Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/92

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч Э.Гантулга,

Шүүгдэгч П.И нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Гантулгын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Иод холбогдох эрүүгийн 2115000000049 дугаартай, 163/2021/0084/Э индекстэй хэргийг 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Пгийн И /РД: .................. /, 1978 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт ................................................... оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Иыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Иын өгсөн: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гарал үүслийн гэрчилгээ байгаа боловч энэ нь миний бэлтгэсэн модонд бичигдээгүй нь буруу болсныг ойлгосон. Хохирлыг хуулийн дагуу төлнө гэх мэдүүлэг болон эрүүгийн 2115000000049 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч П.И нь 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр .............. ОРО улсын дугаартай “Kia Frontier загварын тээврийн хэрэгсэл ашиглан Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 3 дугаар багийн “Задгай” гэх газраас ойн цэвэрлэгээний аргаар түлшний мод бэлтгэх эрхийн бичгээр 4 ширхэг мод хөрөөдөн унагаж, 5 м3 хэмжээтэй 54 ширхэг шинэс төрлийн түлшний хуурай мод бэлтгэж, 2021 оны 01 дүгээр сарын 13-эы өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумаас Булган сум руу “..............” ХХК-ний бэлтгэсэн модны гарал үүслийн гэрчилгээгээр тээвэрлэж, Ойн тухай хууль зөрчсөн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь хэргийн газарт үзлэг хийсэн: “Уг хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн “Задгай” гэх газар байх ба уг газар битүү модоор хүрээлэгдсэн, уулын энгэр ойн сан бүхий газар байв. Оролцогч И-оор мод бэлтгэсэн гэх газрыг заалгахад нийт ургаа мод 4 ширхэгийг унагаасан гэж модны хожуулуудыг зааж байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-2-3 тал/,

Модонд үзлэг хийсэн: “Уг моднууд нь Булган аймгийн Булган сумын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байх ба нийт 56 ширхэг мод байв. Уг моднуудын диаметр болон уртыг хэмжихээр тогтов...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-6 тал/,

“...Уг тээврийн хэрэгсэл нь .............. ОРО улсын дугаартай, цагаан өнгийн “Киа Пронтер” загварын тээврийн хэрэгсэл байв. Тээврийн хэрэгслийн гаднах өнгө үзэмж нь эдэлж хэрэглэсний улмаас хуучирч муудсан, 2001 онд үйлдвэрлэгдэж 2012 онд Монгол улсад орж ирсэн, KN3HAP7341K007570 гэсэн арлын дугаартай ачааны зориулалттай тээврийн хэрэгсэл байв” гэх үзлэгийн болон эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэлүүд /хх-7-10, 19-21 тал/,

“...Уг хөрөө нь БНХАУ-д үйлдвэрлэсэн, маниулын хэсэг нь цэнхэр өнгийн тагтай, цагаан өнгийн банктай, хүн барих хэсэг нь бор өнгийн, хар өнгийн бариултай бензинээр ажилладаг моторт хөрөө байв...” гэх үзлэгийн болон эд мөрийн баримтаар хураасан тогтоол, тэмдэглэлүүд /хх-12-14, 15 тал/,

Мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ /хх-81, 83-84 тал/,

“Тольдох оюуны өгөөж” ХХК-ний шинжээчийн дүгнэлт /хх-72-77 тал/,

Иргэний нэхэмжлэгч Ж.Агийн өгсөн: “Надад уг хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Надад ямар нэг гомдол, санал байхгүй. Байгаль экологид учруулсан хохирлоо төлчихвөл өөр ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй байна” гэх мэдүүлэг /хх-28 тал/,

Гэрч Б.Мын өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын эхээр шиг санаж байна Булган аймгийн засаг даргын орлогч Ж дарга манай нөхөр болох И руу залгаад “Мээж уулыг тахих гэж байгаа юм, “..........” ХХК-ийн мод бэлтгэлийн хөрөө рамнаас цэвэрлэгээний журмаар бэлтгэсэн модны гишүү, модны дорцов ачаад Булган аймаг руу оруулаад ирээч гэж ярьсан юм. Тэгэхээр нь манай нөхөр И модны бичиг баримт нь бүрэн юм уу гэж асуухад модны гишүү болон дорцов ачихад тийм зүйл хэрэгтэй байдаг юм уу гэж Ж дарга асуусан юм. Тэгэхээр нь манай нөхөр И бичиг баримт заавал хэрэгтэй гэж хэлэхэд тэгвэл Уньт багийн байгаль хамгаалагч Птэй утсаар ярьчихаад хэлье гэж хэлсэн юм. Тэгээд удалгүй байж байтал Ж дарга дахиад манай нөхөр И руу утсаар залгаад модны гишүү, дорцов асахгүй байх нойтон учраас хуурай түлээ хэрэгтэй байна гэж хэлсэн юм. Тэгэхээр нь намар 9 дүгээр сард түлэх гээд бэлтгэсэн байсан гэрийн гадаа байсан модоо ачаад Булган аймаг руу нөхөр Иын хамт явсан юм. ...2020 оны 09 дүгээр сарын дундуур шиг санаж байна яг өдрийг нь санахгүй байна. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн “Задгай гэх газраас өөрийн нөхөр Иын хамт явсан юм. Ууланд очоод манай нөхөр И нь уулнаас ургаа 4 ширхэг мод унагааж бэлтгэсэн юм. Тухайн үед нөхөр Иын хоол хүнсийг бэлтгээд машинд сууж байсан гэх мэдүүлэг /хх-33-34 тал/,

Гэрч Г.Г-н өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын эхээр шиг санаж байна. Булган аймгийн засаг даргын орлогч Ж над руу 2-3 удаа утсаар залгасан байсан юм. Тэгээд залгасан байхаар нь би буцаагаад Ж дарга руу залгаад юу болсон талаар асуухад “Мээж уулыг тахих гэж байна, нийт 10 портер мод хэрэгтэй байна. Уньт багийн байгаль хамгаалагч П утсаа авахгүй байна. Оройны 21-22 цагийн хооронд багтааж Булган аймаг руу явуулаач гэж утсаар ярьсан юм. Тэр дагуу нь би байгаль хамгаалагч Птэй утсаар ярихад “надад мөн энэ тухай хэлсэн” гэж хэлсэн юм. Тэгээд Птэй ярилцаж байгаад “..........” ХХК-ийн талбайн тусгаарлалт хийгдсэн талбайгаас мод бэлтгээд явуулъя гэж надад П хэлсэн юм. Тэр дагуу бэлтгэсэн модонд гарал үүслийн бичиг бичиж өгөөд явуулсан. Миний ажлын боломж болоогүй учир гарал үүслийн бичиг бичиж өгөөд, ямар мод тээвэрлэх талаар зөвлөмж чиглэл өгөөд буцаад сум руугаа явсан юм. Би “..............” ХХК-ний мод бэлтгэх эрхийн бичигт гарал үүслийн бичиг бичиж өгсөн юм. Энэ байгууллагын бэлтгэсэн модыг тээвэрлэнэ гэж ойлгоод гарал үүслийн бичиг бичиж өгсөн” гэх мэдүүлэг /хх-40-41 тал/,

Гэрч Ч.Пгийн өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Булган аймгийн засаг даргын орлогч Ж нь надруу утсаар залгаад модны гишүү хэрэгтэй байна гэж ярьсан юм. Тэр дагуу би модны гишүү бэлдэж байтал, манай нутгийн залуу И над дээр ирээд “Ж дарга сая утсаар ярилаа модны гишүү болохгүй гэж байна, хуурай түлээ авъя гэж байна гэж хэлсэн. Тэгээд И “10 портер хуурай түлээ авна гэж байна гэж хэлээд манай гэрийн гадаа 2 портер түлээг оруулъя, тэгээд намар бэлтгэсэн модтой хүмүүс байгаа байх гэж хэлсэн юм. Тэр дагуу ойн ангийн дарга Г “Уньт багт үйл ажиллагаа явуулдаг “..............” мод бэлтгэлийн аж ахуй нэгжийн захирал Наранчимэг гэх хүмүүстэй хоорондоо ярьж байгаад тус байгууллагын нэр дээр авсан мод бэлтгэх эрхийн бичигт мод тээвэрлэх гарал үүслийн бичиг хийж өгсөн юм. Мод тээвэрлэх гарал үүслийн бичгийн эх хувийг Сум дундын ойн ангийн дарга Г бэлтгэж гарын үсэг зураад би хянаж баталгаажуулсан юм. ...Иргэн хүн цэвэрлэгээний мод бэлтгэх эрхийн бичгээр ургаа мод огт унагааж болохгүй” гэх мэдүүлэг /хх-42-44 тал/,

