Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/94

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч П.Шижиртуяа,

Шүүгдэгч М.Б , түүний өмгөөлөгч М.Найдан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

  Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г  овогт М гийн Б эд холбогдох эрүүгийн 2115000470101 дугаартай, 163/2021/0096/Э индекстэй хэргийг 2021 оны 04 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Г  овогт М гийн Б , 1980 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, эрэгтэй, 41 настай, ..... оршин суух, малчин, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл ...., эхнэрийн хамт амьдардаг. Урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил, 01 сарын хугацаагаар хорих ялаар, мөн шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 02 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан. /РД: /

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Б  нь 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Рашаант сумын нутагт хохирогч Ж.Э ын баруун хацар, зүүн дал орчимд хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлав.

 

Шүүгдэгч М.Б ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг.

 

           Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Э ын өгсөн: “ ...2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 14 цагийн орчимд би өөрийнхөө тугалыг харчихаад гэртээ харих замдаа сумынхаа танил Ц  гэдэг айлд очсон. Тэр айлын эхнэр Э тай юм яриад сууж байсан. Тэгтэл мотоцикльтой хүн ирээд үүдэнд нь тулах шахуу болоод зогссон. Тэгээд нэг залуу орж ирсэн. Тэр залуу гэрт орж ирээд баруун талын орон дээр сууж байгаад унтъя гээд хэвтсэн. Тэгснээ босож ирээд “чи ер нь яах гээд байна гээд над руу дайрахаар нь ахын дүү юу болж байна, чи ууж идсэн юмаа шингээ, айл амьтныг би дарамтлаад байна уу?, чи дарамтлаад байна уу? гэж хэлсэн чинь чи муу ер нь юу юм, би шоронд явж байсан, чамайг бол яасан ч яачихаж чадна шүү гэсэн. Тэгээд намайг цохих гэхээр нь би гарыг нь барьж аваад орон дээр түлхээд суулгасан. Дахиад босч ирээд дайрахаар нь дахиад түлхээд орон дээр унагаагаад дараад ахын дүү чи унтах юм бол эндээ унт, унтахгүй бол ах нь чамайг хүргээд өгье гэсэн. ...Тэгээд би тэр залууг айлд байж аятайхан бай” гэсэн чинь миний нурууруу юмаар хатгах шиг болсон. Тэгсэн удалгүй миний нуруунаас цус гарахаар нь гарыг нь хартал тэр залуугийн баруун гарт хүрэн иштэй балиус маягийн хутга байсан. ...” гэх мэдүүлэг /хх-16-18 тал/,

           Гэрч Ш.Ч ын өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 14 цаг 30 минутын үед намайг гэртээ байж байтал манай нөхөр Г.Э  над руу залгаад би хүнд хутгалуулчихлаа, Ц ын гэрт байна гэж хэлэхээр нь би Ц ын гэрт очтол манай нөхөр Г.Э  Ц ын гэрийн баруун хойд сандал дээр бөгтийсөн маягтай суучихсан хоёр гар нь цус болчихсон байдалтай байхаар нь шууд эмнэлэг аваад явсан юм. ...” гэх мэдүүлэг /хх-22-23 тал/,

  Гэрч М.Э ы  өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 14 цагийн үед намайг гэртээ байж байтал манай гэрт манай сумын Э  ах орж ирсэн юм. Тэгээд Э  ах, бид хоёр манай гэрт ойр зуурын юм яриад цай уугаад сууж байсан. Тэгтэл гаднаас Б  орж ирээд Э  ахтай маргалдаад хоорондоо барьцалдаад манай гэрийн баруун талын орон дээр ноцолдоод байсан. Удалгүй манай нөхөр Ц  гаднаас орж ирээд Э  ах, Б  хоёрыг салгасан чинь Э  ах “Б  намайг хутгалчихлаа” гэж хэлтэл Б  гартаа хутга барьчихсан байхаар нь манай нөхөр хутгыг нь булааж аваад орон доогуур шидчихсэн юм. Тэгээд би Э  ахын өмсөж явсан хувцасыг тайлаад хартал нуруунаас нь цус гараад тогтохгүй байхаар нь Э  ахын эхнэр Ч  эгчид утсаар хэлсэн. Удалгүй Ч  эгч ирээд Э  ахыг эмнэлэг аваад явсан.  ...” гэх мэдүүлэг /хх-47 тал/,

