Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 214

 

МАГАДЛАЛ

 

2017.01.18                                                   Дугаар 214                                    Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

“Голомт банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Н.Батзориг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/06516 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Бат-Эрдэнэ,

Хариуцагч “Эвандер” ХХК-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 15 784.61 ам.доллар гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Нараа,

Хариуцагч Д.Бат-Эрдэнэ,

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Эрдэнэчимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: 2013 оны 05 дугаар сарын 28-ний өдөр Голомт банктай 33130528001 дугаартай Картын зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 10 000 ам.доллар хүртэлх зээлийн эрхийг сарын 2 хувийн хүүтэйгээр бэлэн бус гүйлгээний хэрэглээнд сарын 3 хувийн хүүтэйгээр бэлэн гүйлгээний хэрэглээнд ашиглах эрх нээлгүүлсэн. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр БГ130528001 дугаартай барьцааны гэрээгээр Голомт банкны 105049530 дансан дахь төгрөгийн хугацаат хадгаламж 2 912 671.49 төгрөг, Голомт банкны 1181003094 дансан дахь төгрөгийн хугацаат хадгаламж 1 934 654.30 төгрөгийн хадгаламжийг барьцаалсан. Мөн зээлийн гэрээний үүргийг хангуулахаар "Эвандер" ХХК нь 2013 оны 05 дугаар сарын 28 өдөр БДГ130528001 Батлан даалтын гэрээгээр картын зээлийн эрх нээлгэгчийг батлан даасан. Гэтэл 2013 оны 05 дугаар сарын 28 өдөр 10 000 ам.долларын картын зээлийн эрхийг ашиглан авсан бөгөөд өнөөдрийг хүртэл үндсэн зээл, хүүг төлөөгүй байна. Банкны зүгээс удаа дараа холбогдон зээлээ бага багаар ч болов төлөхийг хүссэн боловч огт төлөлт хийсэнгүй. Талуудын хооронд байгуулсан 33130528001 картын зээлийн эрх нээлгэх гэрээний 2.1-т cap бүрийн 21 өдөр зарцуулалт төлөх эцсийн өдөр байхаар тохирсон. Өнөөдрийн байдлаар үндсэн зээл 10 000 ам.доллар, холбогдох бусад хүү, нэмэгдүүлсэн хүүний нийлбэр 5 784.61 ам.доллар нийт 15 784.61 ам.доллар болоод байна. Банк зээлдэгчид зээлээ төлөх хангалттай хугацаа олгож, зээлээ төлөх бодит боломж олгосон боловч зээл, хүүгийн өр төлбөрөө төлж барагдуулахгүй байгаа болно. Хариуцагч        Д.Бат-Эрдэнийн Голомт банкинд байрлах төгрөгийн хугацаат хадгаламжийг барьцаалсан боловч битүүмжлэж амжаагүй байхад хадгаламжийн мөнгийг Д.Бат-Эрдэнэ авсан. Манайх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаар "Эвандер" ХХК-ийг татсан боловч татгалзаж байна. Учир уг компани нэг гишүүнтэй захирал Д.Бат-Эрдэнэ юм. Иймд хариуцагчаас Д.Бат-Эрдэнээс үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөр 15 784.61 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Хэдийгээр миний бие банкинд зээлийн төлбөр төлөхөө бүрэн хүлээн зөвшөөрч байгаа боловч үлдэгдэл төлбөрийн дүн дээр тооцоо нийлэн, нэгдмэл нэг дүнд хүрэх хүсэлтэй байна. Учир нь миний бие гэрээний үүргээ тодорхой хэмжээнд биелүүлж байсан бөгөөд ам.долларын ханш огцом өссөнөөс шалтгаалж хугацаанд нь төлбөрөө төлөх боломжгүй болсон. Иргэний хуулийн 218.1 дэх заалтад тусгагдсан мөнгөний ханш өссөн, буурсан үед төлбөр гүйцэтгэх мөнгөний ханшийг зохицуулах тухай заалтаас харахад ханшийг шүүхэд нэхэмжлэл гаргах өдрөөр бус, харин гэрээний үүрэг үүссэн үеийн ханшаар тооцох ёстой гэж үзэж байна. Энэ хугацаанд буюу 2013 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 48 293.84 ам.долларын зарлагын гүйлгээ хийгдэж, мөн хугацаанд нийт 22 удаагийн үйлдлээр 40 813.52 ам.доллар буюу 72 779 179 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн. Дээрх орлого зарлагын гүйлгээний зөрүүнээс гадна 8 304.25 ам.доллар нь Голомт банкны тооцоолсон хүү, нэмэгдүүлсэн хүү, хугацаа хоцорсны торгууль байна. Гэтэл дээрх хугацаанд буюу 2013 оны 7 дугаар сараас ам.долларын ханш тасралтгүй огцом өсч "Талууд зохих хяналт тавих боломжгүй гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал" үүсэж МҮХАҮТ-аас зээлдэгч Д.Бат-Эрдэнэд "Хүнд нөхцөл байдлын гэрчилгээ" олгосон. Зээлдэгчийн нийт төлж барагдуулсан 72 779 179 төгрөг нь төлбөрийн чадвараа алдаж, ханшийн хэт зөрүүтэй орлогын гүйлгээ хийгдсэн ба энэхүү ханшийн алдагдал болох 10 172.53 ам.долларийн алдагдлыг зээлдэгч тал дангаар хүлээсэн ч байна. Дээрх гэрээний хугацааны дотор буюу 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хяналт тавих боломжгүй. Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн талаар сөрөг үр дагаварт өртсөн болох зээлдэгч миний бие гэрээний нөгөө талдаа мэдээллэх үүргээ биелүүлж Голомт банкинд мэдэгдсэн ба энэхүү хүндрэлээс зайлсхийж болох арга талаар валютын зээлийг төгрөгийн зээлд шилжүүлэх хүсэлт гаргаж байсан. Гэвч гэрээний нөгөө тал болох Голомт банкны зүгээс түхайн үед хүндрэг нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх, урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн ямар нэг арга хэмжээ аваагүй бөгөөд энэхүү хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү, хугацаа хэтэрсний торгууль зэргийг зээлдэгчийн гүйцэтгэсэн дээрх ханшийн алдагдалтай гүйлгээний зөрүүгээс тооцсоор байсан. Талууд зохих хяналт тавих боломжгүй. Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүссэнийг гэрээний нөгөө талдаа мэдэгдсэн өдөр болох /2015 оны 1 сарын 14/-өөс хойших хүү, нэмэгдүүлсэн хүү, хугацаа хэтэрсний торгууль 5 589.78 ам.долларыг "Хүнд нөхцөл байдлаас зайлсхийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах" үүргээ биелүүлээгүй буруутай тал болох Голомт банк хариуцаж, үлдэх хүүгийн төлбөрийн зөрүү болох 22,3 ам.долларыг зээлдэгч тал төлж барагдуулах,

Хоёр талын маргааны гол зүйл болох "Хүнд нөхцөл байдал" үүссэн үеийн алдагдал буюу бодит хохирол 10 172.53 ам.долларыг гэрээний хоёр тал "ижил тэгш хэмжээгээр" хариуцах нь шудрага ёсны болон гэрээний талуудын тэгш эрхийн зарчимд нийцнэ гэж үзэж байна. Мөн талуудын хооронд байгуулсан "Картын зээлийн эрх нээх гэрээ"-ний "Талуудын хариуцлага" хэсгийн 5.3.4-т "Техникийн гэмтэл, сүлжээний алдаа, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнөөс шалтгаалан Банк энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй буюу хангалттай биелүүлээгүй бол хариуцлага хүлээхгүй" гэсэн Банкны хууль ёсны эрх ашгийг хамгаалсан, хариуцлагаас чөлөөлөгдөх заалт оруулсан боловч Зээлдэгч талын хууль ёсны эрх ашгийг хамгаалсан "Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл"-ийн талаар заалт оруулаагүй, зээлдэгчийн зүгээс банкны зээлийн гэрээнд өөрчлөлт, өөрийн эрх ашгийг хамгаалах заалт оруулах бодит боломж зээлдэгч талд байдаггүй, байгаагүй зэрэг нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан "Гэрээний талуудын чөлөөт байдал" алдагдсан гэж үзэх үндэслэл болж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Д.Бат Эрдэнээс 15,784.61 ам доллар буюу 32,360,818 төгрөг гаргуулан нэхзмжлэгч Голомт банкинд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Д.Бат Эрдэнээс 319,784 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт банкинд олгож, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 321,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Хуулийн энэ заалтаас харвал зээлийн гэрээнд "Хүнд нөхцөл"-ийн талаар заавал тусгах хууль зүйн шаардлага байхгүй бөгөөд ийнхүү талууд гэрээнд тусгаагүй нь хариуцагч эрсдлийг дангаар үүрэх үндэслэл болохгүй юм. Хүнд нөхцөл байдлын улмаас үүргээ гүйцэтгэх боломжгүй, эсхүл зохих ёсоор гүйцэтгээгүй бол хариуцлагаас хөнгөрүүлэх эрх зүйн зарчим байдаг, үүнийг шүүх харгалзан үзэх боломжтой гэдгийг анхан шатны шүүх мэдэхгүй байна.

Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1-д "Мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ" гэж, мөн хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т "Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө" гэж тус тус заасан. Анхан шатны шүүх хариуцагчаас 32,360,818 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэхдээ төгрөгийн ханшийн бууралтыг хэрхэн тооцсон нь тодорхойгүй, хуулийн энэ заалтыг хэрэглээгүй байна. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д "Хүндэтгэн үзэх үндэслэл урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно" гэж, мөн зүйлийн 221.2-т гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ" гэж заасан байна. Дээрх хуулийн заалтын дагуу хариуцагч Д.Бат-Эрдэнэ нь америк долларын ханш огцом өсч, үүрэг гүйцэтгэхэд хүндрэл учирч байгаа тул төлбөрийг төгрөг шилжүүлэхээр гэрээнийн нөхцлийг өөрчлөх, эсхүл гэрээг цуцлах талаар Голомт банкны санал хүргүүлсэн боловч тус банк хүлээж аваагүй юм. Иргэний хуулийн 220 дугаар зйүлийн 220.1-д зааснаар гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон гэж хариуцагч үзэж байна. Тухайлбал, Картын зээлийн гол нөхцөл нь төлбөрийн нөхцөл байдаг бөгөөд "төлбөрийн нөхцөл америк долларын ханшийн огцом өсөлтөөс болж өөрчлөгдөж байгааг гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг шаардах эрх үүсдэг. Энэ ч учраас хариуцагч ханшийн өөрчлөлтөөс үүдэн төлбөрийн нөхцөл хүнд байдалд орж байгааг талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн, гэрээний нөхцлийг өөрчлөх талаар санал гаргасанг тайлбарласан байхад энэ байдлыг хуулийн дээрх зохицуулалттай хэрхэн уялдах талаар дүгнэлт өгөөгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй болно.

Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй хүнд нөхцөл байдал болон түүнээс үүсэх хариуцлагын талаар Венийн конвенцид "Үүргээ биелүүлээгүй явдал үүрэг гүйцэтгэгчийн хяналтаас гаднах саад бэрхшээл болсон, гэрээ байгуулах үед саад бэрхшээл, эсвэл түүний үр дагавраас зайлсхийх буюу даван туулах арга замыг урьдчилан тооцоолох боломжгүй байсныг үүргээ биелүүлээгүй тал нотолбол хариуцлагаас чөлөөлөгдөнө" гэж заасан байна. Дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн энэхүү эрх зүйн зохицуулалт, хууль зүйн хандлагыг анхан шатны шүүх харгалзан үзэхгүй байгаа нь шүүгчийн хоцрогдол, мэдлэгийн доройтол гэж үзэхээс өөрөөр дүгнэх аргагүй байна.

Ийнхүү Иргэний хууль болон Венийн конвенцид заасны дагуу хариуцагч талаас хүнд нөхцөл, гадаад валютын ханшийн өөрчлөлтөөс үүдэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж чадаагүй гэдгээ нотолсон байхад анхан шатны шүүх энэ байдалд дүгнэлт өгөөгүй      байгаа нь шийдвэр үндэслэл бүхий болоогүй гэж үзэхээр юм.

 Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн тухайд, Анхан шатны шүүх хариуцагчийг "шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй" гэжээ. Хариуцагч Д.Бат-Эрдэнэ нь шүүх хуралдаанд хоцорч ирсэн боловч анхан шатны шүүхийн шүүгч нь "чамгүйгээр хуралдааныг явуулахаар шийдвэрлэсэн гэж тайлбарлан, шүүх хуралдааны танхимаас албадан гаргасан". Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх хуралдааны ирц хэлэлцсэнээс хойш хоцорч ирсэн зохигчийг хуралд оруулахыг хориглосон болон шүүгч албадан хөөж гаргах эрх олгосон заалт байхгүй болно. Иймд хууль бусаар хариуцагчийг хуралдаанд оруулахаас татгалзан, танхимаас хөөж гарган, улмаар хариуцагчийн мэтгэлцэх эрхийг хангаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, иргэнд хуулиар олгосон боломжийг хязгаарлаж байгаа нь шүүхийн үйл ажиллагааны зарчим, мөн чанарыг алдагдуулсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасны дагуу хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй бол шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх журмыг зөрчсөн байна. Мөн анхан шатны шүүх нь "хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг хуулийн шаардлага хангаагүй" гэжээ. Ингэхдээ шүүхийн шийдвэртээ ямар нотлох баримт нь хуулийн шаардлага хангаагүй талаар бүрэн, тодорхой зааж дүгнэлт өгөөгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК нь хариуцагч Д.Бат-Эрдэнэ, “Эвандер” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15 784.61 ам.доллар гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь “Эвандер” ХХК-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан нэхэмжлэлээсээ татгалзсан байна.

Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-ийн хариуцагч Д.Бат-Эрдэнэтэй 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан картын зээлийн эрх нээх гэрээгээр хариуцагч нь 10 000 ам.долларын зээлийн эрхийн хэмжээтэй карт нээлгэн бэлэн болон бэлэн бус гүйлгээний хүү, лимит хэтрүүлсний хүүгийн хэмжээг тохиролцон, хариуцагч нь Голомт банк дахь хадгаламжаа барьцаалуулсан, гэрээний дагуу 40 813 ам.доллар авсан, нэхэмжлэгч нь үндсэн зээл 10 000 ам.доллар, хүү, нэмэгдүүлсэн хүү 5 784,61 ам.доллар нэхэмжилсэн үнийн дүнг хариуцагч татгалзаагүй зэрэг үйл баримт тогтоогджээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан ,гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...гэрээ байгуулснаас хойш монгол төгрөгийн ам.доллартай харьцах ханш огцом унасан нь хэн нэгэн этгээдийн хүсэл зоригоос үл хамаарах шинжтэй, давагдашгүй хүчин зүйл тул эрсдлийг талууд тэнцүү хэмжээгээр хуваах, гэрээний үүрэг үүссэн үеийн ханшаар төлбөрийг гүйцэтгэнэ...” гэж тайлбарласан.

Хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

Талууд Иргэний хуулийн 220 дугаар зүйлд зааснаар өөрчлөгдсөн нөхцөл байдалд тохируулан гэрээнд өөрчлөлт оруулах боломжтой ба хариуцагч нь 2015 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэгчид хандан, зээлийг төгрөгийн зээлд шилжүүлэхээр хүсэлт гаргасан гэх боловч энэ тайлбараа баримтаар нотлоогүй, хэргийн 72 дах талд авагдсан бичгийг нэхэмжлэгч хүлээн аваагүй гэснийг хариуцагч үгүйсгээгүй.

Түүнчлэн хариуцагч нь 2013 оны 7 дугаар сараас хойш ам.долларын ханш тасралтгүй огцом өсч байсан гэснээс үзвэл 280 удаагийн үйлдлээр гүйлгээ хийхэд валютын ханшийн зөрүүнээс эрсдэл гарах магадлалтайг мэдээгүй байх боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй талаар шүүх зөв дүгнэж, нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлтэй гэж үзнэ.

Харин шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч “Эвандер” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг хуульд нийцүүлэн шийдвэрлээгүй нь буруу боловч энэ нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүхийн шийдвэрт “Эвандер” ХХК гэхийг “Авандер” ХХК гэж буруу бичсэнийг дурдаж, цаашид ийм алдаа гаргахгүй байхыг анхан шатны шүүхэд анхааруулах нь зүйтэй.

Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, харуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр хүрэлцэн ирээгүй байх тул шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/06516 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь “Эвандер” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн хэсэг нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 319 760 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           А.МӨНХЗУЛ

 

                     ШҮҮГЧИД                                          Н.БАТЗОРИГ

 

                                                                                     М.НАРАНЦЭЦЭГ