Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2023/0115

 

“Ө” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийг давж заалдах журмаар шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгчийн үүргийг гүйцэтгэгч Б.Тунгалагсайхан,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Т.Энхмаа,

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Б,

Нэхэмжлэгч: “Ө” ХХК,

Хариуцагч: Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд,

Нэхэмжлэлийн шаардлага: “Номгон IX талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх Бүтээгдэхүүн хуваах гэрээ болон хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзсан, хүсэлтийг буцаан хүргүүлсэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмал, газрын тосны газар болон Ө ХХК-ийн хооронд Номгон IX талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээ болон хайгуулын тусгай зөвшөөрлийг давагдашгүй хүчин зүйлийн үргэлжилсэн хугацаа буюу 2 жилийн хугацаагаар сунгахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад даалгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 865 дугаар шийдвэртэй захиргааны хэрэг,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2022/0462/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 865 дугаар шийдвэрээр:

“Газрын тосны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Ө ХХК-иас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад холбогдуулан гаргасан...Номгон IX талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх Бүтээгдэхүүн хуваах гэрээ болон хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзсан, хүсэлтийг буцаан хүргүүлсэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмал, газрын тосны газар болон Ө ХХК-ийн хооронд Номгон IX талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээ болон хайгуулын тусгай зөвшөөрлийг давагдашгүй хүчин зүйлийн үргэлжилсэн хугацаа буюу 2 жилийн хугацаагаар сунгахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

2.Гомдлын агуулга:

2.1.Тус компаниас Ашигт малтмал, газрын тосны газартай байгуулсан гэрээний хугацааг сунгуулах тухай 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 06/022 дугаар хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газарт гаргасан бөгөөд уг хүсэлтийг шийдвэрлэсэн Ашигт малтмал газрын тосны газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1/1128 дугаар албан бичгийг хүлээн авлаа. Ашигт малтмал газрын тосны газар нь уг албан бичгээрээ Номгон IX талбайд газрын тос хайгуул ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгах саналыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд явуулах боломжгүй, гэрээний хугацаа дуусгавар болсон талаар хариу ирүүлсэн тул Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайдад ..... оны .... дугаар сарын ...-ны өдөр Гэрээний Номгон IX талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагааны эрхлэх талаар газрын тосны газар болон Ө ХХК-ийн хооронд байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний 23 дугаар зүйлийн 23.2.2-т "... давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээний аль нэг энэхүү гэрээний нөхцлийг биелүүлээгүй тохиолдолд гэрээг зөрчсөн тооцохгүй..." гэж заасны дагуу Номгон IX талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагааны эрхлэх тусгай зөвшөөрлийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар сунгаж өгнө үү гэсэн хүсэлтийг хүргүүлсэн болно.

2.2.Уг хүсэлтийг хүлээн авах боломжгүй талаар 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр албан бичгээр Номгон IX талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагааны эрхлэх талаар газрын тосны газар болон Ө ХХК-ийн хооронд байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний хугацааг хоёр жилээр сунгах хүсэлтийг хүлээн авах боломжгүй мэдэгдсэн албан бичгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж байна.

2.3.Мөн Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны сайд Г.Ёндонд Дэмжлэг хүсэх тухай хүсэлтийг 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүргүүлээд 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр тус яаманд Газрын тосны бодлогын газрын ахлах мэргэжилтэнтэй уулзалт хийсэн боловч хугацаа сунгах боломжгүй гэсэн хариу бичгээр өгнө гэсэн бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 08/735 дугаар хайгуулын хугацааг сунгах хүсэлтийг буцаан хүргүүлж байна гэсэн учир энэхүү гомдлыг гаргаж байна.Уг газрын тосны бүтээгдэхүүн хувиарлах гэрээ байгуулснаас хойш Дэлхий болон Монгол улсад үүссэн эдийн засгийн байдал, хөрөнгө оруулагчдын монголын таларх хандлага, Монгол улсын Засгийн газар, Улсын онцгой комисс нь 2019 оны 02 дугаар сараас Улсын хэмжээнд Онцгой байдлын бүх нийтийн бэлэн байдлын түвшинд шилжүүлсэн, мөн Коронавируст халдвар (ковид-19-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Монгол улсын Газрын тосны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т “...давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээлэгчийн үйл ажиллагаа нэг жилээс дээш хугацаагаар саатсан бол төрийн захиргааны төв байгууллага хайгуул ашиглалтын хугацаан дээр уг хугацаагаар сунган тооцно..." гэж заасан байхад Номгон IX талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагааны эрхлэх талаар газрын тосны газар болон Ө ХХК-ийн хооронд байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний 23 дугаар зүйлийн 23.2.2-т давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээний аль нэг энэхүү гэрээний нөхцөлийг биелүүлээгүй тохиолдолд гэрээг зөрчсөн тооцохгүй..." гэж заасны дагуу Номгон IX талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагааны эрхлэх тусгай зөвшөөрлийг 2 /хoёp/ жилийн хугацаагаар сунгаж нөхцөл байдал үүссэн болно.

