| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00472/и |
| Дугаар | 151/ШШ2017/00515 |
| Огноо | 2017-05-03 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 151/ШШ2017/00515
| 2017 оны 05 сарын 03 өдөр | Дугаар 151/ШШ2017/00515 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Төв аймгийн Баян сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын хүсэлттэй, Ц.Батсүхийг эмчилгээний үр дүнг харгалзан албадан эмчилгээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрыг төлөөлж их эмч, дэслэгч П.Энхбулган, эмчлүүлэгч этгээд Ц.Батсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар шүүхэд гаргасан хүсэлтдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Энхбулган шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Өвчтөн Ц.Батсүх нь 2017 оны 02 сарын 23-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Төв аймгийн Баян суман дахь согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар ирсэн Ц.Батсүх нь эмийн эмчилгээ, сэтгэл засал, нөхөн сэргээх, хөдөлмөр эмчилгээ хийгдэж, эмчилгээний үр дүнд зовиур шаналгаа арилж засал авч архи уух дур хүсэлгүй болсон тул эмчилгээний үр дүнг харгалзан албадан эмчилгээг зогсоох хүсэлтэй байна гэв.
Эмчлүүлэгч этгээд Ц.Батсүх нь шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 2017 оны 02 сарын 23 өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр архины албадан эмчилгээнд эмчлүүлэхээр ирсэн. Энэ эмчилгээнд ирээд 3 сар гаруйн хугацаанд эмэн болон сэтгэл заслын эмчилгээг шат дараалан хийлгэж ангийн захиргааны өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь хийж байсан. Энэхүү эмчилгээний явцад өөрийн архинаас хамааралтай өвчтэй болсноо ухамсарлан энд хийсэн эмчилгээг үр дүнгээ өгч байна. Иймд ангийн захиргаанаас эмчилгээний хугацаа дууссан гэж үзсэн тул шүүх хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримт болон хэргийн оролцогчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Эмчлүүлэгч этгээд Ц.Батсүх нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 23-ны өдрийн 595 дугаартай шийдвэрээр захиргааны журмаар албадан эмчлэхээр шийдвэрлэсэн байна.
Эмчлүүлэгч этгээд Ц.Батсүх нь тус газар ирж 70 хоног эмчлүүлсэн ба дээрх хугацаанд улсаас 55 217 төгрөгийн эмчилгээ хийж, сэтгэл зүйн болон бусад сургалтад хамруулсан байна.
Эмчлүүлэгч этгээд Ц.Батсүх нь удаа дараа согтууруулах ундаа хэрэглэж, саатуулагдаж байсан ба архидан согтуурч нийгмийн хэв журмыг зөрчдөг нь нотлогдож байх тул түүний эмчилгээний үр дүнг харгалзан албадан эмчилгээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгуулах тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасныг баримтлан Маарамба овогт Цэгмидийн Батсүхэд холбогдох эмчилгээний үр дүнг харгалзан архины албадан эмчилгээнээс хугацаанаас өмнө чөлөөлөхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, аладан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т зааснаар эмчлүүлэгч этгээд шүүхийн шийдвэр гарсан өдрөөс тус тус 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