| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваанямын Оюумаа |
| Хэргийн индекс | 128/2019/0494/З |
| Дугаар | 424 |
| Огноо | 2019-07-04 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 424
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А нам
Хариуцагч: ЧДЗД
Хариуцагч: ЧДЗД ТГД
Нэхэмжлэлийн шаардлага: “А намаас 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрүүдэд жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг бүртгээгүй Чингэлтэй дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус байсан болохыг тогтоолгох, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 3/1117, 3/1129 дүгээр жагсаал цуглаан бүртгэх боломжгүй тухай албан бичгийг хууль бус байсан болохыг тогтоолгох”.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Түвшинзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд заасан эрхийн хүрээнд нам жагсаал цуглаан хийх эрхтэй. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д зааснаар жагсаал, цуглаан хийх эрхтэй этгээд нь гудамж, талбайд жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг дүүргийн Засаг даргад өгч бүртгүүлдэг.
Харин Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар сарын 1-д “Жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдэл хүлээн авсан Засаг дарга дор дурдсан үндэслэл байвал түүнийг хийхийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргаж, энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 3-д заасан хугацаанд жагсаал, цуглаан зохион байгуулагчид бичгээр мэдэгдэнэ:”,
1-д шүүхийн болон эрх бүхий бусад байгууллагын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогсоогдсон буюу татан буугдсан, эсхүл албан ёсны бүртгэлгүй улс төрийн нам, төрийн бус байгууллага жагсаал, цуглаан хийх мэдэгдэл гаргасан бол;
2-т энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан газарт жагсаал, цуглаан хийхээр төлөвлөсөн бол;
3-д энэ хуулийн 8 дугаар зүйлээр хориглосон жагсаал, цуглаан хийхээр төлөвлөсөн бол” гэж заасан болно.
Гэтэл А намаас Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт жагсаал, цуглаан хийх мэдэгдлийг Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1-д заасан шаардлага хангаагүй үндэслэлээр бүртгэх боломжгүй тухай ЧДЗД ТГД хариу өглөө. Энэ нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийцэхгүй байна гэж үзнэ.
Иймд А намаас хийхээр мэдэгдсэн жагсаал, цуглааныг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан Чингэлтэй дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй, Засаг даргын өмнөөс жагсаал цуглаан бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгохоор Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2-т зааснаар энэхүү гомдлыг гаргаж байна” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... А намын дүүргийн Засаг даргад хандаж тус дүүргийн нутаг дэвсгэр, Хууль зүй, дотоод хэргийн яамны гадна жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг гаргасан байдаг. Тухайн мэдэгдэлд 2019 оны 06 дугаар сарын 11-14-ний өдрүүдэд 11:00-16:00 цагийн хооронд жагсаал, цуглаан зохион байгуулагдахаар тусгасан бөгөөд уг мэдэгдлийг хянан үзэхэд Жагсаал, цуглаан хийх журмын тухай 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилохдоо хуульд заасан шаардлагыг хангуулаагүй бөгөөд нэгэнт хуульд заасан итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилж ирүүлээгүй байх тул бүртгэх боломжгүй.
Мөн Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 6-д “Засаг даргад бүртгүүлсний дараа жагсаал, цуглаан хийх талаар зарлан мэдэгдэнэ. Энэхүү заалт энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу жагсаал, цуглаан зохион байгуулахад үл хамаарна” гэсэн зохицуулалттай боловч жагсаал цуглаан зохион байгуулагч нь Засаг даргын бүртгэсэн эсэхийг үл хамааран жагсаал цуглаан зохион байгуулсан, мөн жагсаал цуглаан хийж буй талаар хэвлэлийн бага хурал зарлаж олон нийтэд мэдээлсэн бөгөөд энэ Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг зөрчиж байна.
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 5 дугаар бүлэг, 33 дугаар зүйлийн 33.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байх бөгөөд дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ:” 33.1.2-т “Засаг даргаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зохион байгуулалт, эрх зүй, аж ахуйн талаар болон Тамгын газрын хэлтэс, албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нутгийн захиргааны байгууллагыг чиглүүлэн удирдахад нь Засаг даргад туслах” гэж зааснаар Засаг даргын Тамгын газрын дарга албан бичгээр хариу өгсөн байдаг.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А намаас ЧДЗД , ЧДЗД ТГД нарт холбогдуулан гаргасан “А намаас 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрүүдэд жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг бүртгээгүй Чингэлтэй дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус байсан болохыг тогтоолгох, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 3/1117, 6 дугаар сарын 12-ны өдрийн 3/1129 тоот жагсаал цуглаан бүртгэх боломжгүй тухай албан бичгийг хууль бус байсан болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.
А намын 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 03/267, 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 03/271 дүгээр албан бичгүүдээр “А намаас 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрүүдэд 11:00-16:00 цагийн хооронд Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Худалдааны гудамж, Асашёорюү цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талын авто зогсоолд улс төрийн жагсаал, цуглаан зохион байгуулах”-ыг мэдэгдсэн мэдэгдлийг ЧДЗД д хүргүүлсэн нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д “Гудамж, талбайд жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг сум, дүүргийн Засаг даргад өгч бүртгүүлэхээр заасны дагуух үйлдэл болжээ.
Харин дээрх мэдэгдлийн хариуг А намд “Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул бүртгэх боломжгүй” гэж 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 3/1117, 6 дугаар сарын 12-ны өдрийн 3/1129 тоот албан бичгүүдээр ЧДЗД ТГД өгсөн нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн З-д “Засаг дарга жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор түүнийг бүртгэсэн эсэхээ бичгээр мэдэгдэнэ” гэж заасны дагуу Засаг дарга бүртгэсэн эсэхтэй холбоотой хариу өгөх заалтыг зөрчсөн байна.
Мөн уг хуулийн 9 дүгээр зүйлийн 4-д зааснаар Жагсаал, цуглаан хийх мэдэгдлийг бүртгэх эсэх тухай асуудлыг шийдвэрлэхийн тулд нэмж тодруулах буюу зохицуулбал зохих асуудал гарвал Засаг дарга энэ зүйлийн З дахь хэсэгт заасан хугацааны дотор зохион байгуулагчтай харилцаж зохицуулах эрх нь Засаг даргад нээлттэй байсан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “мэдэгдэлд хавсаргагдсан итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлагуудыг тусгаагүй байсан учир Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1-д Жагсаал, цуглааныг санаачлагч улс төрийн нам, төрийн бус байгууллага уг арга хэмжээнээс үүсэх үр дагаврыг биечлэн хариуцах үүрэг бүхий зохион байгуулагчийг албан ёсоор томилж, энэ тухай итгэмжлэлийг жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдэлд хавсаргана” гэснийг зөрчсөн тул татгалзсан” гэж тайлбарласныг шүүх хүлээн авах, татгалзлын үндэслэлд хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй.
Учир нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байна гэж тодорхойлоод хэрэгжүүлэх үйл ажиллагааг заасан байдаг.
Үүнд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Тамгын газрын дарга нь дээрх хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д Засаг даргаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зохион байгуулалт, эрх зүй, аж ахуйн талаар болон Тамгын газрын хэлтэс, албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нутгийн захиргааны байгууллагыг чиглүүлэн удирдахад нь Засаг даргад туслах чиг үүргийн хүрээнд татгалзсан хариуг өгсөн гэж тайлбарласан бөгөөд хуулийн заалтаас үзэхэд Тамгын газрын дарга нь Засаг даргыг мэдээллээр хангах, туслалцаа үзүүлэх, зохион байгуулалтын үйл ажиллагааг эрхлэхээс бус жагсаал, цуглаан зохион байгуулагчийн мэдэгдэлд хариу өгөх эрх, үүргийг хуулиар хүлээгээгүй болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч А намын хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16/-д итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй, Улс төрийн намын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т жагсаал, цуглаан болон бусад үйл ажиллагааг хуулийн хүрээнд санаачлан зохион байгуулах; Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д Жагсаал, цуглааныг Монгол Улсын иргэн, улсын бүртгэлд бүртгэгдсэн улс төрийн нам, төрийн бус байгууллага зохион байгуулах эрхтэй гэж заасны дагуу хуулиар олгогдсон жагсаал, цуглаан зохион байгуулах эрх нь зөрчигдсөн гэж үзээд хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн З-д заасан “Засаг дарга жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор түүнийг бүртгэсэн эсэхээ бичгээр мэдэгдэнэ” гэсэн хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 3/1117, 6 дугаар сарын 12-ны өдрийн 3/1129 тоот жагсаал цуглаан бүртгэх боломжгүй тухай албан бичгийг хууль бус байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.3, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16, Улс төрийн намын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 9 дүгээр зүйлийн З, 4-д заасныг тус тус баримтлан А намаас ЧДЗД , ЧДЗД ТГД нарт холбогдуулан гаргасан “А намаас 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрүүдэд жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдэлд хариу өгөөгүй Чингэлтэй дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 3/1117, 6 дугаар сарын 12-ны өдрийн 3/1129 тоот жагсаал цуглаан бүртгэх боломжгүй тухай албан бичгүүд хууль бус байсан болохыг тус тус тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч А намаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А намд олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 5 /тав/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЮУМАА