Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/84

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч М.Сайнзаяа,

Шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Бөд холбогдох эрүүгийн 2115000330080 дугаартай, 163/2021/0090 индекстэй хэргийг 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Ч ын Б /РД: ....../, 1974 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Булган аймгийн Тэшиг суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт ...... гэх газарт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Бийг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Бийн өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн талаар өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй. Би өөрийнхөө үйлдлийн гэм буруу, үр дагаврыг ойлгосон гэх мэдүүлэг болон эрүүгийн 2115000330080 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ......ОРО улсын дугаартай, “Киа Бонго-3” загварын тээврийн хэрэгсэл ашиглан Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн “Нарийний ам” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр ургаа мод хөрөөдөн унагаж 54 ширхэг буюу 6.336 м3 шинэс төрлийн түлшний мод бэлтгэж, Булган аймгийн Булган сум руу гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь хэргийн газарт үзлэг хийсэн: “Уг хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн “Нарийний ам” гэх газар байх ба уг газар битүү модоор хүрээлэгдсэн, уулын энгэр ойн сан бүхий газар байв. ...Оролцогч Ч.Бөөр өөрөөр нь мод бэлтгэсэн гэх газрыг заалгаж, ...модыг тайрсан хожуулуудад хэмжилт хийхээр тогтов. ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-5 тал/,

Модонд үзлэг хийсэн: “Уг мод нь Булган аймгийн Булган сумын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд буулгаж хураасан байх ба уг моднуудыг тоолж үзэхэд нийт 54 ширхэг мод байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-8 тал/,

“...Уг тээврийн хэрэгсэл нь ......ОРО улсын дугаартай, цагаан өнгийн “Киа Бонго-3” загварын тээврийн хэрэгсэл байв. Тээврийн хэрэгслийн гаднах өнгө үзэмж нь эдэлж хэрэглэсний улмаас хуучирч муудсан, 2007 онд үйлдвэрлэгдэж 2018 онд Монгол улсад орж ирсэн, ...... гэсэн арлын дугаартай ачааны зориулалттай, Ж.Батсайханы өмчлөлийн тээврийн хэрэгсэл байв” гэх үзлэгийн болон эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэлүүд /хх-9-11, **-** тал/,

“...Уг хөрөө нь БНХАУ-д үйлдвэрлэсэн, маниулын хэсэг нь цэнхэр өнгийн тагтай, цагаан өнгийн банктай, улаан өнгийн банкны тагтай, хар өнгийн бариултай бензинээр ажилладаг моторт хөрөө байв...” гэх үзлэгийн болон эд мөрийн баримтаар хураасан тогтоол, тэмдэглэлүүд /хх-12-14, 23 тал/,

Иргэний нэхэмжлэгч Ж.А ийн өгсөн: “...2020 онд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн “Нарийний ам” гэх газарт мод бэлтгэх талбайн тусгаарлалт хийгдээгүй. Иргэд зөвхөн ойн нөхөрлөлийн журмаар цэвэрлэгээний зориулалтаар мод бэлтгэх буюу ургаа мод тайрч болно. Мөн уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор зөвшөөрөл авч ургаа мод унагааж бэлтгэж болдог. Иргэн хүн цэвэрлэгээний зориулалтаар ойд мод бэлтгэх эрхийн бичиг авчихаад ургаа мод унагааж болохгүй. Надад ямар нэг гомдол санал байхгүй. Байгаль экологид учруулсан хохирлоо төлчихвөл өөр нэхэмжлээд байх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-27-28 тал/,

Гэрч Б.Н өгсөн: “Би 2021 оны 01 дүгээр сарын 13-ны оройн эргүүлд цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Бямбадагвын хамт үүрэг гүйцэтгэж байсан. Тэгээд хөдөлгөөнт эргүүл шалгалтанд явж байх үед онцгой байдлын уулзвараас доод дөрвөн замын чиглэлд мод ачсан портер загварын 4 тээврийн хэрэгсэл хурдтай явж өнгөрсөн. Хойноос нь очиж шалгахад бичиг баримтын зөрчилтэй байсан, ...мод бэлтгэх эрхийн бичгийг шалгахад “ДДБТ“ ХХК гэсэн аж ахуй нэгжийн мод бэлтгэх эрхийн бичигтэй байсан. Тэгээд өөрийн бэлтгэсэн модоо ачиж яваа гэж хэлсэн. Энэ мод бэлтгэх эрхийн бичиг чинь аж ахуйн нэгжийн мод бэлтгэх эрхийн бичиг байна гэж хэлэхэд тиймээ, миний өмнө мод бэлтгэсэн эрхийн бичиг гэрт байгаа, энэ мод бэлтгэх эрхийн бичгийг Хутаг-Өндөр сумын ойн ангийн дарга Ганхуяг, ойн байцаагч Пүрэвсүрэн нар хийж өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-36-37 тал/,

