Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 330

 

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

       Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу 3-9 хаягт байрлах, 9011041082 улсын бүртгэлийн дугаартай, 5055873 регистрийн дугаартай, “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

      Хариуцагч:  Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 1-13 тоотод оршин суух, 1994 онд төрсөн, 23 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ94081322, Хайртынхан овогт Бат-Эрдэнийн Энхсаруулд холбогдох,

    Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 120.000 төгрөг, алданги 60.000 төгрөг, нийт 180.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Басбиш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Энхсаруул нь 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдөр манай компанитай “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулан 240.000 төгрөгийн үнэтэй NР10 төхөөрөмжийг 12 сарын хугацаатай, урьдчилгаа 20.000 төгрөгийг төлж, үлдэгдэл мөнгийг сар бүр хуваарийн дагуу 20.000 төгрөгөөр төлж дуусгах нөхцөлтэйгээр худалдан авсан. Б.Энхсаруул нь одоогийн байдлаар манай компанид NР10 төхөөрөмжийн 120.000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд Б.Энхсаруулаас “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 120.000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 60.000 төгрөг буюу нийт 180.000 төгрөгийг гаргуулан өгч, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

   Хариуцагч Б.Энхсаруул шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ““Жи Мобайл” ХХК-иас авсан төхөөрөмжийн үнэ болох 240.000 төгрөгөөс 120.000 төгрөгийг өгсөн. Үлдсэн 120.000 төгрөгийг төхөөрөмж ажиллахгүй байсны улмаас өгөөгүй. Одоо нэхэмжилж байгаа 180.000 төгрөгийг өгч чадахгүй өгвөл 120.000 төгрөгийг боломжоороо төлж барагдуулах болно. Төхөөрөмжинд дагалдаж ирэх 120gb-ийг огт ашигласан зүйл байхгүй. Маш их гацдаг төхөөрөмж байсан учраас огт интернет ороогүй. Үлдэгдэл болох 120.000 төгрөгийг өгье гэхэд одоо байгаа төхөөрөмжийг ашигладаг болгож өгөхгүй бол 120.000 төгрөгийг төлж чадахгүй болно” гэжээ.

     Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь хариуцагч Б.Энхсаруулд холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 120.000 төгрөг, алданги 60.000 төгрөг, нийт 180.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

    Хариуцагч Б.Энхсаруул нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ““Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 120.000 төгрөгийг төлнө. Төхөөрөмж маш их гацдаг байсан учир төхөөрөмжид дагалдаж ирдэг 120gb-ийг ашиглаагүй. Алданги 60.000 төгрөгийг төлөхгүй” гэж маргаж байна.

         Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

      Зохигчдын хооронд 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдөр төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу төхөөрөмжийн төлбөрийг сар бүрийн 17-ны өдөр төлөх үүргийг Б.Энхсаруул хүлээн, уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцалж, холбогдох төлбөр тооцоо болон хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар тооцож алданги төлүүлэхээр тохиролцжээ.

     Үүнээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т  заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

    Хариуцагч нь “Жи Мобайл” ХХК-аас авсан төхөөрөмжийн үнэ болох 240.000 төгрөгөөс 120.000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 120.000 төгрөгийг гэрээгээр тохирсон хугацаанд төлөөгүй болох  нь зохигчдын тайлбараар нотлогдож байна.

    Харин хариуцагч нь алданги 60.000 төгрөгийг төлөхгүй хэмээн маргаж байгаа боловч зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т “Хэрэглэгч нь төлбөрөө тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд компани нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги тооцно” гэж талууд тохиролцсон байх тул хариуцагчийн маргаж байгаа нь үндэслэлгүй юм.

     Хариуцагч Б.Энхсаруул “Төхөөрөмж маш их гацдаг байсан учир төхөөрөмжид дагалдаж ирдэг 120gb-ийг ашиглаагүй” гэх тайлбар гаргадаг боловч энэ тайлбараа нотлоогүй болно.

    Иймд дээрх байдлуудыг дүгнээд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар  хариуцагч Б.Энхсаруулаас төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 120.000 төгрөг, алданги 60.000 төгрөг, нийт 180.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д олгож шийдвэрлэв.  

     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Энхсаруулаас 6050 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д олгох нь зүйтэй байна.

    Зохигчдод шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэвдолгор нь “шүүх хуралдааныг намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлсэн, хариуцагч Б.Энхсаруул нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5 дахь хэсэгт зааснаар зохигчдын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Энхсаруулаас төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөг, алданги 60.000 /жаран мянга/ төгрөг, нийт 180.000 /нэг зуун наян мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д олгосугай.

     2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6050 /зургаан мянга тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Энхсаруулаас  6050 /зургаан мянга тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д олгосугай.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