Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/93

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч М.Сайнзаяа,

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бд холбогдох эрүүгийн 2115000000085 дугаартай, 163/2021/0097/Э индекстэй хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ц овогт Д-ийн Б /РД: .................... /, 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгийн Могод суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .......................................................... гэх газарт оршин суух, урьд Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил, 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасныг журамлан 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Бы өгсөн: Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйлгүй. Хохиролд 1450000 төгрөгийг хувааж өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг болон талуудын хүсэлтээр эрүүгийн 2115000000085 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Могод сумын 5 дугаар багийн нутагт “эхнэр Э.Э-ийг өшиглөлөө” гэх шалтгаанаар иргэн Ц.А-ын баруун шанаа руу гараараа цохиж унагаасны улмаас  түүний биед эрүү ясны далд хугарал, эрүүнд зөөлөн эдийн няцрал, тархины зүүн талын бөмбөлгийн аалзан хальсан доорх голомтлог цус хуралт, тархины зүүн хажуугийн ховдлын арын эвэрт цус хуралт, тархины доргилт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн

хохирогч Ц.А-ын өгсөн: “Би 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Булган аймгийн Могод сумын төвд орж ирсэн. 02 дугаар сарын 01-ний орой У гэх залуугийнд очсон. Тэр айлд ороод суухад У, Б хоёр 0.5 литрийн “Хараа” нэртэй архи ууж байсан. Би тэднийд жоохон согтуу орсон. Тэгээд би тэр хоёртоо цуг архи уусан. Ууж дууссаны дараа Б эхнэр Ц намайг “та одоо гар, гэр рүүгээ яв” гэж хэлсэн. Тэгэхэд нь би “явахгүй” гэж хэлээд байж байтал Б намайг нэг цохих шиг болсон. Би тэндээ унтаад өгсөн. Сэрээд хартал ганцаараа унтаж байсан. Тэгээд би У-с гараад хүргэн Ө-д очсон. ...Миний эмчилгээний төлбөр болон бүх гарсан зардлыг Б төлсөн. Надад одоо ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-12-14 тал/,

Гэрч Н.Э-ийн өгсөн: “2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өөрийн нөхөр Бы хамт Могод сумын 5 дугаар баг буюу сумын төв рүү ойр зуурын ахуйн зүйл цуглуулахаар орж ирсэн. Сумын төвд байдаг Бат-У гэдэг залуугийн гэрт нөхөр бид хоёр байж байтал гаднаас 4 дүгээр багийн малчин А  гэх ах согтуу орж ирсэн. Б.У, нөхөр Б хоёр ойр зуурын юм ярингаа нэг шил архи хувааж уугаад сууж байсан. Ингээд А ах архинаас хамт уулцсан. Бид хэд манай хөдөө гэр рүү явахаар болж Бат-У түрүүлээд явахдаа гэрийнхээ түлхүүрийг надад үлдээсэн учир би гэрийг нь цоожлохоор болсон. А ах сандал дээр сууж байхаар нь “та одоо босоо, энэ айлын хүмүүс явчихлаа, би гэрийнх нь хаалгыг цоожлоод гэртээ харих гээд байна” гэж хэлсэн. Ерөөсөө босохгүй байхаар нь ханцуйнаас нь татаж босгоод үүдээр гаргаад айлын хаалгыг түгжээд эргэхэд А ах “хувхай өмхий Өөлд хүүхэн, хулгайч” гэж хэлээд миний хоолойноос гараараа багалзуурдаад цээж рүү түлхэж байшингийн гадна довжоон дээр унагасан. Энэ үед манай нөхөр Б урд алхаж яваад эргэж харсан. Намайг унасны дараа мөр рүү нэг удаа хөлөөрөө өшиглөөд, дахин өшиглөх гэж байхад нь манай нөхөр Б, А ахын нүүр үү гараараа цохиод унагасан. Нөхөр маань намайг татаж босгоод бид хоёр машиндаа суугаад явсан” гэх мэдүүлэг /хх-22-23 тал/,

Гэрч Г.Б-гийн өгсөн: “2021 оны 2 дугаар сарын 01-ний өдөр манай гэрт найз Б, өөрийн эхнэр Э-ийн хамт орж ирсэн юм. Б нэг шил архитай орж ирсэн. Ингээд өдөр 17 цагийн орчим бид хоёр нэг шил архиа хувааж уугаад сууж байтал гаднаас А  ах орж ирсэн. А ах нэлээн согтуу байсан. Нэг шил архиа ууж дуусгаад би Б хөдөө гэрээс хурга, ишиг ачих байсан учир гэрийнхээ түлхүүрийг Э-т үлдээгээд гарсан. Манайд Э, Б, А  ах гурав үлдсэн. Цаашид юу болсныг мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-28 тал/,