2.4.Гэтэл шүүхээс Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас "хугацааг нэмж тооцох тухай" санал, дүгнэлтийг газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх замаар хэрэгжих агуулгатай, тухайн тохиолдолд Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн байгууллагаас төрийн захиргааны төв байгууллагад эл төрлийн хүсэлтийг гаргаж байгаагүй гэсэн нь үндэслэлгүй бөгөөд Төрийн захиргааны байгууллагад сунгуулах хүсэлтээ удаа дараа тавьж байсан, төрийн захиргааны байгууллагааc уг санал дүгнэлтийг явуулаагүй нь хууль зөрчсөн талаар гомдлыг төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж байсан зэргээс үзэхэд хариуцагч нь хуульд зааснаар сунгаж тооцож өгөх үүрэгтэй байжээ.

2.5.Мөн Газрын тосны тухайн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.5, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.21, 11 дүгээр зүйлийн 11.2, 11.2.1, 11.2.2, 11.2.3, 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.1, 13.1.2, 18 дугаар зүйлийн 18.12, 38 дугаар зүйлийн 38.3. Захиргааны ерөнхий хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1. Ө ХХК нь Ашигт малтмал газрын тосны газартай Номгон IX талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагааны эрхлэх талаар газрын тосны газар болон Ө ХХК-ийн хооронд байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний зүйл заалтыг хэрэгжүүлээгүй талаар дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байгаа бөгөөд Газрын тосны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээлэгчийн үйл ажиллагаа нэг жилээс дээш хугацаагаар саатсан бол төрийн захиргааны төв байгууллага хайгуул, ашиглалтын хугацаан дээр уг хугацааг сунган тооцно гэж, мөн Номгон IX талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагааны эрхлэх талаар Газрын тосны газар болон Ө ХХК-ийн хооронд байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний 23 дугаар зүйлийн 23.2.2-т “давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээний аль нэг энэхүү гэрээний нөхцөлийг биелүүлээгүй тохиолдолд гэрээг зөрчсөн тооцохгүй..." гэж заасны дагуу шийдвэрлэж байжээ.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2022/0865 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасны дагуу өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв боловч хууль хэрэглээний алдаа гаргасан тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч Ө ХХК-иас “Номгон IX талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх Бүтээгдэхүүн хуваах гэрээ болон хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзсан, хүсэлтийг буцаан хүргүүлсэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмал, газрын тосны газар болон Ө ХХК-ийн хооронд Номгон IX талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээ болон хайгуулын тусгай зөвшөөрлийг давагдашгүй хүчин зүйлийн үргэлжилсэн хугацаа буюу 2 жилийн хугацаагаар сунгахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайдад холбогдуулан гаргажээ.

2.Нэхэмжлэгчээс “Газрын тосны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт “Давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээлэгчийн үйл ажиллагаа нэг жилээс дээш хугацаагаар саатсан бол төрийн захиргааны төв байгууллага хайгуул, ашиглалтын хугацаан дээр уг хугацааг сунган тооцно”, Бүтээгдэхүүн хуваах гэрээний 23 дугаар зүйлийн 23.2-т “давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээний аль нэг тал энэхүү гэрээний нөхцөлийг биелүүлээгүй тохиолдолд гэрээг зөрчсөнд тооцохгүй”, 23.2.3-д “давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээлэгчийн үйл ажиллагаа нэг жилээс дээш хугацаагаар саатсан бол хайгуул, ашиглалтын хугацаан дээр уг саатсан хугацааг нэмж тооцох талаар газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага санал дүгнэлт гаргаж, газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж шийдвэрлүүлнэ” гэж заасан.

