| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Донийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 163/2021/0007/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/83 |
| Огноо | 2021-04-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 21.2.2., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/83
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч М.Сайнзаяа,
Хохирогч, шүүгдэгч Ж.Л ,
Шүүгдэгч Л.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Бовогт Л.Г , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт Ж.Л нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2015000860239 дугаартай, 163/2021/0007/Э индекстэй хэргийг Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Л.Г , 1966 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, Булган аймаг Булган сумын 2 дугаар багийн ... од оршин суух, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Урьд Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 150000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан. /РД: /,
Монгол Улсын иргэн, Б овогт Ж.Л , 1973 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн ... од оршин суух, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг. Урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 226 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан. /РД: /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Г нь 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч Ж.Л ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
Шүүгдэгч Ж.Л нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа иргэн Ж.Д-г бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлж, гүтгэсэн гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Г ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Л ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг.
Шүүхийн хэлэлцүүлэгт Ж.Л ын хохирогчоор өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Л ын 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: “2020 оны 02 дугаар сарын 10-ны өглөөний 05 цагийн үед манай нөхөр Г надад агсам согтуу тавиад байхаар нь би Д ахынд очсон ба 07 цагийн үед манай нөхөр Г миний араас Д ахынд хүрч ирээд намайг орон дээрээс татаж унагаагаад миний нуруу хэсэгт нэг удаа өшиглөсөн. Би нөхөр Г ын хамтаар гэртээ харьсан. 2020 оны 02 дугаар сарын 10-ны орой байх цагийг санахгүй байна. Г бид хоёр хоорондоо хэрүүл маргаан хийсэн. Тэрнээс болж манай нөхөр Г намайг газар түлхэж унагаагаад миний толгой хэсэгт нэг удаа дэвсэхэд Д ах хүрч ирээд Г ыг надаас салгасан. Д ах намайг газраас татаж босгоход миний толгой хагарсан байсан. Урьд өмнө нь хохирогчоор мэдүүлэг өгөхдөө бага насны хүүхдээ болон нөхрийгөө бодоод Д ах намайг зодсон гэж худал мэдүүлсэн юм. ...Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. ...” гэх мэдүүлэг /хх-25 тал/,
Гэрч Ж.Д ийн өгсөн: “2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 05 цагийн үед Л манайд ирээд “Г намайг зодож, дарамтлаад дээрэлхээд байна” гээд согтуу ирэхээр нь гэртээ оруулаад унтуулсан. Манай байшингийн хаалгыг 06 цагийн үед хүн нүдэхээр нь би цонхоороо хартал Г , 5 настай эрэгтэй хүүхдээ дагуулаад согтуу байж байхаар нь Л ыг дуудаад “чи босоо гэртээ харь, нөхөр, хүүхэд чинь ирсэн байна” гэж хэлтэл Л “битгий хаалгаа онгойлгоорой Г орж ирээд намайг зодно” гэж хэлэхээр нь би хаалгаа онгойлгож өгөөгүй. ...07 цагийн үед Г ганцаараа манайд орж ирээд Л ыг орноос татаж унагаагаад нуруу хэсэгт нь нэг удаа өшиглөөд, гараа атгаж байгаад толгой хэсэгт нь нэг удаа цохихоор нь би “болиоч” гэж хэлсэн чинь Г Л ыг чирээд үүдэнд очиход Л “чи хүний утас өгөөч” гэж Г ад хэлэхэд Г “май утсаа ав” гээд надад өгсөн. Тэр утас нь Самбуу ахын утас байсан. Тэгээд Г Л ыг чирээд манайхаас гараад байшингийн үүдэнд зодоод байх шиг байсан. ...18 цагийн үед сэрээд гар утсаа хайтал байхгүй болохоор нь Г , Л хоёр авсан байх гэж бодоод Г ынд очсон. Тэр үед Г согтуу хашааныхаа үүдэнд Л ын толгой хэсэгт нь нэг удаа дэвсэж, нуруу хэсэгт нь нэг удаа өшиглөж байхад нь би болиулаад “наад хүн чинь үхлээ шүү дээ, эмэгтэй хүн чинь эрэгтэй хүний гарын доор байдаг юм” гэж хэлээд Г ыг түлхээд “миний гар утсыг аваад ир” гэж хэлтэл гэртээ орсон. Л хашааны жижиг хаалганы дунд, цээжин хэсэг нь хашааны гадаа, бөгсөн хэсэг нь хашааны дотор газар хэвтэж байхаар нь “босоорой” гэхэд “ёо, ёо босож чадахгүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Л ыг татаж босгоод газар хөлийг нь жийлгээд суулгаж байхад Г гэрээсээ миний гар утсыг барьсан гарч ирэхээр нь би утсаа аваад Ч ынд очсон. ...” гэх мэдүүлэг /хх-28-29 тал/,
Гэрч Б.А гийн өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 09-ний орой Д ахынд очсон. Хэдэн цагт очсоноо санахгүй байна харанхуй болсон байсан. Д ахтай юм яриад сууж байгаад харих гэхэд Д ах намайг “ахтайгаа хамт хоночихооч” гэж хэлэхээр нь би “за” гэж хэлээд хамт хоносон. “Өглөө хэдэн цагт гэдгийн мэдэхгүй байна, гадаа харанхуй байхад Д ахын гэрийнх нь хаалгыг хүн нүдэхээр нь би сэрсэн. Д ах “хэн бэ” гээд асуусан чинь нэг эмэгтэй хүн “би байна” гэж хэлтэл Д ах хаалгаа онгойлгож өгсөн чинь нэг согтуу эмэгтэй орж ирээд “манай нөхөр намайг зодож нүдээд байна, танайд хоноё” гэж хэлсэн чинь Д ах “юу яриад байгаа юм, чи согтуу байна. Одоо нөхөр чинь ороод ирнэ харь” гээд хөөсөн чинь нөгөө эмэгтэй Д ахын байшингийн зүүн талын орон дээр унтаад өгөхөөр нь Д ах, бид хоёр бас унтсан. Тэгтэл **-** минутын дараа байх байшингийнх нь цонх хагарахаар нь Д ах, бид хоёр хамт орноосоо боссон. Д ах байшингынхаа хаалгыг онгойлготол цонхыг нь хагалсан хүн орж ирээд нөгөө согтуу орж ирээд орон дээр унтсан эмэгтэйг орноос нь чирч буулгаад Д ахын гэрээс чирээд аваад гарсан. Би “энэ хоёр юун хүмүүс бэ” гэж асуусан чинь Д ах “миний таньдаг хүмүүс, ...хоорондоо эхнэр, нөхөр байгаа юм” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-30-31 тал/,