Гэрч С.Ө- өгсөн: “2021 оны 02 дугаар сарын 01-ний шөнийн 00 цаг өнгөрч байхад манай хадам ах А гаднаас согтуу орж ирээд унтсан. Тэрээр орж ирэхдээ нүүр, ам нь цус болчихсон байсан. Маргааш өглөө нь сэрээд юу болсныг асуухад өчигдөр Б л намайг цохисон доо гэж хэлж байсан. Ингээд биеийн байдал нь дээрдэхгүй байгаад байсан. Ерөөсөө босохгүй, бие нь их муу байдалтай, хоол унд идэж уухгүй байсан. Шартаад байгаа юм болов уу гээд хундага архи өгөхөд ууж ч чадахгүй, дөрвөн хөллөөд тонгойгоод хэвтээд байсан. Суманд бариа засал хийдэг хүнийг гуйж авчраад хоёр хоног толгойг нь бариулсан боловч засрахгүй, шөнөжин ёолоод унтахгүй байдалтай байсан. Ийм байдалтай 4 хоносон. Тэгэхээр нь би хүү Галаатай нь яриад “аавыгаа ирж аваарай, эмнэлэгт үзүүлэх шаардлагатай” гэж хэлэхэд хүү нь ирээд А ахыг авч Улаанбаатар хот руу явсан” гэх мэдүүлэг /хх-30 тал/,

Шүүхийны шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 1465 дугаартай: “Ц.А-ын биед эрүү ясны далд хугарал, эрүүнд зөөлөн эдийн няцрал, тархины зүүн талын бөмбөлгийн аалзан хальсан доорх голомтлог цус хуралт, тархины зүүн хажуугийн ховдлын арын эвэрт цус хуралт, тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухай хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-34-35 тал/,

Шүүгдэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “2021 оны 2 дугаар сарын 01-ний өдөр би эхнэр хүүхэдтэйгээ хамт Могод сумын төвд Г.Б гэх хуурай дүүгийндээ очиж 0.75 литрийн нэг шил архи уугаад байж байтал гаднаас А ах нилээн халамцуу орж ирээд Б бид хоёртой цуг нөгөө архийг хувааж уусан. Тэгээд байж байтал Б эхнэр хүүхэдтэйгээ түрүүлээд айл руу яваад өгсөн. Явахдаа манай эхнэр Э гэрийнхээ түлхүүрийг өгөөд “араас цоожлоод хүрээд ирээрэй” гэж хэлсэн юм. Бид нар бүгдээрээ хөдөө манай гэр рүү явах гэж байсан юм. Тэгээд удалгүй бид нар явах гэж байгаад би түрүүлээд хүүхдээ аваад гадаа машиныхаа хажууд байж байсан. Тэгтэл манай эхнэр Г.Б-гийн гэрээс “аллаа гээд орилоод гараад ирсэн. Тэгэхээр нь би эргээд хартал Ц.А ах манай эхнэрийг түлхэж унагаад мөрлүү нь өшиглөсөн. Тэгэхээр нь би явж очоод Ц.А ахын баруун шанаа руу зүүн гараараа цохитол гэрийн шатан дээр унаад өгсөн. Тэгээд би эхнэрээ аваад яваад өгсөн. Над руу 3 хоногийн дараа утсаар залгаад “ахых нь бие муу байна. Дусал залгуулаад хэвтэж байна” гэж хэлэхээр нь Могод сумын төвд эмнэлэг дээр очоод уулзтал Ц.А ахын хүү А.Г нь хот руу авч явна гэж байсан. Дараа нь Ц.А ах над руу залгаад “эмнэлэгт хэвтэж байна, ахдаа эмчилгээний мөнгө явуулаарай” гэхэд нь би нийтдээ 1.450.000 төгрөгийг эмчилгээний зардал болгож 3 хувааж өгсөн гэх мэдүүлэг /хх-44 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ц.А-ын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Д.Б-ы үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Д.Б нь гэм буруугийн санаатай хэлбэрээр дээрх хор уршигт хүргэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Д.Б-ы хохирогч Ц.А-ын бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь нийгэмд аюултай, гэм буруугийн санаатай хэлбэртэй хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Быг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Могод сумын 5 дугаар багийн нутагт Ц.А-ын баруун шанаа руу гараараа цохиж унагаасны улмаас  түүний биед эрүү ясны далд хугарал, эрүүнд зөөлөн эдийн няцрал, тархины зүүн талын бөмбөлгийн аалзан хальсан доорх голомтлог цус хуралт, тархины зүүн хажуугийн ховдлын арын эвэрт цус хуралт, тархины доргилт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.Бы гэм буруутай үйлдлийн улмаас Ц.А-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх ба түүний эмчилгээ, оношлогоотой холбоотой гарсан гэм хорын хохиролд 1450000 төгрөгийг шүүгдэгч Д.Б сайн дураар төлсөн, хохирогч Ц.А- нь иргэний нэхэмжлэл гаргаагүй, санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэдгийг мөрдөн шалгах болон шүүхийн шатанд тус тус илэрхийлсэн байна.

Иймд шүүгдэгч Д.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Гурав: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Бы хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Бы хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Хавтаст хэргийн 53-62 дугаар талд авагдсан түүний хувийн байдлыг тодорхойлсон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суух хаягийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Бнь ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт .................................. гэх газарт мал маллан амьдардаг, өмнө нь Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэгдсэн зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Д.Бы үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, гэм хорын хохирлыг барагдуулсан, гэмт хэрэг гарахад хохирогчийн хууль бус үйлдэл нөлөөлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрлийг сонгож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Бнь цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц овогт Д-ийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Быг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Бнь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Д.Баас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ЦЭРЭНХАНД