Гэрч Ч.Ц ын өгсөн: “...2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр багцаагаар 14 цагийн үед гэртээ эхнэр М.Э ы хамт байж байгаад дэлгүүр орж тамхи авах гээд явсан. Тухайн үед би дэлгүүр оролгүй буцаад гэртээ иртэл Э , Б  хоёр манай гэрийн баруун талд орон дээр хоорондоо барьцалдаж, ноцолдоод байж байхаар нь би тэр хоёрыг салгасан юм. Салгахад Э  “Б  намайг хутгалчихлаа” гэж хэлтэл Б  гартаа хутга барьчихсан байсан. Би Б ийн барьж байсан хутгыг аваад орон доогуур шидчихсэн юм. Тэгээд манай эхнэр Э  Э ын өмсөж явсан хувцасыг тайлаад хартал Э ын нуруунаас цус гараад тогтохгүй байсан. ...” гэх мэдүүлэг /хх-30-31 тал/,

 

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 70 дугаартай:

  1. Г.Э ын биед баруун хацар, зүүн даланд 2 тооны зүсэгдэж хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
  4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Уг гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-39-40 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Б ийн яллагдагчаар өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр би гэртээ байхдаа ганцаараа 0,5 литрийн 1 шил архи уусан. Тэгээд архиа ууж дуусаад нутгийн ах Ц  гэх айл руу явсан. Ц  ахын гэрт өдөр 14 цагийн үед очсон санагдаж байна. Ц  ахын гэрт намайг очиход Ц  ахын эхнэр Э  эгч Э  гэх танихгүй хүнтэй архи уугаад сууж байсан. Ц  ахыг тамхинд явсан гэж Э  эгч хэлсэн. Би Ц  ахын гэрт ороод орон дээр хэвтсэн чинь нөгөө Э  гэх танихгүй хүн “чи яагаад айлын орон дээр хэвтээд байгаа юм бэ?” гэж уурлаад надаас “чи хаанахын хэн бэ?” гэж асуусан. Тэгэхээр нь би “Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын хүн байна” гэж хэлсэн. Тэгсэн Э  “чи хаана юугаа хийж яваа юм бэ?” гээд хэл амаар доромжлоод намайг цохих гэхээр нь би дарж аваад орлуу унасан. Миний дээр Э  гарсан байсан. Тэгээд би гутлынхаа түрийнээс хутга гаргаж ирээд айлгах гэж байгаад Э ын нуруу орчимд хатгасан. ...” гэх мэдүүлэг /хх-52-53 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчдын эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Б  нь 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Рашаант сумын нутагт хохирогч Ж.Э ын баруун хацар, зүүн дал орчимд хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Э ын өгсөн мэдүүлэг /хх-30-31 тал/, гэрч Ш.Ч  өгсөн мэдүүлэг /хх-22-23тал/, гэрч М.Э ы өгсөн мэдүүлэг /хх-26-27 тал/, гэрч Ч.Ц ын өгсөн мэдүүлэг /хх-30-31 тал/, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 70 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-39-40 тал/ зэргээр болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Прокуророос шүүгдэгч М.Б ийг 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Рашаант сумын нутагт хохирогч Ж.Э ын баруун хацар, зүүн дал орчимд хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох, уг торгох ялыг сар бүр 50000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, ял биелүүлэх хугацааг 10 сарын хугацаагаар тогтоох саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч М.Б ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа болон түүнд хүлээлгэх ял, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байна.

Иймд прокурорын саналын хүрээнд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч М.Б ийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдлоо.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч М.Б ийг 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Рашаант сумын нутагт хохирогч Ж.Э ын баруун хацар, зүүн дал орчимд хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч М.Б ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасны дагуу гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан гэмтэл, хохирол хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч М.Б  нь хохирогч Г.Э д 500000 төгрөг төлж барагдуулснаар хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч М.Б эд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.

Шүүгдэгч М.Б ийг хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу шүүгдэгч М.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч М.Б ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч М.Б эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч М.Б  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, прокурор 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 4/40 дугаартай тогтоолоор түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан төдийгүй хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж болохооргүй нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.Б ийн үйлдсэн хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал, дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь түүний гэм буруугийн болон хувийн байдалд тохирно гэж үзэв.

Шүүгдэгч М.Б ийн торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр 50000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч М.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан хүрэн өнгийн иштэй, цагаан металаар хийгдсэн хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г  овогт М гийн Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б эд оногдуулсан 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг сар бүр 50000 /тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, уг ялыг биелүүлэх хугацааг 10 /арав/ сараар тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч М.Б эд сануулсугай. 

4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч М.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан хүрэн өнгийн иштэй, цагаан металаар хийгдсэн хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ОТГОНБААТАР