Гэтэл хариуцагчаас гэрээг сунгахгүй эс үйлдэхүй гаргаж байгаа нь хууль бус,... давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээлэгчийн үйл ажиллагаа нэг жилээс дээш хугацаагаар саатсан болох нь Монгол Улсын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 02/36 дугаар Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээгээр нотлогдоно,... Өнгөрсөн хугацаанд хамтран ажиллах хөрөнгө оруулагчаа хайж байсан бөгөөд одоо гэрээний хугацаа сунгавал үйл ажиллагаа явуулахад бэлэн” гэж маргасан.

3.Хариуцагчаас “... компани гэрээ байгуулснаас хойш хайгуулын ажил огт хийгээгүй. Мөн 2017-2019 онд хайгуулын ажлын төлөвлөгөө батлуулаагүй,... нийт 1,3 сая ам долларын төлбөрийн үлдэгдэлтэй,... Гэрээлэгч байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын барьцаа хөрөнгө төвлөрүүлж байсан мэдээлэл байхгүй, жил бүрийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг тухайн яамаар батлуулаагүй, байгаль орчинд нөлөөлөх үйл ажиллагаа явуулаагүй, хууль тогтоомжийн дагуу төлөх ёстой төлбөр хураамжийг төлж барагдуулаагүй,... гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардсан боловч гэрээлэгч компани ямар нэгэн арга хэмжээ аваагүй,... Ковид-19 цар тахал дэгдэхээс өмнө буюу 2015 оноос хойш хугацаанд ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, уг талбайд гэрээлэгч байгууллагад хамаарах эд хөрөнгө, барилга байгууламж бариагүй, холбогдох төлбөр хураамжийг төлж барагдуулаагүй” гэж тайлбарлан маргаж байна.

4.Анх Газрын тосны газар болон “Сансрын геологи хайгуул” ХХК-ийн хооронд  хайгуулын “Номгон-IX” талбайд газрын тостой холбогдсон үйл ажиллагааг явуулах талаар байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээг Засгийн газрын 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор баталсан[1].

5.Засгийн газрын “Бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх, үүргийг шилжүүлэх тухай” 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 300 дугаар тогтоолоор Газрын тосны хайгуулын “Номгон-IX” талбайд Газрын тосны газар “Сансрын геологи хайгуул” ХХК-ийн хооронд байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх эрх, үүргийг Ө ХХК-д шилжүүлэхийг зөвшөөрч, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Эрх, үүрэг шилжүүлэх гэрээгээр[2] Бүтээгдэхүүн хуваах гэрээний газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх эрх, үүргийг Ө ХХК-д шилжүүлсэн.

6.”Номгон IX” талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар Газрын тосны газар болон Ө ХХК-ийн хооронд байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээг[3] 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр шинэчлэн байгуулсан бөгөөд уг гэрээний хуульд заасан хугацаа нь 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр дуусгавар болжээ.

7.Мөн Ө ХХК-д аж ахуйн үйл ажиллагааны 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 193 дугаар тусгай зөвшөөрлийг[4] “Номгон-9” талбайд уламжлалт газрын тос хайх үйл ажиллагааны төрлөөр 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд олгосон.

8.Нэхэмжлэгч компаниас ““Ковид19” цар тахал дэлхий нийтэд тархаж, давагдашгүй хүчин зүйл тохиосны улмаас төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлэх боломжгүй байдалд хүрлээ... Бүтээгдэхүүн хуваах гэрээг 2021 оныг дуустал хугацаанд цуцлахгүй байх” агуулга бүхий хүсэлтийг 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаар албан бичгээр[5], мөн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 21/05 дугаар албан бичгээр[6], 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 06/22 дугаар албан бичгээр[7] тус тус Ашигт малтмал, газрын тосны газрын даргад гаргасан.

Харин Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1/1128 дугаар албан бичгээр[8] хүсэлтийг хүлээн авах боломжгүй болохыг мэдэгдсэн байна.

9.Мөн нэхэмжлэгч компани нь 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 08/22 дугаар албан бичгээр[9] хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад “Коронавируст халдвар /ковид 19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон ... Газрын тосны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3..., Бүтээгдэхүүн хуваах гэрээний 23.2.2-т  ... заасныг үндэслэн Номгон IX талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагааны эрхлэх тусгай зөвшөөрлийг 2 жилийн хугацаагаар сунгуулах” хүсэлтийг хүргүүлжээ.

10.Энэхүү нэхэмжлэгчийн хүсэлтэд хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 08/735 албан бичгээр[10] “...Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй, өр төлбөрийн асуудлаа шийдэхгүй байгаа тухай дүгнэлтийг тус яаманд Ашигт малтмал,  газрын тосны газраас ирүүлсэн. Танай компани Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газраас олгосон эрхийн дагуу байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллаагүй байна. ...Бүтээгдэхүүн хуваах гэрээний хэрэгжилт хангалтгүй байгаа тул хайгуулын хугацаа сунгах хүсэлтийг буцаан хүргүүлж байна” гэсэн хариуг өгчээ.

11.Нэхэмжлэгч компани нь “гэрээ байгуулснаас хойш хайгуулын ажил  хийгээгүй, Ашигт малтмал, газрын тосны газраас Газрын тосны тухай хуулийг хэрэгжүүлэх, бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, төлөгдөөгүй төлбөр, хураамжийг төлж барагдуулах, хайгуулын ажлыг эхлүүлэх тухай протокол байгуулж, хугацаатай үүрэг өгсөн шаардлага болон гэрээний хэрэгжилтийг биелүүлээгүй, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын барьцаа хөрөнгө төвлөрүүлж байсан мэдээлэл байхгүй, жил бүрийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг тухайн яамаар батлуулаагүй, байгаль орчинд нөлөөлөх үйл ажиллагаа явуулаагүй,

мөн нэхэмжлэгч компанийн  үйл ажиллагааны талаар “Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Газрын тосны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т заасны дагуу Ө ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, хүчингүй болгосноос хойш таван жилийн хугацаанд дахин хайгуул, ашиглалтын олгохгүй байх арга хэмжээ авч ажиллах чиглэлийг  Ашигт малтмал, газрын тосны газарт өгсөн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын гэрээлэгч компаниудын бүтээгдэхүүн хуваах гэрээний хэрэгжилтийг шалгах Ажлын хэсгээс Ө ХХК-тай газрын тосны хайгуулын Номгох IX  талбайд байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний хэрэгжилт хангалтгүй, гэрээ байгуулснаас хойш ямар ч үйл ажиллагаа явуулаагүй тул цуцлах үндэслэл бүрдсэн гэж үзсэн” зэрэг нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаас[11] тогтоогдож байх бөгөөд эдгээр нөхцөл байдал нь Ковид 19 цар тахалын хориглолт, хязгаарлалт эхэлсэн цаг хугацаа буюу 2019 оны 11 дүгээр сараас өмнө болсон гэдэг нь мөн тогтоогдож байна.

12.Газрын тосны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14-т “"бүтээгдэхүүн хуваах гэрээ" гэж энэ хуулийн хүрээнд газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, гэрээлэгчийн хооронд байгуулсан гэрээ”-г хэлэхээр,

8 дугаар зүйлийн 8.1.5-д “Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид "төрийн захиргааны төв байгууллага" гэх/ газрын тосны асуудлаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгох, хугацааг нь сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох”,

11 дүгээр зүйлийн 11.2-т  “Гэрээлэгч дараах үүрэг хүлээнэ”, 11.2.1-т “Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм, журам, стандартыг мөрдөж, гэрээнд заасан үүргээ биелүүлэх”, 11.2.2-д “гэрээнд заасан үйл ажиллагааг явуулах”,

13 дугаар зүйлийн 13.1-т “Гэрээний хугацаа дуусгавар болсон, эсхүл энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан үндэслэлээр гэрээг цуцлах тохиолдолд төрийн захиргааны байгууллага гэрээний биелэлтийг дараах үзүүлэлтээр дүгнэнэ”, 13.1.1-т “гэрээлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэх”, 13.1.3-т “гэрээлэгч хууль тогтоомжийн дагуу төлөх ёстой татвар, төлбөр, хураамжийг төлж барагдуулсан эсэх”,

18 дугаар зүйлийн 18.3-д “Төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 18.1, 18.2-т заасан баримт бичгийг хянан үзэж, хайгуулын тусгай зөвшөөрлийг хайгуулын хугацаагаар дараах этгээдэд олгож, сунгана:” 18.3.1-д “эрлийн ажлын үр дүнд бүтээгдэхүүн хуваах гэрээ шууд байгуулсан”, 18.3.2-т “энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу гэрээ байгуулсан.”,

18.6-д “Бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулсан өдрөөс хайгуулын хугацааг тооцно.”,

18.9-д “Төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 18.3-т заасан хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг хоёр хүртэл жилээр хоёр удаа сунгаж болох бөгөөд энэ тохиолдолд гэрээлэгч доор дурдсан баримт бичгийг бүрдүүлж, төрийн захиргааны байгууллагаар дамжуулан төрийн захиргааны төв байгууллагад хугацаа сунгах хүсэлтээ ирүүлнэ:”, 18.9.1-д “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын тайлан”, 18.9.2-т “байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын тайлан”, 18.9.3-д “сунгасан хугацаанд гүйцэтгэх ажлын төлөвлөгөө, төсвийн төсөл.”,

18.10-д “Төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 18.9-д заасан баримт бичгийг хянаж хугацааг сунгах үндэслэлтэй гэж үзвэл энэ хуульд заасан хугацаагаар сунгана.”,

18.12-т “Хайгуулын ажлын доод хэмжээг гүйцэтгэх үүргээ хоёр буюу түүнээс дээш удаа биелүүлээгүй тохиолдолд хайгуулын хугацааг сунгахгүй”,

38 дугаар зүйлийн 38.3-т “Давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээлэгчийн үйл ажиллагаа нэг жилээс дээш хугацаагаар саатсан бол төрийн захиргааны төв байгууллага хайгуул, ашиглалтын хугацаан дээр уг хугацааг сунган тооцно” гэж тус тус зохицуулсан.

Мөн Бүтээгдэхүүн хуваах гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1.газрын тосны хайгуулын хугацаа нь гэрээ байгуулсан өдрөөс эхлэн 8 хүртэл жил байх бөгөөд хугацааг 3 үе шатанд ангилна.

7.1.2-т “хайгуулын тусгай зөвшөөрлийг хайгуулын хугацаагаар олгоно.”,

7.1.4-д “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг төрийн захиргааны төв байгууллага 2 хүртэл жилээр 2 удаа сунгаж болно. Энэ тохиолдолд гэрээлэгч Газрын тосны тухай хуулийн 18.9-т заасан баримт бичгийг бүрдүүлж, төрийн захиргааны байгууллагаар дамжуулан төрийн захиргааны төв байгууллагад хугацаа сунгах хүсэлтээ хүргүүлнэ,

7.1.5-д “хайгуулын ажлын доод хэмжээг гүйцэтгэх үүргээ хоёр буюу түүнээс дээш удаа биелүүлээгүй тохиолдолд хайгуулын хугацааг сунгахгүй”,

23 дугаар зүйлийн 23.2.2-т “давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээний аль нэг тал энэхүү гэрээний нөхцөлийг биелүүлээгүй тохиолдолд гэрээг зөрчсөнд тооцохгүй”,

23.2.3-т “давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээлэгчийн үйл ажиллагаа нэг жилээс дээш хугацаагаар саатсан бол хайгуул, ашиглалтын хугацаан дээр нь уг саатсан хугацааг нэмж тооцох талаар төрийн захиргааны байгууллага санал, дүгнэлт гаргаж газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж шийдвэрлүүлнэ” гэж тус тус заажээ.

13.Маргааны тохиолдлын хувьд хариуцагчаас “хайгуулын гэрээ байгуулснаас хойш хайгуулын ажил  хийгээгүй, Газрын тосны тухай хууль,  бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээнд заасан  төлбөр, хураамжийг төлөөгүй, хайгуулын ажлыг эхлүүлэх талаар хугацаатай өгсөн эрх бүхий этгээдийн өгсөн шаардлагыг хэрэгжүүлээгүй, гэрээний хэрэгжилтийг биелүүлээгүй, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын барьцаа хөрөнгө төвлөрүүлж байсан мэдээлэл байхгүй, жил бүрийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг тухайн яамаар батлуулаагүй, байгаль орчинд нөлөөлөх үйл ажиллагаа явуулаагүй” зэрэг үндэслэлээр нэхэмжлэгчийн “Бүтээгдэхүүн хуваах гэрээ болон хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах” хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан байх бөгөөд хариуцагчийн энэхүү татгалзсан үндэслэлийг буруутгах, Газрын тосны тухай хууль, Бүтээгдэхүүн хуваах гэрээний дээр дурдсан заалтуудыг хариуцагчаас зөрчсөн гэж шүүхээс үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаас тогтоогдсонгүй.

Тодруулбал, Нэхэмжлэгч компани нь хууль болон Бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, уг үүргийг хэрэгжүүлэхийг шаардсан эрх бүхий этгээдийн удаа дараагийн шаардлагыг биелүүлээгүй, энэ нь Ковид 19 цар тахалын хориглолт хязгаарлалт эхэлсэн цаг хугацаанаас өмнө гарсан үйл баримт байхад шүүхээс нэхэмжлэгчийн Бүтээгдэхүүн хуваах гэрээ болон хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах” хүсэлтийг хариуцагчаас “Ковид 19 цар тахалтай холбоотойгоор давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй байсан гэж үзэх, үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн Бүтээгдэхүүн хуваах гэрээ болон хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг хариуцагчаас сунгах үүрэгтэй гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “Төрийн захиргааны байгууллагад сунгуулах хүсэлтээ удаа дараа тавьж байсан, төрийн захиргааны байгууллагаас уг санал дүгнэлтийг явуулаагүй нь хууль зөрчсөн талаар гомдлыг төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж байсан зэргээс үзэхэд хариуцагч нь хуульд зааснаар сунгаж тооцож өгөх үүрэгтэй...Газрын тосны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т Давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээлэгчийн үйл ажиллагаа нэг жилээс дээш хугацаагаар саатсан бол төрийн захиргааны төв байгууллага хайгуул, ашиглалтын хугацаан дээр уг хугацааг сунган тооцно гэж, мөн Номгон IX талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагааны эрхлэх талаар газрын тосны газар болон Ө ХХК-ийн хооронд байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний 23 дугаар зүйлийн 23.2.2-т “... давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээний аль нэг энэхүү гэрээний нөхцөлийг биелүүлээгүй тохиолдолд гэрээг зөрчсөн тооцохгүй” гэж заасны дагуу шийдвэрлэж байжээ” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь шийдлийн хувьд үндэслэлтэй боловч маргааны үйл баримтад холбогдох “хууль болон Бүтээгдэхүүн хуваах гэрээний заалтыг зөрчсөн тохиолдолд гэрээ, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байх”-тай холбоотой хуулийг хэрэглээгүй, тодруулбал хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 581 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын  “Газрын тосны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт заасныг” гэснийг “Газрын тосны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 11 дүгээр зүйлийн 11.2.2, 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.3, 18 дугаар зүйлийн 18.10, 18.12-т заасныг” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ө ХХК-ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

ҮҮРГИЙГ ГҮЙЦЭТГЭГЧ                                   Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                   Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                                                   А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 1-р хавтас 119-123 дахь тал

[2] Хэргийн 1-р хавтас 122-123 дахь тал

[3] Хэргийн 84-118 дахь тал

[4] Хэргийн 1-р хавтас 51 дэх тал

[5] Хэргийн 1-р хавтас 125 дахь тал

[6] Хэргийн 1-р хавтас 126 дахь тал

[7] Хэргийн 1-р хавтас 127 дахь тал

[8] Хэргийн 1-р хавтас 31-32 дахь тал

[9] Хэргийн 1-р хавтас 35 дахь тал

[10] Хэргийн 1-р хавтас 36 дахь тал

[11] Хэргийн 1-р хавтас 31, 125-150 дахь тал