Гэрч Ж.Б өгсөн: “.........ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг Б бид хоёр Улаанбаатар хотын техникийн зах дээрээс худалдаж авсан юм. Тухайн үед Б өөрийн бичиг баримтаа гэртээ орхисон байсан учир миний нэр дээр худалдаж авсан юм. Өөрөөр хэлбэл Б худалдаж авсан, Бийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм” гэх мэдүүлэг /хх-38-39 тал/,

Гэрч Ч.П-н өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Булган аймгийн засаг даргын орлогч Ж нь надруу утсаар залгаад модны гишүү хэрэгтэй байна гэж ярьсан юм. Тэр дагуу би модны гишүү бэлдэж байтал, манай нутгийн залуу И над дээр ирээд “Ж дарга сая утсаар ярилаа модны гишүү болохгүй гэж байна, хуурай түлээ авъя гэж байна гэж хэлсэн. Тэгээд И 10 портер хуурай түлээ авна гэж байна гэж хэлээд манай гэрийн гадаа 2 портер түлээг оруулъя, тэгээд намар бэлтгэсэн модтой хүмүүс байгаа байх гэж хэлсэн юм. Тэр дагуу ойн ангийн дарга Г “Уньт багт үйл ажиллагаа явуулдаг “ДДБТ” мод бэлтгэлийн аж ахуй нэгжийн захирал Н гэх хүмүүстэй хоорондоо ярьж байгаад тус байгууллагын нэр дээр авсан мод бэлтгэх эрхийн бичигт мод тээвэрлэх гарал үүслийн бичиг хийж өгсөн юм. Мод тээвэрлэх гарал үүслийн бичгийн эх хувийг Сум дундын ойн ангийн дарга Г бэлтгэж гарын үсэг зураад би хянаж баталгаажуулсан юм. ...Иргэн хүн цэвэрлэгээний мод бэлтгэх эрхийн бичгээр ургаа мод огт унагааж болохгүй” гэх мэдүүлэг /хх-40-42 тал/,

Гэрч Г.Г өгсөн: “...Ойгоос цэвэрлэгээний зориулалтаар мод бэлтгэх эрхийн бичиг авсан иргэн хүн босоо буюу ургаа мод унагааж болохгүй. Харин аж ахуй нэгж, ойн нөхөрлөлүүд болно. Би “ДДБТ” ХХК-ийн мод бэлтгэх эрхийн бичигт гарал үүслийн бичиг бичиж өгсөн юм. Энэ байгууллагын бэлтгэсэн модыг тээвэрлэнэ гэж ойлгоод гарал үүслийн бичиг бичиж өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-45-46 тал/,

Гэрч Б.Ц-н өгсөн: “2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр намайг гэртээ байж байхад аав Б Уньт баг руу орж ирээд мод бэлтгэх эрхийн бичиг авчихлаа гэж хэлээд ирсэн юм. Тэгээд тухайн өдрөө аав бид хоёр мод бэлтгэх эрхийн бичигт заагдсан газраас ургаа мод 4 ширхэгийг тайрч унагаан бэлтгэсэн юм...” гэх мэдүүлэг /хх-48 тал/,

Гэрч Д.Э-н өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гэрийнхээ гадуур байх малын баас цэвэрлээд гэртээ орж иртэл манай нөхөр Б “Уньт багийн төв дээр байдаг И, А гэх хүмүүс утсаар ярилаа. “Мээж Хайрхан” уулыг тахих гэж байгаа юм байна. Хуурай түлээ хэрэгтэй гэж байна. Гэрийнхээ гадаа байгаа модоо ачаад Булган аймаг оруулж өгөөд ирье, мөнгөөр нь авах юм байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь “за тэг” гэж хэлээд явуулсан юм. Тэгтэл манай нөхөр Булган сум руу орж ирээд цагдаад баригдлаа гэж утсаар хэлсэн” гэх мэдүүлэг /хх-50-51 тал/,

Булган аймгийн Булган суман дахь сум дундын ойн ангийн шинжээчийн экологи эдийн засгийн хохирол тооцсон “Шинжлэгдэж байгаа мод нь шинэс төрлийн хуурай, түлээний мод байна. Уг мод нь нийт 54 ширхэг мод байх бөгөөд модны нийт эзлэхүүн нь 6,336 м3 байна. 1 м3 модны үнэлгээ нь 168655 төгрөг, нийт модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 1068598 төгрөг байна” гэх 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 08 дугаартай дүгнэлт /хх-58-59 тал/,

Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн байгаль экологид учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцсон “Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн “Нарийний ам” гах газраас зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 1.068.598 төгрөгөөр тогтоогдсон бөгөөд уг үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т тус тус зааснаар 3 дахин өсгөж тооцоход 3.205.794 төгрөг болж байна” гэх 2021 оны 03 дугаар сарын 16ы өдрийн №07 дугаартай дүгнэлт /хх-63 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Ч.Бийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гэртээ байж байтал манай сумын А гэх залуу манай гэрийн утас руу залгаад хуурай мод хэрэгтэй байна. Мээж хайрханы тахилгад хэрэглэх гэж байгаа юм байна гэж ярьсан. Тэгэхээр нь би хүүгийн хамт намар бэлтгэж тавьсан түлээний хуурай мод байгаа гэж хэлсэн. Тэгсэн А хуурай модоо машиндаа ачаад хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгээд би одоо машин дээрээ ачаад Хутаг-Өндөр сумын Уньт багийн төв дээр “Хялганат Энержи” мод бэлтгэлийн хөрөө рамын дарга нь байсан, би нэрийг нь мэдэхгүй байна. Намайг хөрөө рам дээр очиход байгаль хамгаалагч П байж байсан. Тэгээд Г болон бусад хоёр мод ачсан машины жолооч нарт мод бэлтгэх эрхийн бичиг болон мод тээвэрлэх гарал үүслийн бичиг гэж хэлээд бид нарт өгсөн юм. Уг модоо Мээж уулын өвөрт буулгаарай гэж хэлсэн. Тэгээд Булган аймагт орж ирээд явж байтал цагдаа нар шалгаад саатуулсан гэх мэдүүлэг /хх-101-102 тал/ зэрэг шууд болон шууд бус нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч, гэрч нарын өгсөн мэдүүлэг,сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газарт болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө зэрэг нь шүүгдэгч Ч.Бийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бусаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч Ч.Б нь эрх бүхий байгууллагаас ойн цэвэрлэгээ хийх зориулалтаар зөвшөөрөл авсан боловч зөвшөөрөлд зааснаас өөр газраас ургаа мод тайрч бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүй Булган аймгийн Булган сум руу тээвэрлэсэн байна.

“Ойн цэвэрлэгээ” гэж ойн түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн, хүчтэй салхи, их цасанд өртөн амьдрах чадваргүй болж үхжиж унасан хуурай мод, гишүү, мөчир, мод бэлтгэлийн талбайн үлдэгдлийг цэвэрлэх замаар ойг хамгаалах, ойн төлөв байдлыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг ойлгоно.

Шүүгдэгч Ч.Б нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийн шинжээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч Ч.Б нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.Бийг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ......ОРО улсын дугаартай, “Киа Бонго-3” загварын тээврийн хэрэгсэл ашиглан Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн “Нарийний ам” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр ургаа мод хөрөөдөн унагаж 54 ширхэг буюу 6,336 м3 шинэс төрлийн түлшний мод бэлтгэж, Булган аймгийн Булган сум руу гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ч.Бийн гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 1068598 төгрөгийн шууд хохирол /хх-58-59 тал/ учирсан нь Булган аймгийн Булган сумын Сум дундын ойн ангийн инженерийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т тус тус заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж 3205794 төгрөгийн /хх-63 тал/ хохирол, нөхөн төлбөр тооцсон байх бөгөөд уг хохирол нөхөн төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Ч.Бөөс 3205794 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.

 

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ч.Бийг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.Бийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ч.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хэргийн 103-105 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Б нь ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт ...... гэх газарт мал маллан амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ч.Б-н үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлөхөө илэрхийлж байгаа зэрэг түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрлийг сонгож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус зохицуулсан байна.

Хэрэгт мөрдөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч Ч.Б-н эзэмшлийн ******** төгрөгийн үнэлгээ бүхий ......ОРО улсын дугаартай Kia bongo-3 загварын тээврийн хэрэгсэл; гэмт хэрэг үйлдэж олсон 6,336 м3 хэмжээтэй, тайрч бэлтгэсэн 54 ширхэг шинэс төрлийн түлээний хуурай мод зэргийг тус тус хурааж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 72000 төгрөгийн үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн маниулын хэсэг нь хөх өнгийн тагтай, цагаан өнгийн банктай, улаан өнгийн банкны тагтай, хар өнгийн бариултай бензинээр ажилладаг моторт хөрөөг хурааж, үнийг улсын орлого болгож, энэ хэрэгт шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдоогүй, иргэний нэхэмжлэгч гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Ч.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ч ын Б -г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч Ч.Бөөс байгаль экологид учруулсан хохирол 3205794 /гурван сая хоёр зуун таван мянга долоон зуун ерэн дөрөв/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөрдөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Ч.Бийн эзэмшлийн ******** /арван сая гурван зуун далан таван мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий ......ОРО улсын дугаартай Kia Bongo-3 загварын тээврийн хэрэгсэл; 6,336 м3 хэмжээтэй, тайрч бэлтгэсэн 54 ширхэг шинэс төрлийн түлээний хуурай мод зэргийг тус тус хурааж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 72000 /далан хоёр мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн маниулын хэсэг нь хөх өнгийн тагтай, цагаан өнгийн банктай, улаан өнгийн банкны тагтай, хар өнгийн бариултай бензинээр ажилладаг моторт хөрөөг хурааж, үнийг улсын орлого болгосугай.

8. Энэ хэрэгт шүүгдэгч Ч.Б-өөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэгч санал гомдолгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ЦЭРЭНХАНД