Гэрч Б.Б-ын өгсөн: “Би 2021 оны 1 дүгээр сарын 13-ны орой оройн эргүүлтэй байсан юм. Тэгээд зам дээр шалгалт хийгээд үүргээ гүйцэтгээд байж байтал Булган сумын баруун хойд тал буюу Хөвсгөл аймгаас Булган аймаг руу орж ирдэг засмал зам дагуу мод ачсан .............. ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл орж ирсэн юм. Тэгэхээр нь зогсоогоод шалгатал И гэх жолооч байсан ба бичиг баримтын зөрчилтэй байсан. Уг тээврийн хэрэгслийг саатуулаад Булган аймгийн Цагдаагийн газрын жижүүрт хүлээлгэн өгсөн. П.И гэх жолоочоос хаанаас мод бэлтгээд оруулж ирж байгаа талаар асуухад би Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт амьдардаг юм. Тэгээд намар бэлтгэсэн байсан модоо ачаад хүнд зарах гээд явж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би мод бэлтгэх эрхийн бичгийг нь шалгахад “..............” ХХК гэсэн аж ахуйн нэгжийн мод бэлтгэх эрхийн бичигтэй байсан. Тэгээд та өөрийн бэлтгэсэн модоо ачиж яваа гэж хэлсэн, энэ мод бэлтгэх эрхийн бичиг чинь аж ахуйн нэгжийн мод бэлтгэх эрхийн бичиг байна гэж хэлэхэд тиймээ миний өмнө мод бэлтгэсэн эрхийн бичиг гэрт байгаа, энэ мод бэлтгэх эрхийн бичгийг Хутаг- Өндөр сумын ойн ангийн дарга Г, ойн байцаагч П нар хийж өгсөн юм. Булган аймгийн засаг даргын орлогч Ж гэх хүн худалдаж авах гэж байгаа мод гэж хэлсэн”” гэх мэдүүлэг /хх-46-47 тал/,

Гэрч Б.Н-ийн өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 13-ны үдээс хойш гэртээ байж байтал Булган аймгийн Засаг даргын орлогч Ж дарга над руу залгаад “байгаль хамгаалагч П гэх хүнээс таны утасны дугаарыг авлаа, танай аж ахуй нэгжид мод бэлтгэх эрхийн бичигтэй, талбайгаас цэвэрлээд гаргасан модны гишүү, үзүүр байгаа гэж байна, 5 портер машин хэрэгтэй байна” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь “манайд байгаа, та авч болно” гэж хэлсэн. Тэгээд “үнэ мөнгө нь хэд вэ” гэж асуухаар нь “надаас үнэгүй ав” гэж хэлсэн. ...үдээс хойш И манай гэрт ирээд “Ж даргатай утсаар ярилаа, модны гишүү хэрэггүй гэж байна, модны зузаан зах бол болно гэж байна. Та өгч чадах уу” гэж асуухаар нь би “болно” гэж хэлээд гэрээс гарч “энийг аваарай” гэж хэлээд зааж өгсөн юм. Орой 17-18 цагийн үед Хутаг-Өндөр сумын ойн ангийн дарга Г, ойн байцаагч П, И нар хамт манай гэрт ирсэн. Тэгээд И мод тээвэрлэж явах машины улсын дугаар болон жолоочийн нэрсийг нь бичсэн цаас гаргаж ирээд Г даргад өгсөн. Тэгээд би манай байгууллагын нэр дээр бичигдсэн мод бэлтгэх эрхийн бичгээ хуулбарлаж өгөөд, ойн ангийн дарга Г мод тээвэрлэх гарал үүслийн бичиг бичиж өгөөд “би ажилтай байна, тээвэрлэх мод оо зааж өгсөн биздээ” гэж надаас асуухаар нь би “зааж өгсөн” гэж хэлсэн юм. Тэгээд И орой ирээд манай гэрийн гадаа байсан модны зах банзыг ачиж явахаар тохиролцсон юм. Тэгээд тухайн орой манай гэрт ирж ачаагүй юм. Тэгээд би маргааш нь Хутаг-Өндөр сумын төв орох ажилтай явж байгаад орой гэртээ ирэхэд зах банзаа ачаагүй байсан...” гэх мэдүүлэг /хх-49-50 тал/,

