр намайг гэртээ байж байтал манай туслах малчны хүү Б.М    надруу утсаар яриад “таны хээр зүсмийн морийг М   унаад явж байна. Тэгээд надтай таарчихаад мод руу зугтаагаад явчихлаа. Та хурдан Орхон сумын Халиун багийн нутаг “Талын толгой” гэдэг газар хүрээд ир” гэж хэлсэн. Би шууд Орхон аймаг, Баян-Өндөр суманд байх гэрээсээ өөрийн “Приус20" маркийн тээврийн хэрэгсэлтэй М   ын ир гэсэн газарт очсон. Тэгтэл Б.М    сая М   таны хээр зүсмийн морийг уначихсан надтай таарахаар нь М   ахаа та Ц  ахын морийг уначихсан байна гэж хэлтэл надаас зугтаагаад мод руу орчихлоо гэж хэлсэн юм. Тэгээд би 2021 оны 01 дугээр сарын 05-ны өдөр М   ыг гэрт нь хүргэж өгөх гээд туслах малчин Б   ын гэрт очтол гэрийн нь гадна миний хээр зүсмийн морь байж байсан. Би Б   аас миний хээр зүсмийн морь хэзээ, хэн авчирсан талаар асуухад манай туслах малчин Б    надад “чиний хээр зүсмийн морийг М  ын аав О    өчигдөр орой морьтой хөтөлж ирээд морио ав” гэж хэлчихээд яваад өгсөн гэж хэлсэн юм. ...” гэх мэдүүлэг /хх-36 тал/,

Насанд хүрээгүй гэрч Ц.М   ын өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 12 цагийн орчимд намайг хөтөлгөө морьтой Орхон сумын Халиун багийн нутаг “Даваат” гэх газарт явж байтал миний араас Орхон сумын Халиун багийн иргэн М   гэдэг ах хөтөлгөө морьтой ирж надтай таарсан. Тэгээд би М  ын унаж яваа морийг хартал Ц  ахын зүүн чих нь цуулбар имтэй, зөв талын гуян дээрээ саран дэвсгэртэй, нэмэх тамгатай хээр зүсмийн морь мөн байсан юм. …Тэгээд би Ц  ахын морь мөн байна гэж таниад “Ц  ахын морь юм биш үү? тамга нь хүртэл мөн байна” гэхэд М   ах сандраад өөрийн адуу гэж хэлж чадахгүй буруу, зөрүү юм ярьж байгаад над руу гараараа далайж цохих гэж сүрдүүлээд шууд надаас зугтаагаад явчихсан юм. ...” гэх мэдүүлэг /хх-42-43 тал/,

Гэрч Б.Б   ын “2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр манай хүү М   той “Даваат” гэх газар М   гэдэг залуу таараад зугтаачихсан байсан. Тэгтэл 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Ц ын алдсан гэх хээр зүсмийн морийг М  ын аав О    морьтой хөтөлж ирээд надад өгчихөөд яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-н **-**/

Гэрч Б.О    ынн өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр шиг санагдаж байна. Намайг гэртээ байж байтал Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн Ц  манай гэрт ирээд “танай хүү Б.М   миний морийг хээр бэлчээрт байхад нь барьж аваад Орхон аймаг явсан байна шүү” гэж хэлсэн юм.

Тэгээд би Б.Ц ыг манай гэрээс явахаар нь хүү М   луу утсаар залгаад “чи хүнийг морийг бэлчээрт байхад нь барьж аваад, унаад явсан байна. Ямар хэрэг хийгээд яваа юм. Чи наад морийг нь Ц ад хурдан буцааж өг” гэж хэлсэн. Тэр өдрөөс хойш 2 хоногийн дараа М   надруу тэр морийг замын унаанд ачуулаад өгөөд явуулсан байсан. Тэгээд би тэр морийг нь хөтлөөд Ц ын туслах малчин Б   ын гэрт хүргэж өгсөн юм. …” гэх мэдүүлэг /хх-47-48 тал/,

“Тольдох Оюуны өгөөж” ХХК-ний шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 06ны өдрийн 210007 дугаартай: “...Нас гүйцсэн бүдүүн адуу 900000 төгрөг. ...” гэх дүгнэлт /хх-60-64 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.М  ын яллагдагчаар өгсөн: “...Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. …Орхон аймаг руу явах замд “Хавчир хангай” гэх газар миний өөрийн морь эцчихээд явахгүй байсан. Тэгтэл Ц  гэх хүний адуунууд бэлчиж байхаар нь би мориноосоо буугаад уг адуунуудыг эзэнгүй айлын малын хашаанд хашиж байгаад хээр зүсмийн морийг нь барьсан. Тэгээд морийг нь унаад өөрийн унаж ирсэн морио хөтлөөд цааш Орхон аймаг руу явж байтал Орхон сумын “Даваатын ам” гэх газар М   той таарсан. Би М   д “чи Ц ад морийг чинь унаж яваа шүү” гэж хэлээрэй гэж хэлсэн. М    Ц  ахын утас руу залгахаар нь би айгаад цаашаа зугтаагаад явсан. ...” гэх мэдүүлэг /хх-91 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтуудыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчдын эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхөөргүй байна.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.М   нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг “Хавчирын анга” гэх газраас Б.Ц ын бэлчээрт байсан 1 тооны хээр зүсмийн морийг хулгайлан авч 900000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь: Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Ц ын өгсөн мэдүүлэг /хх-36 тал/, насанд хүрээгүй гэрч Ц.М   ын өгсөн мэдүүлэг /хх-42-43 тал/, гэрч Б.О    ынн өгсөн мэдүүлэг /хх-47-48 тал/, “Тольдох Оюуны өгөөж” ХХК-ний шинжээчийн 2021 оны 01 дүгээрсарын 06-ны өдрийн 210007 дүгнэлт /хх-60-64 тал/ зэргээр болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М  ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Прокуророос шүүгдэгч Б.М  ыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг “Хавчирын анга” гэх газраас Б.Ц ын бэлчээрт байсан 1 тооны хээр зүсмийн морийг хулгайлан авч 900000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар Б.М  ын үйлдэл нь шунахайн сэдэлттэй, тухайн мал нь бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Б.М  ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасны дагуу гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

“Хулгайлах” гэмт хэрэгт бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.М   нь уг адууг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж адууг эзэнгүй айлын малын хашаанд хашиж байгаад хээр зүсмийн морийг нь барьж авч унаад Орхон аймаг руу явсан зэрэг үйлдлээр түүний үйлдсэн гэмт хэргийн сэдэл, санаа зорилго тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Б.М  ын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдлоо.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.М  ыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг “Хавчирын анга” гэх газраас иргэн Б.Ц ын бэлчээрт байсан 1 тооны хээр зүсмийн морийг хулгайлан авч 900000 төгрөгийн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын малыг хулгайлсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Ц ад 900000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Б.М   нь хохирлыг биет байдлаар буюу адууг буцаан өгч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорыг арилгасан байх тул төлөх төлбөргүй гэж үзнэ.

Хохирогч Б.Ц  нь алдсан адууг эрж хайхад гарсан бензиний зардалд 40000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн боловч мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт уг зардлын баримтыг гаргаж өгөөгүй, нэхэмжлэхээс татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.М  ыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Б.М  ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.М  т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч Б.М  ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хор уршиг болон түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.М  ын гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж, хэрэгт битүүмжлэгдсэн хул зүсмийн 1 тооны морийг хурааж, улсын орлого болгох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.М   нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн дрожон гөлөмтэй модон эмээл 1 ширхэг, суран хазаар 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овогт Б ийн М  ыг Эрүүгийн хуулийн тусгайангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Шүүгдэгч Б.М  ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээрзүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-дзаасныг баримтлан шүүгдэгч Б.М  т оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгтзааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, түүнчлэн энэ хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Б.М  т сануулсугай.
  5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоолхүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М  т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгтзаасныг журамлан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хул зүсмийн 1 тооны морийг шүүгдэгч Б.М  аас гаргуулж улсын орлого болгосугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн дрожон гөлөмтэй модон эмээл 1 ширхэг, суран хазаар 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
  8. Энэ хэрэгт шүүгдэгч Б.М   нь цагдан хоригдсон хоноггүй, бусдадтөлөх төлбөргүй, хэрэгт ирүүлсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ОТГОНБААТАР