| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2017/00277/И |
| Дугаар | 328 |
| Огноо | 2017-04-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 328
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 1 дүгээр баг, Хайрхан 3 дугаар байрны 29 тоотод оршин суух, 1962 онд төрсөн, 55 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ62061067, Боржигон овогт Цэвээний Нарангэрэлийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Нарангэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 1994 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс Увс аймгийн Боловсрол төвд үйлчлэгчээр ажиллаж эхэлсэн ба 1998 оны 9 дүгээр сарыг дуустал ажилласан. Энэ хугацаанд ажиллаж байхдаа хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн боловч ажилд орсон тушаал нь Аймгийн архиваас шүүлгээд гарч ирэхгүй байна. Одоо тэтгэвэрт гарах нас болоход ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна. Надад ажлаас гарсан тушаал болон хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн баримтаас өөр баримт байхгүй болно. Миний 1995 оноос 1998 оны 9 дүгээр сарыг дуустал хугацаанд ажиллаж байхдаа нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа гарч ирсэн тул энэ хугацаанд ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагагүй болсон. Иймд миний 1994 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 1994 оныг дуустал Увс аймгийн Боловсрол төвд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг минь сэргээн тогтоож өгнө үү. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан Ү.Туяаг гэрчээр асууж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Нарангэрэл нь 1994 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 1994 оныг дуустал Увс аймгийн Боловсрол төвд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 143 дугаар архивын лавлагаанд: “Увс аймгийн Боловсрол төвийн захирлын 1994 оны тушаалыг шүүн үзэхэд Цэвээн овогтой Нарангэрэлтэй холбогдох баримт гараагүй нь үнэн болно” гэжээ.
Увс аймгийн Боловсрол, соёлын төвийн захирлын 1998 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 32 дугаар “Ажилд авах тухай” тушаалд: “...Үйлчлэгч Ц.Нарангэрэл өөр аймаг, хотод шилжсэн болон аймгийн Хөдөлмөр зохицуулалтын албаны 16 тоотыг үндэслэн Тушаах нь: Цэвээн овогтой Оюунчимэгийг 1998 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн үйлчлэгчээр авч ажиллуулсугай” гэжээ.
Ойн техникумын сургуулийн захиргаанаас Ц.Нарангэрэлд 1983 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: “1994 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Аймгийн захиргааны Засаг даргын 172 дугаар захирамжаар татан буугдсан тул үүрэгт ажлаас нь чөлөөлөв, 1994 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Боловсрол төвийн үйлчлэгчээр авч ажиллуулав, 1998 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр өөр аймаг хотод шилжих болсон тул ажлаас нь чөлөөлөв” гэжээ.
Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Ү.Туяагаас мэдүүлэг авсан бөгөөд Ү.Туяа нь “Миний бие нь 1993 оноос 2006 он хүртэл Увс аймгийн Сургалт заах аргазүйн төв буюу Увс аймгийн Боловсрол соёлын төвд нягтлан бодогчоор ажиллаж байсан. Намайг тус газарт ажиллаж байхад Ц.Нарангэрэл нь 1994 оны 6 дугаар сараас эхлэн Увс аймгийн Сургалт заах арга зүйн төв буюу Увс аймгийн Боловсрол төвд үйлчлэгчээр ажиллаж эхэлсэн. Тус газар нь Сургалт заах аргазүйн төв нэртэй байснаа сүүлд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж 1997 оноос эхлэн Увс аймгийн Боловсролын төв, 1998 оноос Увс аймгийн Боловсрол соёлын төв нэртэй болж өөрчлөгдөж байсан. Ц.Нарангэрэл нь Увс аймгийн Боловсрол соёлын төвд 1998 оны 8 дугаар сарыг дуустал үйлчлэгчээр ажилласан юм. Тухайн үед Увс аймгийн Боловсрол соёлын төвийн захирлаар Л.Батсүх, Г.Гомбожав, Ц.Батнасан гэх хүмүүс ажиллаж байсан” гэж мэдүүлсэн ба түүний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбар хэрэгт авагджээ.
Ц.Нарангэрэл нь 1998 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Боловсрол төвд үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь Увс аймгийн Боловсрол, соёлын төвийн захирлын 1998 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 32 дугаар “Ажилд авах тухай” тушаал, Ойн техникумын сургуулийн захиргаанаас түүнд 1983 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар нотлогдож байгаа боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд дээр Ц.Нарангэрэлийн 1994 оны 6 дугаар сарын 06-наас 1994 оныг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.
Хэдийгээр Ц.Нарангэрэлийн 1994 оны 6 дугаар сарын 06-наас 1994 оныг дуустал ажиллаж байхдаа авч байсан цалингийн баримт Увс аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй байгаа боловч нэхэмжлэгч нь дээрх онд Увс аймгийн Боловсрол төвд үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь Ойн техникумын сургуулийн захиргаанаас түүнд 1983 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Ү.Туяагийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Ц.Нарангэрэлийн хүсэлтийг хангаж, түүний 1994 оны 6 дугаар сарын 06-наас 1994 оныг дуустал Увс аймгийн Боловсрол төвд үйлчлэгчээр 6 сар 24 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Боржигон овогт Цэвээний Нарангэрэлийн 1994 оны 6 дугаар сарын 06-наас 1994 оныг дуустал Увс аймгийн Боловсрол төвд үйлчлэгчээр 6 /зургаа/ сар 24 /хорин дөрөв/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ц.Нарангэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