Гэрч О.Ч-ын өгсөн: “Уг .............. ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр байгаа нь үнэн. Уг тээврийн хэрэгслийг би П.И гэх хүнд худалдсан. Тухайн үед орой болсон байсан учир нэрээ шилжүүлж чадалгүй машины үнийг төлөөд унаад яваад өгсөн. Түүнээс хойш тээврийн хэрэгсэл худалдаж авсан хүнтэй таарч нэрээ шилжүүлж чадаагүй юм. Бид хоёрт тээврийн хэрэгсэлтэй холбоотой өр авлага байхгүй” гэх мэдүүлэг /хх-52 тал/,

Булган аймгийн Булган суман дахь сум дундын ойн ангийн шинжээчийн экологи эдийн засгийн хохирол тооцсон “Шинжлэгдэж байгаа мод нь шинэс төрлийн хуурай, түлээний мод байна. Уг мод нь нийт 56 ширхэг мод байх бөгөөд модны нийт эзлэхүүн нь 5 м3 байна. 1 м3 модны үнэлгээ нь 168655 төгрөг, нийт модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 843275 төгрөг байна” гэх 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №09 дугаартай дүгнэлт /хх-57-58 тал/,

Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн байгаль экологид учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцсон “Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн “Задгай” гах газраас зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 843275 төгрөгөөр тогтоогдсон бөгөөд уг үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т тус тус зааснаар 3 дахин өсгөж тооцоход 2529825 төгрөг болж байна” гэх 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №01 дугаартай дүгнэлт /хх-60 тал/,

Шинжээч Б.Ж-ийн өгсөн: “Монгол улсын ойн тухай хуулийн 3.1.15 дугаар зүйлд зааснаар цэвэрлэгээний ажил гэж юуг хэлэх талаар тодорхой зааж өгсөн байгаа. Мөн хуулийн 35.2 дугаар зүйлд иргэн хүн цэвэрлэгээний ажлын дагуу мод бэлтгэх эрхийн бичиг авсан бол 3.1.15-д заасныг баримтална. Мөн хуулийн 35.3 дугаар зүйлд зааснаар зөвшөөрөл авсан иргэн өөр зориулалтаар мод бэлтгэж болохгүй, 35.4.1-д зааснаар гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ” гэх мэдүүлэг /хх-65-66 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч П.И-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гэртээ эхнэрийн хамт байж байтал Булган аймгийн Засаг даргын орлогч Ж дарга утсаар залгаад “Мээж уулыг тахих гэж байгаа юм, түлээний модны гишүү, дорцов хэрэгтэй байна” гэж ярьсан юм. Тэгээд хаанаас модны гишүү, дорцов ачих талаар асуухад “..............” ХХК-ийн мод бэлтгэлийн хөрөө рамнаас аваад оруулаад ир гэж хэлсэн. Тэрний дагуу удалгүй байж байтал Ж дарга дахиж утсаар залгаад модны гишүү, дорцов асахгүй байх, хуурай мод хэрэгтэй байна, үнэ хөлсийг нь өгнө гэхээр нь намар өөрсдөө түлэх гээд бэлтгэсэн байсан гэрийн гаднах мод болох уу гэж хэлэхэд хуурай мод л бол болно модны бичиг баримтыг Хутаг-Өндөр сумын ойн ангийн дарга Г, Хутаг-Өндөр сумын байгаль хамгаалагч П нар бичиж өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрөө гэртээ түлэх гээд намар бэлтгэсэн байсан түлээний модоо өөрийн .............. ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачаад Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ойн ангийн дарга Г, Хутаг-Өндөр сумын “Уньт” багийн байгаль хамгаалагч П нараас мод бэлтгэх эрхийн бичиг, мод тээвэрлэх гарал үүслийн бичиг аваад Булган аймаг орох гээд явсан. Тэгээд Булган аймаг орж ирээд явж байтал цагдаа нар саатуулсан гэх мэдүүлэг /хх-106-107 тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шууд болон шууд бус нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газарт болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө зэрэг нь шүүгдэгч П.И-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бус аргаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч П.И нь эрх бүхий байгууллагаас ойн цэвэрлэгээ хийх зориулалтаар зөвшөөрөл авсан боловч ургаа мод тайрч бэлтгэн, Булган аймгийн Булган сум руу тээвэрлэсэн байна.

“Ойн цэвэрлэгээ” гэж ойн түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн, хүчтэй салхи, их цасанд өртөн амьдрах чадваргүй болж үхжиж унасан хуурай мод, гишүү, мөчир, мод бэлтгэлийн талбайн үлдэгдлийг цэвэрлэх замаар ойг хамгаалах, ойн төлөв байдлыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг ойлгоно.

Шүүгдэгч П.И нь мод бэлтгэх арга, технологийг зөрчсөн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэргийн шинжээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч П.И нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч П.Иыг 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр .............. ОРО улсын дугаартай “Kia Frontier загварын тээврийн хэрэгсэл ашиглан Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 3 дугаар багийн “Задгай” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 4 ширхэг мод хөрөөдөн унагаж, 5 м3 хэмжээтэй 54 ширхэг шинэс төрлийн түлшний хуурай мод бэлтгэсэн, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумаас Булган сум руу гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч П.Иын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 843275 төгрөгийн шууд хохирол /хх-57-58 тал/ учирсан нь Булган аймгийн Булган суман дахь сум дундын ойн ангийн инженерийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т тус тус заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин өсгөж 2529825 төгрөгийн /хх-60 тал/ хохирол, нөхөн төлбөр тооцсон байх бөгөөд уг хохирол нөхөн төлөгдөөгүй байх тул шүүгдэгч П.Иоос 2.529.825 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.

 

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч П.И-ыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч П.И-ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч П.И-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хэргийн 89-95 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, багийн Засаг даргын тодорхойлолт, тээврийн хэрэгслийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч П.И нь ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт .........................................т хувиараа хөдөлмөр эрхлэн амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч П.Иын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг гарахад эрх бүхий албан тушаалтны хайнга, хайхрамжгүй үйлдэл нөлөөлсөн зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрлийг сонгож, уг ялын доод хэмжээ болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус зохицуулсан байна.

Хэрэгт мөрдөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч П.Иын эзэмшлийн 2900000 төгрөгийн үнэлгээ бүхий .............. ОРО улсын дугаартай Kia Frontier загварын тээврийн хэрэгсэл; гэмт хэрэг үйлдэж олсон 5 м3 хэмжээтэй, тайрч бэлтгэсэн 56 ширхэг шинэс төрлийн түлээний хуурай мод зэргийг тус тус хурааж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 72000 төгрөгийн үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн маниулын хэсэг нь цэнхэр өнгийн тагтай, цагаан өнгийн банктай, хар өнгийн бариултай бензинээр ажилладаг моторт хөрөөг хурааж, үнийг улсын орлого болгож, энэ хэрэгт шүүгдэгч П.И нь цагдан хоригдоогүй, иргэний нэхэмжлэгч гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч П.Иод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Пгийн Иыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Иыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч П.И нь цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Иод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч П.Иоос байгаль экологид учруулсан хохирол 2529825 /хоёр сая таван зуун хорин есөн мянга найман зуун хорин тав/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөрдөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч П.Иын эзэмшлийн 2900000 /хоёр сая есөн зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий .............. ОРО улсын дугаартай Kia Frontier загварын тээврийн хэрэгсэл; 5 м3 хэмжээтэй, тайрч бэлтгэсэн 56 ширхэг шинэс төрлийн түлээний хуурай мод зэргийг тус тус хурааж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 72000 /далан хоёр мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн маниулын хэсэг нь цэнхэр өнгийн тагтай, цагаан өнгийн банктай, хар өнгийн бариултай бензинээр ажилладаг моторт хөрөөг хурааж, үнийг улсын орлого болгосугай.

8. Энэ хэрэгт шүүгдэгч П.Иоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэгч санал гомдолгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ЦЭРЭНХАНД