Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 331

 

      Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

      Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 28-9 тоотод оршин суух, 1989 онд төрсөн, 28 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОО89042424, Тайж овогт Төмөрбаатарын Сүнжидмаагийн нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт холбогдох,

     Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 635.135 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Сүнжидмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл, хариуцагч Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Нансалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Т.Сүнжидмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дэргэдэх залуучуудын хөгжлийн төвд төслийн нийгмийн ажилтнаар ажилд орсон. Ажиллах хугацаандаа удаа дараа чадваржуулах сургалтад хамрагдаж нийгмийн ажилтнаар магистрын зэрэг хамгаалсан. Нийт төсөл хэрэгжиж байгаа аймгуудыг манлайлан үр бүтээлтэй ажиллаж ирсэн. Гэтэл манай байгууллагын дарга 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр солигдож шинэ дарга Б.Нансалмаа ажлаа хүлээж авснаас хойш 5 сарын хугацаанд надад дарамт шахалт үзүүлсэн. Ингээд 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх хууль бус үндэслэлээр намайг ажлаас халсан. Миний бие одоо 4 сартай жирэмсэн. Иймд намайг хууль бусаар ажлаас халсанд гомдолтой байгаа тул ажлын байранд минь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 2 дугаар сарын цалин 635.135 төгрөг гаргуулж өгнө үү” гэв. 

     Хариуцагч Б.Нансалмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргаар 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр томилогдсон. Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хэлтсийн дэргэд шинээр Залуучуудын хөгжлийн төв байгуулагдах үед буюу 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Т.Сүнжидмааг Улаангом сумын Залуучуудын хөгжлийн төвийн нийгмийн ажилтнаар 6 сарын хугацаатай гэрээгээр түр авч ажиллуулсан. Т.Сүнжидмаа нь Залуучуудын хөгжлийн төвийн нийгмийн ажилтнаар тодорхой хугацаатай гэрээний үндсэн дээр ажиллаж байсан бөгөөд түүний гэрээний хугацаа 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр дууссан тул Т.Сүнжидмаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цаашид үргэлжлүүлэхгүйгээр дуусгавар болгосон юм. Мөн аймгийн Засаг даргын Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын бүтэц, орон тоо баталсан тушаалаар нийгмийн ажилтны орон тоог хассан тул Т.Сүнжидмаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

     Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Т.Сүнжидмаа нь хариуцагч Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт холбогдуулан нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

    Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан хугацааны дотор ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. 

    Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “Т.Сүнжидмаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр дууссан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цаашид үргэлжлүүлэхгүйгээр дуусгавар болгосон. Мөн аймгийн Засаг даргын Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын бүтэц, орон тоо баталсан тушаалаар нийгмийн ажилтны орон тоог хассан тул Т.Сүнжидмаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж маргажээ.

     Нэхэмжлэгч Т.Сүнжидмааг 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Увс аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэст нийгмийн ажилтнаар 6 сарын хугацаатай түр томилж, хөдөлмөрийн гэрээний хугацааг тухай бүр сунган ажиллуулсан болох нь Увс аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 30 дугаар, 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн Б/07 дугаар, 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б/02 дугаар тушаалын хуулбараар нотлогдож байна. 

    Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн Б/04 дүгээр “Т.Сүнжидмаагийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаалаар нэхэмжлэгч Т.Сүнжидмааг ажлаас нь чөлөөлжээ.

     Хариуцагч нь ажлаас чөлөөлсөн тушаалаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон” гэх заалтыг үндэслэн гаргажээ.

    Зохигчдын хооронд 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр, 1 жилийн хугацаатай байгуулагдсан  хөдөлмөрийн гэрээний хугацаа 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр дуусахаар  байна.  

    Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт зааснаар хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацааг дуусмагц гэрээг цуцлах саналыг нэхэмжлэгчид тавьсан болохоо хариуцагч нотлоогүй тул гэрээг анх тогтоосон хугацаагаар сунгагдсан гэж үзэх үндэслэлтэй.

   Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-д зааснаар хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан тохиолдолд тодорхой үндэслэл, шалтгаан, мөн талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хөдөлмөрийн гэрээндээ зайлшгүй тодорхой тусгасан байхыг шаарддаг бөгөөд талууд энэ талаар гэрээндээ тусгаагүй байна.

    Мөн хариуцагч нь 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр “Гэрээгээр ажилтан ажиллуулах тухай” тушаал гаргахдаа нийгмийн ажилтан Т.Сүнжидмаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацааг 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 12 сарын хугацаатай сунган ажиллуулснаар гаргасан атал нэхэмжлэгчтэй 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр, 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь цаг хугацааны хувьд зөрүүтэй байгааг дурдах нь зүйтэй.

    Түүнчлэн ажил олгогч нь Т.Сүнжидмааг ажлаас чөлөөлөх үед нэхэмжлэгч нь жирэмсэн байсан болох нь Дун цагаан өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолтоор тогтоогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан “Ажил олгогч жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэх заалтыг зөрчсөн байна.

    Хариуцагч нь “Аймгийн Засаг даргын Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын бүтэц, орон тоо баталсан тушаалаар нийгмийн ажилтны орон тоог хассан тул Т.Сүнжидмаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон” гэж маргадаг боловч ажил олгогч нь орон тоо хасагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас халаагүй тул хариуцагчийн дээрх тайлбарт дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

     Нэхэмжлэгч Т.Сүнжидмаа нь Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын нийгмийн ажилтны албан тушаалд сарын 635.135 төгрөгийн цалинтай ажилладаг болох нь зохигчдын  тайлбар болон түүний 0982410 дугаартай нийгмийн даатгалын хуулбарт бичигдсэн байдлаар нотлогдож байна.     

    Иймд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2017 оны 2 дугаар сарын цалин хөлстэй тэнцэх олговор 635.135 төгрөгийг Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас гаргуулан нэхэмжлэгч Т.Сүнжидмаад олгох нь зүйтэй байна.

    Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Тайж овогт Төмөрбаатарын Сүнжидмааг Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан 2017 оны 2 дугаар сарын цалин хөлстэй тэнцэх олговор 635.135 төгрөгийг хариуцагч Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

   Нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 635.135 төгрөг нэхэмжилж улсын тэмдэгтийн хураамжид 19.700 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамж 19.700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Сүнжидмаад олгох нь зүйтэй байна.     

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Тайж овогт Төмөрбаатарын Сүнжидмааг Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоосугай.

     2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас ажилгүй байсан 2017 оны 2 дугаар сарын цалин хөлстэй тэнцэх олговор 635.135 /зургаан зуун гучин таван мянга нэг зуун гучин тав/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Сүнжидмаад олгосугай.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, нэхэмжлэгч Т.Сүнжидмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19.700 /арван есөн мянга долоон зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 19.700 /арван есөн мянга долоон зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Сүнжидмаад олгосугай.   

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