Гэрч Д.Б ын өгсөн: “...Г , Л нар хааяа архи уусан байдаг. Уух болгондоо л хоорондоо хэрүүл маргаан хийдэг. Үе, үе цагдаа ирдэг, өөрсдөө л дууддаг байх. ...” гэх мэдүүлэг /хх-32-33 тал/,
Гэрч М.Ч ын өгсөн: “Би ажилдаа 07 цаг 30 минутын орчим гэрээсээ гараад явсан. Д ийнх манай урд талын гудамжны баруун талын үзүүрийн хашаанд байдаг юм. ...Эмэгтэй хүн болиоч дээ гээд хашгираад байсан. Гадаа харанхуй байсан болохоор ямар хүмүүс байсан нь харагдаагүй. Яг цохиж, зодож байхыг нь хараагүй. ...” гэх мэдүүлэг /хх-36-37 тал/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон 50 дугаартай:
Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Г ын яллагдагчаар өгсөн: “...Л бид хоёр 2014 онд танилцаад гэр бүл болсон, албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй. Бид хоёрын дундаас 1 хүүхэд гарсан. Л бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо хэрүүл маргаан, зодоон хийдэг нь үнэн....” гэх мэдүүлэг /хх-81-82 тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Л ын яллагдагчаар өгсөн: “...Тухайн үед манай нөхөр миний толгой руу гараараа нэг удаа цохисон. Тэгэхэд миний толгой хагарч цус гарсан. Тухайн үед Д ирээд явсан юм. Тэгэхээр нь нөхрийгөө өмөөрч хамгаалаад Д ийг зодсон гэж худал мэдүүлсэн юм. Урьд өмнө Д бид хоёрын хооронд хэрүүл маргаан, зодоон хийж байгаагүй. ...” гэх мэдүүлэг /хх-87-88 тал/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчдын эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхөөргүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчдийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.Г нь 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч Ж.Л ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Л ын өгсөн мэдүүлэг /хх-25 тал, гэрч Ж.Д ийн өгсөн мэдүүлэг /хх-28-29 тал/, гэрч Б.А гийн өгсөн мэдүүлэг /хх-30-31 тал/, гэрч М.Ч ын өгсөн /хх-36-37 тал/, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-47-48 тал/ зэргээр,
Шүүгдэгч Ж.Л нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа иргэн Ж.Д ийг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлж, гүтгэсэн гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Д ийн өгсөн мэдүүлэг /1хх-28-29 тал/, гэрч Б.А гийн өгсөн мэдүүлэг /1хх-30-31 тал/, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Л , Л.Г нарын өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Прокуророос шүүгдэгч Л.Г ыг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч Ж.Л ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
шүүгдэгч Ж.Л ыг мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа иргэн Ж.Д ийг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлж, гүтгэсэн гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Л.Г , Ж.Л нарын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдлоо.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Л.Г ыг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч Ж.Л ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, шүүгдэгч Ж.Л ыг мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа иргэн Ж.Д ийг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлж, гүтгэсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Шүүгдэгч Ж.Л, Л.Г нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасны дагуу гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд шүүгдэгч Л.Г ын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хохирогч Ж.Л иргэний нэхэмжлэл гаргаагүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Л.Г , Ж.Л нарыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Л.Г ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ж.Л ыг мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа иргэн Ж.Д ийг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлж, гүтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу шүүгдэгч Л.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, шүүгдэгч Ж.Л ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Л.Г, Ж.Л нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Л.Г Ж.Л нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Л.Г , Ж.Л нарын үйлдсэн хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, бага насны хүүхэдтэй зэрэг болон тэдгээрт хүлээлгэх, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал, дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Л.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, шүүгдэгч Ж.Л ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь шүүгдэгч нарын гэм буруугийн болон хувийн байдалд тохирно гэж үзэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Л.Г , Ж.Л нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Л.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Б овогт Ж.Л ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлж, гүтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г ыг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ж.Л т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Ж.Л т оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, түүнчлэн энэ хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Ж.Л т сануулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г ад оногдуулсан 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Булган аймгийн Булган сумын Тохижилт үйлчилгээний ангид эдлүүлэхээр зааж, уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Л.Г ад сануулсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Г, Ж.Л нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүгдэгч Ж.Л д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, тус шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 226 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
9. Энэ хэрэгт шүүгдэгч Л.Г , Ж.Л нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНБААТАР