| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Донийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 163/2021/0089/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/85 |
| Огноо | 2021-04-21 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/85
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч П.Шижиртуяа,
Шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч П.Ган-Очир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Г ийн Б т холбогдох эрүүгийн 2115000160055 дугаартай, 163/2021/0089/Э индекстэй хэргийг 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Г овогт Г ийн Б , 1962 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, эрэгтэй, 59 настай, Булган аймаг, ...... оршин суух, жолооч мэргэжилтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 1, Урьд Сэлэнгэ аймгийн шүүхийн 1994 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 153 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн шүүхийн 2002 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар 20000 төгрөгөөр торгох ялаар, Орхон аймгийн сум дундын шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар, Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар, мөн шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан. /РД: /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн Булган сумын ........ тоотод байрлах иргэн Ц.У ын хүн амьдрах зориулалт бүхий байшингийн хаалганы цоожийг эвдэн орж, эд зүйл хулгайлан авч 102500 /нэг зуун хоёр мянга таван зуун/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.Б ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй гэх мэдүүлэг.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.У ын өгсөн: “…Булган аймгийн Булган сумын ....... тоотод байрлах манай хашаа байшингийн түгжээг эвдэж, хулгай орж телевизорын антен, телевизорын сувгийн төхөөрөмж, айрагны ваар, 2 литр айраг, 3 литр сүү алга болсон байсан. ...” гэх мэдүүлэг /хх-н 26-28 тал/
Гэрч Ё.Т ийн “...Би найзындаа байж байгаад харих гээд Г ахын хашааны зүүн талаар явж байтал байшингийн хаалга нь онгорхой байсан. Би байшингийн хаалганы түгжээг хартал хаалганы цүүг нь эвдсэн байсан. Тэгээд би хаалгыг нь онгойлгож үзчихээд хулгай орсон байна гэж бодоод цагдаа дуудуулсан. Байшингийн дотор байгаа эд зүйлийг сайн харж чадаагүй. ...” гэх мэдүүлэг /хх-н 36-38 тал/
Гэрч Б.О ийн “... Би Булган аймгийн Булган сумын 5 дугаар багт байрлах “Тамир” хүнсний дэлгүүрт 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр худалдаа хийгээд сууж байсан. Тухайн үед нэгэн үл таних бүлтгэр нүдтэй, хар саравчтай малгайтай, туранхай, согтууруулах ундаа хэрэглэсэн хүн орж ирсэн. Тэр хүн “би олон жил шоронд явсан, надад нэг тор өгөөдөх” гээд 500 төгрөгөөр цэнхэр өнгийн 100 төгрөгийн гялгар уут аваад, сугандаа хавчуулсан дөрвөлжин хар зүйлээ хийгээд гараад явсан. ...” гэх мэдүүлэг /хх-н 49-51-р тал/
“Ашид Билгүүн” ХХК-ний 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ТХҮ/21-006 дугаартай шинжээчийн: “...Телевизорын сувгийн төхөөрөмж 54000 төгрөг, телевизорийн антен 4500 төгрөг, 3 литрийн ваар 27000 төгрөг, аарц 12000 төгрөг, сүү 5000 төгрөг, нийт 102500 төгрөг. ...” гэх дүгнэлт /хх-64-67 тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Г.Б ийн яллагдагчаар өгсөн: “...Би Булган аймгийн Булган сумын нутаг “Азаргын гол” гэх газар Б гэх айлын гэрт мал маллаж байгаад 2020 оны 12 дугаар сарын 31-ний орой Булган аймаг орж ирсэн. Тэгээд орой нь Г гэх айлд хоночихоод маргааш нь Ү гэх айлд очсон. Тэгээд гэрт ороход Ү гэртээ ганцаараа байсан. Би нэг шил Монгол стандарт нэртэй 0.75 литрийн архи авч өгөөд хоёулаа хувааж уусан. Тэгтэл Ү надад нэг шил Монгол стандарт нэртэй 0.75 литрийн архи авч өгөөд мөн бид хоёр хувааж уусан. Би нилээн согтсон юм. Ү гийн гэрээс гараад хуучин танил Г гэх айлд очиход гэрт нь хүн байхгүй, гэр нь цоожтой байсан. Би гэрийн хаалганы цоожийг нь эвдлээд гэрт орсон. Гэрт ороод зурагтны станц, мөн зурагтны станцны антен хоёрыг аваад гэрээс гарсан. Тэгээд Гын төрсөн дүү болох бүтэн нэрийг нь мэдэхгүй байна Б гэх айлд очоод тэдний гэрт орон дээр зурагтны станц, мөн зурагтны станцны антен хоёрыг тавиад унтсан. Тийм л зүйл болсон. Гэрийн хойд талын авдар дээр цагаан өнгийн морины зурагтай айрагны ваар байсныг аваад гэрээс гарч хойд талын амбаар дотор ортол ойролцоогоор 2л хэмжээтэй гялгар ууттай сүү шиг цагаан зүйл байсныг мөн хулгайлан авч гарсан. ...” гэх мэдүүлэг /хх-н 80-81-р тал/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтуудыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчдын эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхөөргүй байна.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн Булган сумын ........... тоотод байрлах иргэн Ц.У ын хүн амьдрах зориулалт бүхий байшингийн хаалганы цоожийг эвдэн орж, эд зүйл хулгайлан авч 102500 /нэг зуун хоёр мянга таван зуун/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ё.Т ийн мэдүүлэг /хх-36-38 тал/, гэрч Б.О ийн өгсөн мэдүүлэг /хх-49-51 тал/ зэргээр болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Прокуророос шүүгдэгч Г.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн .............. тоотод байрлах иргэн Ц.У ын хүн амьдрах зориулалт бүхий байшингийн хаалганы цоожийг эвдэн орж, эд зүйл хулгайлан авч 102500 /нэг зуун хоёр мянга таван зуун/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар Г.Б ийн үйлдэл нь шунахайн сэдэлттэй, тухайн эд зүйл нь бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтийн зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Тухайлбал, хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх хаалгыг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчлэхээр тайлбарлажээ.
Шүүгдэгч Г.Б ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасны дагуу гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
“Хулгайлах” гэмт хэрэгт бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Г.Б нь хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч, эд зүйл хулгайлан авч явсан зэрэг үйлдлээр түүний үйлдсэн гэмт хэргийн сэдэл, санаа зорилго тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Г.Б ийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдлоо.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ................... тоотод байрлах иргэн Ц.У ын хүн амьдрах зориулалт бүхий байшингийн хаалганы цоожийг эвдэн орж, эд зүйл хулгайлан авч 102500 /нэг зуун хоёр мянга таван зуун/ төгрөгийн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.У т 102500 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Г.Б нь хохирогчид 80000 төгрөгийг төлж барагдуулснаар хохирогч Ц.У нь гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ шүүхэд илэрхийлжээ.
Иймд шүүгдэгч Г.Б ийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Г.Б ийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Г.Б ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч Г.Б ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хор уршиг болон түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял буюу 1 жил, 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн зурагтны суурин станц 1 ширхэг, зурагтны антен зэргийг хохирогч Ц.У т буцаан олгож, цоож 2 ширхэг, лоом 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Г ийн Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Г.Б ийг 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Б т оногдуулсан 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд хорьсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Г.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн зурагтны суурин станц 1 ширхэг, зурагтны антен зэргийг хохирогч Ц.У т буцаан олгож, 2 ширхэг цоож, 1 ширхэг лоом зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНБААТАР