Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/89

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч Э.Гантулга,

Шүүгдэгч Н.Т, Х.Х, М.П, Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Гантулгын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Т, Х.Х, М.П, Б.Г нарт холбогдох эрүүгийн 2115000000084 дугаартай, 163/2020/0093/Э индекстэй хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, О овогт Н-н Т /РД: ................ /, 2003 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 7, аав, ээж, дүү нарын хамт ................................................... тоотод оршин сууж байсан, одоо .............................................. тоотод амьдарч байгаа, урьд ял шийтгүүлж байгаагүй,

Монгол Улсын иргэн, Б овогт Х-гийн Х /РД: ......................... /, 1999 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, операторчин мэргэжилтэй, ам бүл 2, ээжийн хамт ........................................................ тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй,

Монгол Улсын иргэн, М овогт Б-ын Г /РД: ............................... /, 1998 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрмийн туслах мэргэжилтэй, ам бүл 5, аав, ээж, ах, дүү нарын хамт .................................................... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй,

Монгол Улсын иргэн, С овогт М-ийн П /РД: ........................... /, 1999 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, ам бүл 4, аав, ээж, эгч нарын хамт ........................................................ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Т, Х.Х нарын бүлэглэж М.П-ын эрүүл мэндэд, М.П, Б.Г нарыг бүлэглэж Н.Т-гийн эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан “бүлэглэж” гэх хүндрүүлэх шинжээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Тгийн өгсөн: Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохиролд 500000 төгрөг төлсөн гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Х-ы өгсөн: Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.П-ын өгсөн: Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохиролд 500000 төгрөг төлсөн гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г-ын өгсөн: Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Тгийн хохирогчоор өгсөн: 2021 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө болсон. Унтаж байгаад чимээ гарахаар нь сэрэхэд Х.Х, М.П хоёр зодолдож байсан. Би салгахаар очиход М.П миний нүүр рүү цохьсон. Би зөрүүлээд М.П-ын нүүр рүү нь цохьсон. Гэтэл буцаж гараад Гтай орж ирээд хэн нь гэдгийг мэдээгүй миний нүүр, нуруу руу цохиж гэмтэл учруулсан. Надад энэ хоёр нийлээд 500000 төгрөг өгсөн. Мөнгийг Г өөрийн биеэр авчирч өгсөн. Одоо надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.П-ын хохирогчоор өгсөн: 2021 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө болсон, гэр андуурч орсноос болж Х.Хтай маргалдсан. Тэр үед Н.Т босож ирээд энэ хоёр намайг цохиж зодсоноос надад гэмтэл учирсан. Хохиролд 500000 төгрөг өгсөн, санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2115000000084 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан

Гэрч Б.Н-нөгсөн: “Би 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өөрийн найз нар болох Т, Б, Х, А, М нарын хамт Орхон аймгийн баруун урд талд үйл ажиллагаа явуулдаг “....................” гэх амралтын газарт ирсэн. ...Манай найзууд авсан пивоо уугаад хооол идчихээд байж байтал манай хажуу талд гэр авсан залуучууд байсан. Уг залуучуудаас хоёр эрэгтэй хүн “гэр андуурчихлаа” гэж хэлээд бид нарын амарч байсан гэрт орж ирсэн. Тэгэхээр нь манай найз Т “танай гэр бишээ, бид нарын амрах гэж авсан гэр байгаа юм” гэж хэлээд гэрээс гаргасан. Тэгээд гэрээс гарахдаа бид нарыг “ална” гэж хэлээд гэрээс гарсан. Тэгээд бид нар айгаад хаалгаа түгжих гэтэл түгжээ байхгүй болохоор нь хаалгаа онгорхой бүгдээрээ орондоо ороод унтацгаасан. ...Гаднаас хоёр танихгүй эрэгтэй хүн орж ирсэн. Тэгээд нэг эрэгтэй нь гэрээс гараад явсан. Гэрт үлдсэн нэг эрэгтэй нь “Д хаана байна гэж хэлээд бид нараас асуугаад байсан юм. Тэгээд гэрийн хойд талын орон дээр унтаж байсан Х дээр очоод “Д хаана байна гэж асуухад “Х мэдэхгүй хөгшөөн гэж хэлэхэд хуцаарай гэж хэлээд хацар руу нь гараараа алгадаад байсан. Тэгээд удалгүй Х босч ирээд гаднаас орж ирсэн залуутай зодолдоод эхэлсэн. Тэгтэл Т унтаж байснаа босч ирээд тэр хоёрыг салгах гээд очиход Тг Хтай зодолдож байсан ах гараараа нүүр рүү нь цохиод автал Т зөрүүлээд 2-3 удаа нүүр рүү нь гараараа цохисон. Тэгээд гэрээс танихгүй ах гараад явсан. Гэрээс гарсан ах “манайхаан ороод ир” гэж хэлээд гарахаар нь би айгаад гэрээс зугтаасан. Гаднаас орж ирсэн залууг Х, Т нар зодож цохисон. Т миний харснаар 2-3 удаа гараараа нүүр рүү нь цохьсон. Харин Х хэдэн удаа цохисныг би хараагүй” гэх мэдүүлэг /хх-22-23 тал/,

Насанд хүрээгүй гэрч Б.А-ын өгсөн: “Би 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өөрийн найз нар болох М, Н, Х нарын хамт салхинд гарахаар явсан. Тэгээд Булган аймгийн Орхон сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг .................. гэх нэртэй амралтын газарт ирсэн. Тус амралтын газарт ирээд нэг Монгол гэрт дөрвүүлээ орсон. Бид нарыг гэрт ороход хажуу талд хоёр гэрт хүмүүс орсон байсан. Хажуу гэрт орсон хүмүүс манай гэрт орж ирээд байхаар нь би айгаад амралтын газрын ах, эгч хоёр дээр очиж “түлхүүр цоожны зүйл байна уу, манай гэрт хажуу талын хүмүүс согтуу орж ирээд байна” гэж асуухад надад түлхүүр цоож байхгүй, өөрсдөө учраа ол гэж хэлсэн. Тэгээд би буцаад гэртээ ирэхэд манай найзууд гэртээ сууж байсан. Хажуу талын гэрт орсон хүмүүс хоорондоо муудалцаад байгаа чимээ сонсогдож байсан. Тэгээд удалгүй байж байтал манай найз Т өөрийн найз болох Боогий гэх найзтайгаа хамт ирсэн. Тэгээд бид зургуулаа болсон. ...Нэг сэрэхэд гэрийн гадаа түчигнээд байхаар нь гэрээс гараад хартал гэрийн гадаа харанхуй байсан учир хэн нь хаана байгаа, юу болж байгаа талаар ойлгогдохгүй байсан. Тэгээд би гэрт ортол манай найз Тг танихгүй залуус хоёр талаас нь өшиглөж зодож байсан. Тэгэхээр нь би “болиоч” гэхэд тэдний найз гэх нэг эмэгтэй хажуу талаас “чамд хамаагүй асуудал, чи хол бай” гэж хэлээд намайг ойртуулахгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-30-31 тал/,

Насанд хүрээгүй гэрч Д.Мгийн өгсөн: “Би 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өөрийн найз А, Н, Х нарын хамт салхинд гарахаар явсан. Тэгээд Булган аймгийн Орхон сумын баруун талд үйл ажиллагаа явуулдаг “....................” гэх нэртэй амралтын газарт ирсэн. ...Тэгээд бид дөрөв гэртээ ороод сууж байтал манай хоёр найз болон Т, Б нар сүүлд ирсэн. ...Унтаж байтал манай найз Н босоорой гэж хэлээд намайг сэрээсэн. Сэрээд харахад манай найз Т нэг танихгүй залуутай зодолдож байсан. Тэгээд удалгүй гэрээс Т гараад явсан. Ттэй зодоон хийж байсан ах Тг гараад явахад араас нь Тг дуудаад ална гэж орилж байснаа гэрээс гараад явсан. Тэгээд би өөрийн найз А руу харахад хажуу талын орон дээр унтаж байсан. Тэгэхээр нь би Аыг сэрээгээд гэрт хоёулаа сууж байтал гаднаас Т гэрт орж ирсэн. Ингээд гурвуулаа сууж байтал гаднаас 2-3 залуу орж ирээд Тг зодох гээд байсан. Удалгүй манай гэрт амралтын газрын ах, эгч хоёр орж ирээд манай гэрээс зодоон хийсэн залуучуудыг дагуулаад гарсан...” гэх мэдүүлэг /хх-32-33 тал/,

Гэрч Х.Хын өгсөн: “2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр миний төрсөн өдөр болсон юм. Тэгээд найзуудаараа салхинд гарахаар тохиролцсон. Тэгээд манай найз нар түрүүлээд амралт олох гээд явцгаасан. Сүүлд нь оройн 21 цагийн үед найз Пын хамт араас нь найз нар дээрээ очсон. Бид хоёрыг очиход манай найз нар архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан. Тэгээд бид хоёр найз нартайгаа хоёр ширхэг виски хувааж уугаад сууцгаасан. Тэгтэл шөнийн 01 цагийн үед манай найз болох Э, О нар нь хоорондоо маргалдаад эхэлсэн. Нэг мэдэхэд О яваад өгсөн байна гэж манай найзуудаас нэг нь хэлсэн. Тэгээд Оийн араас нь Б, О хоёр явсан. Гэрт үлдсэн найзуудаараа сууж байтал гаднаас манай найз болох Па зодуулсан байдалтай орж ирсэн. Юу болсон талаар тодруулахад найз нь зодуулчихлаа гэж хэлсэн. Тэр үед манай найз нар болох Г, О, Э, бид дөрвүүлээ байсан. Э, О нар гэрт үлдээд, хажуу талын гэр рүү П, Г бид гурав орсон. Гэрт ороход хоёр охин, нэг залуу байсан. Уг гэрт байсан залууг манай найз Г нэг удаа гараараа алгадсан. Тэгтэл амралтын газрын ах эгч хоёр хүрч ирээд салгасан. Би хоёр эрэгтэй найзаа дагуулж гараад өөрсдийн гэрээс авчирсан эд зүйлээ аваад Орхон аймаг руу буцаад явсан” гэх мэдүүлэг /хх-44-45 тал/,

Гэрч О.Б өгсөн: “2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр би ажил дээрээ байсан юм. Би өөрийн охины нэр дээр байдаг амралтын газрыг ажиллуулж байсан. Тухайн өдөр орой 17 цагийн орчим эхлээд 8 хүн ирж хоёр гэрт орсон. Тэгээд удалгүй байж байтал манай амралтын газрын ойролцоо гулгаж тоглож байсан 4 хүн ирж нэг гэрт орсон. ...Шөнийн 02 цагийн үед унтаж байтал гаднаас хаалга цохиод байхаар нь би босч хаалга тайлахад сүүлд гэрт орсон өндөр залуу дээгүүрээ цээж нүцгэн намайг хойд гэрийн хүмүүс зодоод байна, та учрыг нь олж өгөөч гэж хэлсэн. Тэгээд би зодсон гэх хүмүүсийн гэрт ороход 2 охин, 3 залуу уг гэрт байсан. Тэгээд нэг өндөр залуу нь намайг урд гэрийн залуучууд зодчихлоо, миний нүүрийг хар гэж хэлсэн. Тэгээд нүүрийг нь харахад нүд орчим нь хавдсан цус гарсан зүйлгүй байсан. Тэгээд уг залуу нь урд гэрт орж намайг зодсон залууг өөрийг нь адилхан болгоно гэж хэлээд гэрээс гарсан. Тэгээд би мөн араас нь дагаад урд гэрт ороход зодууллаа гэж манай гэрт ирсэн өндөр залуу 2 охины хамт гэрт сууж байсан. Тэгээд гэрт гаднаас нүд нь хавдсан залуу орж ирээд гэрт байсан өндөр залууг 2-3 удаа гараараа цохиж байсан. Мөн хамт орж ирсэн шар хүрэмтэй залуу нь мөн 2-3 удаа гараараа алгадах шиг болсон. Тэгээд би “боль” гэж хэлээд салгаад гэрт нь оруулсан...” гэх мэдүүлэг /хх-47-48 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №66а дугаартай: “Магадлуулагч Н.Тгийн биед баруун мөр, баруун бугалга, баруун тохой, ар нурууны зүүн талд бүсэлхийн хажуу талд, баруун дунд болон чигчий хуруунд 7 тооны зулгаралт, баруун чамархай, зүүн шуу, зүүн мөрөнд 3 тооны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Нийтдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Н.Тгийн биед учирсан зулгаралтууд нь гараар цохих, газарт унах үед үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-61-62 тал/,

2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №67а дугаартай “Магадлуулагч М.П-ын биед зүүн нүдний салстад цус харвалт, баруун зүүн нүдний зовхи, ар нуруунд 3 тооны цус хуралт, 1 тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх нүдний салстын цус харвалт, баруун, зүүн нүдний цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Нуруун дахь зулгаралт, цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Магадлуулагчийн биед учирсан гэмтлүүд нь гараар цохих үед үүсэх боломжтой. Унах, алгадах үед үүсэх боломжгүй” гэх дүгнэлт /хх-92-93 тал/,

Шүүгдэгч Н.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр миний төрсөн өдрийг нөхөж тэмдэглэх гээд найз М, А, Б, Н, Х нарын хамт 18-19 цагийн хооронд Булган аймгийн Орхон сумын “.....................” гэх амралтын газар руу явцгаасан. Амралтан дээр очоод бид хэд хоол унд идээд нэг хүний хоёр, хоёр ширхэг лаазтай пиво ууцгаасан. Бид пивоо ууж дуусаад хэсэг юм ярьж сууцгааж байхад хажуугийн хоёр гэрт хүмүүс ирж байрласан. Тэгээд бид хэдийг унтах гээд байж байхад гаднаас хоёр ах орж ирсэн. Тэгснээ манай гэрээс яв, энэ манай гэр гэж хэлээд хэрүул хийгээд манайхаас гарсан. Удаагүй нэг охин манай гэр рүү ороод ирсэн. Тэгэхээр нь бид нар нөгөө охиныг дагаад хамт яваа хүмүүс нь орж ирээд бид хэдийг зодож магадгүй гэж бодоод хөөж гэрээс гаргасан. Удаагүй бид хэд унтацгаасан. Цаг шөнийн 01 цаг өнгөрч байсан санагдаж байна. Унтаж байхад Х гэр дотор нэг өндөр ахтай /П гэх ахтай/ зодолдож байсан. Тэгэхээр нь би очоод тэр хоёрыг салгах гээд очсон чинь намайг цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд 3 билүү 4 удаа гараараа нүүр рүү нь цохисон. Тэгээд нөгөө ах мөлхөөд гэрээс гарсан. Удаагүй хойноос нь 4-өөс 5-н найзтайгаа нөгөө өндөр ах гэрт орж ирсэн. Тэгсэн чинь гэрээс Х, Б, Н гурав гараад зугтаасан. Би гэрт М, А хоёртой хамт үлдсэн. Тэгсэн чинь намайг Па, Г хоёр алгадаад, цохиод байсан. Би П, Г хоёрыг сүүлд цагдаад шалгагдаж байхдаа нэрийг нь мэддэг болсон. Тэгээд тэр хоёр миний биед гэмтэл учруулсан гэх мэдүүлэг /хх-104-105 тал/,

Шүүгдэгч Х.Х-ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр миний хуурай дүү Тгийн төрсөн өдрийг нөхөж тэмдэглэх гээд найз М, А, Б, Н, Т нарын хамт оройн 19 цагийн үед Булган аймгийн Орхон сумын “....................” гэх амралтын газар руу машинаар явцгаасан. Амралтан дээр очоод бид нар юм идчихээд хүний хоёр, хоёр ширхэг “Сэнгүр” нэртэй лаазтай пиво ууцгаасан. 2021 оны 02 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнийн 01 цаг өнгөрч байхад бүгдээрээ унтахаар хэвтэцгээсэн. Тэгсэн намайг унтаж байхад намайг нэг хүн орж ирээд нүүр рүү алгадаж сэрээсэн. Тэгээд босч ирээд “чи хэн бэ” гэж асуусан чинь нэг хүний нэр асуугаад, намайг цохиод байсан. Тэгэхээр нь би босч ирээд нөгөө залууг заамдаж аваад эргүүлээд цохисон. Тэгсэн хажуугаас Т ирж дундуур орж салгах гэсэн чинь нөгөө залуу Тг цохисон. Тэгээд бид хоёр нөгөө өндөр залууг нийлж байгаад би лав хоёр гурван удаа нуур рүү нь цохисон. Харин Т, 3 билүү 4-н удаа бас гараараа нуүр рүү нь цохисон. Тэгээд нөгөө ах мөлхөөд гэрээс гарсан. Удаагуй хойноос нь 4-өөс 5-н найзтайгаа нөгөө өндөр ах гэрт орж ирсэн. Тэгээд гэрээс би Б, Н нарын хамт гараад зугтаасан. Гэрт М, А хоёртой хамт Т үлдсэн байсан. Тэгээд би бөөн юм болох нь гээд гэрээс зугтааж гараад машиндаа очоод цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /хх-111-112 тал/,

Шүүгдэгч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “2021 оны 02 дутаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө найз Хын төрсөн өдрийг тэмдэглэхээр найзуудын хамт Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг .................... гэх нэртэй амралтын газарт найз Х, О, Э, О, П, Б, Содномин нарын хамт очсон. Төрсөн өдөр тэмдэглэж байгаад О, Б, Содномин нар гэр рүүгээ харина гээд яваад өгсөн. Найзуудаас Х, О, П, Э бид нар амралтан дээр хонохоор үлдсэн. Тухайн үед олуулаа байсан учраас бид нар хоёр ширхэг монгол гэр түрээслэж авсан байсан. Бид нарыг байхад хажуугийн гэрт хэсэг залуучууд мөн гэр турээслэж авч байсан. Шөнө 02-03 цагийн үед Па гэрээс гараад буцаж орж ирэхдээ бусдад зодуулсан байдалтай орж ирсэн. Тэгээд юу болсон талаар асуухад хажуугийн гэрт хэсэг залуучуудад зодуулчихлаа гэж хэлсэн. Пыг харахад нүүр ам нь хөхөрч тагларчихсан орж ирсэн. Тэгээд эргээд Х, П бид хэд хажуугийн гэр рүү орсон. Бид хэдийг ороход гэрт хоёр охин, нэг залуу /Т гэх залуу/ байж байсан. Би оронгуутаа Тг барьж аваад толгой руу нь хоёр удаа алгадаж, миний хойноос П ирээд Тг гурван удаа толгой руу нь цохисон. Тэгсэн амралтын газрын хүмүүс орж ирээд салгасан” гэх мэдүүлэг /хх-118-119 тал/,

Шүүгдэгч М.П-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “2021 оны 02 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө найз Хын төрсөн өдрийг тэмдэглэхээр найз нар хамт Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг .................... амралтын газарт очсон. Найз нараас сүүлд нь Х, О, Г, Э бид тав амралтан дээр хонохоор үлдсэн. Бид нар хоёр гэр авсан байсан. Бид нарыг байхад хажуугийн гэрт хэсэг залуучууд байсан. Шөнө 02-03 цагийн үед би О гэдэг найзыгаа амралтнаас явсныг мэдэхгүй хайж байгаад хажуугийн залуучуудын гэр рүү орчихсон. Тэгээд намайг гэрт ороход гэр харанхуй байсан. Гэрийн зүүн талын захын орон дээр Оийг унтаж байгаа юм байх гэж бодсон. Тэгээд би очоод Оийг байна гэж бодоод сэрээх гээд очиход орон дээрээс танихгүй залуу босч ирж уурласан. Би тухайн үед нөгөө залууд найзыгаа хайж байна гээд хэл амаа ололцолгүйгээр маргалдсан. Маргалдаж байх явцад нөгөө залуу /Х гэх залуу байсан/ бид хоёр тал талаасаа цохилцсон. Тэгээд би түрүүлж гэрийн шалан дээр зуухны хажууд унасан. Тэгсэн хажуугаас нь нөгөө надтай эхэлж муудалцсан залуугийн найз /Т гэх залуу/ орж ирээд миний дээрээс цохисон. Тэр хоёр нийлж байгаад намайг нэлээд гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд хэсэг зодуулж байгаад арай гэж нөгөө гэрээс гараад өөрийнхөө гэр рүү ороход найзууд намайг хараад хэнд зодуулчихваа гээд Г, Х бид гурав эргээд нөгөө гэр рүү орсон. Тэгсэн Т гэдэг залуу гэрт байсан. Тэгээд Г Тг барьж аваад хоёр удаа нүүр лүү нь алгадаад, би гурван удаа толгой руу цохисон. Яг тэгээд байж байтал гаднаас амралтын ажилчид орж ирээд салгаад ахиж зодоон болоогүй” гэх мэдүүлэг /хх-125-126 тал/ зэрэг яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “....................” гэх амралтын газарт 2021 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө шүүгдэгч Н.Т нь “нүүр рүү алгадаж сэрээлээ” гэх шалтгаанаар М.Птай маргалдаж, улмаар хамт нэг гэрт унтаж байсан Х.Хтай бүлэглэж М.П-ыг зодож эрүүл мэндэд нь нүдний салстын цус харвалт, баруун, зүүн нүдний цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Х.Х нь Н.Т, М.П нарын хооронд үүссэн маргааныг салгах явцдаа “нүүр рүү цохилоо” гэх шалтгаанаар Н.Ттэй бүлэглэж М.П-ыг зодож эрүүл мэндэд нь нүдний салстын цус харвалт, баруун, зүүн нүдний цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч М.П нь “намайг найзтайгаа нийлж зодлоо” гэх шалтгаанаар хамт амарч байсан Б.Г-тай бүлэглэж Н.Тг зодож эрүүл мэндэд нь баруун мөр, баруун бугалга, баруун тохой, ар нурууны зүүн талд, бүсэлхийн хажуу талд, баруун дунд болон чигчий хуруунд долоон тооны зулгаралт, баруун чамархай, зүүн шуу, зүүн мөрөнд гурван тооны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Б.Гнь “найз Пыг зодлоо” гэх шалтгаанаар М.Птай бүлэглэж Н.Тг зодож эрүүл мэндэд нь баруун мөр, баруун бугалга, баруун тохой, ар нурууны зүүн талд, бүсэлхийн хажуу талд, баруун дунд болон чигчий хуруунд долоон тооны зулгаралт, баруун чамархай, зүүн шуу, зүүн мөрөнд гурван тооны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Н.Т, М.П нарын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Н.Т, Х.Х нарын болон Б.Г-, М.П нарын тус тус бүлэглэж харилцан бие биенийхээ бие, эрх чөлөөнд халдсан үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нар дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан ба хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр шүүгдэгч нар нь хоорондоо санаатай нэгдэж, үйлдлээрээ хамтран оролцсон болох нь нотлогдож байна.

Шүүгдэгч Н.Т, Х.Х болон Б.Г, М.П нарын тус тус бүлэглэж харилцан бие биенийхээ бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай үйлдлийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан “бүлэглэж” гэсэн шинжээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “....................” амралтын газарт 2021 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнийн 01 цагийн орчим шүүгдэгч Н.Т, Х.Х нарыг бүлэглэж М.П-ыг зодож эрүүл мэндэд нь нүдний салстын цус харвалт, баруун, зүүн нүдний цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч М.П, Б.Гнарыг бүлэглэж Н.Тг зодож эрүүл мэндэд нь баруун мөр, баруун бугалга, баруун тохой, ар нурууны зүүн талд, бүсэлхийн хажуу талд, баруун дунд болон чигчий хуруунд долоон тооны зулгаралт, баруун чамархай, зүүн шуу, зүүн мөрөнд гурван тооны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

 

Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Н.Т, Х.Х нарын гэм буруутай үйлдлийн улмаас М.П-ын эрүүл мэндэд, шүүгдэгч М.П, Б.Гнарын гэм буруутай үйлдлийн улмаас Н.Тгийн эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол учирсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлийн баримт гаргаж ирүүлээгүй, хохирогч М.П, Н.Т нар нь гэм хорын хохиролд тус тус 500000 төгрөг авсан, цаашид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Иймд шүүгдэгч Н.Т, Х.Х, М.П, Б.Гнарыг төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Гурав. Эрүүгийн хариуцлага, албадлагын арга хэмжээний талаар:

Шүүгдэгч Н.Т, Х.Х нарыг бүлэглэж М.П-ын эрүүл мэндэд, шүүгдэгч М.П, Б.Гнарыг бүлэглэж Н.Тгийн эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Т, Х.Х, М.П, Б.Гнарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэргийн 129-140 дугаар талуудад авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, багийн Засаг даргын тодорхойлолт, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт зэрэг тэдний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Н.Т нь ам бүл 7, аав, ээж, дүү нарын хамт ..................... тоотод амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, шүүгдэгч Х.Х нь ам бүл 2, ээжийн хамт ................................... тоотод амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, шүүгдэгч М.П нь ам бүл 4, аав, ээж, эгч нарын хамт ................................ тоотод амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, шүүгдэгч Б.Гнь ам бүл 5, аав, ээж, ах, дүү нарын хамт ....................................... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг тэдний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Н.Т, Х.Х, М.П, Б.Гнарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хөрөнгө орлогын байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялын төрлийг сонгож, шүүгдэгч нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгож шийтгэх нь тэдний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгч нарын хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч Н.Т, Х.Х, М.П, Б.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт Н-ийн Т, Б овогт Х-гийн Х нарыг бүлэглэж М.П-ын эрүүл мэндэд, М овогт Бын Г, С овогт М-ийн П нарыг бүлэглэж Н.Тгийн эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Т, Х.Х, М.П, Б.Г нарыг тус бүр 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Н.Т, Х.Х, М.П, Б.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Шүүгдэгч Н.Т, Х.Х, М.П, Б.Г нар нь төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ЦЭРЭНХАНД